Боловсруулсан түлшний хөтөлбөрийн хэрэгжилт, мониторинг, өргөжүүлэх асуудал

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

1  Удиртгал


Энэ  тайлан  нь  УБЦАС-2  төслийн  Албан  даалгаварын  3.8.8  (Боловсруулсан  түлшний хөтөлбөрийн  мониторинг),  3.8.10  (Түүхий  нүүрсний  үнэд  хяналт  тавихад  туслах),  3.8.11 (Хөтөлбөрийн  дизайн,  үр  ашгийг  үнэлэх),  3.8.12  (Боловсруулсан  түлшний  хөтөлбөрийг өргөжүүлэн тэлэх боломж)-т тусгасан үйл ажиллагааг хамарч байна. Түүнчлэн 2012-9 сард хүргүүлсэн  “Боловсруулсан  түлшний  түгээлтийн  хөтөлбөр”-ийн  тайлантай  уялдуулан  энэ тайланг  гаргаж  байна.  Уг  тайланд  2011-2012  оны  туршилтын  хөтөлбөрийн  хэрэгжилтийг үнэлэн, 2012-2013 оны хэрэгжилтэнд анхаарах санал зөвлөмжийг гаргаж байсан. 

 

Энэ  тайлангийн  эхний  бүлэгт  хяналт  мониторингийн  өнөөгийн  тогтолцоог  авч  үзэн хөтөлбөрт оролцогч төрийн байгууллагууд болон төслөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны аль алиныг  оруулав.  Урьд нь  төслөөс  мониторингийн төлөвлөгөөг боловсруулан  гаргасан бөгөөд тайланд түүний шинэчилсэн хувилбарыг хавсаргав. Төслийн зүгээс мониторингийн ямар тогтолцоо үйлчилж байгаа, мониторингийн төлөвлөгөөг ямар түвшинд боловсруулан хэрэгжүүлж  байгааг  авч  үзлээ.  Түлшний  үнэд  мониторинг  хийхийн  тулд төвийн мэдээллийн эх сурвалжуудаас жижиглэнгийн үнийн мэдээллийг цуглуулав. Боловсруулсан түлшний  үнийг  Засгийн  газраас  тогтоодог  тул  түүхий  нүүрсний  үнэ  ямар  байгаад мониторинг  хийсэн.  

 

Үнийн  мэдээллийг  Улаанбаатар  хотын  дүүрэг,  хороодоос  тодорхой хугацаанд цуглуулсан.Боловсруулсан  түлшний  хөтөлбөрийн  хэрэгжилт,  мониторингийн  мэдээ  мэдээллийг тайлангийн  3–р  бүлэгт  тусгав.  Өмнөх  тайланд  өгсөн  зөвлөмжийг  хөтөлбөрийн мониторингийн  хэрэгжилттэй  харьцуулав.  Түлшний  үйлдвэрлэл,  хадгалалт,  түгээлт, борлуулалт,  тэдгээрийн  хэрэглээнд  дүн  шинжилгээ  хийлээ.  Уг  бүлгийн  төгсгөлд хөтөлбөрийн цаашдын хэрэгжилттэй холбоотой зөвлөмжийг оруулав. Тайлангийн  4  буюу  сүүлийн  бүлэгт  боловсруулсан  түлшний  хөтөлбөрийг  өргөжүүлэхтэй холбоотой  зөвлөмжийг  оруулав.  Өнөөгийн  хөтөлбөрт  ялангуяа  түлшний  хомсдлын асуудал  нэлээд  гарч  байгаа  тул  уг  хөтөлбөрийг  байгаагаар  нь  цаашид  өргөжүүлэх боломжгүй  гэж  үзэж  байна.  Харин  түүний  оронд  өнөөгийн  хөтөлбөрийг  алхам  алхмаар өргөжүүлэхийн  зэрэгцээ  шинэ  хөтөлбөр  боловсруулан  өөр  бусад  газруудад  хэрэгжүүлж болох юм.  

