News

С.Оюун: Сайжруулсан дөрвөн зуух тутмын нэг нь ашиглагдахгүй байхад утаа багасах нь юу л бол

Published date: 2014/10/01

Даваа гараг бүрт хийгддэг Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-т БОНХ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Оюун оролцсон юм. Тэрбээр 2013 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан “Агаарын тухай Монгол Улсын хууль”-иар Ерөнхий сайдын дэргэд ажиллах болсон Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт, Улаанбаатар хотын БОНХ-ийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатарын Агаарын бохирдлыг бууруулах төслийн зохицууулагч Н.Энхболд нарын хамт мэдээлэл хийсэн юм. Энэ талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх даалгаврыг Ерөнхий сайдаас авснаа С.Оюун сайд тайлбарласан. Мэдээллийн дараа сайдаас доорх тодруулгыг авлаа.

 

-Ерөнхий сайдын дэргэд ажиллаж байгаа Агаарын бохирдлыг бууруулах Үн­­дэс­­ний хороо агаарын ча­­нар, байдалд ямар ар­гаар хя­налт тавьдаг юм бэ?

-Агаарын чанарын мэ­дээг ард иргэдэд нээлт­тэй ил тод байлгах, тө­рийн болон олон ний­тийн бай­гуул­ла­гуудыг мэ­­­­дээл­лийн эх үүс­вэрийн нэгд­сэн сантай бол­гох зо­р­илгоор “Агаарын ча­­на­рын ухаалаг хяналтын систем”-ийг нэвт­рүүлэх нь Агаарын бо­хирдлыг буу­руулах Үндэс­ний хорооны гол аж­луу­дын нэг юм. Энэ системийн зорилго нь агаарын чанарын мэ­дээл­лийг вэб сайт, гар утсаар дамжуулан иргэдэд түргэн шуурхай хүргэхэд оршино. Түүнчлэн LED дэл­гэцээр дамжуулан Улаан­баатар хо­тын хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгт агаарын чанарын мэдээг олон ний­тэд энгийн ойл­гомж­той байдлаар удахгүй мэдээлж эхэлнэ.

 

-Улаанбаатарын агаа­рын чанарыг сайж­руу­лахын тулд сүүлийн гур­ван жилд багагүй хө­рөнгө, хүч зарцуулан ихээ­хэн анхаарал тавьж байгаа. Гэвч “Цэвэр агаар сан”-гийн хуучин удирд­лагуудаас эхлээд энэ ажилд хүйтэн сэтгэлээр хандаж, ихээхэн хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь тогтоогдсон. Ер нь энэ ажилд ахиц, дэвшил гарч байна уу?

 

-Монголчууд “Чам­лахаар чанга атга” гэж ярьдаг. Улаанбаатарын агаа­­рын бохирдлыг ганц­хан далайл­таар шийдэж ча­дах­гүй нь ойлгомжтой. Ихээ­хэн хөрөнгө зарж, хүч хаяж байгаагийн үр дүнд зохих ахиц, дэвшил гарч байгаа.

Харин MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад сүүлийн гурван жилийн хүйтний улирлын дундаж агууламж нь 2-2.8 дахин их байгаа. Уг нь энэ үзүүлэлт дөрөв дахин их байсныг бодвол Улаанбаатарын агаа­рын чанар бага ч гэсэн сайжирч л байна.

Ер нь агаарт байгаа нарийн ширхэгтэй тоосон­цор, азот, хүхэрлэг хийн хэм­жээгээр бохирдлыг нь тог­тоодог Олон улсын аргач­лал байдаг.

 

-Тэгвэл Улаанбаатар хо­тод дээрх гурван үзүүлэлт ямархуу түвшинд байдаг юм бол. Багагүй хөрөнгө гаргаж, дээр дооргүй бу­жиг­налдаж байгаа болохоор ямар ч гэсэн үр дүн гарах л ёстой доо?

-Агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцорын хэм­жээний талаар сая хэлсэн. Харин Улаанбаатар хотын хүйтний улирлын агаар дахь азотын давхар ислийн тухайд 2013 оны 10-12 дугаар сар, 2014 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламжийг 2012-2013 оны мөн үетэй харь­цуулахад 18 мкг-аар буюу 26 хувь, 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн мкг-аар буюу 7.5 хувиар тус тус бага байгаа юм.

