Мэдээ, мэдээлэл

Д.Цэндсүрэн: Агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байсан

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

Өвлийн улиралд үлэмж хэмжээгээр нэмэгддэг агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын утаа эзэлж байна. Нийслэл хотод хүн амын төвлөрөл их байгаатай холбоотой дээрх үзэгдэлд Засгийн газар сүүлийн долоон жил анхаарал хандуулж ажилласан ч нүдэнд харагдах хэмжээний өөрчлөлт ороогүй гэх үнэлгээг иргэдийн зүгээс авч байна. Гэхдээ агаарын чанарын үзүүлэлтээс иргэдийн эрүүл мэндэд хортой бохирдуулагч бодисын хэмжээ багассан байгааг харж болно. Харин нэг мөр утаагүй Улаанбаатар болоход хот төлөвлөлт, эдийн засгийн чадамж гээд ирээдүйд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь бодит алхам болно гэж Засгийн газар төдийгүй Олон улсын эрдэмтэд үзэж байна. Тэгвэл дээрх үзэл, баримтлалтай уялдаж, агаарын бохирдлыг бууруулах  талаар ямар бодлого хэрэгжиж, ажлын явц нь хэр биелэлттэй байгаа талаар тодруулахаар Улаанбаатар цэвэр агаар төслийн Үйл ажиллагааны менежер Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.


-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бид өнөөдрийг хүртэл ямар томоохон төслүүдийг хийж гүйцэтгээд байна вэ?        
-2007 оноос агаарын бохирдол гэдэг зүйл Улаанбаатар хотын асуудал болж эхэлсэн. Тиймээс агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ, гэдэг асуудлыг Засгийн газар өөрөө толгойлж, хандивлагч байгууллагуудын хамтаар тал бүрээс нь ярьж эхэлсэн юм. Тухайн үед Улаанбаатар хот өөрөө их бохирдолтой, бохирдлын дийлэнх нь агаарын бохирдол болчихсон, 60 хувийг нь гэр хорооллын утаа, 20 орчим хувийг нь автомашин, 6-7 хувийг цахилгаан станцуудын үйлдвэрлэж байгаа утаа эзэлж, үлдсэнийг нь бусад тоос, тоосонцорууд бий болгож байсан юм. Хамгийн их буюу 60 хувийн бохирдлыг бий болгож байгаа зуухыг судлахад агаарт маш их угаарын болон хүхрийн хий хаяж, хүний уушгинд хүрдэг нарийн тоосонцор гэх элементийг гаргаж байгаа нь батлагдсан. Ингээд зуухыг хэрхэн сайжруулах тухай ярилцаж эхэлсэн юм. Тухайн үед Мянганы сорилын сан гээд Америкийн байгууллага орж ирсэн шүү дээ. Тэд зуухны хөтөлбөр хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах санаачилга гаргасан. Гэтэл  зуухны стандарт гэх зүйл байгаагүй. Түүнээс гадна, ямар зуухыг сайн, сайжруулсан гэж дүгнэж, одоо хэрэглэж байгаа зуухны юу нь болохгүй байгааг судлах лаборатор ч байгаагүй. Ингээд стандарт боловсруулах, тоног, төхөөрөмж, лаборатор бий болгох, шалгуур үзүүлэлтээр шаардлага хангасан бүрэн шаталттай зуух гаргаж ирэх гээд бүх процессын бэлтгэл ажлыг Мянганы сорилын сангийн хүрээнд хийж дуусгасан. Эхний ээлжийн айлуудыг хоёр жилийн хугацаанд бүрэн шаталттай зуухаар хангах хөтөлбөр эхлүүлсэн юм.

