Агаарын тухай хууль (2012 оны 05 сарын 17 өдөр)

Published date: 2014/09/16

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 сарын 17 өдөр                                     

Төрийн ордон, Улаанбаатар хот


АГААРЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Агаарын тухай хууль тогтоомж

 

2.1.Агаарын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хүрээлэн байгаа агаар” гэж байгаль орчны бүрэлдэхүүн хэсгийн нэг болох хийн мандлын байгалийн төлвөөрөө байгаа хийн хольцыг;

3.1.2.“агаарын бохирдол” гэж хүрээлэн байгаа агаарт шууд хаягдсан, эсхүл физик, химийн урвалын дүнд шинээр үүсэж бий болсон бохирдуулах бодисын агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхийг;

3.1.3.“агаарын чанар” гэж агаарын чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг илэрхийлэх агаарын физик, хими, биологийн цогц шинж чанарыг;

3.1.4.“агаарын чанарын хяналт-шинжилгээ” гэж агаарын чанарын төлөв байдал, түүний өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж үнэлэх үйл ажиллагааг;

3.1.5.“агаарын чанарыг сайжруулах бүс” гэж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тусгай дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хилийн зааг бүхий нутаг дэвсгэрийг;

3.1.6.“агаар бохирдуулах бодис” гэж бохирдлын аливаа эх үүсвэр, эсхүл түүнээс хаягдаж хүрээлэн байгаа агаар бохирдуулж байгаа физик, хими, биологийн болон цацраг идэвхт бодис, тэдгээрийн хольцыг;

3.1.7.“аюултай бохирдуулах бодис” гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бохирдуулах бодисыг;

3.1.8.“агаарын бохирдлын эх үүсвэр” гэж хатуу түлш болон хүрээлэн байгаа агаарт бохирдуулах бодис гаргадаг, эсхүл физикийн сөрөг нөлөө үзүүлдэг аливаа объектыг;

3.1.9.“агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр” гэж хүрээлэн байгаа агаарт жилд 100 тонноос их аливаа бохирдуулах бодис, эсхүл таван тонноос их аюултай бохирдуулах бодис гаргадаг үйлдвэрлэл, үйлчилгээний болон бусад зориулалтын барилга байгууламжийг;

3.1.10.“хөдөлгөөнт эх үүсвэр” гэж дизель түлш, шатахуунаар ажилладаг бүх төрлийн автотээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгслийг;

3.1.11.“агаар хамгаалах” гэж хүрээлэн байгаа агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, агаарын чанарын төлөв байдлыг зохих түвшинд байлгах, тэдгээрт хяналт тавих ажиллагааг;

3.1.12.“агаарын чанарын стандарт” гэж хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэм хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;

3.1.13.“бохирдуулах бодисын хаягдлын стандарт” гэж агаарын бохирдлын эх үүсвэрээс үргэлжилсэн хугацааны турш хүрээлэн байгаа агаарт гаргаж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;

3.1.14.“агаарын бохирдлын төлбөр” гэж түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнд гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг;

3.1.15.“агаарын бохирдлын нөхөн төлбөр“ гэж хүрээлэн байгаа агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг;

3.1.16.“зөвшөөрөгдөх хаягдал” гэж агаарын чанарын стандартаас хэтрэхгүй байхаар агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд тогтоосон бохирдуулах бодисын хүрээлэн байгаа агаарт гаргаж болох дээд хэмжээг;

3.1.17.“агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл” гэж хүрээлэн байгаа агаарын дулаан, энерги, долгион, цацраг зэрэг физик шинж чанарыг өөрчилж улмаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа дуу чимээ, чичиргээ доргио, ионжуулагч цацраг, цахилгаан соронзон долгион зэрэг физикийн бусад хүчин зүйлийн үйлчлэлийг;

3.1.18.“физикийн сөрөг нөлөөллийн стандарт” гэж физикийн нөлөөллийн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэм хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;

3.1.19.“физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” гэж физикийн сөрөг нөлөөллийн стандартаас хэтрэхгүй байхаар тооцож агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд тогтоосон хүрээлэн байгаа агаарт үзүүлж болох физикийн сөрөг нөлөөллийн хэм хэмжээг;

3.1.20.“озоны үе давхарга” гэж дэлхийн гадаргаас дээш орших хийн мандлын озоны давхаргыг;

3.1.21.“хүлэмжийн хий” гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсгийг.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
АГААР ХАМГААЛАХ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ

 

 4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

 

4.1.Агаар хамгаалах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.агаар хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

4.1.2.энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;

4.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

5 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

 

5.1.Агаарын бохирдлыг бууруулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;

5.1.2. хуульд заасан бусад бүрэн эрх.

