Мэдээ, мэдээлэл

Утааг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байна. Хэдийгээр аравдугаар сар дундаа орчихсон ч гэсэн гадаа нэмэх градустай байгаа. Сайхан налгар намар болж байна. Гэвч арваннэгдүгээр сар гараад л гадаа эрс хүйтэрч, гэр хорооллын олон мянган айл нүүрсээ түлж эхэлнэ.  Ингээд улаанбаатарчууд утаан дундаа төөрөх шахан, хахаж цацаад явна даа.  Энэ байдлаар хэчнээн ч жилийг үдэв.


Гэхдээ сүүлийн жилүүдэд утаатай тэмцэх үүднээс төр засгаас янз бүрийн ажил хийж байна. Мэдээж утаанаас бүрэн салах арга бол нэг ч яндангүй болох.  Одоохондоо манай улсад айл бүр цахилгаанаар халаалтаа шийдэх, эсвэл бүх гэр хорооллын айлыг төвлөрсөн шугамд холбох боломж алга.  Дээрээс нь орон сууцны үнэ “хөөсрөөд”, тэнгэрт “тулчихсан” болохоор байранд орох боломж иргэдэд хомс байна.

Тийм болохоор юуны өмнө боломжтой аргаар утааг бууруулах гэж үзэхээс өөр арга байхгүй.  Өнөөдөр утаа гаргах эх үүсвэр маш олон байгаа. Гэр хороолол, уурын зуухны яндангууд, автомашины утаа гээд л.  Энэ бүхэнтэй бүгдтэй нь цогц аргаар тэмцэх хэрэгтэй.  Ядаж л агаарт байгаа утааны хорт бодисуудыг багасгах гээд бидэнд хийх ажил их байна.

Тэгвэл манай сонин энэ удаагийн “Нэг сэдэв & өөр өнцөг” булангаараа утааны асуудлыг онцолж байгаа юм. Гэхдээ утаа асуудал боллоо гэж дуугарахыг хүссэнгүй. Тэртэй тэргүй утаа асуудал болсныг бид мэдэж байгаа. Харин бууруулах тал дээр юу хийж байгаа болон юу хийвэл болох вэ гэдэг өнцгийг гаргахыг хүссэн юм.  


 

ТӨРИЙН БАЙР СУУРЬ

 

Ганбат: Дагуул хотууд бий болбол Улаанбаатарын агаарын бохирдол багасна 
БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга

 

 

-БОНХЯ-ны захиалгаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АНУ-ын Берклийн их сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгаа хийсэн юм. Тэр судалгааны дүнг харж байхад утаа голлон зүрх судас, амьсгалын замын өвчин үүсгэдэг юм байна.  Юу гэхээр агаарын бохирдлыг гадаад орчны, дотоод орчны гэж хоёр хуваажээ.

Хүний эрүүл мэндэд хамгийн хортойгоор тусч байгаа нь дотоод орчны бохирдол. Ийм бохирдол 60-70 хувийг эзэлдэг гэсэн байна. Гаднах бохир агаар гэрт орж ирж байна, дээрээс нь айлууд гал түлэхдээ утаа баагиулаад угаар гаргадаг. Бас тамхидалт. Агаарын ийм дотоод бохирдол хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг, тэр тусмаа хүүхдүүдэд. Гадаад орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь дотоод орчныхоос арай бага байдаг юм байна билээ. Нэгэнт нүүрс, мод түлж байгаа л бол утаа гарна.

