Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Жил жилийн өдийд нийслэлийнхний төдийгүй аймгийн төвүүдийн оршин суугчдын толгойн өвчин болдог утааны асуудлыг хөндөхөөр “Өнөөдөр” сонин энэ удаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт, нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн зохицуулагч Н.Энхболд, ЗТЯ-ны Техник, технологи, мэргэшлийн хэлтсийн дарга Н.Баттулга, БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат нарыг редакцдаа урьж, ярилцлаа.
Сүүлийн гурван жилийн хүйтний улиралд агаарт байгаа тоосонцор, азот, хүхэрлэг хийн дундаж агууламжийг MNS4585:2007 стандарт дахь хүлцэх хэмжээтэй харьцуулахад 2-2.8 дахин их байгаа. Ерөнхий сайд “Утааны чанар сайжирсан” гэж хэлээд ард иргэдээс нэлээд шүүмжлэл хүртлээ. Утаа улам газар авч байгаа атал чанар нь сайжирч байна гэх юм. Энэ ямар учиртай вэ?
Т.Бат-Эрдэнэ: -2011 оноос Агаарын тухай хууль санаачлан УИХ-аар батлуулснаар утааны эсрэг эрчимтэй ажиллаж эхэлсэн. Утааны муу үр нөлөөний талаар иргэд маш сайн мэддэг хэрнээ утаа гаргаж буй эх үүсвэр, учир шалтгааныг нь ойлгохдоо жаахан дутагдалтай байгаа. 2011 оноос Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдаад нэлээд эрчимтэй ажиллаж ирсэн. Энэ оны хавраас тус хороо Ерөнхий сайдын дэргэд болсноор улам эрчимтэй ажилласан гэж хэлж болно. Ноднин “Утааны хор багассан гэнэ” гэж иргэд онигоо маягаар ярьж эхэлсэн. Шулуухан хэлэхэд багаж, тестүүдээр шалгаж үзэхэд Улаанбаатар хотын утаан дахь хорт бодисын хэмжээ багассан гэж гарсан. Агаар бохирдуулагч нь ганцхан утаа биш.
Гэрийн зуухнаас, машинаас гарч буй утаа, замын сул шорооноос босож буй тоос гээд маш олон зүйл агаар бохирдуулдаг шүү дээ. ДЭМБ-аас агаарын бохирдлыг дөрвөн гол үзүүлэлтээр хэмждэг. 2012-2013, 2013-2014 оны өвлийн улирлын агаарын бохирдлын хэмжээг 2011-2012 оныхтой харьцуулахад хүхэрлэг хий буурсан. Гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаанд хүхэрлэг хий их байдаг. Бид муу, сайнаар хэлүүлж байгаад гурван жилийн дотор 150.000 гаруй айлыг сайжруулсан зуухтай болголоо.
Энэ нь хүхэрлэг хий буурахад нөлөөлсөн. Азотын давхар исэл бас багассан. Энэ хий автомашинаас их ялгардаг. Автомашины дугаарын хязгаарлалт хүртэл азотын давхар исэл багасахад нөлөөлж байгаа. Нэг өдөр 300.000 машин явахад агаар дахь азотын давхар ислийн хэмжээ ихэснэ. Маргааш нь 200.000 машин замын хөд өлгөөнд оролцоход багасна. Хүний эрүүл мэндэд хамгийн хортой нь тоосонцор. Том ширхэгт тоосонцрын хэмжээ огт багасаагүй, нарийн ширхэгт тоосонцор багассан. Тоосонцор багасгахын тулд ногоон байгууламжтай болох ёстой. Том ширхэгтэй тоосонцор нь мод, зүлэг ургамалд шүүгдэж байдаг. Гэтэл том ширхэгт тоосонцор багасаагүй байгаагаас үзвэл бид ногоон байгууламжаа хангалттай хэмжээнд бий болгож чадаагүй юм уу даа гэж би хувьдаа дүгнэж байгаа. Агаарт сааралтаад мананцар татуулаад байгаа утаа бол тоосонцор шүү дээ. “Агаарын бохирдол 50 хувь багассан ч хүний нүдэнд харагдах мананцар байж л байдаг, золигийн хог доо” гэж настай эрдэмтэн хэлсэн нь миний санаанаас гардаггүй.
Өнгөрсөн хоёр өвөл дулаахан байсан. Гэр хорооллынхон гал бага түлснээр утаа багассан юм биш үү?
Ж.Эрдэнэцогт: Эко танхимдаа биднийг хүлээж авч, ярилцаж байгаад баярлалаа. Ц.Балдоржийн “Ашиг хонжоо харж бус алс ирээдүйгээ харж, байгаль дэлхийгээ хайрлая” гэсэн энэ үгийг хүн бүр ойлгох ёстой. Тэгж байж бид утаанаас сална.
Тэгэхгүй энд байгаа таван хүн утаа арилгана гэвэл худлаа. Олон улсын туршлагыг аваад үзсэн ч төрийн бус байгууллагууд, иргэн бүр оролцож байж утаанаас салж байна. 200.000 айл утаа үйлдвэрлээд нөгөө талд нь хоёр гурван байгууллага тэмцээд утаанаас салахгүй. Чанартай утаатай боллоо гэж Ерөнхий сайд хэлээгүй ээ. Хүхэрлэг хий 20, азотын давхар исэл 26, нарийн ширхэгт тоосонцор 20 орчим хувиар буурсан. Энэ бол бодит үр дүн. Тийм учраас агаарын чанарт өөрчлөлт гарч байна.
Энэ бол өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн. Нөгөө талаас дулаан өвөл болсон нь бас нөлөөлсөн байх. Тал бүрийн нөлөөллөөр агаарын бохирдол багассан. Гэхдээ стандарт хэмжээнд хүртэл буулгаж чадаагүй байна. Агаарын бохирдлыг дорвитой бууруулж, стандарт хэмжээнд аваачих нь бидний зорилт.