 

2  Боловсруулсан түлшний хөтөлбөрийн мониторинг


Засгийн  газрын  боловсруулсан  түлшний  хөтөлбөр  нь  Улаанбаатар  хотын  агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулахад чиглэсэн  үйл ажиллагааны нэг хэсэг болохоос гадна хязгаарлалтын бүсийн оршин суугчид хүйтний  улиралд орон гэрээ халаахын тулд  уг түлшнээс  хамааралтай  байх  учраас  хөтөлбөрийн  хэрэгжилтэнд  хяналт  мониторинг  маш сайн  явуулах  нь  чухал.  2011-2012  оны  туршилтын  хөтөлбөрийн  явцад  түлшний нийлүүлэлт  хомс,  чанар  муу,  аюулгүй  ажиллагааны  асуудал,  түүхий  эд,  дагалдах материалын  үнэ  нэмэгдсэн  асуудлууд  гарч  байсан.  

 

Иймд  мониторингийн  төлөвлөгөө  нь эдгээр  асуудлаас  гадна  уг  туршилтын  хөтөлбөр  нь  агаарын  бохирдлыг  бууруулах хүлээгдэж буй үр дүнг үзүүлж чадаж байгаа эсэхийг тогтооход чиглэх ѐстой. УБЦАС-II  төслөөс  2012-2013  оны  хөтөлбөрийн  хэрэгжилтийн  явцад холбогдох байгууллагуудаас  явуулсан  мониторингийн  үйл  ажиллагааг  судалж  үзлээ.  

 

Тэдний төлөвлөсөн  ажиллагааг  харахад  хоорондын  уялдаа,  холбоо  хангалтгүй  байна.  Төсөл мониторингийн  төлөвлөгөөг  (Хавсралт  1)  боловсруулан  хүргүүлсэн  боловч  өнөөг  хүртэл ямар  нэг  нэгдсэн  төлөвлөгөө  батлан  хэрэгжүүлсэн  зүйл  байхгүй  байна.  Нийслэлийн мэргэжлийн  хяналтын  газар  гэх  мэт  зарим  байгууллагын  оролцоо  байхгүй  байгаагаас гадна хөтөлбөртэй хамаатай хэд хэдэн чухал асуудалд хяналт тавих асуудал орхигдсон байна.  Тухайлбал:  хязгаарлалтын  бүсийн  агаарын  чанарын  талаарх  мэдээ,  мэдээллийг цуглуулж байгаагүй  тул  хөтөлбөрийн  үр нөлөөллийг  үнэлэх боломжгүй. Мөн  хөтөлбөрөөс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тогтоох боломжгүй болж байна. 

 

Туршилтын  хөтөлбөрийн  хэрэгжилтийг  зөв  үнэлж,  төрөл  бүрийн  параметрийг  байнга хэмждэг  байх  ѐстой.  Мониторингийн  өнөөгийн  үйл  явцыг  үнэлэх  замаар  мониторингийн журмыг  сайжруулахад  тусласан.  Мэдээллийг  Агаарын  бохирдлыг  бууруулах  үндэсний хороо (Үндэсний хороо), Цэвэр агаарын сан  (ЦАС), НАЧА, Агаарын чанарын мэргэжлийн алба (АЧМА), Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтан, ажилтнуудтай уулзаж цуглуулсан болно. НАЧА нь боловсруулсан түлшний хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцдаг гол байгууллага. 

 

Иймд  тус  байгууллага  хөтөлбөрт  мониторинг  явуулахад  гол  чиглүүлэх  үүрэгтэй  байх ѐстой.  Гэхдээ  хөтөлбөрийн  мониторингод  оролцох  байгууллагууд,  тэдгээрийн  үүрэг чиглэлийг  харуулсан  мониторингийн  ерөнхий  төлөвлөгөө  байхгүй  байсаар  байна. 


