Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
БҮЛЭГ 1. ХУРААНГУЙ
1.1 ТОВЧ ТҮҮХ
Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрлээ гэж сүүлийн 10-аад жил ярьж эхэлсэн боловч хөрөнгө төвлөрүүлэн дорвитой арга хэмжээ авч эхэлсэн нь 2009 оноос билээ. Амьсгалын замаар дамжин хүний эрүүл мэндэд ноцтойгоор сөрөг нөлөө үзүүлж байгаа нарийн ширхэгтэй тоосонцорын агууламж \РМ2.5\-нь гэрийн зуухнаас ялгарч байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Засгийн газар нь олон улсын хандивлагч байгууллагын анхаарлыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хандуулсны үр дүнд Мянганы сорилын корпораци, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка, Европийн сэргээн босголт хөгжлийн банк, Германы Техникийн хамтын ажиллгаа (GTZ), Хас банк гэх зэрэг олон улсын болон дотоодын байгууллагууд хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн донорын уулзалтыг хэд хэд удаа зохион байгуулж, стратеги боловсруулсан. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулахад дараахь 3 үндсэн бэрхшээл саад учруулж байсан.
1-рт: Санхүүгийн бэрхшээл (МУЗГ-ийн эдийн засгийн нөхцөл байдал нь энэ асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй байв)
2-рт: Техник технологийн бэрхшээл (Утааны ялгарлын хэмжээг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, лаборатори, хэмжилтийн багаж төхөөрөмж дутмаг, техникийн баримт бичиг, стандарт байхгүй байв)
3-рт: Цогц бодлого дутмаг байдал (Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан байгууллага байхгүй, яам болгонд хэлтэс нэгж байвч уялдаа холбоогүй, ойрын болон хэтийн төлөвлөгөө, нэгдсэн бодлого байхгүй байв)
МУЗГ-ын тусгай сан болох “Цэвэр агаарын сан”-г 2011 онд байгуулсэн бөгөөд агаарын тухай хуультай болсон. Дээр нэр дурдсан донорууд болон хандивлагчдын үйл ажиллагааны стратеги нь хэн, юуг, хэзээ, хэрхэн хийх гэдгийг гаргаж ирэхэд чиглэгдсэн юм.
Тухайлбал: Азийн хөгжлийн банк нь Эрчим хүч уул уурхайн яам (хуучин нэрээр)-тай хамтран зуухны утаа ялгаруулалтын хэмжээ, үр ашгийг турших лаборатори байгуулах, олон улсын мэргэжилтнийг ажиллуулж техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэн бол GTZ нь дотоодын зуух үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг үнэлэх, шинээр загвар гаргаж турших ажлыг хийх, ЖАЙКА НЗДТГ-ийн Агаарын чанарын албаны ажилтнуудыг хэмжилт хийх арга барилд сургах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, Хас банк нь цэвэр хөгжлийн механизмыг Монголд нэвтрүүлэх гэх мэтээр оролцоогоо тодорхойлсон. Дэлхийн банк 2007 оноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр засгийн газартай хамтарч ажиллах ажлыг эхлүүлсэн бөгөөд дараахь үндсэн 2 чиглэлээр шат дараатай арга хэмжээ авахаар “УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР” төслийг концепцийг боловсруулсан. Үүнд:
- Богино хугацаанд авах арга хэмжээ
- Дунд хугацаанд авах арга хэмжээ
Эдгээр үе шатттай арга хэмжээнүүдийн хүрээнд хийгдэх ажлын талаарх товч мэдээллийг 1.3 болон 1.4-т товч дурдсан болно.
1.2 ТӨСЛИЙН ДЭМЖИЖ БАЙГАА ЭРХЭМ ДЭЭД ЗОРИЛГУУД
“Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл (УБЦАТ) нь Монгол улсын хувьд боловсруулсан Дэлхийн Банкны Дунд шатны стратегийн санамж бичиг (БДШССБ)-тэй \СҮ 2009-10\ нийцэж байгаа юм. Энэхүү санамж бичигт МУЗГ-нь эдийн засгаа тогтворжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуу болон эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах зэрэг заалтуудыг хэрэгжүүлэхэд Дэлхийн Банкны Групп хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Ялангуяа гэр хорооллын иргэдэд чиглэсэн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр нь энэхүү бодлогод бүрэн нийцэж байгаа болно.
