Мэдээ, мэдээлэл

“САЯ УУШГИ-САЯ МОД” УРИАЛГЫГ ДЭМЖЭЭРЭЙ

Нийтлэгдсэн огноо: 2021/05/19

     ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дахинаа гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая гаруй хүн амьдарч жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт эндэж байна. Үүний нэг томоохон шалтгаан нь архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болсон агаарын бохирдол юм.

   Нас барсан нийт хүмүүсийн 40 хувь нь зүрхний ишеми, 40 хувь нь цус харвалт, 11 хувь нь уушгины архаг бөглөрөлт өвчин, 6 хувь нь уушгины хавдар, 3 хувь нь хүүхдийн амьсгалын замын өвчний улмаас эндсэн байсан ба нас барахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь гадаад орчны агаарын бохирдол байна.

     Дэлхийн банкны тайланд гадаад орчны агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж тэр дундаа зүрх судас болон амьсгалын замын өвчлөл, нас баралт эрс нэмэгдсэний улмаас гарч буй зардал нь Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувийг эзэлж байна гэжээ.

    Орчны бохирдол ялангуяа гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын тогтолцооны өвчин нялхас болон 5 хүртлэх насны хүүхдүүдийн өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэгдүгээрт бичигдэж, өвчлөл жил тутам нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн нялхсын эндэгдлийн шалтгаанд перинаталь үед үүссэн эмгэг, амьсгалын тогтолцооны өвчин, ургийн хөгжлийн ба төрөлхийн гажиг зэрэг нь эхний тэргүүлэх 3 шалтгаан болж байгаа нь тэдгээрт нөлөөлдөг том ширхэгт тоосонцор болон нарийн ширхэгт тоосонцор улсын хэмжээнд, ялангуяа хот сууринд их байгааг дахин харуулж байна.

    Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэх, агаарын хэмийг бууруулах, дуу чимээ шороо тоосны 40-50 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг тул агаар, орчны бохирдлыг бууруулахад мод тарих нь чухал байна.

                                                                                                     НЭГ. ЗОРИЛГО

     Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “Сая уушги-Сая мод”  уриалгыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, агаарын бохирдлын хор уршиг, экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, эрүүл мэндийн боловсрол олгох, агаарын бохирдлыг бууруулах, 1 сая мод шинээр тарихад энэхүү удирдамжийн зорилго оршино.

                                                                                                    ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

 Улаанбаатар хотын 9 дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоотой зохион байгуулна.

                                                                                                     ГУРАВ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1. “Сая уушгийг Сая модоор аварья” уриалгыг удирдан зохион байгуулж, удирдамжийг холбогдох агентлагууд болон дүүргүүдэд хүргүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцна;

3.2. Шинээр баригдаж буй орон сууцны хороолол, хотхон, гэр хорооллын гудамж, талбайд мод тарих талбайг гаргах, тохижуулах ажилд дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, СӨХ-г татан оролцуулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцна;

3.3. Агаарын бохирдлыг бууруулах, мод тарьсны ач холбогдол, иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хариуцна;

3.4. Мод тарих газар, шинээр гэр бүл болж буй хосууд, анхны хүүхэдтэй болсон гэр бүлд зориулсан “Дурсамж” цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг тогтоох, олох ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,  дүүргийн Засаг дарга нар хамтран хариуцна;

3.5. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд уриалгыг зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах ажлыг хариуцаж,  дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

3.5.1. Дүүрэг бүр бүх нийтээр мод тарих ажлыг уламжлуулан зохион байгуулах талбайг сонгосон байх. /бүс нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүс, бүх төрлийн хамгаалалтын зурвас, ойгүй болсон ойн сан, усны эх бүрэлдэх газар гэх мэт/;

3.5.2. Дүүргүүдийн хороодод 30х40 метр буюу 1,200 мкв-аас доошгүй талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хотхонуудын дунд болон гэр хорооллын гудамжнуудад 10х10 метр буюу 100 мкв ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн тус тус байгуулах;

3.5.3. Айл өрх бүрийг хашаандаа 3-оос доошгүй мод тариулах, арчилгаа, хамгаалалтыг нь хариуцуулан ургуулах;

