Нийтлэгдсэн огноо: 2017/01/16
“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 2016 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого, шийдвэр гаргагчдын нийтдээ 160 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Зөвлөлгөөнд оролцогчдын зөвлөмж, эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтийг үндэслэн
· Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг анхааралдаа авч,
· Агаарын бохирдлыг бууруулах талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагыг харгалзан,
· “Агаарын бохирдлыг бууруулахад салбар дундын хамтын ажиллагаа төдийгүй иргэдийн дэмжлэг ихээхэн чухал” болохыг хүлээн зөвшөөрч,
· Агаарын бохирдол нь улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болохыг тодорхойлж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны байгууллага болон иргэдэд дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна.
Улсын Их Хуралд:
· Агаарын бохирдлыг бууруулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг идэвхижүүлж, цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтыг нэн тэргүүнд батлах;
Засгийн газарт:
· Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан, салбар дундын оролцоог хангасан, “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-ны үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтвортой байдлыг ханган ажиллуулах;
· Гэр хорооллын бүсэд түүхий нүүрсийг галлагааны зориулалтаар хэрэглэхийг бүр мөсөн хориглох, цэвэр түлш, цахилгааны эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
· “Агаарыг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтын асуудлыг шийдвэрлэн, хяналт тавьж ажиллах;
· Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхи, санаачилгатайгаар дэмжиж ажилласан хувь хүн, өрх гэр, албан байгууллагыг урамшуулах, хөхүүлэн дэмжих, сурталчлах ажлыг өргөжүүлэх.
Төрийн захиргааны төв байгууллагуудад:
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд:
· “Агаарыг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
· Агаарыг хамгаалахтай холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, хяналт тавих.
Эрүүл мэнд, Спортын яаманд:
· Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх өвчлөлийн дарамт, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх урт болон богино хугацааны сөрөг нөлөөг тандах, мэдээлэх тогтолцоог сайжруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, тогтмолжуулах;
· Пневмококкийн вакциныг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх.
Эрчим хүчний яаманд:
· Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг байгаль орчинд ээлтэй байх тулгуур зарчмыг үндэслэл болгон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хандуулах;
· Цэвэр түлшний төрөл (шингэрүүлсэн хийн түлш, нийлэг шатдаг хий, шингэрүүлсэн байгалийн хийн түлш болон байгалийн шахсан хий, занараас гарган авсан байгалийн хий, диметил эфир), цахилгаанаар халаах, сэргээгдэх эрчим хүч зэргийг нэвтрүүлэх боломжийг судлах, техник эдийн засгийн үнэлгээ хийх;
· Айл, өрхийн эрчим хүчний эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг дэмжих, дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх.
Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд:
· Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг хянах, үнэлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тогтоох, өргөжүүлэх;
· Хүний эрүүл мэндэд Агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнээс үрьдчилан сэргийлэх, гэр орондоо бага насны хүүхдийн дэргэд тамхи татаж буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байх эрүүл зан үйл, дадалд иргэдийг сургах.
Барилга, хот байгуулалтын яаманд:
· Барилгын “коджуулалт”-д хувийн орон сууцны барилгын дулаалга, тусгаарлагч, үүдний амбаар зэргийн стандартыг боловсруулан мөрдүүлснээр дулаан алдалтыг бууруулан эрчим хүчний хэмнэлтийг ханган, агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх.
Аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд:
· Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
· Агаарын чанарыг сайжруулах талаарх бодлого, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх.
Иргэд, хувь хүн, өрх гэрийн түвшинд:
· Агаарын бохирдлыг бууруулахаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих;
· Хог, хаягдалаа ил задгай шатаахгүй байх;
· Хэрэв боломжтой бол гэртээHEPA шүүлтүүртэй агаар шүүгч хэрэглэж хэвших;
· Гэртээ, ажлын байрандаа, машиндаа болон олон нийтийн газар тамхи татахыг зогсоох;
· Гэр доторх агаарыг чийгшүүлэх, хог хаягдлаатогтмол хугацаанд цуглуулж зайлуулах;
· Хүүхдээ агаарын бохирдол багатай үеэр салхилуулж, агаарын бохирдол ихтэй өглөө болон оройн цагаар бага насны хүүхдээ салхилуулахаас зайлсхийх.
2024/12/17
2024/12/09
2024/12/06
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05