Агаарын бохирдлоос салсан улсуудын гол арга бол түүхий нүүрс түлэхийг болиулж, оронд нь хий, цахилгаан хэрэглэдэг. Бид ийм зам сонгож байж л агаарын бохирдол багасна гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд хэлсэн байсан. Нүүрсний дээд давхаргаас метан хий илрүүллээ гэж. Ер нь бид аажимдаа хий хэрэглэж хэвших ёстой. Манай яам УИХ-аар Ногоон хөгжлийн бодлого батлууллаа. Түүнд хот төлөвлөлтийн асуудал багтсан. Төвлөрлийг бууруулахын тулд Улаанбаатарын дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Багануурт оюутны хотхон байгуулахыг манай яам дэмж­дэг. Улаанбаатарын тодор­хой хэсгийг хотоос гаргах ёстой. Тэгж байж төвлөрөл багасна. Налайх, Эмээлт, Майдар хотхон, Зуунмод, Хөшигтийн хөндий гэх мэтээр дагуул хотууд бий болгож хөгжүүлбэл Улаанбаатарын агаарын бо­хирдол багасна.

 

АЛБАНЫ БАЙР СУУРЬ

 

Н.Энхболд: Гэр хороололд амьдарч байгаа өрх бүрээс сайжруулсан зуух ав гэж шаардах хэрэгтэй
“Улаанбаатар цэвэр агаар” төслийн зохицуулагч

 



-Түрүү жилийн халаалтын улиралд Дэлхийн банк, “Цэвэр агаар” сангаас 29700 айлд бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулсан. Өмнө нь нийлүүлэгч компаниудад зуухны үнийн 93 хувийг татаас хэлбэрээр өгдөг байсан бол энэ жил Агаарын бохирдол бууруулах Үндэсний хороо ярилцаж байгаад, Бохир зуухны холбоо, Сайжруулсан зуухны холбооноос тавьсан саналыг харгалзаж үзээд 93 хувийн татаасыг 66 болгоё, гэхдээ түрүү жил зуух болгонд үнийн дүнгийнх нь 93 хувийг өгдөг байсан бол энэ жил бүх зууханд адилхан 66 хувийн татаас өгье гэсэн.

Нэг зууханд Дэлхийн банк, “Цэвэр агаар” сангаас 256 мянган  төгрөгийн татаас өгөхөөр болсон. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж байна. Өмнө нь Турк, Хятадаас сайжруулсан зуух оруулж ирээд 456 мянган  төгрөгийн 400 мянга орчмыг нь татаасаар аваад явчихдаг байлаа. Түрүү жил бид гуравхан төрлийн зуух нийлүүлсэн бол энэ жилээс найман янзын зуух борлуулж байгаа.  Тэр дунд гаднаас оруулж ирсэн, үнээ хямдруулахгүй байгаа компаниудын, өндөр үнэтэй зуух ч бий.

Үүнтэй яг адилхан, үндэсний үйлдвэрийн зуухаа 15.000-60.000 төгрөгөөр хэрэглэгчид өгнө. Иргэд сон­голтоо өөрсдөө хийг. Бо­хир зуухны холбооныхон зуухаа сайжруулаад, Дулааны технологи, үйлдвэрлэл эко­логийн лабораторид шалгуулж, шинжлүүлэхэд тэнцсэн.  Нэг ижилхэн татаасыг бүгдэд нь олгосноор зах зээлд үндэслэсэн өрсөлдөөн бий болно. Өмнө нь бол төрийн оролцоотой бизнес шахам зүйл хийлээ шүү дээ. Тэр компаниуд энэ жилээс дотоодын үйлдвэрүүдтэй өр­сөл­дөхийн тулд үнээ хямдруулах шаардлагатай болж байгаа. Агаар бохирдуулагч эх үүсвэр тасралтгүй нэмэгдэж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр цэцэрлэг барих гээд нэг газар сонгочихоод, бодлогын төвшинд ярилцаж шийдээд сарын дараа очиход айлууд ирээд буучихсан, гудамж бий болгочихсон байсан. Энэ бол бодит баримт. Улаанбаатараас нүүдэг хүн ховор. Нүүж ирж буй иргэдээс хүртэл сайжруулсан зуух ав гэж шаардах ёстой. Ногоон байгууламж бий болгоход иргэдийн оролцоо маш чухал. “Улаанбаатар цэвэр агаар” төслийн удирдах хорооны даргаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ ажилладаг. Манай төслийнхөн хамтраад Тасганы овоог ногоон бай­гууламжийн загвар цэцэрлэгт хүрээлэн болгохоор сонгон шалгаруулалт хийж байгаа.  Улаан­баатар хотын ногоон бай­гууламжийн мастер төлөв­лөгөө боловсруулахаар ТЭЗҮ нь бэлэн болчихоод байна. Хотын хэдэн хувийг ногоон болгох вэ гэдгийг тодорхойлно. Тасганы овоонд агаарын бохирдол хэмжигч багаж суурилуулчихсан байгаа.

