Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр

Нийтлэгдсэн огноо: 2014/09/18

Нэг.

Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага Сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн хандлага, манай орны хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах явдал өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна. Монгол Улсын Засгийн газар байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлан ашиглах замаар, юуны өмнө эрчим хүчээр бүрэн хангагдаагүй байгаа хөдөөгийн айл өрх, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбогдоходихээхэн хөрөнгө зардал шаардагддаг сум, суурин газрын цахилгаан хангамжийг сайжруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад ихээхэн ач холбогдол өгч байна.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Мянганы хөгжлийн зорилт, Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратеги /2002-2010 он/ зэрэг төрийн бодлогын баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь манай улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэхээр онцлон заасан билээ.

 

Хоёр. Сэргээгдэх эрчим хүчний нөөц
2.1 Монгол орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн орон юм.
2.1.1 Манай улсад том, жижиг нийт 3800 гаруй гол мөрөн байдаг бөгөөд тэдгээрийн
эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6417.7МВт буюу жилдээ 56.2 тэрбум кВт цаг цахилгаан гаргах нөөцтэй гэж үнэлэгдсэн байдаг.
2.1.2 Улсын нийт нутаг дэвсгэрт жилийн 270-300 өдөр цэлмэг байдаг, нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байна. Жилд тусах нарны цацрагийн хэмжээ нэг ам метр талбайд 1200-1600 кВт бөгөөд эрчимшил нь өдөрт 4.3-4.7 кВт цаг/ам метрээс их байна.
2.1.3 Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцийн атласт тодорхойлсноор, манай орны нутаг дэвсгэрийн 10 хувь буюу 160 мянган ам километр гаруй газарт салхины хүчийг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах хангалттай нөөцтэй байна. Улсын хэмжээнд 13 аймгийн нутаг дэвсгэр 20 000МВт-аас доошгүй салхины эрчим хүчний нөөцтэй, 9 аймгийн нутаг дэвсгэр 50 000МВт-аас дээш нөөцтэй байгаагийн дотор Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дангаараа 300 000МВт гаруй салхины эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоосон байна.
2.1.4 Монгол орны нутаг дэвсгэр дээр газрын гүний дулааны эх үүсвэрийн 40 гаруй илэрц байдаг бөгөөд тэдгээрээс Хангайн бүсэд оршдог Цэнхэр, Хужирт, Шаргалжуут зэрэг газрууд нь газрын гүний дулааныг эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой юм.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго
3.1 Монгол Улсын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, хөдөөг цахилгаанжуулахад сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах замаар экологийн тэнцвэртэй байдлыг хангах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх нийтлэг зорилт
4.1 Сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах замаар эрчим хүчний төвлөрсөн систем, бүс нутгийн эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, бие даан үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
4.2 Эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг шат дараатай хэрэгжүүлэн, 2010 оны түвшинд улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3-5 хувь, 2020 оны түвшинд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэх;
4.3 Сэргээгдэх эрчим хүчний тэргүүний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашгийг дээшлүүлснээр системийн алдагдлыг одоогийн түвшнээс 2010 онд 3-5 хувь, 2020 он гэхэд 10-аас доошгүй хувиар бууруулах;
4.4 Эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбоход үлэмж зардал шаардахуйц, алслагдсан бүх сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр ашиглах замаар цахилгаанжуулах;
4.5 Сумын эмнэлэг, сургууль, нийтийн үйлчилгээний газруудыг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах, худгаас ус татах болон газар тариаланг усжуулахад нар, салхины эрчим хүчийг өргөн ашиглах дэд хөтөлбөрүүдийг боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж, орон нутагт электрон засаглал, мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
4.6 Хөдөөгийн айл, өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах “100 000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж, нийт малчин айл, өрхийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах;
4.7 Монгол орны сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, ус, газрын гүний дулаан, биомаасс зэрэг)-ний нөөцийн нарийвчилсан судалгаа хийсний үндсэн дээр тэдгээрийг эрчим хүчний зориулалтаар ашиглах мастер төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
4.8 Сэлэнгэ мөрөн, Эг, Орхон зэрэг усны эрчим хүчний нөөц ихтэй голууд дээр Эгийн голын 220МВт, Сэлэнгэ мөрөн дээр Арцатын 118МВт, Орхоны 100МВт-ын хүчин чадалтай томоохон усан цахилгаан станцууд барих техник эдийн засгийн нарийвчилсан судалгаа хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
4.9 Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар болон бусад хот суурин газарт сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийг эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбон ашиглах үйл ажиллагааг өргөжүүлэн, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг шат дараатайгаар нэмэгдүүлэх;
4.10 Газрын гүнийн дулааныг ашиглах нөөц ихтэй газруудыг сонгон судалж, хот суурин газрын эрчим хүчний хангамжид ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх;
4.11 Нарны илчээр ус, агаар халаах арга технологи, тоног төхөөрөмжийг барилга байгууламжийн дулаацуулга, хэрэглээний халуун ус болон бусад зориулалтаар өргөн ашиглах;
4.12 Устөрөгч, түлшний элемент зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх орчин үеийн техник, технологийг судлан нэвтрүүлэх;

