Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрх /цаашид “хэрэглэгч” гэх/-д уг хуулийн 10.1.4-т заасан цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоѐр. Урамшуулалд хамрагдах хүрээ

2.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6.1.1-6.1.8 дахь заалтуудад заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд /ахуйн хэрэглээний болон халаалтын зориулалтаар/ хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулж урамшуулна. 2.2. Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөгдөх хугацаа, урамшуулалд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг /зөвхөн цахилгаан халаагуур хэрэглэж байгаа болон ахуйн хэрэглээний гэсэн ялгавартайгаар/ цахилгаан, дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан Эрчим хүчний зохицуулах газар жил бүрийн 6 дугаар сард багтаан тогтоож байна.

2.3. Цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулалд хамрагдах хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг дараахь байгууллага тогтооно:

2.3.1. дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм нормативын хүрээнд барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;

2.3.2. цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдсон цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаагуур хэрэглэж байгаа; газрын гүний дулаан, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа; шахмал болон хагас коксон түлш хэрэглэж байгаа хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм нормативын хүрээнд түлш, эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;

2.3.3. дулаалгатай гэр, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр болон түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм нормативын хүрээнд Нийслэлийн засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллага.

2.4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага нь энэхүү журмын 2.3-т заасны дагуу холбогдох байгууллагын тогтоосон шалгуурыг баримтлан зохих нөхцөл, шалгуурыг хангасан хэрэглэгчид хөнгөлөлт, урамшуулал эдлэх тодорхойлолт гаргаж өгнө.

 

Гурав. Цахилгааны үнийн урамшуулал олгох, санхүүжүүлэх үйл ажиллагаа

3.1. Энэхүү журмын 2.4-д заасан тодорхойлолт бүхий хэрэглэгч нь цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах тухай хүсэлтээ цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагад гаргана.

3.2. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах хэрэглэгчтэй "Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ" байгуулна.

3.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагатай хамтран цахилгааны үнийн урамшуулалд зарцуулах хөрөнгийг урьдчилан тооцож, жил бүрийн төсөвт зохих журмын дагуу тусгуулах ажлыг хэмжээг зохион байгуулна.

3.4. Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тухайн онд цахилгааны үнийн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийн тооцоог нэгтгэн, жил бүрийн Монгол Улсын төсвийн тухай хуульд тусгуулан шийдвэрлүүлсний үндсэн дээр цахилгаан эрчим хүчний урамшууллын зөрүүг эрчим хүчний байгууллагад олгоно.

 

Дөрөв. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага, хэрэглэгчийн эрх, үүрэг

4.1. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь нийслэлийн гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж шинэчлэхтэй холбогдсон судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

4.2. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь цахилгааны үнийн урамшуулал олгосон тайлан мэдээг гаргаж холбогдох газруудад тайлагнана.

4.3. Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байна.

4.4. Хэрэглэгч нь сар бүрийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх бөгөөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн өргүй байна.

 

Тав. Хяналт тавих, хариуцлага

5.1. Цахилгааны үнийн урамшуулалд хамрагдсан хэрэглэгчтэй байгуулсан "Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ"-ний биелэлтэд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны салбар хороод хяналт тавина.

5.2 Эрчим хүчний тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагын санаачлагаар "Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ"-г цуцална.

5.3. Энэхүү журмыг зөрчсөн хэрэглэгч, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

Facebook Twitter YouTube