1.3 БОГИНО ХУГАЦААНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд дотроос гэр хорооллын айл өрхийн хэрэглэж байгаа уламжлалт зуухыг “бүрэн шаталттай”, утаа ялгаруулалт багатай “цэвэр” зуухаар солих нь нэн тэргүүний асуудал гэж үзсэн. Мянганы Сорилын Корпораци нь Мянганы сорилын сангаар дамжуулан бүрэн шаталттай зуухны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн 2010 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2012 оны 9 сард энэхүү хөтөлбөр дууссан. Үр дүнд нь 100-аад мянган айл өрх бүрэн шаталттай зуухтай болж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Улаанбаатар-цэвэр агаар” төсөл нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаануудын орхигдсон орон зайг нөхөхөөр төлөвлөгдсөн байсан тул “Мянганы сорилын сан” болон “Цэвэр агаарын сан”-гийн 2 үе шаттай хэрэгжүүлсэн зуухны хөтөлбөрт хамрагдаагүй үлдсэн 45000 айл өрхийг хамруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд “зуухны утаа ялгаруулалт үр ашгийг турших лаборатори” (АХБ-ны санхүүжилтээр тоног төхөөрөмжийг хангаж бий болгосон)-ийн үйл ажиллагааг тогтмолжуулах, мэргэжлийн байгууллагад эзэмшүүлэх нь чухал гэж үзсэн. Энэ чиглэлээр хийгдсэн ажлын дэлгэрэнгүйг бүлэг 2.3-аас уншина уу.
1.4 ДУНД ШАТАНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Зуух солих хөтөлбөрыг хэрэгжүүлэх, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, “цэвэр” түлшний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг богино хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хийхийн зэрэгцээ дараахь олон ажлуудыг хийх нь зүйтэй гэж ярьж бичиж байв Тухайлбал:
- Орон сууцаар гэр хорооллыг иргэдийг хангах
- Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах замаар айлуудын яндангийн тоог цөөлөх
- Цахилгаанаар халаалтыг шийдвэрлэх
- Хийн түлшийг нэвтрүүлэх
- УБ хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх
- Автомашинд шүүлтүүр тавих, бохирдол ихтэй тээврийн хэрэгслийг хязгаарлах
- Түүхий нүүрсийг дахин боловсруулах гэх мэт
Гэвч эдгээрт хөрөнгө оруулалт хийхэд шаардагдах судалгааны бэлэн материал, ТЭЗҮ, бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн орчин дутагдалтай байв. Иймээс Улаанбаатар цэвэр агаар төслийн санхүүжилтийг дараахь судалгааны болон бодлогын баримт бичгийг боловсруулахад ашиглах нь ач холбогдолтй гэж үзсэн. Үүнд:
- Улаанбаатар хотын ногоон байгууламжийн дутмаг байдлаас үүдэн гарч байгаа дэгдэмхий тоосыг бууруулах (Энэхүү хэсэгт дараахь ажлууд багтана. (а) хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдалд үнэлгээ өгөх ба хотын хэмжээнд тоос тоосонцрын хэмжээг бууруулах зорилгоор зүлэг, бусад ногоон байгууламжийг тарьж ургуулах хувилбаруудад дүн шинжилгээ хийж, ногоон байгууламжийг сайжруулах зөвлөмж гаргах (б) туршилтын төсөл хэрэгжүүлэх нэг байршлыг сонгон ТЭЗҮ боловсруулах ба ажлын зураг, тендерийн баримт бичгийг бэлтгэх, хянах (в) УБ хотод ногоон байгууламжийн туршилтын төслийн ажлыг гүйцэтгэж, нийслэлт хүлээлгэн өгөх.)
- Цахилгаан станцуудын яндангийн утаанаас болон үнсэн сангаас ялгарч байгаа тоос тоосонцрыг бууруулах: (Энэхүү хэсэгт дараахь ажлууд багтана (а) Улаанбаатарын дулааны цахилгаан станцуудаас ялгарч байгаа утааг хэмжих, сайжруулах төлөвлөгөө гаргах (б) цахилгаан станцуудын үнсэн сангаас гарч байгаа тоосыг бууруулах, үүний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх, үр дүнтэй шийдвэрлэж болох арга замын талаар зөвлөмж гаргах.)
- Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах: (Энэхүү хэсэгт дараахь ажлууд багтана: (а) Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн өргөтгөл, засвар шинэчлэлтийн ажлын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах (б) Төвлөрсөн дулаан хангамжийн бодлого, зохицуулалт болон менежментийн чиглэлээр салбарын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх: өмчлөл удирдлагын зохицуулалт, төлбөр тооцооны асуудал (дулаан болон халуун усны хэрэглээ тоолуургүй байна, дулааны эрчим хүчний алдагдал) мөн төлөвлөлтийн асуудлыг судлах.)
- Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги боловсруулах техник туслалцаа: (Энэхүү хэсэгт дараахь ажлууд багтана (а) Улаанбаатар хотод иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц барихтай холбогдсон бодлого, хууль тогтоомжууд, практик ажиллагаанд үнэлгээ хийх, бодлогоор дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хэр зохицож байгаад дүн шинжилгээ хийх, боломжийн өртөгтэй орон сууцаар хангах хувилбаруудыг санал болгох, олон улсын туршлага, сургамжийг танилцуулах, (б) Бодлого, хөтөлбөрийг тодорхойлох стратегийг боловсруулах.
Эдгээрээс дутахааргүй чухал асуудал нь олон нийтийн ухамсрыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааны компанит ажил байв. Гэр хорооллын иргэдэд уламжлалт зуухны яндангаас ялгарч байгаа утааны хорт агууламжийг тайлбарлах, хуучин зуухаа бүрэн шаталттай зуухаар сольсноор эдийн засгийн болоод эрүүл мэндийн талаар ямар үр өгөөж хүртэж болох, зөв галлагаа, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талт сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах нь чухал байв. Төсөл хэрэгжиж эхэлсэн анхны жил буюу 2013 онд дээрх үндсэн чиглэлүүдээр Төслийг удирдах нэгжийн хамт олны хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүн, сурсан сургамж, дүгнэлт, анхаарах зүйлс болон цаашид хийх төлөвлөгөөний талаар энэхүү тайланд дэлгэрэнгүй өгүүлэх болно.
1.5 ТӨСЛИЙН ҮР ШИМИЙГ ХҮРТЭГСЭД
Энэ төслийн үр шимийг Улаанбаатар хотын 1.3 орчим сая иргэд, ялангуяа төвийн 6 дүүргийн гэр хорооллын иргэд хүртэх байх ба эдгээрээс 45000 өрх нь шуудүр шим хүртэгсэд байна.
1.6 ТӨСЛӨӨС ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Зуухны хөтөлбөрт хамрагдаагүй үлдээд байгаа өрхүүдийг утаа ялгаруулалтын шаардлагад нийцсэн бүрэн шаталттай зуухны хөтөлбөрт хамруулах
- Агаарын бохирдлыг бууруулах дунд хугацааны арга хэмжээний хүрээнд боловсруулсан гол гол зөвлөмжүүд, авах арга хэмжээний төлөвлөгөө болон ТЭЗҮ-г холбогдох талуудаар батлуулах
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа агентлагууд болон хандивлагчдийн уялдаа холбоог сайжруулах
1.7 ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ, ХЭРЭГЖИХ ХУГАЦАА
- МУЗГ нь Улаанбаатар Цэвэр агаар төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банкнаас 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд 25жилийн хугацаатай, жилийн 1.25%-ийн хүүтэй, 0,75%-ийн шимтгэлтэй.
- Бүрэн шаталттай зуухаар гэр хорооллын иргэдийг хангах, зуухны утааны ялгаруулалт үр ашгийг турших лаборатори болон зуух хөгжлийн төвийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, техникийн туслалцаа үзүүлэх зэрэгт 9.7 сая ам.доллар
- Дунд хугацаанд авах арга хэмжээнд шаардагдах ТЭЗҮ, бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад 2.3 сая ам.доллар
- Олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлийн үйл ажиллагаанд 3 сая ам.долларыг тус тус зарцуулахаар төлөвлөсөн
Төслийн хөрөнгө зарцуулах эрх нь 2012оны 12 дугаар сарын 19-нд нээгдсэн бөгөөд 2017 он хүртэл 5 жилийн хугацаанд хэрэгжинэ.
БҮЛЭГ 2. ЗУУХНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ
2.1.1 ТӨСЛИЙГ УДИРДАХ НЭГЖ
Дэлхийн банкны санхүүжилттэйгээр 2005-2012 онуудад хэрэгжсэн “Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоѐр дахь төсөл”, “Иргэдийн оролцоог дэмжих төсөл” (ЯНХС), “Улаанбаатар хотын хүрээлэн байгаа орчныг сайжруулах төсөл” (Нидерландын засгийн газрын буцалтгүй тусламж) зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг үндэслэн 2011 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх үүргийг Төслийг удирдах нэгжид давхар ноогдуулсан. Төслийг удирдах нэгж нь одоогийн байдлаар 1 зээл 2 буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлж байгаа ба нийтдээ 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Зураг №1. Төслийг удирдах нэгжийн хамт олон
Төслийг удирдах нэгж \ТУН\ -ийн үйл ажиллагааны чиглэл нь дараахь байдлаар тодорхойлогдоно. Төслийн бүхий л менежмент, техникийн болон инженерийн асуудлууд, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа, санхүүгийн менежмент, хяналт шалгалт, дүн шинжилгээ, тайлан илтгэлийн асуудал хамрагдана. Төслийг удирдах нэгж нь Төслийг удирдах хороо болон Дэлхийн банкны хяналтын хэсэгт ажлаа тайлагнадаг.
2.1.2 ТӨСЛИЙГ УДИРДАХ ХОРОО
Нийслэлийн засаг даргын 2013 оны 1-р сарын 16-ны 31 тоот захирамжаар УБЦАТ-ийн хэрэгжилтэд хяналт тавих, тусламж дэмжлэг үзүүлэх, заавар удирдамжаар хангах зорилго бүхий Төслийн Удирдах Хороо байгуулагдсан. Төслийг удирдах хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч ажилладаг бөгөөд бүрэлдэхүүнд нь Эрчим хүчний яам, Цэвэр агаарын сан, Агаарын чанарын алба, шинжлэх ухааны салбарын болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл багтсан байдаг.
Тайлант хугацаанд Төслийг Удирдах хороо 3 удаа хуралдаж дараахь шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:
- Төслийн үйл ажиллагааны гарын авлага, байгаль орчин болон аюулгүй ажиллагааны баримт бичгүүдийг хэлэлцэж батлах
- Төслийн 2013 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлах
- Зууханд болон үйлдвэрлэгчид төвигдах шалгуур үзүүлэлтийг хангасан 4 зуух үйлдвэрлэгчийг шалгаруулах
- Зууханд төлөх хэрэглэгчийн үнийг хэлэлцэж тогтоох
- Зуухны хөтөлбөрийн түгээлт, борлуулалтын схемийг батлах
Зураг № 2. Төслийг удирдах хорооны хурал
2.2 ЗОРИЛТОТ ӨРХҮҮД, ТЭДГЭЭРИЙН БАЙРШИЛ
Зорилтот өрх буюу төсөлд хамруулж, хөнгөлөлттэй үнээр зуух олгох айл өрхийг тодорхойлохын тулд айл өрхөд тавигдах шалгуур үзүүлэлтийг гаргах шаардлагатай болсон. Энэхүү шалгуур үзүүлэлт нь дараахь байдлаар тодорхойлогдсон: Үүнд:
- Өмнө нь татаастай үнээр бүрэн шаталттай “цэвэр” зуух авч байгаагүй байх
- Гэр хорооллын иргэн байх
- Бүртгэгдсэн хаяган дээрээ амьдардаг байх
Дээрх шалгуур үзүүлэлтийг нэгэн зэрэг хангаж байгаа айлын өрхийг УБЦАТ-ийн зуухны хөтөлбөрт хамрагдах эрх бүхий өрх гэж үзэхээр шийдвэрлэсэн.
