Нийтлэгдсэн огноо: 2016/12/22
Агаарын бохирдлыг бууруулах талаар барьж буй бодлого, шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Цаг үеийн хамгийн чухал сэдэв агаарын бохирдолтой тэмцэх асуудал. НҮБ-аас ийм хэмжээний агаарын бохирдол үзээгүй гэж мэдэгдсэн. Мөн хэвлэл мэдээллээр төрөл бүрийн судалгааны дүн гарч байна. Салбарын яамны сайдын хувьд агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгааг хэлж өгнө үү?
- Агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 10 гаруй хувиар давсан үзүүлэлттэй гарч байгаа нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд амьсгалын замын эрхтэний өвчлөл жил дараалан өсч байгаа мэдээ гарсан. Цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, багтраа, харшил, ларингитийн өвчлөл эрс ихэсч түүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртөж байна. Түүхий нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM2.5, PM10 гэдэг үл үзэгдэгч тоосонцорууд хүний эрүүл мэндэд хохирол учруулдаг. Хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг эдгээр тоосонцорууд уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгадаг аюултай.Агаарын бохирдлын асуудал үнэхээр сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн учраас ард иргэд багагүй шүүмжилж, эрүүл мэндээ хамгаалах талаар санал санаачлагууд гаргаж байна. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг үл үзэгдэх тоосонцруудыг багасгаж, бохирдлыг багасгахын төлөө бид тууштай ажиллах шаардлагатай. Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон түүхий нүүрсийг жилд Улаанбаатар хотын хэмжээнд жилд 5,9 сая тонныг хэрэглэдэг. Үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна. Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан хувийг эзэлж байна. Мөн Улаанбаатар хотод явж байгаа тээврийн хэрэгсэл агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 10 хувийг ялгаруулдаг. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаатай холбоотой.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн олон ажлууд ямар нэг үр дүнд хүрсэн үү. Агаарын бохирдлыг бууруулахад 140 тэрбумыг зарсан гэх мэдээлэл гарч байгаа. Хэдий хугацаанд зарсан мөнгө вэ?
-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр их ч ярьж, багагүй мөнгө зарцуулсан. Гэхдээ үр дүн хангалттай биш байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй. Тухайлбал, 2011-2014 онуудад сайжруулсан зуух, гэрийн дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй сууц олгох, айл өрхийн цахилгааныг хөнгөлөх зэргээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд улсын төсвөөс 92.9 тэрбум, Дэлхийн банк, “Жайка”, Мянганы сорилтын сангаас нийт 46.5 сая ам.долларыг зарцуулсан байна. Дээрх арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын чанар тэр дундаа РМ2.5 тоосонцорын хэмжээ бага хэмжээгээр буурсан үзүүлэлттэй гарсан байдаг.
-НҮБ-аас хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх, нөгөөтэйгээр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэйг зөвлөсөн байсан. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулахад их мөнгө зарахгүй ажлуудыг энэ мэтчилэнгээр төлөвлөсөн зүйл бий юу?
-Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Урт хугацааны тууштай, зөв бодлого, төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын үр дүнд бид агаарын бохирдлоосоо салж чадна. Өнөөдөр утаатай тэмцэх чиглэлээр ард иргэд маш их шүүмжилж байгаа боловч бодитой оролцоо хангалтгүй байна. Агаарын бохирдлоосоо салсан улс орнуудын туршлагыг харахад орон нутгийн засаг захиргааны байгууллага нь илүү идэвх санаачлагатай манлайлан ажиллаж, хяналтыг шат дараатай тавьж, ард иргэдтэйгээ хамтран ажилласнаар үр дүнд хүрсэн байдаг. Тухайлбал, Япон Улсад 1960-аад онд химийн багш агаарын бохирдлыг бууруулах хөдөлгөөнийг эхлүүлж, орон нутгийн байгууллагадаа бодитой санал дэвшүүлж, хамтран ажилласан жишээ байдаг юм билээ. Энэ мэтээр дээрээсээ биш, доороосоо эхэлсэн бодитой санаачлага, хөдөлгөөн үр дүнд илүү хүрнэ. Утааг багасгахад иргэн бүрийн бодитой үүрэг, оролцоо чухал гэдгийг бүгдээрээ ухамсарлаасай. Наад зах нь түүхий нүүрсээ хашаандаа ил задгай буулгахгүй байх, үнсээ битүүмжилсэн саванд хийж сурах хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулах ард иргэдийн оролцоог сайжруулахын тулд утааны хор уршгийн талаар болон урьдчилан сэргийлэх, тэмцэх арга, хүн бүрийн оролцоог бодитой болгох чиглэлд хандсан сурталчилгаа, мэдээллийг хийх шаардлагатай. Энэ чиглэлээр бид зарим ажлуудыг хийхээр төлөвлөж байна.Энэ сарын эхээр хуралдсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн аяныг өрнүүлэх ажлыг хийх үүргийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт өгсөн. Японд жишээ нь жолооч нарын хариуцлага өндөр байдаг. Жолооч нарын 70 хувь нь эко жолоодлого хийх дадалтай болсноор шатахуун зарцуулалтыг багасгаж, агаар бохирдуулах бодисын ялгарлыг 45 хувиар бууруулж чадсан байна.