 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр (2005-2020 он)”-ийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
       - Нэгдүгээр үе шат буюу 2005-2010 он /ойрын ирээдүй/
       - Хоёрдугаар үе шат буюу 2011-2020 он /дунд хугацаа/
5.1 Ойрын хугацааны хөгжлийн зорилт:
5.1.1 Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулан Баруун Бүсийн эрчим хүчний хангамжийн бие даасан, найдвартай байдлыг хангах;
5.1.2. Төвийн бүсэд 100МВт-ын хүчин чадалтай Орхоны усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх;
5.1.3 Хөдөөгийн айл, өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах “100 000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж, хөдөөгийн нийт айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр хангах;
5.1.4 Эрчим хүчний төвлөрсөн системээс алслагдсан салхины эрчим хүчний нөөц сайтай нь тогтоогдсон 8-аас доошгүй сумын төвийг салхи-дизель болон салхи-нар- дизель хосолсон цахилгаан станц, 5-аас доошгүй сумын төвийг нар-дизель хосолсон цахилгаан станц барьж байгуулан эрчим хүчээр хангах
5.1.5 Усны эрчим хүчийг ашиглахаар сонгосон 16 сумын төвийг бага чадлын усан цахилгаан станцыг байгуулах замаар цахилгаанжуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, Баян-Өлгий аймгийн Булган сум, Хэнтий аймгийн Батширээт сум, Ховд аймгийн Мөст сум, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, Увс аймгийн Баруунтуруун сум, Завхан аймгийн Тосонцэнгэл, Цэцэн-Уул,Завханмандал сум зэрэг 8 сумын төвийг усан цахилгаан станц байгуулж эрчим хүчээр хангах;
5.1.6 Салхины эрчим хүчийг ашиглах нөөц сайтай Салхит уул, Хүйтний онгорхой болон зүүн ба өмнөд бүсэд дунд чадлын салхин парк байгуулах, түүнийг эрчим хүчний төвлөрсөн системд холбон ашиглах талаар нарийвчилсан судалгаа хийх;
5.1.7 Алслагдсан сумын төвүүдийг хэрэглээний халуун усаар хангахад нарны илчээр ус халаах тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглах;
5.2 Дунд хугацааны хөгжлийн зорилт
5.2 Орхоны 100МВт-ын хүчин чадалтай УЦС-ыг барьж ашиглалтад оруулж, төвийн эрчим хүчний системийн үйл ажиллагааны горимыг тохируулах боломжийг уян хатан болгох, бие даасан байдлыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
5.3 Хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй нийт сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр бүрэн хангаж дуусгах
5.4 Хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах цар хүрээг өргөжүүлж фермерийн аж ахуй, хилийн цэрэг,батлан хамгаалахын анги салбар, аялал жуулчлалын бааз болон нийтийн үйлчилгээний газруудын эрчим хүчний хангамжийг сайжруулахад сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах;
5.5 Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар болон бусад хот суурин газарт нар, салхи, устөрөгч, газрын гүнийн дулааныг ашиглах бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолборуудыг барьж байгуулах;
5.6 Салхины эрчим хүчийг ашиглах нөөц нь тогтоогдсон газруудад дунд чадлын (30-50МВт) салхин паркууд байгуулан, эрчим хүчний төвлөрсөн системд холбон үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
5.7 Говийн бүсэд өндөр хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах олон улсын хамтарсан судалгааны хүрээнд туршилтын нарны цахилгаан станц байгуулах төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

 