“Улаанбаатарын утаа урагт нөлөөлж байгаа. Хэрвээ эхчүүд гомдол гаргавал, Засгийн газраас хохирлын мөнгө нэхэмжилбэл хэн хариуцах вэ” гэсэн асуултад заавал хариулт авч өгөөч гэж хэд хэдэн уншигч хүссэн юм.
Т.Бат-Эрдэнэ: Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Үүний дагуу л шийдэх ёстой.
Г.Ганбат: БОНХЯ-ны захиалгаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АНУ-ын Берклийн их сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгаа хийсэн юм. Тэр судалгааны дүнг харж байхад утаа голлон зүрх судас, амьсгалын замын өвчин үүсгэдэг юм байна. Урагт нөлөөлнө гэсэн зүйл би санахгүй байна.
Тэдний хийсэн сонирхолтой дүгнэлт бий. Юу гэхээр агаарын бохирдлыг гадаад орчны, дотоод орчны гэж хоёр хуваажээ. Хүний эрүүл мэндэд хамгийн хортойгоор тусаж байгаа нь дотоод орчны бохирдол. Ийм бохирдол 60-70 хувийг эзэлдэг гэсэн байна. Гаднах бохир агаар гэрт орж ирж байна, дээрээс нь айлууд гал түлэхдээ утаа баагиулаад угаар гаргадаг. Бас тамхидалт. Агаарын ийм дотоод бохирдол хүний эрүүл мэндэд шууд нөлөөлд өг, тэр тусмаа хүүхдүүдэд. Гадаад орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь дотоод орчныхоос арай бага байдаг юм байна лээ.
Нэгэнт нүүрс, мод түлж байгаа л бол утаа гарна. Агаарын бохирдлоос салсан улсуудын гол арга бол түүхий нүүрс түлэхийг болиулж, оронд нь хий, цахилгаан хэрэглэдэг. Бид ийм зам сонгож байж л агаарын бохирдол багасна гэсэн үг шүү дээ. Сая Ерөнхий сайд хэлсэн, нүүрсний дээд давхаргаас метан хий илрүүллээ гэж. Ер нь бид аажимдаа хий хэрэглэж хэвших ёстой.
“Тавантолгойн ордын нүүрсний давхаргаас 20-30 тэрбум шоо метр метан хийн нөөц илрүүлсэн. Энэ бол Улаанбаатарын цахилгаан, дулааны 30 жилийн хэрэгцээг хангана” гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ хийн талаар мэдээлэл өгөөч?
Ж.Эрдэнэцогт: Тавантолгойн ордоос илэрсэн метаны хийг олборлон Улаанбаатарт авчирч, цахилгаан, дулааны хэрэгцээг хангая гэж Ерөнхий сайд зорьж байгаа. Хайгуул хийгээд дуусах шатандаа явж байна. Магадгүй 2-3 жилийн дотор тэр хийг Улаанбаатарт авчраад халаалтаа шийдэх болов уу. Хонгилын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг агаарын бохирдлыг багасгахад дорвитой нэмэр болох зүйл энэ.
Гэхдээ ирэх өвөл шууд ажил болох уу гэвэл түвэгтэй. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Олон орны том том компаниудыг оролцуулж, Засгийн газрын түвшинд ярьж шийдэх асуудал. Тиймээс өнөө маргаашдаа сайжруулсан зуухаар хангах, автомашины түлшийг сайжруулах зэргээр агаарын бохирдлыг багасгаж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулна. Тэгэхг үй бид Улаанбаатарт хий авчрахаар агаарын бохирдол арилна гээд хүлээгээд юу ч хийлг үй суугаад байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нэг бодлогоор ажиллаж байна. Тодорхой үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэж байна. Яах вэ гээд гарцгүй байснаа бодвол хэд хэдэн чиглэлд гэрэл асаж байна.
Сайжруулсан зууханд олгодог татаасыг энэ жилээс багасгаж байгаа. Тэгэхээр зуухны үнэ нэмэгдэх нь ээ. Өмнө нь 93 хувь хямд зуух аваагүй, авснаа зарчихдаг, хөдөө өгөөд явуулчихдаг иргэд одоо 66 хувийн хямд буюу өмнөхөөсөө 27 хувиар үнэтэй зуух авах болов уу?
Н.Энхболд: Түрүү жилийн халаалтын улиралд Дэлхийн банк, “Цэвэр агаар” сангаас 29700 айлд бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулсан. Өмнө нь нийлүүлэгч компаниудад зуухны үнийн 93 хувийг татаас хэлбэрээр өгдөг байсан бол энэ жил Үндэсний хороо ярилцаж байгаад, Бохир зуухны холбоо, Сайжруулсан зуухны холбооноос тавьсан саналыг харгалзаж үзээд 93 хувийн татаасыг 66 болгоё, гэхдээ түр үү жил зуух болгонд үнийн дүнгийнх нь 93 хувийг өгдөг байсан бол энэ жил бүх зууханд адилхан 66 хувийн татаас өгье гэсэн. Нэг зууханд Дэлхийн банк, “Цэвэр агаар” сангаас 256.000 төгрөгийн татаас өгөхөөр болсон. Үндэсний үйлдвэрээ дэмжих бодлого барьж байна.
