ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮД МААНЬ ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТӨӨ ЗӨВ, БҮРЭН АШИГЛАЖ ЧАДВАЛ МАШ САЙН ҮР ДҮН ГАРНА

Нийтлэгдсэн огноо: 2017/01/04

Танд шинэ оны мэнд хүргье. Он солигдсон эхний өдрөөс эхлээд гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ. Энэ их зоримог шийдвэр байлаа. Үр дүн хэр байх бол?

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэлээ. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл үнэ төлбөргүй ашиглах, цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэрэг зохицуулалттай. 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой. Гэр хорооллын айл өрхүүд маань энэ боломжоо зөв, бүрэн ашиглаж чадвал маш сайн үр дүн гарна.

-Та зөв ашиглаж чадвал гэлээ. Яагаад?

Иргэдээс, айл өрхөөс хамаарах зүйл их л дээ. Жишээ нь гэр хорооллын нийт хэрэглэгчийн маань 75% нь тарифт тоолууртай байна. Мөн өнөөдөр стандартын шаардлага хангасан халаагууртай айл хэд байна. Авах гэхээр бэлэн мөнгө байхгүй. Энэ хөнгөлөлт маань нөгөө талдаа стандарт бус цахилгаан халаагуур хямд авах, борлуулах боломжуудыг нээчих вий. Галын аюул дагуулах вий гэдэг болгоомжууд байна. Цахилгаан халаагуур болон гэрлүүгээ оруулж байгаа цахилгааны утасны стандартыг нарийн мөрдөхийг иргэдээсээ хүсч байна. 

-Гэр хорооллын яндангаас гадна автомашины асуудалд  та нэлээд анхаарлаа хандуулж байгаа. Ямар гарц шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгслийн тооллогдсон. Энэ нь 3 хүн тутмын 1 нь  авто машин унаж хотын төвийн түгжээнд зогсож байна. Түгжрэлд зогсож байгхдаа нормальдсан автомашин харин ч их бохирдол ялгаруулдаг. Автомашин тормос гишгих болгондоо агаар бохирдуулагч хүнд метал ялгаруулж хүүхдийн эрүүл мэндийг ихээр хохироож байна. Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай  байгаа нь Улаанбаатар хот маань хуучин машины цуглуулгын хот болсныг харуулж байна. Цаашид насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлж  хэрэглээнээс хасах зорилгыг хөндөх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нийтийн тээврийн автобуснууд ихэнх нь дизель түлшээр явдаг, маш их утаа бохирдол ялгаруулж байна.

Социализмын үед автомашины үзлэг үр дүнтэй, бодитой байсан. Одоо үзлэгийн чанар улам бүр муудаж үзлэг нэртэй орлого бүрдүүдэх механизм болсон. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.

Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, Автомашины улсын үзлэгийн оношлогооны чанарыг сайжруулах, 7-оос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авна. Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгох, автобусыг хийн түлшинд үе шаттай шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

-Ер нь дэлхийн улс орнууд агаарын бохирдлоо хэрхэн шийдвэрлэж ирсэн бэ?

-1952 оны Лондон, Лос Анжелосын утааг авч үзъе. 1952 оны 12 дугаар сарын 5 нд Лондон хотод аймшигт хар өдөр тохиолдсон. Хүйтэн агаарын хуйлрал тогтсоноос утаа үүлэн доогуур хуйларч өтгөрсөн. Хот даяараа хөл хөдөлгөөн хааж гудамжинд яваа хүн өөрийнхөө хөлийг ч харахааргүй болсон. Энэ гамшигт өдрийн эцэст 12 мянган хүн амиа алдсан. Англи улс Цэвэр агаарын хууль баталж, угаагаагүй нүүрс хэрэглэх, ил гал түлэхийг хуулиар хориглосноор 1952 онд агаарын бохирдлын PM10 тоосонцор хэмжээ 1200-1600 микрограм/м3  байсныг 1956 онд 27.1-69.2 микрограм/м3 болгож бууруулж чадсан. Иргэдийн халаалтын асуудлыг шийдвэрлэх зардлын 70 хувийг засгийн газар нь даасан. Хяналтынхан дэлгүүрээр явж хууль бус нүүрс зарж байгаа эсэхэд хяналт тавьдаг байж. Бас торууль шийтгэл нь ч хатуу байсан. Хууль зөрчвөл 100 фаунтаар торгох, бүр шоронд орох хүртэл арга хэмжээ авдаг байж. Утаа гаргадаг аливаа төхөөрөмж суурилуулах нь хууль бус болсон гэсэн үг л дээ. Лондонгийн хар өдрөөс сургамж авч 1960 оноос дэлхийн бусад улс нүүрсний хэрэглээгээ хянаж эхэлсэн байдаг. Үүний үр дүнд ахуйн хүрээнд нүүрс шатаахыг эрс бууруулж чадсан.