Цэцэрлэгт хүрээлэн байгуулсны дараах үзүүлэлттэй харьцуулж, ногоон байгууламж агаарын бохирдлыг яаж багасгадгийг тодорхой болгох юм.

 

 

Т.Бат-Эрдэнэ:  Айл бүр утаа бага гаргавал Улаанбаатарын агаар цэвэрхэн болно гэдгийг ухамсарламаар байна
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч


 

-2011 оноос Агаарын тухай хууль санаачлан УИХ-аар батлуулснаар утааны эсрэг эрчимтэй ажиллаж эхэлсэн. Утааны муу үр нөлөөний талаар иргэд маш сайн мэддэг хэрнээ утаа гаргаж буй эх үүсвэр, учир шалтгааныг нь ойлгохдоо жаахан дутагдалтай байгаа. 2011 оноос Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдаад нэлээд эрчимтэй ажиллаж ирсэн. Энэ оны хавраас тус хороо Ерөнхий сайдын дэргэд болсноор улам эрчимтэй ажилласан гэж хэлж болно.

Өнгөрсөн жил “Утааны хор багассан гэнэ” гэж иргэд ярьж эхэлсэн. Шулуухан хэлэхэд багаж, тестүүдээр шалгаж үзэхэд, Улаанбаатар хотын утаан дахь хорт бодисын хэмжээ багассан гэж гарсан. Агаар бохирдуулагч нь ганцхан утаа биш. Гэрийн зуухнаас, машинаас гарч буй утаа, замын сул шорооноос босож буй тоос гээд маш олон зүйл агаар бохирдуулдаг шүү дээ. ДЭМБ-аас агаарын бохирдлыг дөрвөн гол үзүүлэлтээр хэмждэг. 2012-2013, 2013-2014 оны өвлийн улирлын агаарын бохирдлын хэмжээг 2011-2012 оныхтой харьцуулахад хүхэрлэг хий буурсан.

Гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаанд хүхэрлэг хий их байдаг. Бид муу, сайнаар хэлүүлж байгаад гурван жилийн дотор 150 мянга  гаруй айлыг сайжруулсан зуухтай болголоо. Энэ нь хүхэрлэг хий буурахад нөлөөлсөн. Азотын давхар исэл бас багассан. Энэ хий автомашинаас их ялгардаг. Автомашины дугаарын хязгаарлалт хүртэл азотын давхар исэл багасахад нөлөөлж байгаа. Нэг өдөр 300 мянган  машин явахад агаар дахь азотын давхар ислийн хэмжээ ихэснэ. Маргааш нь 200 мянган  машин замын хөд өлгөөнд оролцоход багасна. Утаа арилгахын тулд төр засгаас гадна иргэд зарим нэг зүйл хийх ёстой.