Үндэсний  хороо  хөтөлбөрийн  хэрэгжилтэнд  мониторинг  явуулдаггүй  харин  НАЧА,  ЦАС, дүүргийн захиргаа зэрэг байгууллагууд ҮХ-нд ажлаа тайлагнах үүрэгтэй. 


2.1  Мониторингийн төсөв


Хөтөлбөрийн  хэрэгжилтийн  мониторингод  хуваарилсан  төсөв  гэж  байхгүй.  Иймд холбогдох  байгууллагууд  мониторингийн  үйл  ажиллагааг  өөрсдийн  зардлаар  явуулж байна.  Мониторинг  явуулж  буй  дүүргийн  Засаг  даргын  тамгын  газрын  ажилтнууд  түлш борлуулагчидтай очиж уулзахдаа  хувийн машинаа ашигладаг тохиолдол ч  байна. Иймд шаардлагад  нийцсэн  чанартай  мониторинг  явуулахын  тулд  хөтөлбөрийн  мониторингодхангалттай  төсөв  хуваарилдаг  байх  хэрэгтэй.  Энэ  нь  хөтөлбөрийн  хэрэгжилтийн  үр  дүнг хангахад маш чухал түлхэц болно. 

 

2.2  Санхүүгийн мониторинг


Хөтөлбөрийг  үндсэндээ  ЦАС-гаар  дамжуулан  санхүүжүүлдэг.  НАЧА  зэрэг  хэрэгжүүлэгч байгууллагууд  үйл  ажиллагааны  зарцуулалтаа  ЦАС-нд  тайлагнадаг  учраас  ЦАС  нь санхүүгийн зарцуулалтанд мониторинг хийдэг байх хэрэгтэй.  НАЧА нь хөтөлбөрт оролцож байгаа үйлдвэрлэгчдийн гэрээний гүйцэтгэлд сар бүр хяналт тавьж, гүйцэтгэлийг үндэслэн ЦАС-нд  төлбөрийн  шилжүүлгийн  хүсэлт  гаргадаг.  Дүүргийн  төрийн  сангийн  дансанд төвлөрүүлсэн  түлш  борлуулагчдын  орлогын  төлбөрт  хяналт  тавих  үүргийг  НАЧА  давхар хүлээдэг. 
 

2.3  Үйлдвэрлэлийн мониторинг
 

2.3.1  Чанарын мониторинг

 

Үйлдвэрлэгчийн гэрээний талууд нь ЦАС, Нийслэлийн Захирагчийн алба, үйлдвэрлэгч нар юм.  Үйлдвэрлэгчид  түлшээ  цаг  хугацаанд  нь  өөрийн  байрнаас  шууд  агуулахад  эсвэл түгээлтийн компанид хүргэх үүрэг хүлээдэг.Үйлдвэрлэгчийн  гэрээнд  зааснаар  түлш  буулгах  үед  хотын  захиргаа  болон үйлдвэрлэгчийн  төлөөлөл  байлцах  ѐстой.  НАЧА  гурван  ажилтнаа  түлшний  агуулахад байнга ажиллуулдаг. Тэд үйлдвэрлэгчийн нийлүүлж буй  түлшний тоо, чанар, хүргэж ирсэн цаг хугацааг бүртгэж, агуулахаас түлшийг борлуулагчийн цэг  рүү ачихад байлцаж  бүртгэл хөтөлдөг.


