Мэдээ, мэдээлэл

ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Нийтлэгдсэн огноо: 2021/03/02

     Агаарын бохирдлын эсрэг  Хөгжлийн түнш байгууллагуудын Ажлын хэсгийн ээлжит цахим уулзалт 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр боллоо.

     Уулзалтыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан нээж үг хэлээд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Ажлын хэсгийн дарга Алекс Хайкенс ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөр хариуцсан Нэгдүгээр орлогч ноён Иоханнис Шнайдер нарт талархалаа илэрхийлсэн юм.  

     Энэхүү ажлын хэсгийн уулзалтын үндсэн илтгэлийг ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул хэлэлцүүлж, хүрээлэн буй орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр  хэрэгжүүлж  байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.

     Тэрээр хэлэхдээ Улаанбаатар хотын агаар дахь бохирдлын хэмжээ 2016 оны дунджаар тоосонцор 256 мкг/м3, хүхэрлэг хий 89 мкг/м3, азотын давхар исэл 36 мкг/м3 үзүүлэлтийн агууламжтай байсныг 2020 оны дундажтай харьцуулахад 50 хувиар бууруулж чадсан амжилт нь 2019 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ОУБ-ууд, Хөгжлийн түншүүдийн хамтарсан “Агаарын бохирдлын эсрэг Ажлын хэсэг”-ийнхний  оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлов.

      Энэ үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Агаар нэг" мэдлэгийн менежментийн платформыг албан ёсоор нээж мэдлэг мэдээллийн сан  болгохоор ажиллаж  буйг дурьдаад харилцан мэдээлэл солилцож платформд нэгдэн эрүүл, аюулгүй орчныг бүтээхийн төлөө хамтран идэвхтэй ажиллахыг уриаллаа.

     Ажлын хэсгийн энэ өдрийн хуралдаанаар ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзулыг Ажлын хэсгийн дэд даргаар томилж,  дараагийн ээлжит хурлыг ирэх 4 дүгээр сарын 20-нд хийхээр тогтлоо.


Facebook Twitter YouTube