Харин сүүлийн гурван жилийн хүйтний улирлын дундаж агууламжийг MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 1.3-1.7 дахин их байгаа. Тэгвэл хүхэрлэг хийн тухайд 2013 оны 10-12 дугаар сар, 2014 оны нэгээс дөрөвдүгээр сарын хүхэрлэг хийн дундаж агуу­ламжийг 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад найман мкг-аар буюу 20 хувь, 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 21 мкг-аар буюу 40 хувиар тус тус багассан байна. Харин сүү­лийн гурван жилийн хүйтний улирлын дундаж агуу­ламжийг MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 1.6-2.7 дахин их байгаа юм.

 

-Улаанбаатарын гэр хо­рооллыг бууруулах зо­рилгоор дахин төлөвлөлт хийж, барилга­жуулах ажил эрчимтэй явагдаж бай­­­­­на. Өнөөдрийн байдлаар Улаан­баатар хотын гэр хо­роололд хэчнээн мянган айл аж төрж байгаа вэ. Гэр хорооллын зуух, яндангийн тоо эрчимтэй цөөрч чадаж байна уу?

-Улаанбаатарын гэр хо­рооллын айлыг багасгах чиглэлээр олон ажил хийг­дэж байгааг та бүхэн харж байгаа. Гэхдээ л хөдөөнөөс Улаанбаатарыг чиглэсэн их нүүдлийг дагаад гэр хорооллын айл өрхийн тоо эрчимтэй буурахгүй бай­гаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын гэр хороо­лолд 190 мянга гаруй айл өрх амьдарч, тэр хэмжээний зуухнаас утаа гарч байна. Улаанбаатарын агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын айлуудын яндангаас гарч байгаа утаа үйлдвэрлэж байгааг на­рийвчилсан судалгаагаар тогтоосон.

Цахилгаан станцын яндангаас гарч бай­гаа утаа, тортог агаарын бохирдлын тав орчим ху­вийг гаргаж байгаа бол Улаанбаатарын гудамжаар чихэлдэн зор­чиж байгаа 350 мянга га­руй автомашин агаарын бо­хирдлын 10 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Хүхэрлэг хийг үйлдвэрлэгч нь ерөөсөө л түүхий нүүрс шатааж дулаацдаг гэр хо­роолол юм.

 

-Сүүлийн хоёр жилд гэр хорооллын айлуудыг сайж­руулсан зуухаар хангах гэж багагүй хүч чармайлт гаргасан. Энэ ажлын үр дүн ямархуу байгаа вэ?

-2013-2014 онд нийтдээ 45 мянган хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуу­хыг Улаанбаатарын айл өрхүүдэд тараахаар тө­лөвлөснөөс өнөөдрийн байд­лаар 29 мянга гаруй зуух хэрэглэгчдийн гар дээр очсон. Ер нь хамгийн сүүлийн тооцоогоор 157 мянган айл өрх сайжруулсан зуухтай болоод байгаа. Гэхдээ өнгөрсөн хавар, энэ зун хийсэн мониторингийн судалгаагаар дөрвөн зуух тутмын нэг нь ямар нэгэн байдлаар ашиглагдахгүй байгаа нь илэрхий болсон. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл сайжруулсан зуух авсан иргэд зуухаа зарж байна, эвдэлж байна, ерөөсөө ашиглахгүй байгаа нь ч бий.

Ингэхээр иргэдийн энэ талын ухамсарт эр­гэлт гаргахгүйгээр Улаан­баатарын агаарын чанарыг сайж­руулах ажил төдийлэн бидний санасан хэмжээнд хүрч хэрэгжихгүй байгаа юм. Энэ намрын халаалтын улиралд 16-22 мянган өрхөд сайжруулсан зуух өгнө. Ингэснээр нийслэлд нийт 170 гаруй мянган айл, өрх сайжруулсан зуухтай болох юм.

Бид энэ ажлыг улам сайжруулах, хариуцлагын систем нэвтрүүлэхийн тулд айл болгоны сайжруулсан зуухны талаар маш на­рийвч­лалтай мэдээллийн сан­тай болж, энэ намраас хэ­рэгжүүлж эхлэхээр болоод байна.

 

-Зуухнаас гадна сайж­руулсан түлшний үйлдвэр барихаар багагүй хөрөнгө, мөнгө гаргаж, ажил нь ч нэлээн дуулиантай эхэлж байснаа таг чимээгүй болчихсон. Тэр ажил ер нь юу болсон бэ. Үйлдвэр нь баригдсан уу?