Лос Анжелосын утааны гол үүсгэвэр нь автомашин байсан. Машины стандартад шинэчлэл хийсэн. Машиндаа шүүлтүүр заавал суулгах шаардлага тавьсан. Байгаль орчны хамгаалалтын газар ямар ч шинэ машиныг шалгах эрхтэй. Хэрвээ үйлдвэрлэгч стандарт зөрчсөн бол уг машин үйлдвэрээс гарсан өдрөөс эхлэн өдөрт 25 мянган долларын торгууль тавьдаг. 1970 оноос Лос Анжелосын машин 3 дахин нэмэгдсэн ч агаарын бохирдол нь 75 хувь буурсан.

-Утаа маш их болсон үед гамшиг зарлаж болох уу?

-Хятадад өнгөрөгч оны сүүлээр 70 хотод агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн учир үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Хятадад агаарын чанарын индексийн шар эсвэл улаан гэрэл асвал юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Манай улсад Агаарын чанарын индекс ийм төвшинд очсон үед ингэж арга хэмжээ авна гэсэн Онцгой байдлын стандарт одоогоор алга. Уг нь газар хөдлөх үед яах ёстой вэ гэдэг сургуулилтыг сайн хийдэг шигээ агаарын чанарын индекс хэд байхад ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг зүйлийг мөрдүүлдэг болох хэрэгтэй байна. Жишээ нь хоёр өдрийн өмнө  салхи тогтож, утаа үүлэн доогуур хуралдаж амьсгалах аргагүй боллоо. Ийм үед бүх хүн маскаа зүүдэг болох хэрэгтэй. Хорт утаа бидний биеийг  үл эзэгдэх сүнс мэт хэрж байна.

Тиймээс агаарын бохирдол ихэссэн үед шуурхай арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж, утааны хэмжээг ангилан иргэддээ сэрэмжлүүлэг өгөх, утаа их ялгаруулдаг үйлдвэр, ААН-ыг зогсоох, хорт утаа ихээр ялгаруулж байгаа автомашины хөдөлгөөнийг хориглох зэрэг арга хэмжээ авах шаардлага тулгарах байх. Олон улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний жишиг нь ийм байна. 

Харин бүх үйл ажиллагааг зогсоогоод гэртээ суувал гэрээ ихээр галлаж нөгөө утаа чинь улам нэмэгдэнэ. Бээжингийн агаарын бохидлын гол үүсвэр нь үйлдвэрийн утаа, манайх бол гэрийн яндан, автомашины утаа шүү дээ.

-Ер нь төр засаг нь зоригтой шийдвэр гаргаж байж л утаанаас салсан байна шүү дээ? Түүхий нүүрсийг шууд хориглох боломж бий юу?

-Түүхий нүүрсээ юугаар орлуулах вэ гэдгээ тууштай шийдэж байж л хориглож чадна. Цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг аажмаар багасгаж бүр хэрэглээнээс гаргах л хэрэгтэй. Английн туршлагаас харахад нүүрсээ уурхайн аманд дээр нь угаадаг болсноор хот руу түүхий нүүрс оруулах, түүхий нүүрс хэрэглэхийг шууд хориглосон. Нүүрсийг угаахад тортог нь 80 хувь хүртэл буурдаг байна.