Жишээ нь, зуухаа зөв галлаж сурмаар байна. Цаас, мод тавиад дээрээс нь нүүрс овоолоод асаадаг байсан бол одоо эхлээд нүүрсээ овоолж, дээр нь мод, тэгээд цаасаа тавьж асааж сурах шаардлагатай. Өглөө гал түлэхдээ “Би зөв галлаж байж манай яндангаас утаа бага гарна. Айл бүр утаа бага гаргавал Улаанбаатар утаагүй байна. Тэгвэл би, бид эрүүл амьдарна” гэж ухамсарлах хэрэгтэй. Тэгэлгүй тэнд хүмүүс буруу галлаад байвал энд бид утаатай яаж ч тэмцээд үр дүн гарахгүй. Утааг байшин, гэр өөрөө гаргах юм уу, хүмүүс бид л гаргадаг биз дээ.  Ногоон байгууламж гэдэг хүний амьдрах орчныг хамгийн цэвэрхэн болгох хүчин зүйл мөн. Нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотын газар нутгийн 20 хүртэлх хувийг ногоон байгууламж болгоно гэж төлөвлөсөн.

Үүнийг нь дутаачих вий гэж их санаа зовдог. Зөвхөн бид хашгираад энэ ажлыг хэрэгжүүлж дийлэхгүй учир хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриалга гаргаж байгаа. Гэр хорооллын газраа шинэчлэн зохион байгуулж буй айлуудыг хашаандаа том мод тариарай гэж зөвлөж байна. 180000 хашаанд мод тарихад 180000 модтой болно. Тооны хувьд маш хурдан. Улаанбаатарт ямар мод таривал ургах, хотын өнгө үзэмж ямар байхыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөнд тусгана. Уг төлөвлөгөөний дагуу ногоон байгууламжаа өргөтгөнө. Бид ногоон байгууламждаа анхаарч, их мөнгө төсөвлөдөггүй байсан бол цаашид багагүй мөнгө төсөвлөж, мод тарья гэж төлөвлөж байгаа.

 

МЭРГЭЖИЛТНИЙ БАЙР СУУРЬ

 

Ж.Эрдэнэцогт: Агаарын бохирдлыг бууруулахад бүгд оролцохгүй бол 4-5 байгууллага зүтгээд бүтэхгүй
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга

 

 

-Ц.Балдоржийн “Ашиг хонжоо харж бус алс ирээдүйгээ харж, байгаль дэлхийгээ хайрлая” гэсэн энэ үгийг хүн бүр ойлгох ёстой. Тэгж байж бид утаанаас сална.  Олон улсын туршлагыг аваад үзсэн ч төрийн бус байгууллагууд, иргэн бүр оролцож байж утаанаас салж байна. 200 мянган айл утаа үйлдвэрлээд нөгөө талд нь хоёр гурван байгууллага тэмцээд утаанаас салахгүй.

Сүүлийн жилүүдэд агаарт байгаа хүхэрлэг хий 20, азотын давхар исэл 26, нарийн ширхэгт тоосонцор 20 орчим хувиар буурсан. Энэ бол бодит үр дүн. Тийм учраас агаарын чанарт өөрчлөлт гарч байна. Энэ бол өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн. Нөгөө талаас дулаан өвөл болсон нь бас нөлөөлсөн байх. Тал бүрийн нөлөөллөөр агаарын бохирдол багассан. Гэхдээ стандарт хэмжээнд хүртэл буулгаж чадаагүй байна. Агаарын бохирдлыг дорвитой бууруулж, стандарт хэмжээнд аваачих нь бидний зорилт.

Цаашид Тавантолгойн ордоос илэрсэн метаны хийг олборлон Улаанбаатарт авчирч, цахилгаан, дулааны хэрэгцээг хангая гэж Ерөнхий сайд зорьж байгаа. Хайгуул хийгээд дуусах шатандаа явж байна. Магадгүй 2-3 жилийн дотор тэр хийг Улаанбаатарт авчраад халаалтаа шийдэх болов уу. Хонгилын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг агаарын бохирдлыг багасгахад дорвитой нэмэр болох зүйл энэ. Гэхдээ ирэх өвөл шууд ажил болох уу гэвэл түвэгтэй. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Олон орны том том компаниудыг оролцуулж, Засгийн газрын төвшинд ярьж шийдэх асуудал.