5.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

5.3.Энэ хуулийн 5.1.1-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана.

5.4.Энэ хуулийн 5.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ зүйлийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

 

6.1.Засгийн газар хүрээлэн байгаа агаар /цаашид “агаар” гэх/ хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.агаар хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг батлах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.1¹.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;

/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.1.2.уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц /цаашид “Конвенци” гэх/-ийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахтай холбогдсон арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Уур амьсгалын үндэсний хороо байгуулах;

6.1.3.агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсвийн төслийг боловсруулж батлуулах;

6.1.4.агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг жил бүр Улсын Их Хуралд тайлагнах;

6.1.5.агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

6.1.6.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх;

6.1.7.гэр хорооллын өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.8.агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох;

6.1.9.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хот орчмын суурьшлын бүс, алслагдсан дүүргийг хурдны авто зам, цахилгаан төмөр зам, гүүр, эрчим хүч, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг бий болгох замаар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.1.10.агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын болон нийслэлийн бонд гаргах, бусад санхүүгийн эх үүсвэрийг дайчлах замаар шийдвэрлэх;

6.1.11.энэ хуулийн 6.1.6, 6.1.8-д заасан урамшууллыг олгох журам батлах;

6.1.12.гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, мөрдүүлэх;

6.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

6.2.Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.3.Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана. /Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.4.Энэ хуулийн 6.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

7 дугаар зүйл.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

 

7.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.агаар хамгаалах талаарх төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

7.1.2.агаар хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, аргачлал, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;

7.1.3.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;

7.1.4.агаар хамгаалах талаарх энэ хуулийн 10.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн алба болон энэ хуулийн 24.1-д заасан Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албаны дүрмийг баталж, үйл ажиллагааг удирдлагаар хангах;

7.1.5.агаарын чанарын хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулж, хяналт-шинжилгээний арга зүйг батлан мэргэжлийн удирдлагаар хангах;

7.1.6.агаарын талаарх мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

7.1.7.озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах, хязгаар тогтооход хяналт тавих;

7.1.8.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг ашиглах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, цуцлах, хүчингүй болгох, суурин эх үүсвэрээс агаарт гаргах зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох, түүнчлэн мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах үйлчилгээний тарифыг тогтоох; тарифыг

7.1.9.аюултай бохирдуулах бодисын жагсаалтыг батлах;

7.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

8 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх

 

8.1.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

8.1.2.агаар хамгаалах, бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх;

8.1.3.агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах;

8.1.4.агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн тооллогыг мэргэжлийн албаны орон нутаг дахь салбартай хамтран нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

8.1.5.агаарын чанар, бохирдуулах бодисын хаягдал болон түүний эх үүсвэрийн тоо бүртгэл, тооллогын мэдээг мэргэжлийн албанд бүрдүүлж өгөх;

8.1.6.төрийн захиргааны төв байгууллагаас нутаг дэвсгэрийнх нь тодорхой хэсэгт тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг зохион байгуулах;

8.1.7.хот, тосгон, бусад суурин газрын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, цахилгаан эрчим хүч, хий, коксон түлшээр халаах технологи нэвтрүүлэх;

8.1.8.хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх;

8.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

8.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд зарцуулах тухайн жилийн орон нутгийн төсвийг батлах;

8.2.2.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаарх нийслэлийн Засаг даргын ажилд хяналт тавих;

8.2.3.нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийг гэр, байшингийн дулаалга, сайжруулсан зуух, агаар бохирдуулдаггүй шахмал, хагас коксон болон шингэрүүлсэн хийн түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх;

8.2.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

9 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг

 

9.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараах эрх, үүрэгтэй:

9.1.1.агаарын хууль тогтоомж, нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, Засаг даргын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;

9.1.2.агаар хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах;

9.1.3.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ тухайн эх үүсвэрийн хаягдал, нөлөөллийг хянах дотоод хяналтын багаж хэрэгслээр тоноглох;

9.1.4.аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу дотоод хяналтыг явуулах;

9.1.5.аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлын эх үүсвэрийн дотоод хяналтын болон холбогдох бусад тайлан, мэдээг энэ хуулийн 12.5-д заасан журмын дагуу мэргэжлийн албаны орон нутаг дахь салбарт гаргаж өгөх;

