Мэдээ, мэдээлэл

ХАРГИА ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ОРЧИМД ХРОМЫН АГУУЛАМЖ ӨНДӨР БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/04/29

     Улаанбаатар хотын газар нутгийн өнгөн хөрсийг бохирдуулж буй гол хүнд металлууд нь цайр, хром бөгөөд гол эх үүсвэр нь гэр хорооллын яндангийн утаа, зуухны үнс нурам, хог хаягдал, цахилгаан станц, үйлдвэр буюу үйлдвэрийн хог хаягдал, хаягдал бохир ус, станцаас ялгарах утаа ба үнс нурамны хаягдал,зах худалдааны төвийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байна.

     Хөрсний чанарын хяналтын 106 цэгийн хяналт шинжилгээний дүнгээр 2020 онд хлор, кадми, мөнгөн ус, бром, зэс, стронций, рубиди, цирконы агууламж нь MNS 5850:2008 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй. Харин цайрын агууламж 2020 онд ихэнх дүүрэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, хромын агууламж Хан-уул дүүргийн “Харгиа” орчимд 1129.5 мг/кг хүрч, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.5 дахин их буюу хортой гарсан байна. Харгиа цэвэрлэх байгууламж орчимд 2020 оны 6 дугаар сард хөрсний чанарын нэмэлт 3 дээж авч шинжлэхэд хромын агууламж 1091-1515 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7-10 дахин их, аюултай агууламжаас мөн давсан байна.

     Иймд арьс, шир, үслэг болон бусад боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, хотын хүн амын суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлэх, технологийг сайжруулах, үйлдвэр тус бүрд цэвэрлэх байгууламжтай болгохзэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Харгиа орчмын хөрсөнд хромын агууламж аюултай агууламжаас давж бохирдсон тул аюулгүй, хор нөлөөлөлгүй болгох саармагжуулах ажлыг хийх шаардлагатай.

    Орон нутгийн хувьд 21 аймгийн 294 цэгт хийсэн хяналт шинжилгээний дүнд хлор, кадми, мөнгөн ус, бром, зэс, рубиди, цирконы агууламж стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй. Харин стронцийн агууламж Архангай, Баян-Өлгий, Дархан, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын зарим цэгүүдэд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-1.8 дахин их байсан ба цайрын агууламж Завхан, Орхон, Төв, Увс, Ховд аймгуудын зарим цэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их байв. Хромын агууламж Говь-Алтай аймгийн төвийн 20 цэгийн 11 цэгт буюу 55%-д зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-4.7 дахин их байсан. Говь-Алтай, Булган аймгийн төвийн нийт цэгийн хяналт шинжилгээгээр хром, стронцийн дундаж агууламж стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байгаа тул эдгээр аймгуудад хөрсний бохирдлын эх үүсвэрийг тодорхойлох, нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байна.

                                              ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                    ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 


Facebook Twitter YouTube