3.5.4. Орон сууц, гэр хорооллын гудамж, талбайд болон аж ахуйн нэгж, байгууллага бүрийн гадна орчинд 5-аас доошгүй мод тариулах, арчилгаа, хамгаалалтыг нь хариуцуулан ургуулах үүргийг СӨХ, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагад өгөх;

3.5.5. Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагуудад газрыг нь зааж өгч, өөрийн ой, төгөл бий болгох ажлыг дэмжин зохион байгуулах;

3.5.6. Тарьсан модоо 5-аас доошгүй жил арчлан хамгаалж ургуулах тал дээр иргэдэд сургалт зохион байгуулах;

3.5.7. Аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хороо бүрээр нэгтгэн дүгнэж, дээд шатны ажлын хэсэгт саналаа бичгээр болон хийсэн ажлыг гэрэл зургаар баримтжуулан тайланг улирал тутам Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэст  тус тус хүргүүлнэ.

                                                                                                      ДӨРӨВ. ХУГАЦАА

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл мод тарихын ач холбогдлыг таниулсан уриалгыг явуулж, мод тарьж ургуулна.

                                                                                                   ТАВ. ҮЙЛ АЖИЛЛАГАА

5.1. Хаврын мод тарих уриалгыг 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр явуулах, мод тарих талбайг бэлтгэх;

5.1.1. Хүний хамгийн үнэт эрдэнэ нь эрүүл мэнд бөгөөд хүн амьтны эрүүл явах үндэс болсон цэвэр агаар үйлдвэрлэгч модыг олноор тарих нь бидний эрхэм зорилго байх ёстой гэдгийг иргэдэд ойлгуулах, уриалах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх;

5.1.2. “Сая уушги-Сая мод” уриалгыг их дээд сургууль, МСҮТ болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутан, сурагчид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд хүргүүлж, хаврын мод тарилтад уриалах.      

5.2. Намрын мод нөхөн тарилтын үе 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд байх бөгөөд гэр хорооллын иргэдэд хашаандаа мод тарихыг уриалж, тарьсан модыг арчлах, услах, тарьсан модыг өвөлжилтөд бэлтгэх аргыг заах;

5.2.1. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд чиглэсэн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх сургалт, сурталчилгааг явуулж, Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдад, тэдгээрийн эцэг, эх асран хамгаалагч нарт чиглэсэн мод тарих уриалга явуулах;

5.2.2. Их дээд сургууль, МСҮТ-д элссэн орж буй оюутан, залуус, шинээр гэр бүл болж буй иргэд, анхны хүүхэддээ дурсамжийн мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэх “Дурсамж” цэцэрлэгт хүрээлэн байгуулах;

5.3. “Бидний гудамж-бидний эрүүл мэнд” өдөрлөгийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд дүүрэг, хороод өөрийн нутаг, дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, орон сууцны болон гэр хорооллын иргэдэд гудамжиндаа мод тарих, тохижилтын ажлыг хамтран хийх уриалгыг хүргүүлэх.

ЗУРГАА. ҮР ДҮН.

6.1. “Сая уушги-Сая мод” уриалгыг төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдэд хүргэснээр нийслэлийн хэмжээнд 1 саяас доошгүй мод тарьж ургуулсан байна.

6.2. Иргэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах, мод тарьж ургуулахын ач холбогдлыг мэдсэнээр эрүүл мэнд, байгаль орчны хоорондын хамаарлыг таньж мэднэ.

ДОЛОО. УРАМШУУЛАЛ

7.1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь уриалгыг үр дүнтэй явуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах, “Манай хороо-Миний гудамж” шалгаруулах ажлын шалгуур үзүүлэлтэнд оруулж, нэмэлт оноогоор урамшуулах асуудлыг шийдвэрлэнэ.

7.2. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд идэвхитэй оролцож, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах асуудлыг шийдвэрлэнэ.

7.3. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь харьяа байгууллагуудын хийсэн ажилтай танилцаж, Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн гүйцэтгэлийн гэрээний биелэлт, холбогдох болзолт аян, уралдааны шалгуур үзүүлэлтэд нэмэлтээр оруулж, онооны урамшууллыг олгоно.

 Зохион байгуулагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

 

                                                                                                ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                                                ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 

 

 

 

 


Facebook Twitter YouTube