Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал

Нийтлэгдсэн огноо: 2014/10/07

Нийслэл хотод амьдарч байгаа 189 мянган айл өрхийн түлсэн нүүрсний утаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 орчим хувийг бүрдүүлдэг.

Агаарын бохирдол нь  хүн амын дунд амьсгалын, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвсэл, хавдар, нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд дээрх өвчлөлүүдээс сэргийлэх энгийн аргыг хэрэглэж, хэвшил болгохыг зөвлөж байна.

 

Агаарын бохирдлыг бууруулахаар төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих буюу сайжруулсан зуух, утаагүй түлш хэрэглэх, өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах хэрэгтэй. Үүнээс гадна иргэн бүр айл өрх бүр хашаандаа хог хаягдлаа шатаахгүй байх, гэрийн дотоод орчны агаарын чанарт анхаарах, тодруулбал, гэрийн доторх агаарын бохирдол нь гаднах агаарын бохирдолттой адил хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир  агаарын шүүлтүүр ашиглахыг зөвлөж байна.  

 

Шүүлтүүр нь агаар дахь том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99.99 хувийн үр ашигтай шүүдэг байна.  Гэртээ өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, галлах хоол хийх үедээ аль болох утаа гаргахгүй байх зэрэг энгийн бөгөөд өдөр тутам хэвшил болгоход үр дүнтэй аргуудыг хэрэглэх хэрэгтэйг эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа юм.  Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулах хэрэгтэй зөвлөгөө байна. Учир нь хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн эмзэг байдаг бөгөөд авто замын хажуугаар бага насны хүүхдээ явахаас зайлсхийх, агаар бохирдуулагч тоос, хүнд металууд газраас 1.5 метрт хамгийн ихээр тунаж, хуримлагддаг учраас хүүхдээ тэвэрч явах, агаарын бохирдол ихтэй үе буюу өглөө оройд хүүхдээ салхилуулахаас зайлсхийх шаардлагатай юм.

 

Түүнчлэн биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарах буюу ажил амралтаа зөв зохицуулан сайн унтаж амрах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, уламжлалт аргаар бүрсэн тараг хэрэглэх, амралтын өдөр цэвэр агаарт гарч, явган алхах нь эрүүл мэндэд тустай. Мөн автомашины хэрэглээг ухаалаг болгож, долоо хоногийн 1-2 өдөрт машин хэрэглэхгүй байх, цахилгааны хэрэглээгээ хянах зэргийг хэвшил болгох хэрэгтэй юм.  Дээрх энгийн бөгөөд хялбар аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох нь агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед иргэн таны өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахад тустай гэдгийг албаныхан онцолж байна.

Facebook Twitter YouTube