Нийтлэгдсэн огноо: 2014/10/08
Журам батлах тухай
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 10.1.4, 10.1.7, 10.1.10, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12I.2-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”-ыг 1 дүгээр, “Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийн урамшууллын зөрүүг улсын төсөвт тусган эрчим хүчний байгууллагад олгож байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
3. Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг Цэвэр агаарын сангаас гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л. Гансүхэд зөвшөөрсүгэй.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, агаарын бохирдлыг бууруулах ажлын үр дүнгийн талаар жил бүрийн 6 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.
Засгийн газрын 2011 оны дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХӨД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрх /цаашид “хэрэглэгч” гэх/-д уг хуулийн 10.1.4-т заасан цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Урамшуулалд хамрагдах хүрээ
2.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6.1.1-6.1.8 дахь заалтуудад заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд /ахуйн хэрэглээний болон халаалтын зориулалтаар/ хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулж урамшуулна.
2.2. Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөгдөх хугацаа, урамшуулалд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг /зөвхөн цахилгаан халаагуур хэрэглэж байгаа болон ахуйн хэрэглээний гэсэн ялгавартайгаар/ цахилгаан, дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан Эрчим хүчний зохицуулах газар жил бүрийн 6 дугаар сард багтаан тогтоож байна.
2.3. Цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулалд хамрагдах хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг дараахь байгууллага тогтооно:
2.3.1. дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм нормативын хүрээнд барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
2.3.2. цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдсон цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаагуур хэрэглэж байгаа; газрын гүний дулаан, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа; шахмал болон хагас коксон түлш хэрэглэж байгаа хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм нормативын хүрээнд түлш, эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
2.3.3. дулаалгатай гэр, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр болон түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм нормативын хүрээнд Нийслэлийн засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллага.
2.4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага нь энэхүү журмын 2.3-т заасны дагуу холбогдох байгууллагын тогтоосон шалгуурыг баримтлан зохих нөхцөл, шалгуурыг хангасан хэрэглэгчид хөнгөлөлт, урамшуулал эдлэх тодорхойлолт гаргаж өгнө.
Гурав. Цахилгааны үнийн урамшуулал олгох, санхүүжүүлэх үйл ажиллагаа
3.1. Энэхүү журмын 2.4-д заасан тодорхойлолт бүхий хэрэглэгч нь цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах тухай хүсэлтээ цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагад гаргана.
3.2. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах хэрэглэгчтэй "Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ" байгуулна.
3.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагатай хамтран цахилгааны үнийн урамшуулалд зарцуулах хөрөнгийг урьдчилан тооцож, жил бүрийн төсөвт зохих журмын дагуу тусгуулах ажлыг хэмжээг зохион байгуулна.
3.4. Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тухайн онд цахилгааны үнийн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийн тооцоог нэгтгэн, жил бүрийн Монгол Улсын төсвийн тухай хуульд тусгуулан шийдвэрлүүлсний үндсэн дээр цахилгаан эрчим хүчний урамшууллын зөрүүг эрчим хүчний байгууллагад олгоно.
Дөрөв. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага, хэрэглэгчийн эрх, үүрэг
4.1. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь нийслэлийн гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж шинэчлэхтэй холбогдсон судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
4.2. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь цахилгааны үнийн урамшуулал олгосон тайлан мэдээг гаргаж холбогдох газруудад тайлагнана.
4.3. Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байна.
4.4. Хэрэглэгч нь сар бүрийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх бөгөөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн өргүй байна. Тав. Хяналт тавих, хариуцлага
5.1. Цахилгааны үнийн урамшуулалд хамрагдсан хэрэглэгчтэй байгуулсан "Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ"-ний биелэлтэд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны салбар хороод хяналт тавина.
5.2 Эрчим хүчний тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагын санаачлагаар "Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ"-г цуцална.
5.3. Энэхүү журмыг зөрчсөн хэрэглэгч, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
Засгийн газрын 2011 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, ДУЛААН АЛДАГДЛЫГ БАГАСГАХ, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах болон эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Агаарын бохирдлыг бууруулах гэдэгт дараахь үйл ажиллагааг ойлгоно:
1.2.1. агаар бохирдуулах бодисын агууламж агаарын чанарын стандартаас хэтэрч, агаарын чанар доройтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор түлшний шаталтаас гаралтай утааны хэмжээ болон түүнд агуулагдах зарим бодисын ялгарлыг багасгах;
1.2.2. авто тээврийн хэрэгслийг шатдаг хий, цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх замаар тэдгээрийн ашиглалтын улмаас ялгарах хорт утааг бууруулах;
1.2.3. эрчим хүчний хэмнэлт буюу нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ болон барилгын нэгж талбайд ноогдох эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлээр дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх.
