Мэдээ, мэдээлэл

Шөнийн тарифын хөнгөлөлтийг 70-90 хувьд хүргэхээр судалж байна

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

Нийслэлчүүд өвлийн хүйтнийг өнтэй дулаахан давахын тулд түлшээ бэлтгэж, орон сууцаа дулаалж байна. Үүнтэй зэрэгцэн зуны дэлгэр цагт толгойноос түр салсан агаарын бохирдол, утааны асуудал босч эхэллээ.  Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сан, “Улаанбаатар цэвэр агаар” төсөл, Нийслэлийн агаарын чанарын алба зэрэг байгууллагын төлөөллүүд агаарын бохирдлыг бууруулахад хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа тайлагнах, зангиагүй уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр яригдсан мэдээллүүдийг багцлан хүргэе.

 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗУУХ ХАМГИЙН ХЯМД БАЙНА

 

Өнгөрсөн онд нийт 157 мянган  бүрэн шаталттай сайжруулсан зуухыг тарааснаар гэр хорооллын нийт өрхийн 70 орчим хувийг зуухаар хангасан байна.

 

Ингэснээр ямар ч байсан агаарт байгаа хүхэр, тоосонцор 21-22 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсныг албаныхан мэдээллээ. Гэвч буураад байгаа хэрнээ хорт хийн агууламж стандартаас 2-3 дахин их байгааг ч мөн нуусангүй. Харин энэ жил “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс гэр хорооллын айлуудад 16 мянган ширхэг зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэллээ. Ингэснээр нийт өрхийн 80 хувь нь бүрэн шаталттай сайжруулсан зуухтай болж агаарын бохирдлыг 60 хувиар бууруулна гэж тооцоолж байгааг төслийн захирал Н.Энхболд хэвлэлийнхэнд хэллээ. Мөн зуух авсан айлууд хэрэглэж байгаа эсэхийг нь тогтоохоор тооллого явуулж байгаа юм байна.

 

Өнгөрсөн жил иргэдэд гурван төрлийн зуухыг санал болгож байсан бол энэ жил найм болж нэр төрөл нь нэмэгдсэн. Үнийн хувьд үндсэн үнэ нь 272-484 мянган төгрөгийн хооронд байгаа бол Засгийн газраас хөнгөлөлт үзүүлснээр иргэдэд очих үнэ нь 18-256 мянган төгрөгийн хооронд байна. Энэ дундаас үндэсний үйлдвэрлэгч хоёр компанийн зуух нь хамгийн хямд буюу 17600, 28000 гэсэн үнээр хэрэглэгчдэд очиж байгаа гэнэ. Энэ жил Засгийн газраас үзүүлэх хөнгөлөлтийн хувь хэмжээ багассан, мөн Туркээс нийлүүлж байгаа зуухны үнийг бууруулах саналыг экспортлогч тал хүлээж аваагүй гэх шалтгаанаар бусад зуухны үнэ харьцангуй өндөр байгаа юм байна. Гэвч иргэд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн зуухыг дээр хэлсэнчлэн хямд үнээр худалдан авч болно. Яг адилхан бүрэн шаталттай, сорилт туршилтаар баталгаажсан тул асуудалгүй гэдгийг төслийн удирдагчид онцолсон юм.

 

Утааны эх үүсвэрийн голлох хүчин зүйлд яах аргагүй нам даралтын зуухнууд орно. Нийслэлд 100 квт-аас дээш хүчин чадалтай нам даралтын зуух 303 ширхэг байдаг. Эдгээр зуух нь 60 мянган өрхийн хэрэглэх түлшийг зарцуулдаг байна. Ихэнх нь 5-10 жилийн насжилттай, үнс баригчгүй, технологийн хувьд хоцрогдсон. Тиймээс энэ сарын 15-наас эхлэн нийт нам даралтын зуухнуудад аттестачлал хийж, аль нь цаашаагаа ажиллах, алийг нь зогсоох вэ гэдгийг шийдэхээр болжээ. Энэ ажил нь гэнэт эхэлсэн хэрэг биш, өнгөрсөн хавраас эздэд нь техникээ сайжруулж доголдлоо зас, галчаа сурга гэсэн сануулга, шаардах хуудас хүргүүлжээ. Мөн технологийн хувьд зуухнуудыг хэрхэн сайжруулж болох талаар зөвлөгөө өгч, галч нарт зөв технологиор галлах талаар сургалт явуулж байгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт хэллээ. Нийслэлийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны барилгыг халааж байсан нам даралтын зуухыг зогсоож төвийн дулаанд холбосон байна. Энэ ажилд 400 сая төгрөг зарцуулжээ. Тэгвэл сургууль нь л дангаараа жилд 400 сая орчим төгрөгийн нүүрс худалдаж авдаг байсан гэнэ. Энэ мэтчилэн цаашид нийслэлд байгаа нам даралтыг зуухнуудыг багасгах бодлого барьж байгааг онцолж байна.