Зургаа. Хөтөлбөрийг дэмжих бодлого, арга хэмжээ
6.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас олгож байгаа урт хугацааны хөнгөлөлттэй зээл, техникийн болон буцалтгүй тусламж, хувийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах бодлого баримтлан, хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авах;
6.2 Агаарын бохирдлыг багасгах, хөдөө орон нутгийн хөгжлийг сайжруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдалд тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх, энэ чиглэлээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчний зах зээлд өргөнөөр оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрхзүйн орчинг боловсронгуй болгох;
6.3 Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, түүнчлэн эрчим хүчний хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангаж байгаа хэрэглэгчид хэрэгцээнээсээ илүү гарсан цахилгааныг төвлөрсөн сүлжээнд худалдах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих үнэ тариф зохицуулалтын эрх зүйн орчинг бий болгох;
6.4 Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээний стандарт, норм журмыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх ажлыг зохион байгуулах;
6.5 Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглаж байгаа байгууллагуудын үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг эрчим хүчний үйлчилгээний компани /ЭСКО/-д концессийн болон түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглуулж ажиллуулах аж ахуйн үйл ажиллагааны дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх
6.6 Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр үндэсний боловсон хүчнийг дотоод, гадаадын их дээд сургуулиудад системтэйгээр бэлтгэх, нарийн мэргэшлийн инженер техникчдийг өндөр хөгжилтэй орнуудад сургах;
6.7 Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах орчин үеийн ололт амжилт, тэргүүний арга технологийг судлан нэвтрүүлэх зорилгоор судалгаа, шинжилгээ, зохион бүтээх болон сорилт туршилтын ажлыг гүйцэтгэх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байх;
6.8 Сэргээгдэх эрчим хүч, устөрөгч болон түлшний элемент зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, хадгалах, дамжуулах орчин үеийн арга технологи, шинжлэх ухааны ололт амжилтыг өргөнөөр нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн паркуудыг байгуулж ажиллуулах;

 

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
7.1. Монгол Улсын Засгийн газар энэхүү хөтөлбөрийг олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчид, гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулах, төрийн ба төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагаанд тулгуурлах замаар улсын хэмжээнд зохион байгуулна.
7.2 Энэхүү хөтөлбөрийг үндэслэн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
7.3 Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

 

Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр
8.1 Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
8.1.1 улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт;
8.1.2 сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах үйл ажиллагааг дэмжих олон улсын сангийн дэмжлэг тусламж;
8.1.3 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах цэвэр хөгжлийн механизмын санхүүжүүлэлтийг ашиглах үйл ажиллагаанаас олох орлого;
8.1.4 гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт;
8.1.5 хандивлагч орнууд, олон улсын байгууллагын хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж;
8.1.6 төрийн бус байгууллагуудын хандив, буцалтгүй тусламж;

 

Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн
9.1 Орхоны 100МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж дуусган ашиглалтад оруулснаар төвийн эрчим хүчний системийн үйл ажиллагааны горимыг тохируулах боломжийг уян хатан болгох, бие даасан байдлыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ;
9.2 Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийн эрчим хүчний хангамжийн бие даасан, найдвартай байдлыг хангана;
9.3 Хөдөөгийн айл, өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах “100 000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж, 180 гаруй мянган айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаснаар өрхийн үйлдвэрлэл хөгжиж, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн багасна;
9.4 Эрчим хүчний төвлөрсөн системээс алслагдсан бүх сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр бүрэн хангаснаар хөдөөгийн иргэдийн сурч боловсрох, мэдээлэл авах боломж нэмэгдэн, амьдралын түвшин, ахуй нөхцлөө сайжруулах болон орон нутагт электрон засаглал, мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ;
9.5 Салхины эрчим хүчийг ашиглах нөөц сайтай бүс нутагт дунд чадлын (50- 100МВт) салхин парк байгуулан, эрчим хүчний төвлөрсөн системд холбон үр
ашигтай, найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ;
9.6 Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүч хэмнэх, салбарын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн эрх зүйн таатай орчин бүрдүүлснээр дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах өргөн боломжийг олгоно;
9.7 Сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашигласнаар эрчим хүчний уламжлалт эх үүсвэр болох органик түлш (нүүрс, нефть зэрэг)-ийг хэрэглэсний улмаас байгаль орчинд хаягдаж байгаа нүүрсхүчлийн хий болон бусад хорт хийн ялгарлыг бууруулан агаарын бохирдолтыг багасгахад үлэмж хэмжээний эерэг нөлөө
үзүүлнэ;


Facebook Twitter YouTube