9.1.6.агаар хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

9.1.7.агаарын бохирдлыг бууруулах талаарх холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх;

9.1.8.агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаахгүй байх;

9.1.9.агаарын бохирдлыг бууруулах техник, технологи, шингэрүүлсэн хийн түлш, бусад эх үүсвэрийг ашиглах;

9.1.10.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа нь агаар бохирдуулж, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрсэн бол холбогдох байгууллагад шаардлага тавих, гомдол мэдүүлэх, мэдэгдэх;

9.1.11.хуульд заасан бусад эрх, үүрэг.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ, МЭДЭЭЛЭЛ

 

10 дугаар зүйл.Мэргэжлийн алба

 

10.1.Агаарын чанарыг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх, холбогдох мэдээ, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн алба/ цаашид “мэргэжлийн алба” гэх/-ыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж ажиллуулна.

10.2.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар байгуулах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн байгаль, цаг уурын онцлог, үйлдвэржилтийн түвшинтэй уялдуулан төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж, тэдгээрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

10.3.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь тухайн шатны Засаг даргын удирдлага дор төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу ажиллана.

10.4.Озоны үе давхаргыг хамгаалах талаарх олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, холбогдох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн алба зохион байгуулна.

10.5.Мэргэжлийн албаны ажилтан хэмжилт, судалгаа, шинжилгээ хийхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох эрхтэй.

 

11 дүгээр зүйл.Агаарын чанарын хяналт-шинжилгээ

 

11.1.Төрийн захиргааны төв байгууллага нь агаарын чанар, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, хүчиллэг тунадас, давхраат мандлын озон, хүлэмжийн хийн агууламжийн өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.

 11.2.Хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ нь дараах хэсгээс бүрдэнэ:

11.2.1.олон улсын хяналт-шинжилгээний сүлжээний Монгол Улс дахь нэгж;

11.2.2.улсын хяналт-шинжилгээний сүлжээ;

11.2.3.орон нутгийн хяналт-шинжилгээний нэгж;

11.2.4.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын цэг.

11.3.Энэ хуулийн 11.2.1, 11.2.2-т заасан сүлжээ, нэгжийг хот, тосгон, бусад суурин газрын хэмжээ, хүн амын нягтрал, газар нутгийн тогтоц, үйлдвэржилтийн түвшин зэргийг харгалзан төрийн захиргааны төв байгууллага тогтоож, тэдгээрийг байгуулж тоноглох болон ажиллуулах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

12 дугаар зүйл.Агаарын чанарын тухай мэдээлэл

 

12.1.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь агаарын чанарын тухай мэдээг гаргаж зохих шатны Засаг дарга, мэргэжлийн албанд ирүүлнэ.

12.2.Мэргэжлийн алба нь агаарын чанарын тухай мэдээг нэгтгэн дүгнэж төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

12.3.Мэргэжлийн алба нь агаар бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, олон нийтэд шуурхай мэдээлж, эрүүл мэндийн зөвлөлгөө өгнө.

12.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарт нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай болон дотоод хяналтын мэдээг гаргаж, мэргэжлийн албаны орон нутаг дахь салбарт тогтоосон хугацаанд ирүүлнэ.

12.5.Агаарын чанарын мэдээ гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АГААР ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ

 

13 дугаар зүйл.Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, үндсэн зарчим

 

13.1.Агаарын бохирдлыг бууруулахад дараах үйл ажиллагааг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

13.1.1.эрчим хүчний эх үүсвэр, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх;

13.1.2.гэр хороололд агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, эрчим хүчний үнийг урамшууллын хэлбэрээр зохицуулах;

13.1.3.гэр хорооллын өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх ажлыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх;

13.1.4.агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санаачилга гаргасан өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;

13.1.5.гэр хорооллын өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх;

13.1.6.орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх, бүсийн нэмэгдлийг бий болгож өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлээс орон нутагт шилжих таатай нөхцөл бүрдүүлэх;

13.1.7.бүсчилсэн хөгжлийн тулгуур төв болон нийслэлийн алслагдсан дүүргийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах.

13.2.Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд дараах үндсэн зарчим баримтална:

13.2.1.түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхээс татгалзаж, цахилгаан, газрын гүний дулаан, хагас коксон болон хийн түлшийг ашиглах;

13.2.2.хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

13.2.3.агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх.