 

 

УХААЛАГ УТСАНД ЗОРИУЛАН АГААРЫН ЧАНАРЫН АППЛИКЕЙШН БОЛОВСРУУЛЖ БАЙНА

 

Улаанбаатарт өнөөдөр утаа гаргагч эх үүсвэр бүхий 185 мянган өрх, 308 мянган автомашин, гурван станц байна. Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан олон улсын томоохон байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан зуух хамгийн оновчтой шийдэл гэдгийг зөвлөж байгаа аж. Сайжруулсан зууханд сайн чанарын түлшийг зөв галлавал утаа багасна гэж зөвлөжээ. Зуухны асуудлыг шийдэж болж байгаа ч сайжруулсан түлшний ажил олигтой урагшлахгүй байгааг тэд хэллээ. Энэ ажилд төр оролцохоос илүү хувийн хэвшлийнхэнд хөрөнгөө гаргаад үйлдвэр байгуулах боломжийг нь олгох замаар асуудлыг шийдэж болно гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт хэлэв. 

 

Энэ чиглэлээр 26 компанийн удирдлагуудтай уулзалт хийж, одоогоор зургаан компани үйл ажиллагаагаа эхлэхээр зарим нь тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлжээ. Энэ өвөлдөө Баянгол дүүргийн зарим хэсгийг сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөсөн байна. “Бид утааг алга болгоход хэтэрхий их анхаараад байна. Утаа гаргагч айл өрхүүдтэй ажиллахаас гадна агаарын бохирдолд өртөж байгаа нийт иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарах хэрэгтэй байна” гэж Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ онцлов. Ингэж ярихаар утаанд бууж өглөө, хувь тавилантайгаа эвлэрлээ гэхчлэн шүүмжлэлд өртдөг ч агаарын бохирд­лын асуудлыг туулж, давж гарсан улс орнууд энэ чиглэлд зайлшгүй анхаардаг байсан гэж тэрээр үргэлжлүүлэн ярьсан юм.

 

Тиймээс иргэдэд агаарын чанарын үзүүлэлтийг мэдээлэх зорилгоор нийслэлд 10 байршилд лед дэлгэц суурилуулж, ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн боловсруулж байгаа гэнэ. Мэдээллээ түгээхдээ иргэдэд аль болох ойлгомжтой байх үүднээс хорт хийн төвшин өндөр тохиолдолд улаан өнгөөр, аюулгүй төвшинд хүрэхээр ногоон өнгөтэй болдог гэх мэтээр аль болох ойлгомжтой хэлбэрээр хийж байгаа гэлээ. Тухайлбал, хүүхдээ агаар салхинд гаргахдаа ээжүүд гар утаснаасаа агаарын бохирдлын мэдээллийг авч, утаа хамгийн багассан үед нь салхилуулах гэх мэтээр өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад энэхүү аппликешн, дэлгэц, вэб сайтыг ашиглах юм байна.

 

 

ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ 70-90 ХУВЬД ХҮРГЭНЭ

 

Утааг багасгахын тулд цахилгааны эх үүсвэр ашиглан хялбархан шийдчихэж болмоор мэт. Гэвч Улаанбаатар хотын ца­хилгаан, дулааны хү­чин чадал хангалтгүй бай­гаа нь хамгийн том асуу­дал. Төрөл бүрийн цахил­гаан халаагуураар ду­лаа­наа шийдэж байгаа 3000 орчим айл байгаа гэ­сэн судалгаа гарчээ. Хэ­­дийгээр цахилгааны шө­­нийн тарифыг 50 хувь хөнгөлж, 66 мянган айл энэ хөнгөлөлтийг эдэлж байгаа ч, халаалтаа шийд­дэг айлуудын хувьд гэрэл цахилгааны мөнгө нь их гар­даг тул төдийлөн нэмэр бо­лох­гүй байгаа юм. Тий­мээс эхний ээлжинд ца­хилгаан түгээлтийн сүл­жээгээ сайжруулах ёстойг хэлж байна. Тухайлбал, хотын захын хэсэг рүү цахилгаан дамжуулахад алдагдал их байдаг аж. 220 Вт-ынхаа хүчин чадлаар гүйцэд очиж чадахгүй замаасаа алдаад байдаг тул энэ түгээлт, сүлжээг сайжруулахын тулд нэг тэрбум төгрөг төсөвлөн ажиллаж байгаа гэлээ. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх асуудлыг Засгийн газар бие даан шийдэж байхаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д оруулжээ. Ингэснээр одоогийн 50 хувийн хөнгөлөлтийг 70-90 хувьд хүргэх боломжтой болох юм байна. Хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ гэдгийг уулзал­тад оролцсон албаныхан хэлж байлаа.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Сэтгүүлч Б.СОЛОНГО

2014 оны 10 сарын 3

 

Facebook Twitter YouTube