Нийтлэгдсэн огноо: 2014/09/30
ҮР ДҮН БА ЗӨВЛӨМЖ
Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэглэгт тоосонцороос (PM2.5) үүдсэн өвчлөл нилээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушгины хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 130 тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1440 тохиолдол) зэрэг эмгэгүүд тэргүүлж байна. Утааны ялгаралыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй одоогийн арга хэмжээнүүд нь дараагийн 10 жилд агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг хангалттай түвшинд хүртэл бууруулж чадахгүй болох нь доорх зурагт үзүүлсэнээр харагдаж байна (Зураг, Төлөв 2013).
Зураг. Үнэлгээ хийгдсэн дараагийн 10 жилийн агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн нөлөөлөл, хувилбар тус бүрээр. ӨААЖ/жил. Зөвхөн Хувилбар 2-т ӨААЖ буурч байна.
Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх олон салбарыг хамарсан үйл ажиллагаа төлөвлөгдсөн хэдий ч өнөөгийн нөхцөл, цаашдын төлөв байдлаас дүгнэхэд хүн амын нарийн ширхэглэгт тоосонцорт (РМ2.5) өртөх байдал нь нэмэгдэх хандлагатай байна. Айл өрхүүдэд ашиглагдаж буй нүүрсээр галладаг уламжлалт зуухны хэрэглээг бууруулж, бусад салбаруудад орчин үеийн шинэ дэвшилтэт аргуудыг амжилттай нэвтрүүлснээр өнөөгийн гадаад орчны агаарын бохирдлын хүн амын өртөлтийг 70 хүртэл хувиар бууруулах боломжтой юм (Хувилбар 1). Ийнхүү нарийн ширхэглэгт тоосонцорын өртөлтийн жилийн дундаж хэмжээг 45 мкг/м3 хүртэл бууруулсан ч энэ үзүүлэлт нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) агаарын чанарын зөвлөмж (10 мкг/м3) болон АНУ-ын үндэсний стандарт хэмжээнээс (12 мкг/м3) их хэвээр байх юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг олон улсын жишигт хүртэл бууруулахын тулд айл өрхүүдийн хатуу түлшний (нүүрс, мод) хэрэглээг бүрэн халж, гадаад орчны бохирдуулагч эх үүсвэрүүдэд хатуу хяналт тавих шаардлагатай юм (Хувилбар 2). Ингэснээр хатуу түлшнээс үүдэлтэй агаарын бохирдол буурч, дам тамхидалтаас үүдэлтэй өртөлтийн эзлэх хувь нэмэгдэнэ. Энэ үед тамхины эсрэг үйл ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатай.
Одоогоор зуухнаас гарч буй бохирдуулагчдыг хангалттай хэмжээгээр бууруулах боломжгүй тул айл өрхүүдийн халаалтыг хийн түлш, цахилгаан болон төвлөрсөн дулаан хангамжид бүрэн шилжүүлэх төлөвлөгөөг одооноос боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү судалгаагаар бид олон салбарыг хамарсан нэгдсэн зохион байгуулалттай цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж чадвал дараагийн 10 жилд агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг өнөөгийн түвшингөөс 25 хүртэл хувиар бууруулах боломжтой болохыг харууллаа. Харин илүү эрчимтэй, цогц арга хэмжээг авч амжилттай хэрэгжүүлж чадвал 2025 он гэхэд зөвхөн хүн амын эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, жилийн дундаж эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг одоогийнхоос даруй 60 орчим хувиар бууруулж чадахаар байна. Харин дээрх хугацаан дахь хүн амын өсөлтийг тооцоолвол 1 хүнд ногдох нөлөөлөл 70 орчим хувиар буурах юм.
Энэхүү судалгаагаар сүүлийн хоёр хувилбарт (Хувилбар 1, 2) агаарын бохирдлыг бууруулах зардлын дүнг тооцоогүй ба үүнийг бодлогын стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн авч үзэх нь зүйтэй юм. Бидний ашигласан бүх хэмжилт, тооцоолол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршилтаар батлагдсан аргууд бөгөөд техникийн хувьд боломжит, хялбар аргачлал юм. Иймд судалгааны багийн зүгээс өнөөгийн эрүүл мэндийн үндсэн нөлөөлөл болон судалгаагаар гарсан үнэлгээний дагуу Улаанбаатар хотын холбогдох байгууллагын удирдлагууд Хувилбар 2-т тусгагдсан арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
ТАНИЛЦУУЛГА
Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг учраас иргэд, оршин суугчид, бодлого боловсруулагчдын хувьд агаарын бохирдол нь улам их санаа зовоосон, анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байсаар байна. Цахилгаан станц, тээврийн хэрэгсэл, уурын зуух, бусад үйлдвэрлэлээс үүдсэн агаарын бохирдлын зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүдийн хатуу түлшний хэрэглээнээс үүдсэн бохирдол ихээр нэмэгдэж байна. Ихэнх ажиглагч, судлаачид утааны хэмжээг шаардлагатай түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа хэдий ч удаан хугацааны турш бууруулах эсвэл хурдан хугацаанд бууруулах хувилбаруудын аль нь илүү үр дүнтэй вэ гэдгийг одоогоор тодорхойлж чадаагүй байна. Учир нь үүнийг тодорхойлоход эдийн засгийн хувьд зардал ямар байх, стратегийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг цогцоор нь тооцох шаардлагатай юм. Агаарын бохирдлоос үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөрөнгийн үнэлэмж буурах, цаг уур өөрчлөгдөх зэргээс гадна хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдал нь хамгийн чухал асуудал юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах өөр боломжит стратегуудын үр нөлөөг харуулах зорилгоор судалгааны баг дараах асуултад хариулахыг зорилоо.
