Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛ, ОРОН НУТГИЙН АГААРЫН ЧАНАРТ ТООСОНЦОР, ХҮХЭРЛЭГ ХИЙ, АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ ИХЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/04/06

     Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2019 оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 11 мкг/м3-ээр буюу 18%-аар, PM10 тоосонцор 34 мкг/м3-ээр буюу 27%-аар тус тус бага байсан бол, хүхэрлэг хий 18 мкг/м3-ээр буюу 62%-аар их, азотын давхар исэл өмнөх жилийн түвшинд байна.

      2020 оны 1-4 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 43мкг/м3-ээр буюу 40%, PM10 тоосонцор 72мкг/м3-ээр буюу 39%-аар тус тус бага, хүхэрлэг хий 29мкг/м3-ээр буюу 80%-аар их, азотын давхар исэл 9мкг/м3-ээр буюу 21%-аар их байна. Түүнчлэн хүйтний улирлаар агаарын чанарын индексийг үнэлэхэд “Цэвэр” болон “Хэвийн” түвшинд байсан өдрийн тоо өмнөх онуудаас 9 хүртэл хувиар нэмэгдсэн бол бохирдолтой өдрийн тоо 11 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байна.

     Улаанбаатар хот болон орон нутгийн агаарын чанарт нөлөөлж, бохирдуулж байгаа гол бохирдуулах бодисууд нь тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл байна. Эдгээр түгээмэл бохирдуулах бодисын агууламж хүйтний улиралд эрс нэмэгдэж, хүний эрүүл мэндэд нөлөөлөх түвшинд хүрсэн хэвээр байна.

   Орон нутгийн агаарын чанарын хяналт шинжилгээний хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 2019 онд Баянхонгорт 1.3 дахин их,  Даланзадгадад 1.4 дахин их, 2020 онд Баянхонгорт 2.1 дахин их байна. Азотын давхар ислийн жилийн дундаж агууламж зөвхөн Эрдэнэт хотод агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 2019 онд 1.5 дахин,  2020 онд 1.6 дахин их байна. PM10 тоосонцрын жилийн дундаж агууламж хүлцэх агууламжаас 2019 онд Дарханд 2 дахин, Даланзадгадад 3 дахин, Мөрөнд 2.8 дахин, Ховд 3.5 дахин, Сүхбаатарт 1.5 дахин, Баруун-Уртад 1.3 дахин тус тус их байсан байна. Харин 2020 онд Дарханд 1.7 дахин, Даланзадгадад 3.3 дахин, Мөрөнд 2.7 дахин, Улаангомд 1.3 дахин, Ховд 3 дахин, Эрдэнэтэд 1.4 дахин, Сүхбаатарт 1.8 дахин тус тус их байна.

 

Зөвлөмж:

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Агаарын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ногоон хөгжлийн бодлого, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, хууль тогтоомжийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, утаа ялгаруулагч яндангийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бүсийг өргөжүүлэх, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зөвлөмжийг хүргүүлж  байна. Үүнд:

  • Агаарын чанар хамгийн муу байдаг 11, 12, 1 дүгээр саруудад бохирдлыг бууруулах арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлэх
  • Хүхэрлэг хийг бууруулах арга хэмжээг онцгойлон хэрэгжүүлэх
  • Түүхий нүүрсийг хориглох бүсийг өргөжүүлж, Налайх дүүргийг хамруулах  
  • Агаарын бохирдлын эх үүсвэрүүдэд тавих хяналтыг сайжруулах
  • Сайжруулсан түлшний туршилт, чанарын хяналтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
  • Агаарын чанарыг сайжруулах төв бүсийн халаалтыг цахилгаан, хийн халаагуураар шийдэх
  • Нийтийн тээврийг сайжруулах, шинэчлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах
  • Дэд бүтцийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, автомашины шатахуунд хяналт тавих, автозамыг сайжруулах
  • Аймгийн төвүүдийг чанар, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшний үйлдвэрлэл байгуулах
  • Агаарын чанарыг сайжруулах бүс дэх нам даралтын зуухуудыг хийн зуухаар солих
  • Шаталтаас үүссэн үнс, хог хаягдлыг дахин боловсруулах, бууруулах
  • Агаарын чанарыг хянах хяналт шинжилгээний сүлжээг бэхжүүлэх, бохирдол ихтэй орон нутгийн агаарын чанарын харуулуудыг автомат багаж тоног төхөөрөмжөөр тоноглох, орон нутгийн бүх харуулуудыг тоосонцор тодорхойлох багажуудаар хангах
  • Агаарын бохирдолд нөлөөлж байгаа гол эх үүсвэрүүдийг олж тогтоох, судалгааны дүнгээр бууруулах арга хэмжээг оновчтой, үр ашигтай төлөвлөх

 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

                                                ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                 ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 


Facebook Twitter YouTube