2.2.1 ЭРХ БҮХИЙ ӨРХИЙГ СОНГОХ, БАЙРШЛИЙГ ТОГТООХ
Бүрэн шаталттай, сайжруулсан зуухны хөтөлбөрт хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангасан зуух авч чадаагүй айл өрхүүдийн нэрсийг эцэслэн гаргаж, газрын зурагт байршуулах, (ii) Зууханд хамрагдаагүй үлдсэн айл өрхүүдийн шалтгааныг тодруулах (iii) Зуухны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл арга хэмжээг тодорхойлох
2.2.2 ТАНДАЛТ СУДАЛГАА
2013 оны 5-р сарын 13-аас 6-р сарын 7-ны хооронд зуух аваагүй иргэдийн тоог гарган газрын зураг дээр байрлуулах, үүн дээрээ тулгуурлан борлуулалтын төвийн тоо болон байршлийг эцэслэхээр тандалт судалгааг явуулсан. Судалгаанд төвийн 6 дүүргийг хамруулахаар төлөвлөсөн боловч ба ЧД-т зуухны хөтөлбөр 3 жил үргэлжилж нийт айл өрхийн 70-аас дээш хувь нь хамрагдсан байсан ба БЗД-ийн хувьд өмнөх зуухны хөтөлбөртэй холбоотой маргаантай асуудал ихтэй байсан тул энэ 2 дүүргийг түр хойшлуулж, 4 дүүргийг сонгосон. Ингээд СХД, СБД, БГД, ХУД-ийн гэр хорооллын 50 хорооны хэсгийн ахлагч нартай хамтарч, 89 мянган өрхийн дунд тандалт судалгаа явуулсан. Судалгаагаар 25 мянган өрх зуух аваагүй болохыг гаргасан бөгөөд тэдгээр өрхүүдийг газрын зурагт тэмдэглэсэн. Хүснэгт №1. Судалгаанд хамрагдсан хороод
Дүүрэг | Хороод |
Баянгол | 9,10,11,16,20,21,22,23 |
Сонгинохайрхан | 2,3,4,5,6,7,8,9,10,11,18,19,20,22,23,24,25,26,28,30,31 |
Сүхбаатар | 9,11,12,13,14,15,16,17,18,19,20 |
Хан-Уул | 4,5,6,7,8,9,10,12,13,16 |
Зураг № 3. “Quantum GIS” програм дээр зуух аваагүй өрхүүдийг тэмдэглэв.
Үр дүн:
- Энэхүү судалгаанаас гарсан дүнг НАЧА болон ХАС-аас ирүүлсэн дүнтэй (26236 өрх) тулгаж үзэхэд зөрөө маш бага буюу 3% байсан бөгөөд энэ нь бүртгэлд суурилсан баримт бичгийн судалгааны хувьд бодитой дүн байсан юм. Түүнчлэн НАЧА-нь дүүрэг тус бүрт 2 ажилтан томилж ажиллуулдаг бөгөөд хорооны засаг дарга, хэсгийн ахлагчидаас ирсэн нэрсийг нэгтгэх, эцэслэх ажлыг эдгээр ажилтнууд хийдэг уламжлал тогтсон байсан.
- Судалгааны дүнгээс үзэхэд мэдээлэлд ойр байдаг, харьцангуй боловсролтой, төлбөрийн чадвар сайтай, бичиг баримтын зөрчилгүй өрхүүд илүүтэй төсөлд хамрагдсан байна.
- Мэдээлэл боловсруулалтын шатанд судалгаанд хамрагдсан 150 өрхтэй эргэн холбогдож тодруулга авахад бүрэн шаталттай зуухны ач холбогдлыг сайн ойлгохгүй байх, зөв галлагааны горимыг баримтлахгүй байх зэрэг сул тал ажиглагдсан. Иймд шалгарсан зуухнуудын давуу талыг сурталчлах, таниулах ажил хийх хэрэгцээтэй болохыг олж мэдсэн.
- Зуух борлуулах төвүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан айл өрхүүдэд хүрч үйлчлэхийн тулд нүүдлийн буюу өртөөчилсөн хэлбэрийг сонгох нь илүү үр дүнтэй болохыг тогтоосон.
2.2.3 ХОРООНООС ИРҮҮЛСЭН НЭРСТЭЙ АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2013 оны 9-р сараас 11-р сарын 1 хооронд Нийслэлийн 6 дүүргээс бүрэн шаталттай зуух авах өрхийн нэрсийг 4 удаа авсан бөгөөд нийт 127мянган өрхийн нэрс ирсэн.
Эдгээр нэрсийг доорхи зарчмын дагуу шалгаж, Хас банкны руу илгээж байсан.
Зураг №4. Нэрстэй ажиллах зарчим
Тайлбар: НАЧА – Нийслэлийн агаарын чанарын албанаас тухайн дүүргийг хариуцсан ажилтан УБЦАТ- Улаанбаатар –Цэвэр агаарын төслийн шүүлт хийж буй ажилтан
2024/10/01
2024/09/24
2024/09/24
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05