Өмнө нь Турк, Хятадаас сайжруулсан зуух оруулж ирээд 456.000 төгрөгийн 400.000 орчмыг нь татаасаар аваад явчихдаг байлаа. Түрүү жил бид гуравхан төрлийн зуух зарсан бол энэ жилээс найман янзын зуух борлуулна. Тэр дунд гаднаас оруулж ирсэн, үнээ хямдруулахгүй байгаа компаниудын, өндөр үнэтэй зуух ч бий. Тэрэнтэй яг адилхан, үндэсний үйлдвэрийн зуухаа 15.000-60.000 төгрөгөөр хэрэглэгчид өгнө. Иргэд сонголтоо өөрсдөө хийг. Бохир зуухны холбооныхон зуухаа сайжруулаад,
Дулааны технологи, үйлдвэрлэл экологийн лабораторид шалгуулж, шинжлүүлэхэд тэнцсэн. Аравдугаар сарын 3-наас худалдаж эхэлнэ. Нэг ижилхэн татаасыг бүгдэд нь олгосноор зах зээлд үндэслэсэн өрсөлдөөн бий болно. Өмнө нь бол төрийн оролцоотой бизнес шахуу зүйл хийлээ шүү дээ. Тэр компаниуд энэ жилээс дотоодын үйлдвэрүүдтэй өрсөлдөхийн тулд үнээ хямдруулах шаардлагатай болж байгаа.
Т.Бат-Эрдэнэ: Технологийн буюу сайжруулсан зуухыг өмнө нь манай зуух үйлдвэрлэгчид, иргэд хийж чаддаггүй байлаа. Тийм учраас манай улс гаднаас авсан зээл тусламжийн мөнгөөр гадаадын бизнесийг дэмжээд байсан. Өнгөрсөн хоёр гурван жилд манай зуух үйлдвэрлэгчид сайжруулсан зуухны технологийг эзэмшиж, хийж сурчээ. Түүнийгээ ч харууллаа. Лабораторид шалгаад үзэхэд гаднаас оруулж ирсэн зуухнаас дутахааргүй, шаталт сайтай, хэрэглээнд ойрхон, монгол инженерийн бүтээл болж чадсан байна.
Энэ бол маш том давуу тал. Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарын асуудал биш боллоо. Томоохон 10 суурингийн агаар маш хурдан бохирдож байна. Цаашдаа улсын хэмжээнд утаатай тэмцэхийн тулд монгол инженерийн гараар бүтээсэн, Монголд үйлдвэрлэсэн, орчин үеийн технологи бүхий зуухыг өөрсдөө үйлдвэрлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого явуулж байгаа. Хоёрт, утаа арилгахын тулд төр засгаас гадна иргэд зарим нэг зүйл хийх ёстой.
Жишээ нь, зуухаа зөв галлаж сурмаар байна. Цаас, мод тавиад дээрээс нь нүүрс овоолоод асаадаг байсан бол одоо эхлээд нүүрсээ овоолж, дээр нь мод, тэгээд цаасаа тавьж асааж сурах шаардлагатай. Өглөө гал түлэхдээ “Би зөв галлаж байж манай яндангаас утаа бага гарна. Айл бүр утаа бага гаргавал Улаанбаатар утаагүй байна. Тэгвэл би, бид эрүүл амьдарна” гэж ухамсарлах хэрэгтэй. Тэгэлгүй тэнд хүмүүс буруу галлаад байвал энд бид утаатай яаж ч тэмцээд үр дүн гарахгүй. Утааг байшин, гэр өөрөө гаргах юм уу, хүм үүс бид л гаргадаг биз дээ.
Үндэсний үйлдвэрлэгчид маань сайжруулсан зуух үйлдвэрлэж буй нь сайн хэрэг. Хэдэн үйлдвэр хэчнээн зуух бэлэн болгоод байна вэ. Энэ өвөл хэчнээнийг нийлүүлж чадах бол?
Н.Энхболд: -Үндэсний үйлдвэрлэгчид нийлэн, консорциум болж манай төсөлд хамрагдаж байгаа юм. Тэдний ажлыг энэ долоо хоногт очиж үзнэ. Өнгөрсөн зунжингаа бид тэдний зуух шаардлага хангаж байна уу гэдгийг шалгасан. Шаардлагад тэнцээгүй үйлдвэрүүд ч бий. Тэд тэнцсэн компанийнхаа зуухыг үйлдвэрлэх юм. Стандарт шаардлагад тэнцсэн зуухыг бүх үйлдвэрлэгч массаар үйлдвэрлэдэг болох арга нутагшуулах гэж байна. Ганцхан компани сард 500 зуух үйлдвэрлэх байсан бол таван компани нийлж, 2500-г үйлдвэрлэнэ гээд албан бичгээ өгчихсөн байгаа.
Т.Бат-Эрдэнэ: Нэг зүйл нэмээд хэлэхэд, зах дээр зарж байгаа уламжлалт зуухны үнэ 150.000 төгрөг. Үүнийг хашаандаа, байшиндаа гагнаж хийдэг хүн маш олон бий. Манай шаардлагад тэнцсэн компани тэдэнд зуух үйлдвэрлэх технологио өгье гэж байгаа. “Та нар хуучин зуухаа үйлдвэрлээд хэрэггүй. Наад төмрөөрөө энэ технологиор сайжруулсан зуух үйлдвэрлэ. Бөөнөөрөө нэг патенттай, шошготой зуух үйлдвэрлэж, утааны эсрэг дайнд цугтаа мордъё” гэж байгаа юм. Аминдаа л бид үндэсний технологио хөгжүүлэхээр зүтгэж байна. Тэд хийж л чадвал сайжруулсан зуухны хэрэгцээ маш их бий. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид энэ тал дээр нэгдэж байгаа нь том давуу тал.
Сайжруулсан зууханд утаа шүүгч тавихаар германчууд төсөл танилцуулсан юм билээ. Яагаад утаа шүүгч тавьдаггүй юм бэ?
