Мэдээ, мэдээлэл

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

Нийтлэгдсэн огноо: 2021/03/15

     УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэдэх Агаарын бохирдлын асуудлын Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын  гишүүн, Дэд  хорооны гишүүн  Г.Ганболд, ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайн  сайжруулсан шахмал  түлшний үйлдвэртэй танилцлаа.

     Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гэр хорооллын  айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор анх  2019 оноос эхлэн Баянтээгийн  нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал  түлшний үйлдвэрийг барьж байгуулсан бөгөөд, хоногт 120 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

     Тус үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж үйлдвэрлэлийг  өргөтгөж сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдийн хэрэглээнд нэвтүүлэхэд эхний ээлжинд 2,3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг  танилцуулгын  үеэр “Баянтээг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Данзан уламжилж байлаа.

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр агаарын чанарын стандартад нийцсэн хүхэрлэг хий (SO 2 ),  РМ10 тоосонцор, Азотын давхар исэл (NO 2)  буурч,  нам даралтын зуух болон  айл өрхүүд  шахмал түлшийг хэрэглээндээ  өргөнөөр нэвтрүүлнэ. Улмаар Өвөрхангай  аймаг төдийгүй Архангай, Баянхонгор, Булган аймгуудыг ч шахмал түлшээр бүрэн хангаж агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах эдийн засгийн ач холбогдолтой тул санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд дэмжин ажиллахаа  илэрхийлсэн юм.

     Ташрамд дурдахад Баянтээгийн уурхай нь эдүгээ 59 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд нүүрснийх нь  нөөц анх 29 сая тонн гэж тогтоогдсон аж.  Баянтээгийн уурхайн нүүрс нь илчлэг өндөртэй ч  дэгдэмхий хий, тортог, хүхэр ихтэй, илчлэгийн хувьд нэг тонн шахмал түлш хоёр тонн нүүрстэй тэнцдэг байна.  

 

Facebook Twitter YouTube