Утаагүй зуух худалдаж авсан иргэд 256 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

"Цэвэр агаар сан"- ийн гүйцэтгэх захирал Д.Баасантай ярилцлаа.

 

-"Цэвэр агаар сан"-ийн санхүүжилтээс яриагаа эхэлье?

-Экспортын нүүрсний кг тутмаас нэг төгрөгийг "Цэвэр агаар сан"-д төвлөрүүлдэг. Дээр нь автомашины агаарын бохирдлын татвар нэмж ордог. Ингээд 2011 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш жилд дунджаар 30 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байсан. Харин энэ жил эдийн засаг сайнгүй байсан учраас 20 тэрбум 260 сая төгрөгөөр баталсан. Үүнээс энэ оны эхний есөн сарын байдлаар дөрвөн тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Оны эцэс гэхэд нийт 17 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстой. Энэхүү урьдчилсан тооцоолол ёсоор гурван тэрбум төгрөг хэмнэгдэхээр байна. Энд нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэх гэсэн юм. Ийн цугларсан хөрөнгийг би ганцаар дур мэдэн зарцуулдаггүй. Өөрөөр хэлбэл "Цэвэр агаар сан"-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо лхагва гариг бүр хуралдаж, тэд ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээ сонгодог. Дээр нь "Цэвэр агаар сан"-гийн БОНХЯ-ны сайд С.Оюунаар ахлуулсан удирдах зөвлөл сонгогдсон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эдийн засгийн нөхцөл боломж, үр өгөөжийг нь хэлэлцсэнийэцэст батлах эсэхээ шийддэг. Тэгээд ч "Цэвэр агаар сан" өөрийн албан ёсны сайт дээрээ үйл ажиллагааныхаа төсөл хөтөлбөр, тэдгээрийн санхүүжилтийг ил тод зарладаг болсон.

 

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд танай сангаас юун түрүүнд утаагүй зуух, шахмал түлш үйлдвэрлэхэд ихээхэн анхаарсан. Хэр үр дүнтэй байна вэ?

-Улаанбаатар хотод бүсчилсэн байдлаар 45 мянган утаагүй зуух түгээх ажил ид дундаа орж байна. Одоогоор 29 мянга гаруй нь тараагдчихсан. Үлдсэнийг нь энэ ондоо багтаан тараана. Бүсчилж тараана гэхээр төвийн зургаан дүүрэг, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан, хорт утаа хамгийн ихээр ялгаруулдаг гэр хороолын иргэдэд утаагүй зуухаа тараана. Сэлэнгэ констракшн компанийн "Өлзий", "Роял Оушн" компанийн "Дөл", Элеменко компанийн "Талст", "Их тэнгэрийн хүч" компанийн "Векас 107" хэмээх дөрвөн төрлийн зуухыг худалдан авсан тохиолдолд Дэлхийн банк, "Цэвэр агаар сан"-гаас төлбөрийнх нь 90 орчим хувийг төлж, иргэдэд үнэгүй шахуу тараадаг байсан. Үлдсэн 10 хувь л иргэд төлдөг гэхээр 30-аас 40 орчим мянган төгрөгөөр 400-аас 500 мянган төгрөгийн үнэтэй зуухыг иргэд худалдан авч байсан гэсэн үг. Мэдээж 29 мянга гаруй утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр тараагдсан гэх утгаараа тэр чинээгээрээ агаарын бохирдлыг бууруулсан нь тодорхой. Гэхдээ яг хичнээн хувиар буурсан гэдгийг хэлэх хэцүү. Үүнийг яг таг нарийн шинжилж тогтоодог мэргэжлийн байгууллага ч алга байна шүү дээ.

Утаагүй зуух тараахаас гадна хорт утаа бага ялгаруулдаг шахмал түлш нийлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас багагүй хөрөнгө гаргасан байдаг юм шүү дээ. Дулааны Хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн нийслэлийн гэр хороололд амьдарч буй иргэдийн тэн хагасыг шахмал түлшээр хангах хүчин чадал бүхий үйлдвэрийг өнгөрсөн Засгийн газрын үед байгуулсан юм шүү дээ. Үүнд 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл технологи нь буруу учраас улсын комисс хүлээж авахгүй, шахмал түлшээ үйлдвэрлэлгүй өдийг хүрсэн. Барьцалдуулагч технологийг нь манайхан хийж чадахгүй байгаа юм билээ. Дархан-Уул аймагт "Шарын гол энерго" компани, "Баялаг эрдэнэ цом" зэрэг компаниуд өнгөрсөн жил шахмал түлш хэрэглэгчдэд нийлүүлсэн байдаг. Илчлэг, тоосонцор, шаталт зэргээрээ зохих стандартыг хангасан тохиолдолд "Цэвэр агаар сан" хамтарч ажиллахад бэлэн байна. Шахаж, барьцалдуулсан хагас коксжуулсан нүүрс л гэхээрээ утаагүй түлш болохгүй нь мэдээж. Манай зүгээс утаагүй нэг тонн түлшийг 125 мянган төгрөгөөр худалдан авах саналыг аж ахуй нэгжүүдэд тавьсан. Үүн дээр тээвэрлэлт, түгээлтийн зардал нэмэгдээд 150 орчим мянган төгрөгөөр хэрэглэгчдийн гар дээр очих болов уу.

 

-Танай сантай гэрээ хийсэн шахмал түлш үйлдвэрлэгч аж ахуй нэгж бий юу?