Т.Бат-Эрдэнэ: Катализатор гэж хүмүүс их ярьдаг болжээ. Дутуу шатсан нүүрсийг янданд гүйцээж шатаавал агаарт ялгарах тоосонцор арилдаг. Манай энэ зуух 80-90 хувь шатаадаг. Том оврын 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуухны янданд шүүлтүүр заавал байх ёстой. Айлуудын янданд шүүлтүүр тавих гэхээр өртөг нь их болоод байгаа. Гадаадаас оруулж ирж буй зуухны өртөг дунджаар 400.000 төгрөг. Түүн дээр үнэтэй шүүлтүүр тавина гэхээр хэцүү. Иргэд ч “14 хоног тутамд хөөлөх юм байна, түвэгтэй юм байна, угаартвал яана” гээд түвэгшээсэн.
Ж.Эрдэнэцогт: Өнгөрсөн хугацаанд 1000 гаруй айлд шүүлтүүр тавьсан. Шүүлтүүр тавиулсан айлууд одоо тэрийгээ хэрэглэж байна уу гээд судлахаар бараг алга. Бидний хийх зүйл хэрэглэхэд хялбар байхгүй бол хэчнээн сайхан зүйл гаргаад ч нэмэргүй, мөнгө, хүчин зүтгэл талаар өнгөрч байна. Аль орон хаана ямар сайн юм бүтээж байна, шинэ технологи, инновац хаана байна. Тэрийг судалж туршиж байгаа. Манай улс зууханд 60 гаруй тэрбум төгр өг зарцуулчихаад байгаа. Нэг айлд 400.000 төгрөгийн зуух өгчихөөд нэмээд 1.000.000 төгрөгийн үнэтэй шүүлтүүр тавина гэхээр утгагүй болчихоод байгаа юм. Гэхдээ үүнийг бүтэхгүй юм байна гээд хаяагүй. Германчууд шүүлтүүр санал болгосон. Аравдугаар сард тэр компанийн мэргэжилтэн ирэхээр туршилт хийнэ. Япончуудтай ч туршилт хийж байгаа.
Н.Энхболд: Агаар бохирдуулагч эх үүсвэр тасралтгүй нэмэгдэж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр цэцэрлэг барих гээд нэг газар сонгочихоод, бодлогын түвшинд ярилцаж шийдээд сарын дараа очиход айлууд ирээд буучихсан, гудамж бий болгочихсон байсан. Энэ бол бодит баримт. Улаанбаатараас нүүдэг хүн ховор. Нүүж ирж буй иргэдээс хүртэл сайжруулсан зуух ав гэж шаардах ёстой. Ногоон байгууламж бий болгоход иргэдийн оролцоо маш чухал. “Улаанбаатар цэвэр агаар” төслийн удирдах хорооны даргаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ дарга ажилладаг. Манай төслийнхөн хамтраад Тасганы овоог ногоон байгууламжийн загвар цэцэрлэгт хүрээлэн болгохоор сонгон шалгаруулалтаа энэ сарын 11-нд зарласан. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөг өө боловсруулахаар ТЭЗҮ бэлэн болгочихоод байна. Хотын хэдэн хувийг ногоон болгох вэ гэдгийг тодорхойлно. Тасганы овоонд агаарын бохирдол хэмжигч багаж суурилуулчихсан байгаа. Цэцэрлэгт хүрээлэн байгуулсны дараах үзүүлэлттэй харьцуулж, ногоон байгууламж агаарын бохирдлыг яаж багасгадгийг тодорхой болгох юм.
Г.Ганбат: Манай яам УИХ-аар Ногоон хөгжлийн бодлого батлууллаа. Түүнд хот төлөвл өлтийн асуудал багтсан байгаа. Төвлөрлийг бууруулахын тулд Улаанбаатарын дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Багануурт оюутны хотхон байгуулахыг манай яам дэмждэг. Улаанбаатарын тодорхой хэсгийг хотоос гаргах ёстой. Тэгж байж төвлөрөл багасна. Налайх, Эмээлт, Майдар хотхон, Зуунмод, Хөшигийн хөндий гэх мэтээр дагуул хотууд бий болгож хөгж үүлбэл Улаанбаатарын агаарын бохирдол багасна.
Нийслэлийн гэр хорооллын айлуудад ганцхан өвөлд сайжруулсан 600.000 тонн түлш хэрэгтэй. Одоо бол ганцхан хувийг нь л хангаж байна. Гэтэл утаагүй түлшний үйлдвэрүүд сураггүй боллоо. Жилийн жилд төдөн тонн шахмал түлш нийлүүлнэ гэсэн тоо хэлдэг ч нийлүүлдэггүй. Шахмал түлш үйлдвэрлэж үнэхээр чадахгүй байна уу, эсвэл анхнаасаа мөнгө завших сонирхолтой байдаг юм болов уу. Утаагүй түлшний хэдэн үйлдвэрт улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг өгөөд байна вэ. Хэд нь хэчнээн хэмжээний түлш нийлүүлсэн бэ. Хэд нь сураггүй болов. Тэдэнд ямар арга хэмжээ авч байна вэ?
Ж.Эрдэнэцогт: Сайжруулсан зуух, сайжруулсан түлшин дээр зөв галлагаа нэмбэл Улаанбаатарын утаа багасна. Гэтэл бодит байдал дээр сайжруулсан түлшний бодлого сайнг үй байгаа нь үнэн. Өмнөх Засгийн газрын үед тендер зарлаж, жилд 210.000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ДЦС II-ын дэргэд “Аморе интернэшнл” компани байгуулсан. Тус компани гэрээний дагуу хугацаандаа үүргээ биелүүлсэн бол Улаанбаатар хотын айлуудын гуравны нэгийг сайжруулсан түлшээр хангах боломжтой байв. Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн айлуудыг сайжруулсан түлшээр хангачихна гэсэн үг. Харамсалтай нь уг үйлдвэрийг өдий хүртэл ашиглалтад оруулсангүй. Олон удаа шалгаж, шинжээчдийн дүгнэлт гаргуулахад технологи нь алдаатай байсан.