Тухайн үед Дэлхийн банк санхүүжүүлэгч байгууллагын хувиар төсөлд орж эхэлсэн бөгөөд Азийн хөгжлийн банк, Мянганы сорилын сан, Европын хөгжлийн банк, Жайка зэрэг байгууллагын хийж байсан ажлыг үргэлжлүүлж, орхигдож байгаа болон ололттой талыг нь судалсан. Үүний хажуугаар 2012 он гээд Мянганы сорилын сангийн хэрэгжүүлэх төслийн хугацаа дуусах байсан. Өөрөөр хэлбэл, төслийн хугацаа дуусахад сайжруулсан зуухны хөтөлбөрт хамрагдаагүй айлууд олон үлдсэн. Энэ ажлыг ч тухайн үед орж ирсэн Дэлхийн банк үргэлжлүүлж хийсэн. Үүний дүнд 3-4 жилийн өмнө зуухны стандартгүй, хэрхэн зуух хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга, аргачлалгүй байсан бид өнөөдөр импортын зуухыг халж чадахаар дотоодын үйлдвэрийг хөгжүүлсэн байна. Энэ нь импортын үнэтэй зуухын үнийг бууруулах, гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг дотогш нь чиглүүлэх зэрэг наад захын үр дүн авчирч байгаа.

-Ер нь Улаанбаатар цэвэр агаар төслийн үйл ажиллагааны гол чиглэл нь юу юм бэ. Агаарын бохирдлын эсрэг маш олон  байгууллага байгаа учраас хооронд нь хольж, солих нь наад захын асуудал болчихоод байна?
-Улаанбаатар цэвэр агаар төсөл бол Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгждэг төсөл. Гэхдээ төсөл хэрэгжихдээ Ерөнхий сайдын харьяа Агаарын бохирдлын үндэсний хорооны дор ажилладаг. Манайхаас гадна, Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, УИХ-ын дэд хороо зэрэг олон газрын нэгдмэл үйл ажиллагааны дүнд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх боломжтой байдаг. Харин агаарын бохирдолтой тэмцэхийн тулд богино хугацааны болон урт хугацааны хоёр арга хэмжээ хэрэгжүүлж байгаа.

Учир нь иргэд агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын иргэдийг орон сууцанд оруулаад л, эсвэл бүгдийг нь “газ”-аар хангаад, дулааныг нь цахилгаанаар шийдвэрлээд болчих мэт төсөөлдөг. Гэвч дээрх ажлуудыг хийхэд тодорхой хэмжээний бэлтгэл хэрэгтэй. Наад зах нь шаардлага хангасан судалгаа бий юу, төсөл хэрэгжүүлэх хэмжээний мөнгөтэй билүү, 2-3 жилд биеллээ олчих ажил мөн үү гэсэн олон асуулт өөрийн эрхгүй урган гарна. Тэгэхээр энэ маань өөрөө хүссэн хүсээгүй урт хугацааны хөтөлбөр болчихно. Жишээлбэл, гэр хорооллын бүх айлуудыг орон сууцаар хангахын тулд “Гэр хорооллыг орон сууцжуулах” гээд төсөл хэрэгжиж байгааг иргэд мэдэх байх. Гэтэл төслийн цаана хамгийн багадаа 15-20 жил шаардлагатай. Гэхдээ богино хугацааны гээд дан ганц зуух тараах бус зууханд түлэх нүүрс гэдэг асуудлыг ч зохицуулах хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, сайжруулсан зуух болоод бүрэн шаталттай нүүрс хоёр нийлж байж агаарын чанарт сөргөөр үзүүлэх нөлөө нь мэдэгдэхүйц багасах учиртай юм. Харин нэгэнт Улаанбаатар цэвэр агаар төсөл Дэлхийн банкны санхүүжилтээр сайжруулсан зуух нийлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа учраас  нүүрсний асуудлыг Засгийн газар өөрөө бодлого, шийдвэрийнхээ хүрээнд зохицуулж, зэрэгцээ алхмууд хийж байгаа.

