Мэдээ, мэдээлэл

УГААРЫН ХИЙН ТҮВШИН АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНД ХҮРЭХЭЭС УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ СЕРВЕРТ ДАМЖУУЛЖ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/06/23

   Нийслэлийн гэрийн  хороололд 200 мянга орчим өрхийн 700 мянган иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа байгаа юм. Үүнээс угаарын хийн хордлогод өртөж болзошгүй нийт 63620 өрх айл байна. Эдгээр айл өрхүүдэд түргэвчилсэн  үнэлгээ хийж үзэхэд 63620 айл нь магадлалын түвшин 30.7 хувь, үр дагаврын түвшин 75 хувьтай тодорхойлогдож анхаарах шаардлагатай өндөр эрсдэлийн түвшинд үнэлэгдсэн байна.

    Тиймээс угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй ажил болоод  хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйтай Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул /2021.6.22/  биечлэн танилцлаа.Тэрээр хэлэхдээ гэр байшингийн дотоод орчин дахь угаарын хийг хянах төхөөрөмж нь тогтмол мэдэрч, угаарын хийн түвшин аюултай хэмжээнд хүрэхээс урьдчилан мэдээллийг цаг алдалгүй серверт дамжуулж байна. Нийслэлийн айл өрхийг угаарын хийн эрсдлээс хамгаалах угаарын хийн хяналтын төвийн  програм хангамж болон мэдээллийн бааз нь иргэд дотоод орчны агаараа хаанаас ч  хэзээ ч хянах аппликейшнтэй холбогдох боломжтой байдлаар хийгдсэн нь  маш том давуу тал болсон байгааг  онцолсон юм.

     Энэ жилийн хувьд иргэд сайжруулсан шахмал түлшийг их хэмжээгээр авч, байшин амбаартай хадгалахдаа хадгалалтын горим алдагдаж чийг авсан байгаа юм. Өвлийн улиралд угаарын хий 85 хувь  буурсан ч энэ хаврын  хүйтэн цас, бороо хур их орсонтой  холбоотой иргэд гэр байшингаа галлаад өрхөө битүү  татаж хонох, бүрэн шаталт явагддагүйгээс шалтгаалж  угаарын хийд хордож амь насаа алдаж буй тохиолдлууд нэмэгдсэн гэдгийг “Таван толгой түлш”  ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал хэлж байлаа.

     Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын  хүрээнд “Таван толгой түлш” ХХК нь Хяналтын нэгдсэн төвиийг өнгөрсөн оны наймдугаар сараас  ашиглалтад оруулж, засвар үйлчилгээ, call center, мэдээлэл судалгаа гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд  нийслэлийн  зургаан дүүрэгт салбартай үйл ажиллагаагаа эхэлсэн.

     Энэхүү хяналтын нэгдсэн төв нь угаарын хийн эрсдлээс сэргийлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш хэрэглэгч айл өрхүүдийн пийшин, яндан, зуухны битүүмжийг шалгах, засвар үйлчилгээ хийх, зөв галлагааны горим, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх санамж болон заавар зөвлөмжийг тараах, зөвлөгөө өгөх, судалгаа мэдээлэл авах, угаарын хийн мэдрэгчийг ашиглалтад хяналт тавих,  айл өрхөд тараах, сайн картын хэрэглээг хэвшүүлэхэд хяналт тавих, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэн  ажиллаж байна.

 

 


Facebook Twitter YouTube