Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Монгол улсын ерөнхийлөгч, Улсын их хурал, Монгол улсын засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос онцгой анхаарал хандуулан Монгол улсынхаа нийслэлийг агаарын бохирдолгүй, цэвэр цэмцгэр, зөв төлөвлөлттэй, дэлхийн жишигт хүрсэн хот болох суурийг тавьж байгаа төсөл бол “Их тойрог 110 кВ ЦДАШ, дэд станц” төсөл юм.
Улаанбаатарын цахилгаан дамжуулах сүлжээний 60 гаруй хувь нь 30-аас дээш жил ашиглагдсан 220 кВ-ын 2 дэд станц, 110 кВ-ын 14 дэд станц, хоёр хэлхээт тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамаар нийслэлийн цахилгаан хэрэглээг хангаж байна. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдтай холбоотойгоор цахилгаан ачаалал огцом ихсэж, одоо байгаа 110 кВ-ын шугам, дэд станцуудын хүчин чадал хүрэлцэхгүй болж зарим дэд станцуудад хэрэглэгч холбох техникийн нөхцлийг олгохгүй хязгаарлахад хүрээд байна. Мөн одоо байгаа 110 кВ-ын тойрог шугамаас шинээр дэд станц барих боломжгүйгээр хүчин чадал нь тулаад байна.
Улаанбаатарын цахилгаан ачааллын хэтийн төлвийн тооцоог хийхэд одоо байгаа 300 МВт ачаалал 2015 онд 450 орчим МВт, 2025 онд 600 гаруй МВт болох төлөвтэй байна.
Иймд Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг найдваржуулах, өсөн нэмэгдэж байгаа хэтийн төлвийн цахилгаан ачааллыг хангаж, их хотын хөгжлийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байгаа учраас бид одоо байгаа 110 кВ-ын тойрог шугамын гадуур их тойрог 110 кВ-ын шугам, дэд станцыг барьж байна.
Зураг 1. Улаанбаатарын их тойрог 220.110 кВ-ын сүлжээний бүдүүвч зураг
Энэ төлөвлөлтийн хүрээнд 220 кВ-ын 62,3 км ЦДАШ, 110 кВ-ын 145,7 км ЦДАШ, 220 кВ-ын 1 дэд станц, 110 кВ-ын 12 дэд станц баригдах юм. Өмнө нь 110 кВ-ын 14 дэд станц барихааар төлөвлөж байсан боловч Буянт-Ухаа болон Чингэлтэй дэд станцуудыг ачааллын нягтрал бага гэж үзэж, төлөвлөлтөөс хассан болно.
Эдгээрээс Буянт-Ухаа, 14-р хороолол, 7-р хороолол, Радиотелевиз, Баянгол зэрэг 5 дэд станцын ажлын зургыг ЗТБХБЯ-ны захиалгаар хийгдсэн байна.
ЗТБХБЯ-ны захиалгаар 7-р хороолол, Радио телевизийн 23 км шугам, дэд станцууд Хятадын хөрөнгө оруулалтаар барихаар гүйцэтгэгч шалгарсан байна.
2012 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 220 кВ-ын Сонгино дэд станц, 220 кВ-ын 2,3 км ЦДАШ, 110 кВ-ын Баянгол, Зайсан дэд станцууд, 110 кВ-ын 122,4 км шугамыг барихаар тендер зарласан үнэлгээний шатанд явж байна.
Эдгээр ажлуудыг хийснээр Улаанбаатар хотын их тойрог 110 кВ шугам бүрэн баригдаж хойд тойрогтоо 7-р хорооолол, Радиотелевиз, Баянгол гэсэн гурван дэд станцтай, урд тойрогтой Зайсан гэсэн нэг дэд станцтайгаар баригдах гэж байна.
Бусад дэд станцууд нь цаад хорооллуудтайгаа уялдаад баригдах юм. Тухайлбал хорооллуудын барилгажилт эхэлсэн учраас одоо нэн тэргүүн Шинэ Яармаг, 14-р хороолол, Яармагын гүүр, Хонхор дэд станцуудын ажлын зураг, төслийг яаралтай боловсруулж, барих шаардлагатай байна.
Мөн ТЭЦ-5-ыг Сонгино болон Улаанбаатар дэд станцуудтай холбох 220 кВ-ын 2х60 км ЦДАШ-ын ажлын зургийн яаралтай хийлгэх, түүнчлэн 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгэх шаардлагатай байна.
Бусад Ханын материал, Цэргийн хотхон, Шинэ хотын төв, Ургах наран хорооллуудын дэд станцууд нь хорооллуудын барилгажилттай уялдаад баригдах юм.
Үндсэндээ гол магистраль дэд станц, шугамаа нэн тэргүүн барьснаар Улаанбаатар хотод баригдах хорооллуудын төслийг хэрэгжүүлэхэд эрчим хүч талаас саад бэрхшээлгүй, хороололтойгоо уялдаад тухайн дэд станцаа бариад явах боломжийг бүрдүүлсэн болно.
2024/12/17
2024/12/09
2024/12/06
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05