-Богино хугацааны хө­төлбөр маань хэрэгжээд долоон жил өнгөрчихжээ. Таны ярьж буйгаар бол хандивлагч байгууллага болон төрийн, төрийн бус гээд олон байгууллага дээрх ажилд гар бие оролцож. Тэгвэл энэ хугацаанд агаарын чанарт ямар өөрчлөлт орсон бэ?
-Агаарын чанарыг хэмждэг хоёр байгууллага бий. Улаанбаатар хотын хүрээнд 10 суурин станц байдаг. Түүний зургаа нь Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт, дөрөв нь нийслэл хотод харьяалагддаг. Суурин станцаар нарийн тоосонцор, хүхрийн хүчил, азотын давхар исэл буюу агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг юм. Харин бид ажил мэргэжлийн уялдааны хүрээнд дээрх байгууллагын тоонд үндэслэн хүн бүрийн сонирхдог энэ асуултад хариулдаг. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын 2012, 2013 оны өвлийн агаарын шинж чанарыг харьцуулсан бохирдуулагч бодисын агууламжийг харвал, Хүхэрлэг хий (Усанд амархан уусдаг тул амьсгалын замыг гэмтээдэг) 20 хувиар, Азотын давхар исэл (Нүд хамар, хоолой цочрох, ханиалгах, уушигны үйл ажиллагаа муудах, архаг бронхиттой болж, зүрхний цохилт хурдасдаг) 26, нарийн ширхэгт тоосонцор (Биеийн дархлааг сулруулж уушиг, амьсгалын замыг өвчлүүлдэг) 21 хувиар тус, тус буурсан гэж гарсан байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүйг дээрх газруудаас авч болно. Бидэнд ч судалгаа нь бий. 
 
-Тэгвэл урт хугацааны төсөл, хөтөлбөрүүд хэзээ­нээс үр дүнгээ өгч эхлэх юм бэ. ТЭЗҮ боловсруулах дөрвөн багц ажил байгаа гэж байсан. Тэдгээр нь ямар үр ашигтай юм бэ?  
-Богино хугацааны төслийг хийж байх явцдаа урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах юм. Богино хугацааны хөтөлбөр маань дээр хэлсэн шиг лаборатор байгуулах, бэлтгэл ажил хангах гэсээр 2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр үндсэндээ, айлын зуухыг солих хөтөлбөр маань гурван жил хэрэгжсэн. Энэ хооронд Улаанбаатар цэвэр агаар буюу манай төслийн хүрээнд урт хугацааны хөтөлбөрт бэлдэх баримт бичгүүдийг боловсруулах зорилт тавьсан. Ингэхийн тулд бидэнд бодлогын баримт бичиг, ТЭЗҮ (техник, эдийн засгийн үндэслэл) буюу нарийвчилсан судалгаа, зураг төсөл, стандартын баримт бичиг гээд олон зүйл шаардлагатай болсон. Тэдгээрийн нэг нь “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах ТЭЗҮ” юм. Энэ нь Улаанбаатар хотод маш олон орон сууцны барилга баригдаж байгаа ч дулааны төвлөрсөн системд холбох боломж байна уу, гэдгийг судлах үндсэн зорилготой.
Өнөөдрийн байдлаар ТЭЦ 2,3,4 гэсэн гурван цахилгаан станц ажиллаж байна. Гэтэл эдгээр станцууд бүх хүчин чадлаараа ажиллаад ч Улаанбаатар хотыг дулаанаар бүрэн хангаж чадахгүй байна шүү дээ. Ингээд бид тавдугаар эх үүсвэрийн талаар ярьж эхэлсэн. Маргалдсаар байгаад олон жилийн дараа хотын зүүн талд баригдах гэж байх шиг байна. За, баригдлаа гэж бодоход ирээдүйн хот яах вэ, гэдэг асуудал бий. Хүн ам ч өсдөгөөрөө өсөж, орон сууц нэмэгдсээр л байх болно. Тиймээс ирээдүйн энэ хэрэгцээг хэрхэн хангах вэ, гэдгийг бид 2030 оны хүрээнд харж байна. Харин одоогийн байдлаар бид дулаан хангамжийн систе­мийг үр ашиггүй байна гэж тодорхойлж бай­гаа. Жишээлбэл, орон суу­­цанд байгаа иргэн халуу­цаад ирэхээрээ, цонхоо он­гойлгодог. Ингэснээр бид илүү­дэл дулааны илүүдлээ цонхоороо гаргаж байна гэсэн үг. Уг нь бол үр ашигтай байна гэдгийн цаана, өөртөө хэрэгтэй дулаанаа тодорхой тохируулгаар тохируулж хэрэглэхийг хэлдэг. Тиймээс иргэд дулааны алдагдлыг бууруулж байгаа хүчин зүйлсдээ анхаарч, өөрт тохирсон хэмжээнд дулааны хэрэглээгээ тохируулах хэрэгтэй байна. Мөн дахин төлөвлөх гэж байгаа газрууд руу уул давуулаад шугам татах уу, тэр хэсэгт нь жижиг дулааны эх үүсвэр бий болгох уу, зэрэг нарийн асуудлуудыг дээрх ТЭЗҮ-д тусгаж, бодлого шийдвэр гаргадаг хүмүүст уламжлах юм.

-Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах талаар олон арга хэмжээ авсан. Өнөөдрийг хүртэл Нийслэлийн удирдлагын зүгээс орон сууцны талаар ихээхэн анхаарч байна. Гэвч гэр, хорооллын өрхийн тоо тэгтлээ буурсангүй. Энэ талаарх сэдвийг төсөлдөө хэрхэн багтаасан бэ?   
-“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” гэсэн ТЭЗҮ-д энэ талаар дэлгэрэнгүй бий. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдээ орон сууцаар хангахаар 40, 100 мянган айлын орон сууц болон зургаа, найман хувийн хүүтэй зээлийг бий болгож ажилласан байна. 10-аад жил хэрэгжсэн дээрх оролдлогыг цогцоор нь дүгнэвэл, орон сууцыг авах ёстой иргэн нь авсан уу, гэдэг асуулт урган гарч байгаа. Тиймээс үүнд хариулъя. Дунд болон дундаас дээш орлоготой хүмүүс Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрт хамрагдаж, үр шимийг нь хүртсэн ч яг гэр хорооллын иргэд орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чадаагүй байна. Тиймээс тэд яагаад хамрагдаж чадахгүй байгаа юм бэ, одоогийн хөтөлбөрийн юунд алдаа байгаа юм бэ, гэдгийг “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийн баримт бичигт тусгасан.
Мөн төлбөрийн чадвар гэдэг зүйлийг заавал харгалзан үзэх ёстой. Жишээн дээр тайлбарлавал, дөрвөн гишүүнтэй айлын орлого нийлээд нэг дүн гарна. Тэгвэл тэр орлогын дүнгийн 30 хувийг орон сууцны зээл ч юм уу, өөр төлбөрт зарцуулж чадаж байвал төлбөрийн чадварт нийцэж байна гэж үздэг. Хэрвээ үгүй бол төлбөрийн чадварт нийцэхгүй гэж үзнэ. Харин тэдгээр бүлэгт зориулсан тусгай бодлого Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой. Тухайн иргэн магадгүй 10 хувиа төлөөд бусдыг нь чадахгүй байна аа, гэвэл төрөөс үлдсэн 20 хувийг нь заавал мөнгөөр бус өөр аргаар дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлдэг олон арга механизм байгаа. Ерөнхийдөө, эрэлт хэрэгцээг нь хангах, санхүүгийн механизмаар дэмжих, бүтэц зохион байгуулалтаар дэмжих гэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг бид дээрх “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийн баримт бичгийн хүрээнд гаргаж ирсэн. Хотын түвшинд хийж боловсруулаад, хотын удирдлагуудаар хэлэлцүүлээд, одоо НИТХ-аар оруулаад баримт бичиг болгож авах ажил л үлдчихээд байгаа. 
 