НАЧА нь нийлүүлэх  түлшний  хэмжээг тогтоох, халаалтын улирлын эхнээс түгээх  түлшний хуваариа  гаргахын  тулд  түлшний  нөөцийг  шалгахаар  зуны  улиралд  үйлдвэрүүдээр  хоѐр удаа  очдог.  Өвлийн  улиралд  түлшний  нийлүүлэлт  гэрээний  дагуу  хийгдэж  л  байвал үйлдвэр дээр очиж үзэх шаардлагагүй  болдог байна. Мониторинг хийх хугацааг уян хатан тогтоодог.  Үйлдвэрлэгч бүрийн нийлүүлэлтийг  тэдэнтэй  хийсэн гэрээний  заалттай нь  сар бүр  тулгаж  шалгадаг.  Түлшний  нийлүүлэлт  хугацаанаасаа  хоцорсон  эсвэл  дутуу нийлүүлсэн  тохиолдолд  НАЧА  үйлдвэрлэгчтэй  нь  уулзаж  арга  хэмжээ  авдаг.  ЦАС үйлдвэрлэгчийн  гэрээг  цуцлах,  хоцроосон,  дутуу  нийлүүлсэн  тохиолдолд  торгууль ноогдуулах эрхтэй.


Үйлдвэрлэгчийн нийлүүлсэн, тээвэрлэгч компаний тээвэрлэсэн, борлуулагчдын худалдсан түлшний  тоо  хэмжээг  тус  бүрд  нь  бүртгэдэг.  Түлш  дутах  тохиолдолд  хариуцсан  тал хохирлыг  барагдуулна.  НАЧА,  тээвэрлэгч  компани,  дүүргийн  холбогдох  ажилтан  сард нэгээс  хоѐр  удаа  борлуулагчдад  хүргэсэн,  үйлдвэрлэгчээс  нийлүүлсэн  түлшний  тооцоо нийлдэг байна.


2.3.2  Боловсруулсан түлшний нөөцийн судалгаа


УБЦАС-II  төсөл  гэрээт  үйлдвэрлэгчдэд  урьдчилан  мэдэгдэхгүйгээр  үйлдвэрлэж  буй түлшнийх  нь  нөөцийг  тогтоох  ажлыг  9-р  сарын  24-27-ны  хооронд  хийлээ.  Энэ  ажил  нь 2012-2013  онд  уг  хөтөлбөрт  Баянгол  дүүргийн  хэдэн  өрхийг  хамруулж  болохыг  тооцох зорилготой байсан. Уг  ажлын  хүрээнд  үртсэн  шахмал  түлшний  долоон  үйлдвэр,  хагас  коксжсон  нүүрсэн шахмал түлшний  нэг үйлдвэр  дээр  очсон  (Хүснэгт  1).    Бидний олж тогтоосноор 2012  оны 9-р  сарын  түлш  үйлдвэрлэх  төлөвлөгөө  дунджаар  31%  (үртсэн  шахмал  түлш-28%  хагас коксжсон нүүрсэн шахмал түлшний  35%)-ийн биелэлттэй  байсан.  

 

Энэ  нь  МАК, ДЦС-2-ын үйлдвэрлэлийн хэмжээг оруулаагүй тооцоо юм. Учир нь тухайн үед дээрх хоѐр үйлдвэртэй гэрээ  байгуулаагүй  байсан  болно.  Боловсруулсан  түлшний  үйлдвэрлэл  энэ  хэмжээнд үргэлжилбэл  хөтөлбөрт  хамруулахаар  төлөвлөсөн  12,461  өрхийн  дөнгөж  20%  орчимд  л түлш  нийлүүлэх  боломжтой  гэсэн  дүгнэлтэнд  хүрсэн.  Тиймээс  төслийн  зүгээс  Засгийн газар  түүхий нүүрсний  хоригоо  хэрэгжүүлэхийн тулд  2012-2013  оны өвөл боловсруулсан түлшээр хангах  өрхийн  тоог бууруулах, эсвэл  түлшний  өөр  нэмэлт эх үүсвэр  бий болгох хэрэгтэй гэдгийг төслөөс санал болгосон билээ.


2.3.3  Чанарын мониторинг


Нийлүүлж  буй  түлш  нь  Монгол  улсын  холбогдох  стандартын  (MNS5679,  MNS5457) шаардлагыг  хангасан  байх  ѐстой.  Үйлдвэрлэгчид  гэрээ  байгуулахын  өмнө  НАЧА-нд түлшний  чанарын  шинжилгээний  дүнгээ  гаргаж  өгөх  үүрэгтэй.  Гэрээ  байгуулсны  дараа үйлдвэрлэгчид  түлшний  чанарын  шижилгээний  дүнг  сар  тутам,  харин  утааны шинжилгээний дүнг улирал тутамд хийлгэж НАЧА-нд тухай бүрд нь явуулах үүрэг хүлээдэг байна. 