Сайжруулсан түлшний үйлдвэрүүдэд татаас өгч, ажиллуулж байсан өнгөрсөн үеийн жишгийг халж, одоо дахиж мөнгө завшуулахгүй. Харин бодлогоор дэмжинэ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо төсвөөс хөрөнгө гаргуулан, сайжруулсан түлшний үйлдвэрлэлд оролцохг үйгээр хувийн хэвшлийн хөрөнгөөр, тэдний санаачилгаар сайжруулсан түлшний зах зээл бий болгох зорилготой. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 30 орчим компанийн төлөөлөлтэй уулзаж, бодлогоор хэрхэн дэмжихээ ярилцсан. Одоогоор гурван аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах гэрээтэй ажиллаж байна. Нэг нь үйлдвэрээ байгуулсан. Хоёр нь арваннэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулна. Үүн дээр нэмж, 2-3 аж ахуйн нэгж туршилт судалгаа хийгээд явж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн бүх тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж байгаа.
Зарим аж ахуйн нэгжид үйлдвэр байгуулах газар олгох зэргээр шийднэ. Мөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихвэл агаарын чанарын тусгай бүс тогтоон, тэнд түүхий нүүрс зарахыг хориглон, зөвхөн сайжруулсан түлш худалддаг болгох юм. Харамсалтай нь бидний хүссэн шиг сайжруулсан түлш үйлдвэрлэхгүй байна. Нарийн технологитой, бүхэл бүтэн үйлдвэрлэлийн асуудал учир өнөөдөр яриад маргааш бүтээхгүй л дээ. Сайжруулсан түлш үйлдвэрлэж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тодорхой түвшинд бие даан, нэлээд туршлагажиж, ирэх жил, түүний дараагийн жил нийслэлийн айл өрхийг түлшээр хангаж чадна гэж харж байгаа.
Энэ жил сайжруулсан түлшгүй өвөлжинө гэсэн үг үү?
Ж.Эрдэнэцогт: Дээр дурдсан гурван компани түлш үйлдвэрлэнэ.
ДЦС II-ыг түшиглэн, хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж байгаад зогсоожээ. Уг үйлдвэрийг яагаад зогсоосон юм бэ. Үүнд хэдэн төгрөг үрсэн бэ?
Ж.Эрдэнэцогт: Өмнөх Засгийн газрын үед 17 тэрбум төгрөгөөр гэрээ хийж, энэ ажлыг эхэлсэн ч үр дүнгүй байсаар дөрвөн жил өнгөрлөө. Засгийн газар үйлдвэрийг зогсоох биш, харин ч ажлыг нь явуулах тухай тогтоол гаргасан. Уг үйлдвэр нүүрс коксжуулах зуух, шахмал түлшний хэсэг, шингэн шилний хэсэг буюу барьцалдуулагч бодисын үйлдвэр, агуулах гэсэн дөрвөн объектоос бүрддэг. Зуух нь технологийн алдаатай байснаас ашиглах боломжг үй болсон тул орхиж, үлдсэн гурвыг нь хэсэгчлэн хүлээн авч, яаралтай дуудлага худалдаанд оруулна. Сонирхож буй хувийн хэвшлийнхэн аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэсэн тогтоол Засгийн газар гаргасан. Энэ бол зогсоож байгаа биш, харин ч ажлыг нь урагшлуулах гэсэн хэрэг. Бүхэлд нь хүлээж авна гэвэл магадгүй 10 жилийн дараа ч энэ хэвээрээ л байна байх. Цаашид бага зэрэг өөрчлөн сайжруулж, ашиглах боломжтой хувийн хэвшлийнхэнд өгч, ажлыг нь явуулах юм. Уул уурхайн яамныхан үүнийг хариуцаж байгаа.
Японы эрчим хүчний “Недо” агентлаг, “Куримото” компани Багануурын нүүрсний уурхайг түшиглэн, жилд 50.000 тонн хагас коксон шахмал түлшний үйлдвэр барихаар техник, эдийн засгийн үндэслэлээ “Улаанбаатар цэвэр агаар” санд танилцуулжээ. Тэднийх хэр үйлдвэр юм бол?
Ж.Эрдэнэцогт: Японы шинэ технологиор сайн үйлдвэр барих тухай бодлогын түвшинд ярьж, дэмжсэн. Тус улсын “Недо” компани Багануурыг түшиглэн жилд 50.000 тонн түлш гаргах чадалтай үйлдвэр барьж өгье гэсэн. Япончууд багагүй хугацаанд судалж байж бүтээн байгуулалтаа эхэлдэг тул энэ ажил нэлээд урт хугацаа шаардах болов уу. Энэ жил, ирэх өвөлдөө хүлээгээд хэрэггүй. 2016 онд ашиглалтад оруулна.
Уурын зуухнуудыг, ялангуяа, нам даралтынхыг нь зогсоож, төвийн шугамд холбох төлөвл өгөө бий. Хэдэн уурын зуухыг зогсоож, төвийн шугамд холбосон бэ. Энэ жил Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Х хорооны цогцолборыг дулаанаар хангадаг таван уурын зуухыг зогсоох ёстой. Энэ ажил юу болж байгаа юм бол оо?