Тиймээс өнөө маргаашдаа сайжруулсан зуухаар хангах, автомашины түлшийг сайжруулах зэргээр агаарын бохирдлыг багасгаж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулна. Тэгэхгүй бид Улаанбаатарт хий авчрахаар агаарын бохирдол арилна гээд хүлээгээд юу ч хийлгүй суугаад байж болохгүй. Нөгөө талаас иргэдийн оролцоо чухал байна.  Өнгөрсөн хугацаанд 1000 гаруй айлд шүүлтүүр тавьсан. Шүүлтүүр тавиулсан айлууд одоо тэрийгээ хэрэглэж байна уу гээд судлахаар бараг алга. Бидний хийх зүйл хэрэглэхэд хялбар байхгүй бол хэчнээн сайхан зүйл гаргаад ч нэмэргүй, мөнгө, хүчин зүтгэл талаар өнгөрч байна. Аль орон хаана ямар сайн юм бүтээж байна, шинэ технологи, инноваци хаана байна. Тэрийг судалж туршиж байгаа. Манай улс зууханд 60 гаруй тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа. Нэг айлд 400 мянган  төгрөгийн зуух өгчихөөд нэмээд сая  төгрөгийн үнэтэй шүүлтүүр тавина гэхээр утгагүй болчихоод байгаа юм. Гэхдээ үүнийг бүтэхгүй юм байна гээд хаяагүй. Германчууд шүүлтүүр санал болгосон.  Аравдугаар сард тэр компанийн мэргэжилтэн ирэхээр туршилт хийнэ. Япончуудтай ч туршилт хийж байгаа. 

Автомашинаас гарч буй утаа дэлхий дахины асуудал болчихоод байна. Манайх шиг нүүрс түлдэггүй ч автомашины утаа агаарыг нь бохирдуулдаг улс, хот олон. Бээжин гэхэд маш их утаатай. Түүний 70 орчим хувь нь машинаас ялгардаг. Автомашинаас гарч буй утааг багасгах асуудал шатахуунтай л холбогдоно. Чанартай, сайн шатахуун хэрэглэвэл хорт хий багасна. Манайхны хэрэглэж заншсан А-76, А-80 бензинээс ялгарч буй утаа дэндүү хортой. Ийм түлш хэрэглээд байвал утаа байсаар л байна гэсэн үг. Автомашины тоо жил ирэх тусам нэмэгдэж буй өнөө үед сайн, чанартай шатахуун хэрэглэх шаардлагатай. Жил бүр хотод шилжин ирэх хүний тоо нэмэгддэг. Тиймээс хөрвөх чадвар сайтай бодлого гаргахгүй бол обьектуудын тоо нэмэгдэж, ажлын үр дүнг бууруулах талтай. Агаарын бохирдол бууруулахад бүгд оролцохгүй бол 4-5 байгууллага зүтгээд болохгүй нь. Бүгдээрээ оролцохын тулд иргэд мэдээлэлтэй байх ёстой.

 

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

 

Ч.Баттөр: Бүрэн шаталтат зуухаараа хангаад өгчихвөл болох байх
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн

-Утаа багасгадаг зуух гээд зурагтаар яриад, сурталчлаад байгаа шүү дээ. Түүнийгээ л нийт иргэдэд тараагаад, бүх гэр хорооллын иргэдэд өгчихвөл гайгүй болчих юм биш үү гэж бодож явдаг. Нэгэнт зуух тавиад, гал түлж байгаа болохоор утаа гарах нь дамжиггүй. Гэхдээ л багасах учиртай. Би өөрөө гэр хороололд амьдардаг. Зуухаа аль хэдийнэ авчихсан. Иргэд өөрсдөө зөв галлаад сурчихвал болно шүү дээ. Ер нь зуух тараагаад хоёр гурван жил болчихлоо. Сүүлийн үед утаа арай буурсан юм болов уу гэж боддог. Хуучин өглөө, оройдоо гарахад айхтар байдаг байсан. Одоо бол арай гайгүй болчихсон. Би “Дэнжийн-1000”-д амьдардаг хүн. Тэр хавийнхыгаа харж байхад арай гайгүй болсон юм шиг санагддаг. Тийм болохоор зуухаа л 100 хувь тараачих хэрэгтэй юм. Өөр талаас нь яаж бууруулах боломж байгааг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эхний ээлжинд зуухаар нь хангаад өгчихвөл болох байх.  

 

Ч.Сонинбаяр: Цахилгаанаар халаалтаа шийдчихвэл бүх зүйл сайхан болох гээд байна
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн

-Цахилгааныхаа үнийг хямд­руулаад, тогныхоо чадлыг сайж­руул­чих юм бол хүн бүр л гэрийнхээ халаалтыг цахилгаанаар шийдчихнэ. Тэгвэл энэ утаа чинь багасна шүү дээ. Тогоор халаадаг шийдлүүд янз бүр л байна. Шалны халаалтаас эхлээд. Тэрнээс л тавьчихмаар санагдаад байдаг юм. Би байшиндаа шалны халаалт тавих гэж үзсэн. Гэтэл манай тэндхийн тог дийлэхгүй байна. “166-тай байна. Танайх дэмий” гэж мэддэг хүн нь хэлсэн.

Тэгэхээр нь одоо зуухандаа галаа түлээд, утаагаа гаргаад л байж байна. Хэрвээ тогны чадал хүрдэг бол цахилгаанаар халаалтаа шийдчихээд, өөрсдөө тухтай, гал түлж, үнс тортогтой зууралдаад байхгүй. Дээрээс нь утаа гаргаад, агаар бохирдуулаад байхгүй амар биз дээ. Ер нь бол цахилгаанаар халаалтаа шийдчихвэл төлбөрийг хөнгөлөх асуудал ч явж байгаа. Харамсалтай нь  цахилгааны хүчдэл хүрэхгүй үнэхээр хэцүү байна. Би янз бүрээр л үзсэн. Тогоор ажилладаг янз бүрийн усан халаагуур тавьж хүртэл үзлээ. 600 гаруй мянган төгрөгөөр хоёр халаагуур авч байшиндаа тавьж үзсэн. Тогны хүчдэл хүрэхгүй.

Хэрвээ Амгалангийн цахилгаан станц нь ашиглалтад орчихвол арай гайгүй болох нь уу гэж горьдоод л сууж байна. Нөгөө талаас гэр хороолол руу төвлөрсөн шугам тавиад өгвөл болмоор байгаа юм. Тэгвэл байшинтай хүн байвал холбочихно. Орон сууц гэж яриад байх ч шаардлагагүй болох учиртай.

 

н.Болормаа: Гэр хорооллоо хурдан цэгцэлмээр байна
Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн

-Миний бодлоор гэр хорооллоо л жаахан цэгцэлчихмээр байгаа юм. Тэгвэл утаа багасна шүү дээ. Утаа гаргаж байгаа үндсэн эх үүсвэр нь гэр хороолол байна. Хоёрт гэвэл машинууд. Хуучин машиныг хотод унахаар угаарын хий маш ихээр гарч байгаа. Машины татварыг нэмэгдүүлнэ гээд л ярьж байна. Түүнийгээ хурдхан цэгцлэх хэрэгтэй.

Он нь хуучирвал хөдөлгөөнд оролцуулахгүй байх, сэлбэгэнд өгдөг ч юм уу энэ маягаар яаралтай асуудлаа шийдмээр байна. Бусад улсууд шийдэж болоод байгаа юмыг манайх яагаад чадахгүй байгаа юм бол. Тэр нь сонин байна. Мэдээж гэр хорооллыг хурдан цэгцэлнэ гэхээр бас асуудалтай байгаа. Гэр хороололд ямархуу амьжиргаатай хүмүүс амьдарч байгаа билээ. Тэр хүмүүсийг гал түлдэггүй байшинд амьдруулна гэхээр байрны мөнгөө төлж чадах уу, үгүй гэдэг бас асуудал. Гэхдээ нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаж авч байна гэдгийг нь бодохоор чадмаар ч юм шиг. Нэг шуудай нүүрсээ 2-3 мянган төгрөгөөр худалдаж аваад байгааг нь бодохоор байрны мөнгө төлөх асуудал биш ч юм шиг. Нэг талаас нь харахад.