-Гэр хорооллын иргэд орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чадаагүй гэж байна шүү дээ. Үүнд ямар асуудлууд голлон нөлөөлж байгаа вэ?
-Маш олон хүчин зүйлсээс хамаарч байна л даа. Хамгийн нэгдүгээрт өрхийн орлого. Гэр хорооллын ихэнх айлуудад судалгаа хийж үзэхэд нэг өрхөөс нэг хүн л ажиллаж байна. Тиймээс бид ганц хүний орлогоор өдөр тутмын хэрэгцээг хангаад цаана нь орон сууцанд зарцуулах 30 хувь үлдэж байна уу, гэдгийг нарийвчлан авч үзсэн. Үндэсний статистикийн хорооноос болон дүүрэг, хорооны мэдээ, мэдээллийг цогцоор нь судалсан. Ингээд Улаанбаатар хотын 1.3 сая иргэнийг орлогынх нь түвшингээр 10 хэсэгт хуваасан. Харин үүний тав болон зургаа дахь голчийг нэмээд хоёрт хуваахад бидний яриад байгаа тоо гарч ирдэг. Жишээ нь, тав дахь бүлгийнхэн нэг сая төгрөгийн, зургаа дахь бүлгийнхэн 1.2 сая төгрөгийн орлоготой гэж үзвэл, 1.1 сая төгрөг гэсэн орлого гарч байна. Тэгвэл 1.1 сая гэдэг тоог хэдэн хувиар нэмэгдүүлбэл, орон сууцны 30 хувийн хэрэгцээг хангах вэ, гэдэг зүйлийг гаргаж, үүнд нь тохирсон төрийн бодлого явуулах хэрэгтэй юм. 

-Ногоон байгууламжийн тухайд?
-Агаарыг цэвэршүүлдэг гол зүйл бол ногоон байгууламж.  Гэвч Улаанбаатар хотод ногоон байгууламж их дутмаг байдаг. Хэдийгээр улс орнууд ногоон байгууламжийг нэгдүгээрт тавьдаг ч манай улс хоёр, гуравдугаар асуудал болгон авч үздэг. Замын-Үүдээр жишээ авахад л Эрээн хот маш гоё ногоон байгууламжтай харагдаж байхад хил залгаа Замын-Үүдэд нөхцөл байдал ямар байдаг билээ. Хил хооронд хоёр км-ын зайтай гэвэл байгаль орчин, хөрсний ялгаа гарахгүй шүү дээ. Тиймээс ургамал ургах боломжтой. Гэвч тэнд ургамал байхгүй, тариагүй байна. Энэ нь төрийн цэгцтэй бодлого, арчилгаа, байгууллагуудын холбоо, цогц механизм дутагдаж байгаагийн илрэл шүү дээ. Тиймээс бид гадаад улсууд ногоон байгууламжийн ямар бодлого баримталж байгааг ургамал, байгаль орчин, бүтэц зохион байгуулалт, санхүү зэрэг бүх талаас нь судалж, Улаанбаатар хотод ийм арга хэмжээ авбал, ойрын ирээдүйд ногоон байгууламжтай болох нь гэдэг судалгааг хийгээд байгаа. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд ногоон байгууламж байхаар тэмдэглэгдсэн хэд, хэдэн газрууд байдаг юм байна. Бид тэдгээр газруудад сайн, муу, дунд гэсэн үнэлгээг өгч дунд гэсэн үнэлгээтэй Тасганы овоог сонгож авсан. Ингэж сонгож авснаар  бид тэнд туршилтын талбай байгуулж, ногоон байгуулж бий болгох юм. Өнөөдрийн байдлаар тендерийн ажлыг зарласан бөгөөд ирэх хавраас гүйцэтгэл нь эхлэх байх.  
 

Эх сурвалж: Ардчилал сонин, www.assa.mn

2014 оны 10 сарын 10

 

Facebook Twitter YouTube