Хоёр. Урамшуулах шалгуур
2.1. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэх үйл ажиллагаанд дараахь үзүүлэлтийг шалгуур болгоно:
2.1.1. агаарын бохирдлыг бууруулах болон барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр нар, салхи, газрын гүний дулаан, бүх төрлийн хийн түлш, шингэн түлш, дулаалгын материал, цахилгаан
халаагуур болон дэвшилтэт техник, технологи бүхий бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж импортлох болон үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлж байгаа;
2.1.2. үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашиглах, тухайлбал бүх төрлийн хийн түлш, шингэн түлш, нар, салхи, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүч хэрэглэсэн болон дулаалгын материал, цахилгаан халаагуур, мөн дэвшилтэт техник, технологи бүхий бусад бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа;
2.1.3. энэхүү журмын 2.1.1, 2.1.2-т заасан үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон;
2.2. Энэхүү журмын 2.1.1, 2.1.2-т дурдсан үйлдвэрлэл үйлчилгээ нь агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарах бохирдуулагч бодисын хэмжээ стандартын шаардлагыг бүрэн хангасан эсхүл 50 бболон түүнээс дээш хувиар бууруулсан нь үндэсний болон олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн тооцоог үндэсний чадавхи бүхий байгууллагаар хийлгэж, агаарын бохирдлыг бууруулан, эрчим хүчийг хэмнэж байгааг баталгаажуулсан, байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй болохыг эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотолсон нөхцөлд урамшуулал олгоно.
Гурав. Урамшууллын хэлбэр
3.1. Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг журмын 4.4-т заасан хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу дараахь хэлбэрээр урамшуулна:
3.1.1. тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд “НОГООН БҮТЭЭГДЭХҮҮН”, “НОГООН ҮЙЛЧИЛГЭЭ” гэрчилгээ олгож цаашид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд дээрх бичиг дүрслэл бүхий шошго 2 жилийн хугацаатай хэрэглэх эрхийг олгох;
3.1.2. дээрх гэрчилгээ авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлийн орчинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах;
3.1.3. эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн хийн түлш, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд Цэвэр агаарын сангаас дэмжлэг үзүүлж урамшуулах;
3.1.4. гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргавал гадаад, дотоодоос хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэх.
Дөрөв. Урамшуулах үйл ажиллагаа
4.1. Урамшуулал олгохдоо дараахь байгууллагын саналыг үндэслэнэ:
4.1.1. дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан эсэхэд барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
4.1.2. хийн болон шингэн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж, газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүч, тэдгээрийн тоног төхөөрөмжид тавигдах нөхцөл шалгуурыг хангасан эсэхэд түлш, эрчим хүчний хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага.
4.2. Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн агаарын чанарын албаар дамжуулан байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авна.
4.3. Байгаль орчны, түлш, эрчим хүчний, барилгын, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцсон 9 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл нь жилд 2 удаа буюу 5, 11 дүгээр сард хуралдаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн саналд дүн шинжилгээ хийж, энэ журмын 4.1-д заасан саналыг үндэслэн дүгнэлт гаргаж тухайн сарын 20-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн байна.
4.4. Орон тооны бус хяналтын зөвлөлийн гишүүдийг байгаль эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар 2 жилийн хугацаатайгаар томилно.
4.5. Шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрчилгээ олгох шийдвэрийг жил бүрийн 6 болон 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
4.6. Цэвэр агаарын сангийн тухайн жилийн зардалд энэхүү журамд заасан урамшуулал олгохтой холбогдсон хөрөнгийг тусгаж, Цэвэр агаарын сангийн удирдах зөвлөлөөр батлуулна.
Тав. Хариуцлага
5.1. Урамшуулал олгох асуудалтай холбогдсон маргааныг Нийслэлийн Агаарын чанарын алба хүлээн авч дүгнэлт гаргана.
5.2. Нийслэлийн Агаарын чанарын албаны дүгнэлтийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана.
2024/12/09
2024/12/06
2024/12/04
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05