Т.Бат-Эрдэнэ: Энэ бол маш чухал ажил. Бид ядаж гэр хороолол дахь төрийн өмчийн байгууллагуудыг нүүрс түлдэггүй болгоё гэсэн бодлого барьдаг. Энэ бодлогын хүрээнд хотын төвд ойрхон гэр хороолол дахь төрийн байгууллагуудыг сэргээгдэх эрчим хүчний хосолсон системтэй болгож байна. Гал түлээд дулаан авдаг байсныг цахилгаан, сэргээгдэх эрчим хүч хослуулан, шийдэж байна. Заримыг нь бүр нүүрс түлдэггүй болгоно. Зарим нь нүүрсээ түлэх ч 50 хувь багасгана. Гэр хорооллын дахин төл өвл өлтийн хүрээнд инженерийн дэд бүтэц нэлээд тэлж байна. Үүнд суурилан, сургууль, цэцэрлэг болон төрийн өмчит бусад байгууллагыг төвийн шугамд холбож байна. Энэ намар Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Х хорооны цогцолборыг төвл өрс өн дулаанд холбохоор ажлаа эхлүүлсэн, аравдугаар сарын 15 гэхэд дуусгах зорилттой. Төвийн шугамаас бага зэрэг хол учир холбоход өнд өр өртөг гарах ч агаарын бохирдолтой бүсэд хамаардаг 10 гаруй сургууль, цэцэрлэгийг ирэх жил төвийн шугамд холбоно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд инженерийн дэд бүтцийг өргөтгөх тусам уурын зуухнуудыг зогсоох юм.
Хуучин автомашин утааны 20 хувийг ялгаруулдаг. Утаа саагсан машин хотын гудамжаар цөөнгүй явдаг. Үүнийг яагаад цэгцэлдэггүй юм бол. Дээр нь машины утаа нэмэгдэхэд муу зам нөлөөлж байгаа байх.
Н.Баттулга: Автомашины тоо сүүлийн зургаан жилд тав дахин нэмэгдсэн. Монгол Улсад өдгөө 800.000 машин бүртгэлтэй, 1000 хүнд 200 орчим машин ногддог. Дэлхийн жишгээр 1000 хүнд 800 орчим машин ногддог юм билээ. Тэгэхээр ирэх жилүүдэд машины тоо улам өснө. Бидний тооцоогоор манай улс хоёр сая орчим машинтай болно. Тээврийн салбар 90 жилийн хугацаанд төрөөс баримтлах бодлогогүй явсан. Бид харин бодлогоо боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Энэ бодлогод хуучин тээврийн хэрэгслийн импорт, тээвэрт ямар бодлого баримтлах, энэ нь замтайгаа хэрхэн уялдахыг тусгасан. Мөн Авто тээврийн тухай хууль боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Мөн бүтцийн хувьд томоохон өөрчлөлт хийсэн. Авто тээврийн үндэсний төвийн бүтэц, орон тоог журмын дагуу өөрчилсөн. Улаанбаатар хотод оношилгооны гурван төв бий.
Эдгээр төв ачаалал ихтэй байдаг учир хоёр ээлж болгон, ажиллах цагийг нь уртасгаж, илүү олон хүн хүлээн авах хүчин чадалтай болгосон. Үүнээс гадна хотын төвөөс алслагдсан газруудад шаардлага хангасан, стандарт оношилгооны төв бария гэвэл хувийн хэвшлийнхэнд зөвшөөрөл өгнө. Одоохондоо туршиж байгаа. Манайх олон орны автомашин оруулж ирдэг. Машиныг тухайн орных нь стандартад заасны дагуу оношилж, утааны үзүүлэлтүүдийг нь хянах ёстой.
Үүний дагуу “Улаанбаатар цэвэр агаар” сангийн хөрөнгөөр олон улсын 17 стандартыг нутагшуулахаар ажиллаж байна. Мөн тус сангийн хөрөнгөөр утаа шалгах орчин үеийн багажууд авлаа. Манайд оношилгооны хоёр төрлийн хуучин багаж бий. Үүнийг өвөл ажиллуулах боломжгүй. Ер нь утаа шалгах багажуудыг 15 градусаас дээш хүйтэнд ажиллуулж болдоггүй байсан бол 30 градусын хүйтэнд ажилладаг болгож, хорт бодис шалгах шинэ багажууд авч, тоноглосон. Мөн явуулын 11 машин авсан. Өдгөө явуулын оношилгоогоор байнга хянадаг. Түгжрэлтэй холбоотойгоор хотын төвд шалгалт хийж чадахгүй байна.
Машинаас гарч буй утаанд шатахууны чанар нөлөөлдөг. Манай улс хэр чанартай шатахуун хэрэглэж байна вэ?
Манайхан түлшээ голдуу ОХУ-аас импортолдог. Тус улсаас оруулж ирдэг евро-2 стандартын түлш төдийлэн шаардлага хангахгүй учир түлшний стандартыг сайжруулах чиглэлээр нэмэлт бүтээгдэхүүнүүдийг туршиж, заримыг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Жишээ нь, нано түлш туршиж байгаа. Монгол Улс далайн түвшнээс дээш 1300-3000 метрийн өндөрт оршдог тул агаар нь сийрэг. Ийм нөхцөлд хөдөлгүүр дэх түлшний холимгууд хэрхэн шатаж байгааг ЖАЙКА-тай хамтран туршиж, судалж байна. Хуучны судалгаа бий ч өнөө үед ямар болсныг нь судлах зайлшгүй шаардлагатай.
Ж.Эрдэнэцогт: -Автомашинаас гарч буй утаа дэлхий дахины асуудал болчихоод байна. Манайх шиг нүүрс түлдэггүй ч автомашины утаа агаарыг нь бохирдуулдаг улс, хот олон. Бээжин гэхэд маш их утаатай. Түүний 70 орчим хувь нь машинаас ялгардаг. Автомашинаас гарч буй утааг багасгах асуудал шатахуунтай л холбогдоно.