-Түүхий нүүрсээ угаана гэхээр бас л их зардал гарах байх даа?

-Зардал гаргахгүйгээр утааны асуудлаа бид шийдэж чадахгүй. Нүүрс олборлогчоос авч байгаа төлбөрийг нүүрс угаахад зарцуулах боломжтой. Түүхий нүүрсний хэрэглээг хориглочихвол хэрэглэгчид очих үнэ нэмэгдэх байх. Энэ зөрүүг нь төр засгаас шийдвэрлээд явах ёстой. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар олборлосон нүүрсний 1 кг тутамд 1 төг, импортлосон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн 1 кг тутамд 10 төг, автомашины ангиллаас хамаарч жилд 1800-9500 төгрөг татвар хурааж, жил бүр 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж байна. Гэтэл 2017 оны улсын төсөвт гэхэд агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Цэвэр агаар сан маш их хөрөнгө зараад юу ч өөрчлөгдсөнгүй? Утааны асуудал бол хэсэг хүмүүсийн бизнес хийх талбар учраас зоригтой шийдвэр гаргахгүй байна гэж их ярих боллоо?

-Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр Цэвэр агаар сангаас 2011-2015 онд 135 тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй байна. Буруу төлөвлөлт, алдаатай бодлого, салбар хоорондын уялдаагүй байдлын улмаас Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүд ч бодитой хэрэгжсэнгүй.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж түүхий нүүрсний хэрэглээг улам дэмжсэнээр сайжруулсан болон шахмал түлшний үйлдвэрүүдийн хаалгыг барихад хүргэсэн. 2011 оноос өнөөдрийг хүртэл Олон Улсын хамтын ажиллагааны төслүүдийн үнийн хөнгөлөлт, Цэвэр агаарын сангийн татаастай үнээр Улаанбаатар хотод 175 мянга 618 сайжруулсан зуух тараасан байдаг.

 “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын 2015 оны нэгдсэн тоо, бүртгэл”-ийн дүнгээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт 161 мянган зуух бүртгэгдсэний 38 хувь буюу 61 мянга нь энгийн зуух, 62 хувь буюу 100 мянга  өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна. Энэ тооллогын дүнгээс харахад Улаанбаатар хотод тараагдсан сайжруулсан зуухны бараг 50 хувь нь ашиглагдахгүй байна.  

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ойрын үед авч хэрэгжүүлэх ажлууд юу байна?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулах, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах, Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх,  хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төслийг дэмжин ажиллах, тавдугаар цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх, нүүрс олборлогчийг газар дээр нь нүүрсээ угаах, боловсруулалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх  гээд олон ажлыг хийхийг зорьж байна.

Ер нь утаанаас салах, тав тухтай амьдрах  эцсийн шийдэл бол орон сууцжуулах  асуудал.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж орон сууцжуулах хөтөлбөрийг зайлшгүй  хэрэгжүүлэх ёстой. Хятадын 50 сая юаний буцалтгүй тусламжийг энэ хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн.

-Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах шидэт шийдэл гэж байхгүй гэж та нэгэн мэдээлэлдээ дурьдаж байсан. Ер нь утаанаасаа салахад хэр хугацаа шаардах бол?

-Хамгийн хүчтэй ЗГ ч агаарыг бохирдлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй бөгөөд иргэдийн ухамсар, оролцоо, хариуцлага чухал гэдгийг онцлон хэлмээр байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь төсөв хөрөнгө, ард иргэдийн амьжиргааны төвшинтэй шууд уялдаатай учир шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болно. Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр иргэн, байгууллага ААН бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэлтэй байж, амьдралын хэв маяг, бодлого шийдвэрээ зоримог өөрчилж, шаргуу ажиллаж, хичээн зүтгэвэл асуудлаа бид тэр хэмжээнд хурдан шийдвэрлэж чадна.

Эх сурвалж: www.news.mn

Facebook Twitter YouTube