Нийтлэгдсэн огноо: 2014/09/16
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
2011 оны 02 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 11
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хороололын цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуульд заасан нөхцөл, шалгуур хангасан айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх;
2/нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрхөд жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эрчим хүчний шөнийн хэрэглээг урамшууллын хэлбэрээр зохицуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг 2011 оны 8 дугаар сарын 01-ний дотор авч хэрэгжүүлэх;
3/нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний урамшууллын хөнгөлөлтийн зөрүүг эрчим хүчний байгууллагад олгох;
4/нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрхийн тоог гаргаж, нэгдсэн мэдээллийн сан бий болгох, гэр, барилга байгууламжийн дулаалгын нэгдмэл стандартыг 2011 оны эхний улиралд багтаан батлуулж, мөрдүүлэх;
5/эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ эх үүсвэр 5, 6 дугаар цахилгаан станцыг барих ажлыг 2011 онд эхлүүлэн 2013 онд эхний ээлжийг ашиглалтад оруулж 2014 онд барьж дуусгах;
6/нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хот орчмын суурьшлын бүс, алслагдсан дүүргүүдийг хурдны авто зам, цахилгаан төмөр зам, гүүр, эрчим хүч, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг бий болгох замаар хөгжүүлэх төлөвлөгөөг 2011 оны эхний хагас жилд багтаан батлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
7/нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг Засгийн газрын бонд гаргах, хөнгөлттэй зээл олгох, санхүүгийн бусад эх үүсвэрийг дайчлах замаар шийдвэрлэх;
8/агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн аливаа хэрэглээ, үйлчилгээ, үйлдвэрлэлийг дэмжиж урамшуулах;
9/нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, цахилгаан эрчим хүч болон хий, коксон түлшний эх үүсвэрээр халаах технологийн шинэчлэлийг 2011-2012 онд хийх;
10/иргэдэд агаарын бохирдлын эх үүсвэр, сөрөг үр дагаврыг ухуулан таниулах, ахуйн хэрэглээнд шатдаг хий ашиглах, эдгээрийг аюулгүй хэрэглэх талаар мэдлэг олгох, сургалт явуулах, сурталчилгаа хийх;
11/нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэх;
12/нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2011-2012 онд шилжих өвөл нийслэлийн агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд шилжих өвөл 80 хүртэл хувиар бууруулж, 2013-2014 онд шилжих өвөл нийслэлийг агаарын бохирдолгүй хот болгох;
13/гадаад орнуудад хэрэглэгддэг агаарын бохирдол бүхий утаан хөшиг, мананг салхин сэнсний аргаар үлээлгэн арилгадаг туршлагыг судалж нэвтрүүлэх арга хэмжээ авах;
14/шаардлагатай бол Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тухай бүрд нь санаачилж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байх;
15/нийслэлийн агаарын бохирдлыг 2011 онд бууруулах талаар авах арга хэмжээ, шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /П.Алтангэрэл/, Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05