Чанартай, сайн шатахуун хэрэглэвэл хорт хий багасна. Манайхны хэрэглэж заншсан А-76, А-80 бензинээс ялгарч буй утаа дэндүү хортой. Ийм түлш хэрэглээд байвал утаа байсаар л байна гэсэн үг. Автомашины тоо жил ирэх тусам нэмэгдэж буй өнөө үед сайн, чанартай шатахуун хэрэглэх шаардлагатай. Жил бүр хотод шилжин ирэх хүний тоо нэмэгддэг. Тиймээс хөрвөх чадвар сайтай бодлого гаргахгүй бол обьектуудын тоо нэмэгдэж, ажлын үр дүнг бууруулах талтай.
Сайн чанарын түлш оруулж ирэх талаар ярьж байгаа юу. Манайх шатахууны хувьд ОХУ-аас хараат байж чанартай түлшний тухай ярих хэцүү юм даа?
Ж.Эрдэнэцогт: Манайх түлшний хувьд ОХУ-аас хараат. Уул уурхайн яам энэ жилээс ядахдаа А-76, А-80 гэх муу түлш авахаа болих талаар ярьж байгаа. Өдгөө хэлэлцээрийн түвшинд байна. Баттулга даргын хэлснээр нано түлш зах зээлд нэвтрүүлсэн. Уг түлшийг А-80-д холивол чанар нь сайжирч, утаа нь багасдаг. Үүнийг өргөн хүрээнд нэвтрүүлэхээр тал талаас нь судалж байгаа.
Манай импортлогчид хямдыг нь бодоод чанар муутайг нь авдаг юм биш үү?
Ж.Эрдэнэцогт: -ОХУ сайн чанарын түлш хэрэглэдэг болж байгаа. ОХУ-д ийм процесс эхэлчихсэн тул манайх дагаад шилжих боломжтой.
Нийслэл гэлтгүй аймгуудын төв утаатай болчихлоо. Утаа ихсэхээс нь өмнө сэргийлэх арга алга уу. Аймгуудын утааг нэмэгдүүлэхгүй байлгах талаар юу хийж байгаа вэ?
Ж.Эрдэнэцогт: -Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарын асуудал биш боллоо. 10 аймагт холбогдох стандартаас давсан утаатай болсныг судалгаагаар гаргасан. Манай хороо Улаанбаатарынхаа утааг ойрын хугацаанд бодитой, дорвитой шийдэх ёстой гэж үзэж байгаа. Утаа бууруулах ажилд багагүй хөрөнгө зарсан тул үр дүнг нь үзэх хэрэгтэй. Энэ жил аймгуудад судалгаа шинжилгээ хийж байгаагаас биш, хөр өнгө оруулалт хийгээгүй. Улаанбаатарт хэрэгж үүлсэн арга хэмжээг ирэх жил аймгуудад хэрэгж үүлье гэсэн байр суурьтай байгаа. Аймгийн төвүүд гэлтгүй Налайх, Багануур, Багахангайд ч ийм асуудал үүсэж, тэндхийн иргэд “Бид сайжруулсан зуух авъя” гэх болсон.
Т.Бат-Эрдэнэ: Аймгуудад ийм асуудал үүснэ гэдэг чинь тэнд амьдрах иргэдийн төвлөрөл нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс түүнд нь таарсан бодлогыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо цаашид боловсруулж, бага дээр нь зохицуулах шаардлагатай. Нөгөө талаас олуулаа амьдарна гэдэг хариуцлагатай амьдрахын шинж. Түүнээс биш хамар хашааны айл өглөө болгон угаадсаа манайх руу асгаад байвал би тэр хүнтэй яаж эвтэй амьдрах вэ. Улаанбаатар хотын газар нутгийн 40 орчим хувийг гэр хороолол эзэлдэг хэрнээ хүн амынх нь 70 хувь тэнд амьдарч байна. Иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Улаанбаатар хотод амьдарч бололгүй яахав. Төвлөрөх тусам бидний амьдрал сайжирч, харилцаа хөгжинө.
Нийслэлийн Засаг дарга “Та хотод ирж амьдарч болно. Гагцхүү хотын иргэдийн эрх ашигт нийцэх ёстой” гэдэг. Та гэр хороололд амьдарч байгаа бол гал түлэх нь зүйн хэрэг. Гэхдээ та сайжруулсан зуух л авчих. Бид үнийг нь буулган, 15.000-60.000 төгрөг болголоо. Гоё, ганган тансгийг нь нэг хэсэгтээ болиод, чанартай мөртлөө боломжийн өртөгтэйг нь ав. Тэгээд зөв галла. Энэ шаардлагыг биелүүлэх ёстой. Хэрэв тэгэхгүй бол хариуцлага тооцож, цахилгааныг нь тасална. “Та нар утаа багасгаж чадахгүй байж, иргэд рүү дайрлаа” гэж манайхан шүүмжилдэг. Эцсийн дүндээ иргэд нийлж байж л эх орноо, хөгжлийг бүтээж байгаа. Тиймээс нэг иргэн гэхгүй, бүгд хариуцлагатай байх ёстой. Гаднаас зуух оруулж ирж буй аж ахуйн нэгжийнхэн уурлаж, “Та нар яагаад зуухны үнийг ийм хямдхан болгож байгаа юм” гэж байна. Хашаандаа зуух хийж буй иргэдэд сайн технологи өгч, ажлын байраар нь хангаад, хийсэн зуухыг нь зах зээлд гарган, 15.000, 20.000 төгрөгөөр зарж, үлдсэн мөнгийг нь улс татаасаар өгч байна.