Нөгөө талаас нь харвал, байр, усныхаа мөнгийг төлөхгүй бол улс чинь хөгжихөө болино, асуудал үүснэ. Гэхдээ энэ асуудлыг шийдэж болох учиртай. Ганцхан манайх биш дэлхийн ихэнх нь орнууд энэ асуудалтай тулгарсан. Асуудлаа шийдээд, сайхан амьдарч болоод л байна шүү дээ. Гэтэл манайх яагаад болохгүй гэж. Бид цөөхүүлээ биз дээ. Айлаар ярих юм бол хоёр хүүхэдтэй өрх. Тэгэхээр тэр хоёр, гуравхан хүүхдийг яагаад хүний зэрэгтэй явуулж чадахгүй гэж. Сэтгэл байхгүй л байгаа юм биш үү.  

 

Д.Рагчаа: Төвлөрлийг яаралтай сааруулмаар байна 
Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн

-Уг нь гал түлэхгүй   бол утаа байхгүй болно биз дээ. Харамсалтай нь тийм боломж алга.  Тийм болохоор Туулын хөндийд цугларсан энэ их төвлөрлийг тараах хэрэгтэй. Нэн даруй энэ ажлыг хиймээр байна. Түүнээс гадна нүүрс түлдэг асуудлыг багасгах хэрэгтэй. Бүгдийг нь цахилгаанаар шийдэх шаардлагатай. Ийм л хоёр арга байна гэж би боддог. Төвлөрлийг сааруулна гэхээр жаахан хэцүү л байх. Төр засгийн томчууд чинь Хархорин руу нийслэлийг нүүлгэнэ барина гээд л их том том ярьсан.

Одоо таг чиг. Тэр хоосон яриа биш байсан бол өдийд төвлөрөл багасчих байсан. Үгүй бол одоо говь руу хүмүүсийг нүүлгэж яагаад болдоггүй юм. Нөхцлийг нь бүрдүүлээд өгөх юм бол хүмүүс нүүнэ. Тэнд дэд бүтэц, орон байрыг нь шийдээд өгвөл явж болно.  Ингэж байж бид утаанаасаа бүрэн сална. Гэхдээ цахилгаанаар халаалтаа шийдэж, утаанаас салах арга нь арай хурдан биелэх боломжтой байх. Төр засгийнхан энэ тал дээр сайн анхаарч, яаралтай шийдмээр л байнгаа юм.   

 

н.Оюунчимэг:  Бүрэн шаталтат зуухаа улам сайжруулмаар байна
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн

-Утаагүй зуух гээд тараасан ямар ч нэмэр байхгүй л байна. Манайх уг нь тэр зуухыг нь авч тавьсан. Гэхдээ гал түлж л байгаа юм хойно утаа гаргах нь үнэн. Айл бүрт л бүрэн шаталтат зуухаа тавиад, үр дүнг нь үзэхгүй юм бол зүгээр монгол зуухаа тавьсан нь дээр байлгүй. Зарим бүрэн шаталтат зуух нь дэлбэрчихдэг юм билээ. Тийм тохиолдол олон гарсан биз дээ. Хэрвээ бүрэн шаталтат зуухаа өгөх гээд л байгаа юм бол сайн чанаржуулаад, технологийг нь илүү сайжруулаад өгмөөр байна. Тэгвэл бага ч болов буурах байлгүй дээ энэ, утаа чинь. 

 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин, www.mminfo.mn

Сэтгүүлч Н.Пунцагболд

2014.10.20

Facebook Twitter YouTube