-Өмнөх Засгийн газрын үед сайжруулсан түлшний үйлдвэрт зориулж багагүй төсөв, хөрөнгө гаргасан ч судалгаа, шинжилгээ муу­тай эхэлснээс тэр ажил удалгүй зогссон юм билээ. ОХУ-аас үйлдвэр оруулж ирэхээр болсон ч тооцоо судалгаа, үндэслэл муутай байсан болов уу.

Уг нь утаа­гүй түлшний үйлдвэрт зо­риулан түрүү­чийн УИХ-аас улсын төсөвт 16 тэрбум төгрөг суулгуулсан юм. Тэгсэн ч тэр үйлдвэрийн ажил зогс­чихсон. Харин одоо­­гийн Засгийн газар сайж­руулсан түлш үйлдвэрлэх сонирхолтой хувийн хэвш­лийнхнийг бодлогын хувьд дэмжин ажиллаж бай­гаа. Хуучин шиг энэ ажилд зо­риулан улсаас төсөв, мөнгө гаргахгүй бай­хаар тогт­сон.

Одоогийн байд­лаар сайж­руулсан түлш ний­лүүлэхээр гур­ван аж ахуйн нэгж гэрээ бай­гуулсан бөгөөд 2014 онд баг­таан 3-4 үйлд­вэр ашиглалтад орохоор ажиллаж байгаа. Түүнчлэн зургаан аж ахуйн нэгж сайжруулсан түлш үйлдвэрлэх чиглэлээр санал ирүүлж, судалгаа түршилтын ажил нь ид хийгдэж байна.

 

-Өнгөрсөн жилүүдэд сайжруулсан зуух болгонд төр болон Дэлхийн банкны төслөөс багагүй хэмжээний татаас олгодог байсан юм билээ. Харин энэ жилээс энэхүү татаасыг ихээхэн бууруулж байгаа сурагтай. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн жилүүдэд сайж­­руулсан зуух бүрт 93 хувийн татаас олгож байсныг энэ жилээс багас­гаж, 66 ху­вийн татаас ол­гохоор болж байгаа. Өөрөөр хэл­бэл энэ жилээс эхлээд зуух болгонд 256 мянган төг­рөгийн та­таас олгохоор болсон.

Энд дурьдахад Агаа­рын бохирдлыг буу­руу­лах Үндэсний хо­роо­­ноос до­­тоодын зуух үйлд­вэр­лэгч­­дийг ихээхэн дэмжих бодлого баримталж байгаа. Сайжруулсан зуухны тухайд гэр хорооллын иргэдийн ухамсар, оролцоог шинэ түв­шинд гаргах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

 

-Улаанбаатарын агаа­рыг бохирдуулж байгаа бас нэгэн эх үүсвэр нь хотын захын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн ажиллуулж байгаа нам даралтын зуухнууд байгаа. Энэ олон зуухны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Хотын ерөнхий тө­лөв­лөгөөтэй уялдуулан ба­­рилгажуулах, хэрэглэгч­дийг төвийн дулаанд холбох ажлууд хийгдэж байгаа. Ту­хайлбал “Дэнжийн 1000” орчмын эхний ээлжийн хэ­рэглэгчдийг хотын ерөн­хий төлөвлөгөөтэй уял­дуулан төвийн дулаанд холбох ажил хийгдэж бай­­на. Түүхий нүүрс түлж халаалтаа шийддэг нийс­лэлийн 25 хорооноос 11 хорооны барилгад сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаалтын системийн тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байгаа. Энэ онд багтаан хувийн болон төрийн өмчит нийт 19 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох, шинэчлэх, холбогдох стан­дартад нийцүүлэхээр ажил­лаж байна.

Тухайлбал Баян­гол дүүр­гийн 113 ду­гаар сур­гууль, Чингэлтэй дүүр­гийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, 10 дугаар хорооны цогцолбор зэрэг байгууламжийг дулаанаар хангадаг таван уурын зуухыг зогсоож төвийн шугамд холбоно. Бага болон дунд хүчин чадлын халаалтын зуухны чиглэлээр үйл ажил­лагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг стандартын шаардлага хангахыг шаар­даж, үүрэг даалгавар бие­лүүлээгүй тохиолдолд зуу­хаа шинэчлэх, утаа шүүгч, үнс баригч шинээр суу­рилуулах, солих зэрэг арга хэмжээ авч ажиллахыг хатуу анхааруулан ажиллаж байгаа.

 

 Эх сурвалж: Өглөөний сонин
Д.Энхтүвшин


Facebook Twitter YouTube