-Одоогоор манайхтай гэрээ хийсэн компани алга. Манайхтай гэрээ хийж, үйлдвэрлэлээ хэвийн явуулахын тулд дээрх компаниудад хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл өмнөх 17 тэрбумын хөрөнгө оруулсан Дулаанаар Хоёрдугаар цахилгаан станцын дэргэдэхүйлдвэр ашиглалтанд ороогүй, зарим нэг утаагүй түлш үйлдвэрлэхээр зээл авсан компаниуд гэрээний дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй байна. "Баялаг эрдэнэ цом" компанийн утаагүй түлш чанарын шаардлага хангахгүй байгаа бол шаардлага хангаж байгаа "Шарын гол энерго" компани 200 гаруй сая төгрөгийн өртэй. Ер нь хувийн хэвшлийнхэн дангаар энэ мэт шахмал түлшний үйлдвэр байгуулах боломжгүй. Зайлшгүй төр засгийн дэмжлэг зүй ёсоор шаардагдана. Гэтэл өмнөх хөрөнгө оруулсан үйлдвэр нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжгүй болохоор төр засгийнхны итгэл алдарна биз дээ. Тиймээс бид өнөөдөр стандартад нийцсэн, үйлдвэрлэл нь хэвийн явж буй, өр ширгүй үйлдвэртэй гэрээ байгуулах чигийг баримталж байна.

 

-Энэ жилээс утаагүй зуухны үнэ нэмэгдэнэ гэдэг үнэн үү?

-Угтаа бол зуухны үнэ нэмэгдэж байгаа хэрэг биш. Дэлхийн банк, "Цэвэр агаар сан"-аас өмнөх шигээ 90 хувийг төлж, хөнгөлөх бус тогтмол256 мянган төгрөгийг нь гаргахаар болсон. Тэгэхээр өндөр үнэтэй зуух худалдаж авбал иргэдийн төлөх зөрүү мөнгө төдий чинээ их байна. Хямд зуух авбал төлөх зөрүү нь бага байна. Зуухны үнээс шалтгаалаад иргэдийн төлөх зөрүү мөнгө дунджаар 10-170 мянга байна. Ингэж иргэдийн төлөх мөнгөн дүнд зохицуулалт хийхгүй бол ямар өндөр үнэтэй зуухыг хэрхэн хөнгөлж худалдаж авснаа ойлгохгүй байна.Утаагүй зуухаа зарсан тохиолдол цөөнгүй гарсан. Зарим нь бүр хөдөө орон нутаг руу ч өвлийн идэш, мах сүүгээр сольчихсон байх жишээтэй. Ингэх юм бол бидний төслийн зорилго, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилго биелэлээ олохгүй шүү дээ.

Өнгөрсөн хавраас худалдаж авсан утаагүй зуухаа хэрэглэж буй эсэхийг шалгах зорилготой хяналтын баг ажиллуулж эхэлсэн. Зарж үрсэн тохиолдолд зуухаа зах зээлийнх нь үнээр худалдаж авах шаардлага тавина.

 

-"Цэвэр агаар сан" утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр тарааж, шахмал түлшний үйлдвэрийг дэмжихээс өөр дорвитой ажил хийдэггүй хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг л даа?

-Зуух, түлш тараахаас гадна өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Цагаан даваа орчмын 54 объект, Дэнжийн 1000 орчмын мянган айл өрх, 39 дүгээр сургууль болон тэр хавьд шинээр баригдах спорт цогцолборыг төвлөрсөн дулаан хангамжинд холбож, тэр хавийн 160 гаруй нүүрсээр галладаг халаалтын зуухыг татан буулгасан. Баянзүрх дүүргийн наймдугаар хороо буюу Цагдаагийн академи орчмын 600 гаруйайл өрхийг төвлөрсөн дулаан хангамжинд холбосон. Ингэснээр жилд 22 мянга гаруй тонн нүүрс түлэхээ больсон гэсэн үг. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Шувуун фабрик орчмын халаалтын зуухыг 5.6 мВт хүчин бүхий хос халаалтын зуух болгож шинэчилсэн бол хотын захын 10 гаруй цэцэрлэг, сургууль, сувилал, аврах гал унтраах анги, цэргийн ангиудын нам даралтын болон халаалтын зуухыг шинэчлэх ажлуудыг хийсэн. Энэ жил шинээр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 39 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийг төвийн дулаанд холбоно. Бас тэрбум гаруй төгрөгөөр цахилгаан дамжуулагч зарим трансформаторуудыг шинэчилж өргөтгөх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс гадна Сэлбэ голын эхийг сэргээх, Туул голын эхийг ойжуулах төсөл, хөрсний бохирдлын судалгаа шинжилгээ, гэр хорооллын нүхэн жорлонгуудыг ариутгах ажлуудыг санхүүжүүлсэн байдаг.

Японд үйлдвэрлэсэн утаа шүүгч үр дүнтэй байсан ч үйлдвэрийг нь Монголд байгуулах гүй л бол өртөг өндөртэй байгаа. Хэрэв энэ үйлдвэрийг байгуулчихвал бид агаарын бохирдлыг бууруулахын тулд түлш, зуухтай "ноцолдох" хэрэгцээгүй болно гэсэн үг.

 

-Танай сангийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн зарим автобуснуудад газын хосолмол хөдөлгүүр суурилуулсан гэж байсан. Дээрх автобуснууд яагаад нийтийн тээвэрт явдаггүй юм бэ?

-"Дашваанжил" компаниатай хамтарч хийн түлшний дөрвөн ч ШТС байгуулсан. Үүнтэй уялдуулан дизель түлш хэрэглэдэг 250 автобусанд газын хосолмол хөдөлгүүр суурилуулсан. Гэсэн ч автобус үйлдвэрлэгч "Daewoo" компани маш их эрсдэлтэй хэмээн дүгнэсэн учраас хэрэгжээгүй л дээ.

 

 

Эх сурвалж: Times.mn

Сэтгүүлч М.УУГАН-ЭРДЭНЭ

2014 оны 10 сарын 04


Facebook Twitter YouTube