“2025 он гэхэд утааг багасгахтай холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэх зуух, түлшийг сайжруулж бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулснаар эрүүл мэндэд ямар үр нөлөө үзүүлэх вэ?’’
ХУВИЛБАРУУД
Бид энэхүү судалгааг хийхдээ 2025 он хүртэл дараах гурван хувилбар тус бүрээр дүн шинжилгээ хийлээ. Үүнд:
• Төлөв 2013: Өнөөгийн төлөвлөлтөөр хүрэх үр дүн (Business as usual – 2013 оны 6 дугаар сарын байдлаар) – Монгол улсын хэмжээнд 2013 оны 6 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын утааг бууруулахаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүх арга хэмжээ амжилттай хэрэгжихээр тооцсон. Үүнд: гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсээр галладаг зуухыг Мянганы Сорилтын Сангийн (МСС) сайжруулсан зуухаар бүрэн солих гэх мэт.
• Хувилбар 1: Илүү дэвшилтэт технологи нэвтрүүлснээр хүрэх үр дүн – Гэр хорооллын айл өрхүүдийг илүү сайжруулсан технологийн дэвшилтэт зуухаар бүрэн хангах гэх мэт бүх чиглэл, салбарт Төлөв 2013-аас илүү хурдацтай арга хэмжээ авах.
• Хувилбар 2: Эрс шийдэмгий сайжруулалтаар хүрэх үр дүн – Боломжит байдалд суурилсан эрүүл мэндийн үр ашгийг бий болгох ба айл өрхийн хатуу түлшний (нүүрс, мод) хэрэглээг бүрэн халах зэрэг бүх чиглэл, салбарт Хувилбар 1-ээс илүү эрс шийдэмгий өөрчлөлт хийх.
Хувилбар тус бүрийн хэмжилт болон тооцооны багц мэдээллийг Хавсралт А-д үзүүлэв.
СУДАЛГААНЫ АРГА АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР
Судалгаанд хэрэглэгдсэн мэдээллийн эх үүсвэр, тооцоо, аргачлалуудыг хавсралтаар үзүүлсэн бөгөөд Улаанбаатар хот төдийгүй бусад газарт хэрэглэгдэж байгаагүй хэд хэдэн төрлийн шинэ мэдээллийг ашиглан үнэлгээг боловсруулсан. 2012 онд Лим нарын, 2013 онд Бурнет нарын, 2014 онд Смит нарын судалгааны багийн боловсруулан хэвлүүлсэн “Дэлхийн Өвчлөлийн Ачааллын Харьцуулсан Эрсдэлийн Үнэлгээ – ДӨА/ХЭҮ” (Comparative Risk Assessment of the Global Burden of Disease – CRA/GBD) судалгааны аргачлалыг бид судалгаандаа ашигласан.
Агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн нөлөөллийг тодорхойлохдоо өртөлт – хариу үйлдлийн муруйг ашигласан. Энэ нь бохирдлын өртөлтийн тун өөрчлөгдөхөд тун тус бүрт эрүүл мэндийн нөлөөлөл хэрхэн өөрчлөгдөж байгааг ялгаатай байдлаар тодорхойлдогоороо давуу юм. Улаанбаатар хотод хийгдсэн энэхүү үнэлгээ нь дэлхийд анх удаа хийгдэж буй бөгөөд бодлогын үр дүнг үнэлэхэд ашиглагдсанаараа давуу талтай (олон хувилбарт) шинэ судалгаа боллоо.
ДӨА/ХЭҮ судалгаагаар олон орны эрдэмтэн судлаачид агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэх талаар өргөн хүрээтэйгээр ажилласан байдаг. Ийнхүү агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй үндсэн таван төрлийн өвчлөлийн хоорондын тоон хамаарлыг тогтоосон.
