Мэдээ, мэдээлэл

ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУД

Нийтлэгдсэн огноо: 2021/04/29

   Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21/04 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу:

  •  “Аюултай хог хаягдлын түр хадгалах, устгах зориулалтын байгууламж байгуулж, аюултай хог хаягдал хяналтгүй тархах байдлыг хумих” гэж заасныг хэрэгжүүлэх хүрээнд Стандартын шаардлага хангасан аюултай хог хаягдлын агуулахыг аймгуудад байгуулах;
  •  “Гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэг болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх машин механизмын тоог нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих”,
  •  “Хот, суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох” гэж заасныг хэрэгжүүлэх хүрээнд Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

      Тухайлбал аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж байгуулах ажлын хүрээнд Архангай аймгийн Гууртын гүүрний орчимд ариун цэврийн байгууламжийг байгуулах ажил хийгдэн 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа.

      Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлын хүрээнд Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэх ажил хийгдэж байна.Хустайн байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн хог хаягдлыг бууруулах, иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байна.1500 цэгт хөрсний үржил шим, бохирдол, цөлжилтийг хянах сорьц авч шинжлэх, хөрсний үржил шим, бохирдлын динамикийн мэдээллийн сан бүрдүүлэх талаар үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

      Гэр хорооллын ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн лаг хаягдлыг байгальд халгүй аргаар шатааж устгах туршилтын төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан ажиллаж байна.

     Аюултай хог хаягдлын хадгалах агуулахын жишиг зураг, төсөв боловсруулан батлуулах, стандартын шаардлага хангасан аюултай хог хаягдлын агуулахыг аймгуудад байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Завхан аймгийн Алдархаан, Дорнод аймгийн Баянтүмэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Сайншанд сумдад агуулахын барилгын  ажлыг эхлүүлээд байна.

                                                  ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                      ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube