Мэдээ, мэдээлэл

2021 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Нийтлэгдсэн огноо: 2021/08/05

      Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2021 оны 21/04 дүгээр тогтоолоор баталсан “Орчны  бохирдлыг бууруулахад  2021 онд  хэрэгжүүлэх  үйл ажиллагааны  төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын явц, гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэлт гаргах, ажил хүлээн авах  үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр анхны өргөтгөсөн хуралдаанаа цахимаар зохион байгууллаа.Энэхүү хурлыг ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул нээж  2021 онд агаар, орчныг бууруулах  чиглэлд төлөвлөсөн ажлуудын талаар товч танилцуулж, хурлаар нийт 15 асуудлыг хэлэлцүүлэн ажлын явц, гүйцэтгэл санхүүжилт болоод  шийдвэрлэх асуудлын  талаар ярилцлаа.

Тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б. Пүрэвсүрэн орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайжруулсан шахмал түлшний  хэрэглээнд хяналт тавих 4500 хүнийг  8 сарын турш  ажиллуулах  урамшуулах олгох асуудлаар  АХ-ийн гишүүдэд мэдээлэл хийж  орон тооны бус ажилтнуудын  ажилласан хоногоор нь тооцож  цалин, урамшуулал олгох  асуудлаа шийдвэрлүүллээ. Нийслэлийн 200 гаруй мянган өрхийн 160 мянган  өрх нь сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна. Агаарын чанарыг сайжруулах хүрээнд орон тооны бус 4500 ажилтны урамшууллын зардалд 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй бөгөөд  нийт зургаан дүүргийн хэмжээнд гэрээ байгуулан сар бүр 75 мянган төгрөгийн цалин  олгодог байна.  Гэрээгээр үүрэг хүлээсэн орон тооны бус ажилтнуудын хувьд  ахуйн хэрэглээний зуухыг  ашиглахыг ард иргэдэд таниулан  сураталчлан  хяналт тавьж мэдээлэл өгөх ажлыг давхар гүйцэтгэдэг аж.

Мөн Ойн судалгаа хөгжлийн  төвийн хувьд ОББҮХ-той гэрээ байгуулан  нийслэлийн хэмжээнд  ногоон мод тарих  ажлыг  эхлүүлж Богд-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын  захиргаатай хамтран Зайсан толгойд байрлах Бурхантай хөшөөнд  200 ширхэг  бортогтой буйлс модыг тариулснаас гадна, Зайсангийн аман дахь аялагчдад зориулсан 260 автомашины  зогсоолын гадна талбайг  бүрэн тохижуулахаар ажиллаж байгаа талаар тус төвийн газрын мэргэжилтэн Т.Цогбадрах мэдээлэл  өглөө.

Хот суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох зорилгоор БЗД-ийн 20 дугаар хороонд Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх”/1050 ш/ ажил гүйцэтгэхээр ОББҮХ/2021-31 тоот гэрээг “Нэкст стандарт”ХХК-тай байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийт 250 ш нүхэн жорлонг суурилуулан, 400 ширхэг нүхэн жорлонг угсралтанд бэлэн болгосон бөгөөд Барилгын хөгжлийн төвийн захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа тус компанийн захирал Г.Батсайхан хэлж байлаа.  Хийж гүйцэтгэж буй ажлын талаар Ажлын хэсгийнхэн хэлэлцэн, гэрээний дагуу ажлын явцын 30 хувийг гүйцэтгэсэн гэж дүгнэн гишүүдийн 100 хувийн саналаар эхний санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

   Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  ОББҮХ-ны Ажлын албаны дарга Б.Алтанзул ахалж, БОАЖЯ, ЭХЯ, НМХГ, УБ хотын Захирагчийн Ажлын алба, Барилгын хөгжлийн төв, ОББҮХ-ны Ажлын албаны мэргэжилтнүүд багтсан байна.

                                             ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ

                                                                                 АЖЛЫН АЛБА

 

Facebook Twitter YouTube