5 хүртэл насны хүүхэд Уушгины хатгалгаа буюу амьсгалын доод замын цочмог халдвар (АДЗЦХ) – 2 дугаарт эрэмбэлэгдсэн Насанд хүрэгчид Зүрхэнд цус хомсрох эмгэг (ЗЦХЭ) – 1 дүгээрт эрэмбэлэгдсэн Тархи, судасны эмгэг (шигдээс) – 3 дугаарт эрэмбэлэгдсэн Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ) – 17 дугаарт эрэмбэлэгдсэн Уушгины хавдар – 18 дугаарт эрэмбэлэгдсэн Эдгээр таван өвчлөлөөс гурав нь Монгол улсын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн Өвлөлийн Ачаалалын (ДӨА) судалгаагаар Монгол улсын өвчлөлийн ачааллыг 2010 оны байдлаар нь жагсаахад ЗЦХЭ, АДЗЦХ, тархи, судасны эмгэг эхний гурван байранд эрэмбэлэгдсэн байна. Зөвхөн энэхүү гурван эмгэг нь тухайн жилийн алдагдсан амьдралын жилийн (ААЖ) гуравны нэгийг бүрдүүлж байна (Эрүүл Мэндийн Хэмжилт, Үнэлгээний Хүрээлэн, 2010)1. Агаарын бохирдол нь дээрх өвчлөлүүдийн цорын ганц шалтгаан биш боловч судалгааны үр дүнгээс харахад үндсэн шалтгаануудын нэг болох нь харагдаж байна. Хэдийгээр агаарын бохирдлоос үүдэлтэй сүрьеэ2, бага жинтэй төрөлт зэрэг олон төрлийн эмгэгүүд байдаг боловч ДӨА/ХЭҮ судалгааны үр дүнгээр шууд хамааралтай эсэх нь нотлогдоогүй байна.
Тиймээс эдгээр өвчлөлүүдийн талаар цаашид илүү дэлгэрүүлэн судалж, агаарын бохирдлоос үүдэлтэй эмгэгүүдийг нарийвчлан тогтоож, өвчлөлийн талаарх нотолгоог улам батжуулах шаардлагатай байна. Иймээс бид судалгаандаа зөвхөн дээр дурдсан таван өвчлөлийг сонгон авсан. Энэхүү судалгааны бас нэг шинэлэг тал нь үнэлгээг зөвхөн гадаад орчны эсвэл дотоод орчны бохирдолд суурилах бус гадна болон дотор орчны ялгаралт, тэдгээрийн харилцан үйлчлэлийг тооцсон явдал юм. Жишээлбэл гадаад орчны агаарын бохирдол амьдрах орчинд хэдий хэмжээгээр нэвтрэн орж байгааг үнэлэх гэх мэт үзүүлэлтийг тооцсон хүн амын нийт өртөлтийг үнэлсэн. Эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг тооцохдоо агаарын бохирдлыг тодорхой байршилгүй нийт хэмжээгээр нь авах бус бохирдолд өртөж буй хүмүүс өдрийн турш өнгөрөөж буй газруудаар нь тодорхойлсноор хаана утааны ялгаралтыг бууруулснаар илүү үр дүнд хүрч болохыг бодитоор харуулж чадсан юм. Энэ нь хэдийгээр бид анхнаасаа төлөвлөөгүй байсан хэдий ч дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр болох дам тамхидалтыг судлахад хүргэсэн юм. Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Хавсралт Г-д үзүүлэв.
Улаанбаатар хотод шинээр хийсэн хэмжилтүүд:
• Нөлөөллийг илүү үнэн зөв гаргах зорилгоор хүн амзүйн болон эрүүл мэндийн цаашдын төлөв байдлыг өвчлөлийн төрлөөр нь нарийвчлан гаргасан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт Ё-д үзүүлэв.
• МСС-ийн сайжруулсан зуухны төслийн нэг хэсэг болох зуухнаас ялгарах бохирдлыг тогтоох болон бусад өрхийн хүчин зүйлсийг үнэлсэн Сошиал Импакт компани судалгааны үр дүнг ашиглалаа (Сошиал Импакт, 2013).
• Мөн энэ судалгаанд ашиглах зорилгоор МСС-ийн сайжруулсан зуухны хэрэглээ болон гэрт амьдарч буй айл өрхүүдийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийг хэмжсэн.
• Энэхүү судалгаанд ашиглах зорилгоор боловсруулсан хувилбар тус бүрийн гадаад орчны агаарын бохирдлыг тооцсон.
ХЭМЖИГДЭХҮҮНИЙ ТАЛААР
Шаталтаас үүссэн агаар бохирдуулагч нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) нь хүний уушгинд гүн нэвтрэн орж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг үндсэн бохирдуулагч юм. Агаар бохирдуулагч бусад бодисуудтай харьцуулахад нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) эрүүл мэндийн нөлөөлөл харьцангуй их судлагдсантай холбоотойгоор түүний эрүүл мэндийн талаарх лавлагаа элбэг байдаг. Нарийн ширхэглэгт тоосонцорын (РМ2.5) өртөлт-хариу үйлдлийн муруйн хамааралд үндэслэн тохиолдох өвчлөлүүдийг илрүүлэх боломжтой учир бид нарийн ширхэглэгт тоосонцорыг (PM2.5) үндсэн бохирдуулагчаар сонгон боловсруулалтаа хийлээ.
Судалгааны баг эрүүл мэндтэй холбоотой үр дүнг гурван хувилбар тус бүрээр өвчний төрөл болон насны бүлгээр нь ялган цаг бус нас баралт ба өвчлөлөөр алдсан амьдралын жилүүдийг (ӨААЖ) (Disability adjusted life years – DALY) тус тус тооцсон. ӨААЖ нь олон улсад эрүүл мэндийн судалгаанд хэрэглэгддэг насны бүлэг тус бүрт хамаарах цаг бус нас баралт болон тухайн өвчлөлийн хүнд хөнгөн байдлыг давхар харгалзан тооцдог хэмжигдэхүүн юм. Агаарын бохирдлоос үүдэлтэй ӨААЖ болон бусад эрсдэлт хүчин зүйлсийг тооцохдоо дараах хоёр хэмжигдэхүүнийг авч үздэг.
- ААЖ – алдагдсан амьдралын жилүүд (YLL – years of life lost) гэдэг нь дэлхийн хамгийн өндөр дундаж настай (~86) харьцуулсан цаг бус нас баралт
- ТДАЖ – тахир дутуугаар амьдарсан жилүүд (YLD – years lived with disability) гэдэг нь өвчин эмгэг, осол гэмтлийн улмаас үүсэх эрүүл мэндийн нөхцлийг тухайн эмгэг тус бүрт тооцсон амьдарсан жилүүд
Дээрх хоёр хэмжигдэхүүний нийлбэр нь өвчлөлөөр алдсан амьдралын жилүүд болно.
ӨААЖ = ААЖ + ТДАЖ
Иймд ӨААЖ нь өвчлөл тус бүрээс (уушгины хатгалгаа, хавдар гэх мэт) үүдэлтэй эрүүл мэндийн нөлөөлөл болон насны бүлэг тус бүрт (хүүхэд, насанд хүрэгчид гэх мэт) тооцсон нэгдмэл хэмжигдэхүүн юм. ӨААЖ нь эдийн засгийн тооцоо хийхэд хамгийн тохиромжтойд тооцогддог. Жишээлбэл эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг тооцон, эрүүл байхын үр ашгийг нэг ам.долларт шилжүүлэн тооцдог. Илүү дэлгэрэнгүйг Хавсралт Д-д үзүүлэв.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Судалгааны хүрээнд нэгдүгээрт, одоогийн байгаа агаарын бохирдлын түвшинд (Суурь түвшин – Baseline) нийслэл хотын иргэдийн нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) өртөлтийг үнэлэн улмаар агаарын бохирдлын түвшинг бууруулах гурван хувилбар тус бүрээр тооцон эрүүл мэндийн ачааллын үзүүлэлтүүдийг үнэллээ.
ӨРТӨЛТИЙН ХЭМЖЭЭ
Энэхүү судалгаанд нийт өртөлтийг тооцохдоо гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын агууламж дээр үндэслэсэн бөгөөд хүн амзүйгээр нь ялган өдөрт хэдэн цагийг хаана өнгөрүүлдэг зэрэг үзүүлэлтүүдтэй нь холбон судалсан. Дотоод орчны агаарын бохирдлын агууламжийг тооцохдоо тамхи таталт, зуухнаас шүүрч ялгарах утаа болон сууцны төрлөөс хамааран гадаад орчны агаараас гэр лүү нэвтрэх агаарын бохирдол, нарийн ширхэглэгт тоосонцорыг (PM2.5) тус тус тооцлоо3. Гадаад орчны агаарын бохирдлыг загварчлалын аргаар тооцсон бөгөөд дэлгэрэнгүй тайлбарыг Хавсралт Б-д үзүүлэв. Дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн тооцоог Хавсралт В-д, нийт өртөлтийн хэмжээг цагаар нь тооцож гаргасныг Хавсралт Г-д тус тус үзүүлэв.
Зураг 1. Хүн амд жинлэсэн нарийн ширхэглэгт тоосонцорын (РМ2.5) жилийн дундаж хэмжээ.
Суурь түвшин болох 2014 оноос 2024 он хүртэл гадаад орчны агаарын бохирдлын нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) өртөлтийн дундаж хэмжээг хувилбар тус бүрээр нийслэлийн нийт хүн амд жинлэсэн дүнг шугаман байдлаар үзүүллээ.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05