НАЧА-ны  Мониторинг,  үнэлгээний  газар  (6  ажилтантай)  нь  боловсруулсан  түлшний шинжилгээний асуудлыг хариуцдаг. ЖАЙКА олон улсын байгууллага түлшний элементийн болон  утааны  шинжилгээ  явуулах  чиглэлээр  тус  газрын  ажилтнуудыг  сургаж, шаардлагатай  тоног  төхөөрөмжөөр  хангасан. “Стюварт  Монголиа”  лабораторит  түлшний элементийн  шинжилгээг  сар бүр  гэрээгээр хийлгэдэг байна.  Түлш стандартын  шаардлага хангаагүй  тохиолдолд  үйлдвэрлэгчдэд  шаардлага  хүргүүлэх,  гэрээг  цуцлах  хүртэл  арга хэмжээ авдаг.


2.4  Агуулахын мониторинг


НАЧА  агуулахад  нөөцөлсөн  түлшний  аюулгүй  байдлыг  хариуцдаг.  Энэ  үүргийнхээ  дагуу агуулахад  гурван  ажилтнаа  байнга  ажиллуулдаг.  Харин  борлуулах  цэгт  буулгасан түлшний хадгалалтыг борлуулагчид өөрсдөө хариуцдаг.Борлуулагчийн  гэрээ  зэрэг  бичиг  баримтад  зааснаар  дүүрэг,  нийслэлийн  мэргэжлийн хяналтын  газар  хөтөлбөрийн  мониторингод  оролцох  ѐстой.  Гэвч  мэргэжлийн  хяналтын байцаагч  хөтөлбөрийн  хэрэгжилтийн  хяналт  шалгалтад  ямар  нэг  байдлаар  оролцсон тохиолдол байхгүй байна.  Энэ нь нэг талаар түлшний хадгалалтын талаар  нарийвчилсан удирдамж зааварчилгаа байхгүй байгаатай холбоотой. 


2.5  Тээврийн мониторинг


Тээврийн  компани  түлш  тээвэрлэлтийн  явцад  ямар  нэг  гэмтэл,  хорогдол  гаргахгүй, чанарыг  нь  алдагдуулахгүй  байх  үүрэгтэй.  Тээврийн  компани  тээвэрлэсэн  түлшний хэмжээгээ  НАЧА  болон  дүүрэгт  сард  нэгээс  хоѐр  удаа  мэдүүлдэг.  Түүнийг  нь борлуулагчдын хүлээж авсан түлшний хэмжээтэй тулгаж тооцоо хийдэг.


2.6  Борлуулалтын мониторинг


Борлуултын мониторингод  НАЧА  болон  дүүргийн ажилтнууд, хорооны төлөөллөөс гадна хэсгийн  ахлагч  зэрэг  68  орон  тооны  бус  хяналтын  ажилтнууд  оролцдог.  НАЧА  нь борлуулах цэг бүрт долоо хоног бүрийн Мягмар гаригт очиж, борлуулагчдын хүлээн авсан, худалдсан  түлшний  бүртгэлийг  нь  үзэж  шалгадаг.  Түүнчлэн  дүүргийн  ажилтнууд  долоо хоногт  2  удаа  газар  дээр  нь  очиж  уг  бүртгэлд  хяналт  тавьдаг.  Дүүрэг  борлуулалтын  цэг бүрт нийлүүлсэн, худалдсан түлшний тоо хэмжээг нэгтгэж, НАЧА-нд сар бүр тайлагнадаг.