 

14 дүгээр зүйл.Агаарын бохирдлыг бууруулахад иргэний оролцоо, урамшуулал

 

14.1.Дараах нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан өрхөд энэ хуулийн 6.1.6-д заасны дагуу урамшуулал олгоно:

14.1.1.стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай;

14.1.2.цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа;

14.1.3.бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай;

14.1.4.газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа;

14.1.5.стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа;

14.1.6.байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай;

14.1.7.түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа;

14.1.8.бусад.

 

 15 дугаар зүйл.Агаарын чанарыг сайжруулах бүс

 

15.1.Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасны дагуу тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсийн талаар нийтэд мэдээлнэ.

15.3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно.

15.4.Агаарын чанарыг сайжруулах бүсийн хилийн зааг, байршлыг харуулсан 1:25000-аас доошгүй масштаб бүхий газрын зургийг тухайн нутгийн захиргааны байгууллага үйлдэж, нийтэд нээлттэй байлгана.

 15.5.Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах газар нутгийн хэмжээнд аливаа бохирдуулах бодисын хамгийн их агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхгүй байвал зохино.

 15.6.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн бүсэд мөрдөх журам, энэ хуульд заасны дагуу зохицуулна.

 

16 дугаар зүйл.Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл

 

16.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

16.1.1.зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах;

16.1.2.агаар бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

16.1.3.энэ хуулийн 6.1.6-д заасан урамшуулал бүхий цахилгаан эрчим хүчийг ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ашиглах;

16.1.4.стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах;

16.1.5.түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах.

 

17 дугаар зүйл.Агаар хамгаалахтай холбогдолтой хэм хэмжээ

 

17.1.Агаар бохирдуулах бодисын болон агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх хэм хэмжээг тогтоох агаарын чанарын стандарт, физикийн сөрөг нөлөөллийн стандарт, хог хаягдлыг зориулалтын байгууламжид шатаах, устгах үйл ажиллагааны улмаас агаарт ялгарах хаягдлын стандартыг төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулна.

17.2.Төрийн захиргааны төв байгууллага дараах стандартыг холбогдох салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулна:

17.2.1.бүх төрлийн зуухнаас агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийн хаягдлын стандартыг түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;

17.2.2.агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэмжилтийн аргачлалыг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;

17.2.3.нүүрсийг гүн боловсруулах замаар гаргах шинэ түлшний стандартыг түлшний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран;

17.2.4.автобензин, дизель түлш, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг түлш, шатахууны стандартыг автотээврийн болон газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран.

17.3.Шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах, хянах чиглэлээр бусад стандартыг боловсруулж батлуулна.

 

18 дугаар зүйл.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл

 

18.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авна.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрөлд тухайн эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хаягдал, үзүүлэх физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж, агаар хамгаалах талаар авах арга хэмжээ, хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг тусгана.

18.3.Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 18.2-т заасан бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох журмыг батална.

 

19 дүгээр зүйл.Агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл ноцтой нэмэгдсэн үед авах арга хэмжээ

 

19.1.Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн осол болон бусад шалтгаанаар агаар дахь бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэм хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахаар болсон бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба энэ тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга болон хүн амд шуурхай мэдээлнэ.

19.2.Агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл нэмэгдсэн шалтгааныг тогтоох, хохирлыг арилгах арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба, бүх шатны Засаг дарга, холбогдох эрүүл ахуйн болон бусад байгууллага хамтран яаралтай авч хэрэгжүүлнэ.

19.3.Энэ хуулийн 19.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан тушаалтан агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын ажилд тусгай горим тогтоох, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, шаардлагатай тохиолдолд хүн амыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу авч хэрэгжүүлнэ.

 

20 дугаар зүйл.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэхийг хязгаарлах

 

20.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан агаарын бохирдол ихсэж болзошгүй тухай мэдээг мэргэжлийн албанаас хүлээн авмагц өөрийн эзэмшлийн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн сөрөг нөлөөллөө багасгах талаар энэ хуулийн 19.2-т заасны дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

20.2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа физикийн сөрөг нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтэрсэн, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулах нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон тохиолдолд байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч уг зөрчлийг арилгах хүртэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагааг хязгаарлах буюу түр зогсоож болно.

20.3.Агаарт стандартаас хэтрүүлэн бохирдуулах бодис гаргаж, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа, хөдөлгөөнт эх үүсвэрийн ашиглалтыг байгаль орчны улсын байцаагч болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч төрийн захиргааны төв байгууллага, холбогдох байгууллагатай хамтран тогтоосон журмын дагуу хязгаарлаж болно.