Ингэж үйлээ үзэж, олон түмний төлөө зүтгэж байхад иргэн сэтгэлгүй хандаж болохгүй. Тиймээс нийслэлийн Засаг дарга хариуцлагагүй иргэдийн цахилгааныг тасална гэж хэлээд байгаа юм. Эсвэл хотоос яв гэдэг шаардлага тавина. Учир нь танаас болж танай гудамжны айлууд хордох ёсгүй шүү дээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гол ажлын нэг нь агаарын чанарын хяналтын ухаалаг систем. Ийм систем нэвтрүүлж, агаарын чанарын мэдээллийг вэб сайт, гар утсаар иргэдэд хүргэх нь хэнд хэрэгтэй вэ. Ийм мэдээлэл авсан иргэн яах ёстой юм бэ?
Т.Бат-Эрдэнэ: Энэ бол “Утаа хортой. Амны хаалт зүү” гэсэн дохио. “Утаагаа арилгаж чадахгүй болохоороо амны хаалт зүү гэдэг болж” гэж хүмүүс намайг шүүмжилдэг. Нэгэнт байгаа юмыг яах вэ. Эх орон минь намайг утаанаас хамгаалах ёстой гээд байвал өвчин тусна. Тиймээс та өөрийгөө, хүүхдээ орчны бохирдлоос хамгаалдаг, урьдчилан сэргийлэх мэдээлэлтэй байх ёстой. Агаар цэвэрших цаг иртэл өөрийгөө хамгаалахад нь туслах гэж ийм мэдээлэл өгч байгаа юм. Түүнээс биш утаагаа мартаад, эвлэр гэсэн үг биш шүү. “Агаар хэт бохир байна шүү” гэсэн мэдээлэл авсан иргэн хүүхдэдээ амны хаалт зүүлгэж гаргана.
Ж.Эрдэнэцогт: Агаарын бохирдол бууруулахад бүгд оролцохгүй бол 4-5 байгууллага зүтгээд болохгүй нь. Бүгдээрээ оролцохын тулд иргэд мэдээлэлтэй байх ёстой. Иргэдийг мэдээллээр хангахын тулд энэ төслийг хэрэгж үүлж буй. Бүх мэдээллийг нээлттэй ил тод болгож байна. Мөн манайх удахгүй цахим хуудастай болж, бодлого, үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод болгоно. “Улаанбаатар цэвэр агаар” төслийн төсвийг хэрхэн зарцуулсныг ч үзэж болно. Удахгүй гар утасны аппликэйшн гаргаж, агаарын чанарын мэдээллийг түгээнэ. Одоохондоо ашиглалтад оруулаагүй, сарын дараа гаргана.
Шинжилгээ хийдэг суурин 10 харуул нийслэлд бий. Цаашид шинжилгээний явцыг хажуу талд нь лэд дэлгэцээр харуулдаг болох юм. Утааг соруулаад алга болгож чадахгүй тул нөхцөл байдалдаа тохируулаад иргэн ч гэсэн зөв мэдлэг, мэдээлэл авах боломж нээж өгч буй нь энэ. Бид хийж буй ажлаа үр дүнд хүрч буй эсэхийг мэдэхийн тулд агаарын чанарын хяналт шинжилгээний сайн багаж, боловсон хүчинтэй байх ёстой. Тэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Цаг уур, орчны шинжилгээний газар, нийслэлийн ЗДТГ хамтран агаарын чанарын хяналт шинжилгээг олон улсын түвшинд аваачиж байна. Ингэснээр иргэд бодит мэдээлэл авна гэсэн үг. ЖАЙКА байгууллага Японы стандартыг манайд нэвтр үүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байгаа.
Утаа бууруулах хамгийн үр дүнтэй арга бол ногоон байгууламжаа нэмэгдүүлэх болон орон сууцжуулах. Нийслэлийн ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө удахгүй гарах юм байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт цаг, хөр өнгө шаардсан ажил тул одоохондоо бодит үр дүн гарахгүй байх шиг байна?
Т.Бат-Эрдэнэ: Гэр хорооллын 21 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компаниудтай хамтран энэ жил 26 га газар чөлөөлсөн. Газар чөлөөлснөөр яндангууд байхг үй болно. Дахин төлөвлөлтийн ажилд иргэдийн өмч хөрөнгөтэй холбоотой харилцаа үүсэж байгаа тул амар биш. Бид туршлагажиж байна. Бизнесменүүд хашир тул зарим нь харзнаж байгаа байх. Зарим нь иргэдтэй зөвшилцөж чадахгүй буцаж байна. Иргэдтэй ойлголцон ажил нь урагштай явж буй компани ч бий. Ногоон байгууламж гэдэг хүний амьдрах орчныг хамгийн цэвэрхэн болгох хүчин зүйл мөн. Нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотын газар нутгийн 20 хүртэлх хувийг ногоон байгууламж болгоно гэж төлөвлөсөн. Үүнийг нь дутаачих вий гэж их санаа зовдог.
Зөвхөн бид хашгираад энэ ажлыг хэрэгжүүлж дийлэхгүй учир хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриалга гаргаж байгаа. Гэр хорооллын газраа шинэчлэн зохион байгуулж буй айлуудыг хашаандаа том мод тариарай гэж зөвлөж байна. 180.000 хашаанд мод тарихад 180.000 модтой болно. Тооны хувьд маш хурдан. Улаанбаатарт ямар мод таривал ургах, хотын өнгө үзэмж ямар байхыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөнд тусгана. Уг төлөвлөгөөний дагуу ногоон байгууламжаа өргөтгөнө. Бид ногоон байгууламждаа анхаарч, их мөнгө төсөвлөдөггүй байсан бол цаашид багагүй мөнгө төсөвлөж, мод тарья гэж төлөвлөж байгаа.
Х.БОЛОРМАА, Ч.МӨНХЗУЛ
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин 2014.09.15 №
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05