 

Борлуулагчид  орлогоо  дүүргийн  төрийн  сангийн  дансанд  тушааж,  тэр  нь  ЦАС-гийн дансанд  шилждэг.  Борлуулагчдын  тушаасан  орлогыг  бүртгэлийн  дэвтэртэй  нь  тулгаж шалгадаг. Тэдний орлогоо тушаадаг өдөр нь харилцан адилгүй байна. Үйлдвэрлэгчээс  хотын  агуулахад,  агуулахаас  борлуулах  цэгүүдэд,  борлуулагчдаас хэрэглэгчдэд  худалдсан  түлшний  тоо  хэмжээний  балансад  НАЧА,  ЦАС,  дүүрэг  хяналт тавьж, гарын үсэг зурж баталгаажуулдаг. Дүүргийн  холбогдох  ажилтан,  хороо,  хяналтын  ажилтнууд  түлш  борлуулах  цэгүүд  дээр түлшний  үнэ, борлуулалтын үйл явцад хяналт тавьдаг.  Түлш борлуулах  цэгт  байрлуулсан самбарт  түлш худалдах үнийг  тавьж, олон нийтийн  мэдээллийн  хэрэгслээр мэдээлэхээс гадна  түлш  худалдан  авах  ваучерт  үнийг  бичсэн  байна.  Энэ  нь  түлшийг  дамлан худалдахаас сэргийлсэн арга хэмжээ болдог. УБЦАС-II  төсөл  боловсруулсан  түлшний  борлуулалттай  холбоотой  ямар  бэрхшээл байгааг  илрүүлэх  зорилгоор  дөрвөн  борлуулагчтай  уулзаж  ярилцсан.  Тэдний  зарим  нь “НАЧА, ЦАС, дүүрэг гээд олон байгууллагуудтай ажиллах нь хүндрэлтэй” гэж байхад нөгөө нь  “өвөл  гадаа  хүйтэнд  зогсоод  ваучерт  тэмдэглэл  хийж  түлш  худалдах  нь  хүндрэлтэй” гэжээ.


Хэдийгээр  2012-2013  онд  борлуулагчийн  гэрээнд  “борлуулагчид  нь  агуулахдаа  3  өдөр борлуулах хэмжээний түлшний нөөцтэй байна” гэж заасан  боловч  тодорхой тоо  заагаагүй байна. Борлуулагчдад хүргэж байгаа түлшний хэмжээ маш бага тухайлбал  нэг удаад 10 тонн түлш ирдэг  тул  тэр даруйдаа дуусдаг байна.  Түлшний хүрэлцээ ийм муугаас үүдэн хүмүүс  өвлийн  хүйтэнд  урт  дараалалд  зогсож  удаан  хүлээх,  заримдаа  бүр  зодолдож муудалцахад  хүрдэг  байна. Ирсэн  жаахан  түлшээ аль болох  олон хүмүүст хүргэх үүднээс борлуулагчид нэг хүнд худалдах түлшний хэмжээг багасгаж өөртөө илүү ачаалал үүсгэдэг. Түлшнээс  үртсэн  шахмал  түлш  хамгийн  сайн  борлуулалттай  байдаг  бол  хагас  коксжсон бүхэллэг  нүүрсний  борлуулалт  төдийлөн  сайн  биш  тул  борлуулагчид  уг  хоѐр  түлшийг хамтад нь худалдах сонирхолтой байдаг. Борлуулагчид  цаашид  боловсруулсан  түлшний  борлуулалтын  ажлыг  үргэлжлүүлэн  хийх сонирхолтой  байна.  Тэднийхээр  хэрэв  боловсруулсан  түлшний  нийлүүлэлт  хангалттай байх юм бол түүхий нүүрс худалдаалснаас илүү ашигтай гэнэ.