20.4.Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандарт, физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох буюу үйлдвэрлэлийн чиглэлийг нь өөрчлөх саналыг байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад тавих бөгөөд уг саналыг эрх бүхий байгууллага 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

20.5.Агаар хамгаалах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэн орохыг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хориглох буюу хязгаарлаж болно.

20.6.Зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах болон хог хаягдал устгах стандартын шаардлага хангаагүй аливаа үйл ажиллагааг хориглоно.

 

21 дүгээр зүйл.Барилга байгууламж барих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд агаар хамгаалах талаар тавигдах шаардлага

 

21.1.Үйлдвэрлэл, үйлчилгээний болон бусад зориулалттай барилга байгууламжийн байршлыг сонгох, зураг төсөл зохиох, барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах, технологи, тоног төхөөрөмж суурилуулах, тэдгээрийг өөрчлөх, шинэчлэхэд агаарын чанарын стандарт болон физикийн сөрөг нөлөөллийн стандартыг үндэслэнэ.

21.2.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийн барилга байгууламжийг барьж байгуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ.

21.3.Агаарт онцгой хортойгоор нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих асуудлыг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.  

21.4.Суурин газрын агаар хамгаалах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжид ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоож хүн амын суурьшлын бүсээс зааглах бөгөөд уг бүсийн хэмжээг үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, төрөл бүрээр тогтоосон жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

21.5.Агаар хамгаалах шаардлага хангаагүй техник, технологи нэвтрүүлэх, материал, бодис, бүтээгдэхүүнийг хэрэглэх, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглахыг хориглоно.

 

 22 дугаар зүйл.Суурин газар барьж байгуулахад агаар хамгаалах талаар тавих шаардлага

 

22.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хот, тосгон, бусад суурин газрын байршил, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа агаарын төлөв байдалд гарч болох өөрчлөлт, болзошгүй сөрөг нөлөөллийг харгалзана.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан төлөвлөгөөг төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан зөвшөөрөл авна.

 

23 дугаар зүйл.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг тоноглох

 

23.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ эх үүсвэр нэг бүрээ хянах дотоод хяналтын багаж хэрэгсэл болон агаар бохирдуулах бодисыг саармагжуулах, цэвэрлэх, физикийн сөрөг нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглоно.

23.2.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг энэ хуулийн 23.1-д заасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглох, тэдгээрийн ашиглалтын байдалд тухайн салбарыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч хяналт тавина.

 

24 дүгээр зүйл.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний сөрөг нөлөөллийг бууруулах

 

24.1.Конвенци болон холбогдох үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицлын сан, цэвэр хөгжлийн механизмын төслийн үйл ажиллагааг зохицуулах, үнэлгээ өгөх, тайлан мэдээ гаргах үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж ажиллуулна.

24.2.Хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн улсын тооллогыг Конвенцийн талуудын бага хурлаар баталсан арга зүйн дагуу ажлын алба зохион байгуулж явуулна.

24.3.Аж ахуйн үйл ажиллагааны явцад хүлэмжийн хийг ихээр ялгаруулах эх үүсвэрээс ялгарах хүлэмжийн хийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран батална.

 

25 дугаар зүйл.Озоны үе давхаргыг хамгаалах

 

25.1.Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт болон тэдгээрийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална.

25.2.Тухайн жилд импортлох озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, эдгээр бодис, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоно.

25.3.Энэ хуулийн 25.1-д заасан жагсаалтад орсон бодис, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа, үйлдвэрлэлийн тухай мэдээллийг гаалийн байгууллага болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэ хуулийн 12.5-д заасан журмын дагуу мэргэжлийн албанд гаргаж өгнө.

25.4.Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисыг юүлэх, дахин боловсруулах, тоног төхөөрөмжийг дахин цэнэглэх үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

25.5.Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж болон хураагдсан бодисыг устгах, зайлуулах, нөөцөлж хадгалах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

 

26 дугаар зүйл.Хяналтын тогтолцоо

 

26.1.Энэ хуулийн хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр батлагдсан нэгдмэл стандартын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

 

27 дугаар зүйл.Агаар бохирдуулах бодисын хаягдал, физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл

 

27.1.Агаар бохирдуулах бодисын хаягдал, физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн төрөл, тоо, хэмжээг улсын нэгдсэн тоо бүртгэлд хамруулна.

27.2.Улсын нэгдсэн тоо бүртгэл, агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн улсын тооллогыг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу мэргэжлийн алба гүйцэтгэнэ.

 


Facebook Twitter YouTube