-Эрчим хүчний сайд орон сууцны дулааныг хийн эх үүсвэрээр шийдвэрлэх ажил хийхээр төлөвлөсөн гэж мэдэгдсэн. Энэ мэтчилэн яам агентлагууд агаарын бохирдлыг бууруулахад ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ. Агаарын бохирдолтой ганц хоёрхон газар тэмцээд нэмэргүйг өнгөрсөн хугацаанд харсан шүү дээ?
-Агаарын тухай хуулиар бүх салбар, яамд агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээдэг. Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаас бүх яамдад албан үүрэг өгсөн. Тухайлбал,хог хаягдал сэргээн ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх төслийг дэмжиж ажиллахыг Үндэсний хорооны бүх гишүүдэд өгсөн. Байгалийн хийгээр халаалт шийдэх асуудал нь урт хугацааны бодлогодоо бол зөв алхам. Ойрын хугацаанд эдийн засгийн хувьд боломжгүй. Хийн түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжих боломжтой хэдий ч дэд бүтцийн зардал маш өндөр өртөгтэй гардаг тооцоо судалгаа бий.
- “Цэвэр агаар сан”-г сэргээх, гэр хорооллын өрхийн дулааныг цахилгаан хангамжаар шийдэх, уурын болон усны халаагуурын зуух ашиглах, агаарын бохирдлыг бууруулах сантай болох зэргээр олон ажлыг хэлэлцүүлэг дээр ярьж байсан. Эдгээр ажлуудыг хэрхэн төлөвлөж хэзээнээс эхлүүлэх вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхны хуралдаанаар өнөөдөр, цаашид, дунд хугацаандаа бид агаарын бохирдлыг бууруулах талаар юу хийх, ямар зорилт тавьж ажиллахаа хэлэлцэж, шийдвэрлэсэн. Улс орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд өмнөх жилүүд шиг их мөнгө зарцуулах боломжгүй байна. Гэхдээ бүх нөөц боломжоо шавхан ажиллах шаардлагатай. Эхний ээлжинд бид “Цэвэр агаар сан”-г эргэж байгуулахаар ажиллаж байна. Уг санд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар дөрвөн төрлийн татвар төвлөрдөг. Санг сэргээн байгуулснаар уг татварын мөнгийг агаарын бохирдолттой тэмцэх зориулалтын дагуу ашиглах боломж бүрдэнэ.
2017 онд агаарын бохирдлыг бууруулахад таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 3,5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг тэглэхэд зарцуулна. Сайжруулсан зууханд 450 сая, сайжруулсан түлшинд 400 саяыг зарцуулахаар төлөвлөсөн.
-Өмнөх жилүүдийг бодоход энэ жил нэлээд бага мөнгө төсөвлөсөн байна. Сайжруулсан зуух, утаагүй түлшинд 900 саяыг зарцууллаа гээд хэр үр дүн гарах бол?
-Энэ удаа сайжруулсан зуух, түлшийг зорилтот бүлэгт нийлүүлэх бодлого барьж байна. Нийслэлийн 198 мянган айл өрхийн 30 хувь нь агаарыг ихээр бохирдуулагч, хүний эрүүл мэндэд онц хортой зүйл түлдэг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэддээ сайжруулсан түлш, зуух тараана. Ингэснээр агаарын бохирдол хамгийн багадаа 10 хувиар буурна гэж үзэж байгаа. Сайжруулсан зуух, түлшний хөнгөлөлт зорилтот бүлэгт чиглэснээр тухайн иргэддээ, нийтийн эрх ашигт ч хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх БОАЖЯ-ны цаашдын бодлого, чиглэл юу вэ?
-Агаарын бохирдолттой өнөө маргаашаа бодож, амиа аргацаасан байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох шаардлагатай. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хязгаарлах ёстой гэсэн бодлогыг БОАЖЯ-наас барьж байна. Мэдээж түүхий нүүрсний хэрэглээг өнөөдөр шууд зогсоох боломжгүй. Нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрийг дэмжих бодлого барьж ажиллана. 1950-иад оны эхээр Лондон хот агаарын бохирдлын гамшгаас салж чадсан түүх нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосонд байсан. Түүхий нүүрсийг хориглоод цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, Агаарын чанарын бүсүүддээ онцгой хяналт тогтоож утаанаас салсан түүх байдаг. Гаднын энэ мэт сайн жишээ, туршлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаашдаа агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулахаар төлөвлөж байна. Нүүрс олборлогчоос авч байгаа төлбөрийг нүүрс угаахад зарцуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжих, нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийн халаалтаар шийдэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох ажлуудыг үргэлжлүүлэн шат дараатай хийнэ. Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгох, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг балтгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Монголын нийт хүн амын тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа учраас төвлөрлийг сааруулах, нийслэл хотоо тэлэх бодлогыг явуулах ёстой. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай ч өнөөдөр ашиглалтад орсон 130 мянган орон сууц худалдан авагчаа хүлээж байна. Ард иргэдийн маань худалдан авах чадвар сайнгүй байгаа учраас энэ бол аажмаар үр дүнгээ өгөх бодлого юм.
Эх сурвалж: Зууны мэдээ
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05