2.7  Хэрэглээний мониторинг


Хэсгийн ахлагчдыг оруулан 68 орон тооны бус  хяналтын  ажилтнууд хязгаарлалтын бүсэд түүхий нүүрсний  хоригийн  хэрэгжилтийг хангах үүрэгтэй ажиллаж үүнийхээ төлөө төлбөр авдаг.  Хэсгийн  ахлагчид  боловсруулсан  түлшний  ваучер  тараах,  уг  түлшний  талаар мэдээлэл  сурталчилгаа  явуулах,  оршин  суугчдыг  түүхий  нүүрс  хэрэглэж  байгаа  эсэхэд (тэдний  хаяж  байгаа  үнсний  хаягдалд)  хяналт  тавьж  ажилладаг.  Гэхдээ  боловсруулсан түлшний нийлүүлэлт хангалтгүй  байгаа тул  түүхий нүүрсний хэрэглээнд хяналт    тавихад хүндрэлтэй байгааг тэд ярьж байна. УБЦАС-II  төслөөс  2011-2012,  2012-2013  оны  хөтөлбөрийн  хэрэгжилтийн  явцад хэрэглэгчдийн дунд 3 удаагийн  асуумж судалгаа  зохион байгуулж, гэр хорооллын оршин суугчдын  боловсруулсан  түлшний  хэрэглээ,  түлшний  талаарх ойлголт,  мэдлэг,  хандлага ямар байгаа тандсан.

 

Хэрэглэгчид түүхий нүүрсний  хоригийг эерэгээр хүлээн авч анхнаас нь дэмжиж  ирсэн  нь ажиглагдсан.  Судалгаагаар  энэ  хугацаанд  хэрэглэгчдийн  дунд  нааштай  өөрчлөлт  гарч, боловсруулсан түлшний талаар ойлголт, хандлага сайжирч ирсэн  байна. Тухайлбал: 2011 онд  бидний  уулзсан  ихэнхи  хүмүүс  боловсруулсан  түлш  (ялангуяа  хагас  коксжсон бүхэллэг нүүрс) илч муутай, шатах үедээ дуу чимээ их, эвгүй үнэр гаргадаг гэж байсан бол 2012 онд хязгаарлалтын бүсийн оршин суугчид боловсруулсан түлшний талаар илүү эерэг хандлагатай  болсон  байна.  Жишээ  нь:  илүү  ашигтай,  чанартай,  хямд,  хүрээлэн  буй орчинд  ээлтэй  зэрэг  сайн  талуудыг  нэлээд  дурьдаж  байсан.  Гэхдээ  сүүлд  2013  оны  3-р сард явуулсан санал асуулгаар олон хүмүүс МАК-ийн хагас коксжсон  бүхэллэг  нүүрсний чанарт  сэтгэл  дундуур  байгаагаа  илэрхийлж  байсан.  Ерөнхийдөө  боловсруулсан  түлш хэрэглэж үзээгүй оршин суугчид уг түлшний талаар  сөрөг ойлголттой, мэдээлэл муутай нь харагдсан.


Хэрэглэгчдийнхээр  гол  бэрхшээл  нь  сүүлийн  хоѐр  өвлийн  турш  боловсруулсан  түлшний нийлүүлэлт  хангалтгүй,  муу  байсан  явдал  байна.  Нэгэнт  боловсруулсан  түлшний  олдоц муу  тул  түүхий нүүрс хэрэглэхээс өөр аргагүй болдог  байна. Бидний 2012  оны  12-р сард явуулсан  судалгаагаар  уулзаж  ярилцсан  хүмүүсийн  хагас  нь  олдоц  муу  байснаас боловсруулсан түлш хэрэглэж чадаагүй гэжээ.


