News

НИЙСЛЭЛИЙН ХӨРСНИЙ ЧАНАР ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ДАВААГҮЙ

Published date: 2021/04/08

       Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Монгол улсын хэмжээнд нийт 496 цэгээс өнгөн хөрсний сорьцыг хоёр жил тутамд авдаг билээ. Сорьцоор  хөрсний орчин, чийг, ялзмаг, аммонийн азот, нитратын азот, сульфат, фосфор болон 12 төрлийн хүнд металлыг тодорхойлж байна.

    Улаанбаатар хотын 2019-2020 оны хөрсний чанарын хяналтын 106 цэгийн хяналт шинжилгээний дүнгээр хлор, кадми, мөнгөн ус, бром, зэс, стронций, рубиди, цирконы агууламж  нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй байгаа юм. Харин цайрын агууламж 2019 онд нийт цэгийн 11 хувьд, 2020 онд 10 хувьд СХД, Налайх, Багануур, Багахангай дүүргээс бусад дүүрэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бол, хромын агууламж ХУД-ийн “Харгиа” орчимд 1129.5 мг/кг хүрч, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.5 дахин их буюу хортой агууламжаас, нэмэлт шинжилгээгээр хамгийн их агууламж 1515 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин их агууламжид хүрч, аюултай агууламжаас тус тус давсан байна.

     Улаанбаатар хотын газар нутгийн өнгөн хөрсийг бохирдуулж буй гол хүнд металлууд нь цайр, хром бөгөөд гол эх үүсвэр нь үйлдвэр буюу үйлдвэрийн хог хаягдал, хаягдал бохир ус, гэр хорооллын яндангийн утаа, зуухны үнс нурам, хог хаягдал, цахилгаан станц, станцаас ялгарах утаа ба үнс нурамны хаягдал, зах худалдааны төвийн үйл ажиллагаанаас үүдэлтэй.

    Хүнд металл нь үйлдвэр болон ахуйн хог хаягдал, цахилгаан станцын утаа, үнс нурам, тээврийн хэрэгслээс ялгарах утаатай хамт агаарт цацагдаж улмаар газрын хөрсөнд шингэдэг ба органик бохирдуулагчийн нэгэн адил задарч саармагжих, цэвэрших процессд бараг ордоггүй маш удаан хугацаагаар хөрсөнд хуримтлагддаг. Хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүрээлэн буй орчин болон амьд организмд хортой нөлөө үзүүлдэг байна.

    Иймд хотод байгаа арьс, шир, үслэг болон бусад боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох, хотын хүн амын суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлэх, технологийг сайжруулах, үйлдвэр тус бүрд цэвэрлэх байгууламжтай болгох, Харгиа орчмын хөрсөнд хромын агууламж аюултай агууламжаас давж бохирдсон тул аюулгүй, хор нөлөөлөлгүй болгох саармагжуулах ажлыг хийх шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: ЦУОШГ

 

                                                                   ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ

                                                                                                АЖЛЫН АЛБА

Facebook Twitter YouTube