Өөр нэг  бэрхшээл  нь  борлуулалтын цэгийн  тоо хангалтгүй байсан явдал гэнэ. Ялангуяа борлуулалтын цэгээс хол амьдардаг өрхүүд, хүмүүс “нэлээд хол явж байж  түлшээ авдаг” тухай  ярьж  байсан.  Түлш  ирэх  цаг  нь  тогтмол  биш  учраас  дэлгүүр,  борлуулах  цэгт  ойр байдаг  өрхүүд  түлш  ирэнгүүт  худалдаад  авчихдаг  байна.  Түлш  ирэхээр  урт  дараалалд зогсдог ч тухайн өдрийн  хуваарьтай  түлшээ авдаг байна. Зарим настай хүмүүс худалдаж авсан түлшээ гэртээ хүргүүлэхийн тулд залуучуудад мөнгө (2000 орчим төгрөг) өгдөг гэнэ.


Ийнхүү  чанартай  түлшийг  хангалттай  хэмжээгээр  нийлүүлдэг  байх,  борлуулалтын  цэг олон, ойрхон байх хэрэгтэй гэж хэрэглэгчид үзэж байна.


2.8  Байгаль орчны мониторинг


Боловсруулсан  түлшний хөтөлбөрийн байгаль орчны асуудлыг орхигдуулж  ирсэн  байна. Хөтөлбөрөөс  байгаль  орчинд  ямар  нөлөө  үзүүлж  болохыг  тогтоосон  зүйл  одоогоор байхгүй  байна.  Холбогдох  ажилтан,  албан  тушаалтнуудын  дунд  хөтөлбөрийн  байгаль орчны  нөлөөллийн  талаарх  ойлголт,  мэдлэг  хязгаарлагдмал  байна.  Өнөөг  хүртэл хөтөлбөрийн  байгаль  орчны  стратегийн  болон  нөлөөлөх  байдлын  үнэлгээг  хийлгээгүй. Төслөөс  байгаль  орчны  мониторингийн  төлөвлөгөөнд  зориулан  байгаль  орчны нөлөөллийн урьдчилсан тоймыг боловсруулсан.  Гэвч нөлөөллийг бууруулах арга хэмжээг тусгасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй байсаар байна. 


2.9  Нөлөөллийн мониторинг


Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүдэд НАЧА  болон АЧМА байнгын хэмжилт явуулдаг. НАЧА нь хотын тодорхой цэгүүд (Баруун 4 зам, Зүүн 4 зам, Монголын үндэсний телевиз, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал)-д 4 суурин хяналтын станци, 1 явуулын төхөөрөмж ажиллуулж, агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийг хэмждэг. АЧМА  нь  агаарын  чанарын  талаарх  мэдээ,  мэдээллийг  цуглуулж,  олон  нийтийн мэдээллийн  хэрэгслээр  дамжуулдаг,  агаарын  чанарын  индексийг  боловсруулах  үүрэгтэй засгийн  газрын  хэрэгжүүлэгч  агентлаг.  Улаанбаатар  хотод  агаарын  чанарт мониторинг хийдэг 20 суурин нэгж ажилладаг бөгөөд тэдгээрийн хоѐр нь Баянгол  дүүрэгт байрладаг.

 

Эдгээр 10 станцийн 6 нь автомат, 15 минут тутамд агаарын чанарыг хэмжиж, мэдээллийг автоматаар  төв  мэдээллийн  санд  дамжуулдаг.  Бусад  4  станцийн  мэдээг  өдөр  өдөрт  нь очиж  авдаг.  Бүх  боловсрруулсан,  цуглуулсан  мэдээ,  мэдээллийг  жилийн  тайланд нэгтгэдэг. АЧМА нь зөвхөн 1 явуулын станцтай. Автомат станциуд нь агаар дахь 6 төрлийн бодис, хийн  (SO2, NOx, CO, PM10, PM2,5,  O3)  агууламжийг  хэмждэг бол үлдсэн  4 станц нь зөвхөн  2  төрлийн  бохирдуулагчийн  (SO2,  NO2)  агууламжийг  хэмждэг.  Мэдээ  мэдээллийг долоо  хоногоор  www.tsag-agaar.mn-д  байршуулдаг  ба  жилийн  тайланг  албан  ѐсны хүсэлтээ гарган авах боломжтой. 

Facebook Twitter YouTube