УБЦАТ: “УЛААНБААТАР ХОТЫН ТӨЛБӨРИЙН ЧАДАВХИД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ СТРАТЕГИ” (ТӨСӨЛ)-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Нийтлэгдсэн огноо: 2015/01/12

Орон сууц нь нийгмийн болон эдийн засгийн бүтээгдэхүүн байдгаараа онцлогтой бөгөөд өрх гэрийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалтыг шаарддаг учир нэг удаагийн төлбөрийн чадварт нь нийцүүлэхийн тулд урт хугацааны санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байдаг. Дэлхий нийтийн туршлагаас харахад орлого багатай хүн амын хэсгийн хувьд зах зээлд нийлүүлэгдэж буй орон байрыг худалдан авах чадваргүй байдаг тул нийгмийн тэгш хөгжлийг хангахын тулд төр, засаг бодлогоороо болон бусад санхүүгийн болон санхүүгийн бус замаар бодит зах зээлийг эвдэхгүйгээр дэмжлэг үзүүлж зохицуулдаг.

Монгол Улсын Засгийн газар болон нийслэлээс Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах, иргэдийн орон сууц, амьдрах нөхцлийг сайжруулах талаар ихээхэн анхаарч, ялангуяа нийслэл түрээсийн сууцыг хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах зэргээр иргэдийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж байна.

Гэвч Улаанбаатар хотын нийт өрхийн 50% нь сард дунджаар 870,644 төгрөгөөс бага буюу дундаас доогуур болон бага орлоготой өрхүүд байна. Эдгээр өрхүүд гол төлөв гэр хороололд дангаараа болон өрх гэр тусгаарлаж чадахгүй нэг дороо амьдарч байгаа юм. Хотын хүн амын өсөлт болон тэдгээрийн суурьших боломжийн өртөгтэй орон байрын хүрэлцээ, хүртээмжийн баланс хангалтгүйгээс хот эмх цэгцгүй тэлж улмаар иргэд өөрсдийн боломжит амьдрах орон зайгаа гэр хорооллын захаар, уулын оройд суурьшил үүсгэж амьдрах нь хэвийн болж байна.

Энэ тэлэлт нь хотын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бодит  хүчин чадлыг хэт ачаалж ус, агаар, хөрс бохирдох гэх мэт сөрөг зүйлсийг дагуулсаар байна. Энэ бүхэн нь хэдийгээр хотжих үйл явцад тохиолддог бэрхшээлүүдийн нэг боловч тулгамдсан асуудлыг нь араас нь хөөн шийдэхэд их хугацаа, хөрөнгө шаардагддаг бөгөөд цаашид энэ үйл явцыг улам гүнзгийрүүлэхгүйн тулд хүн амын орлого багатай хэсгийн амьдрах орчин, орон сууцны асуудалд чиглэгдсэн нийслэлийн стратеги, бодлогыг яаралтай тодорхойлж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

“Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” нь Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг хөгжүүлэх үйл ажиллагааг урт хугацаанд загварчлах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн баримт бичиг болно. Энэхүү баримт бичгийн зорилго нь Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг бий болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлсноор Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг хөгжүүлэх хэтийн зорилгыг тогтоон, стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээрийг нийслэлийн болон үндэсний хэмжээний орон сууцны бодлого, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх явдал юм.

Олон улсад төлбөрийн чадварт нийцсэн орон сууц”-ыг хүн амын зорилтот бүлгийн урт хугацаан дахь төлбөрийн чадварт нийцэхүйц орон сууцыг, төлбөрийн чадвар”-ыг оршин суугчийн амьдарч буй орон сууцны өртөг нь тухайн өрхийн төлөх чадвараас илүүгүй байх нөхцлийг хэлдэг. Олон оронд энэхүү боломжит төлбөрийн чадавхийг тодорхойлохдоо өрхүүдийн орон сууцтай холбоотой зардалд сарын орлогын 30 хувийг зарцуулж байгаа чадамжаар нь тодорхойлдог байна.

“Зорилтот бүлэг”-ийг орон сууцны зах зээлээс орон сууцтай болох санхүүгийн боломжгүй өрхүүдийн төлбөрийнх нь чадварт нийцсэн орон сууц шаардлагатай хэмээн Засгийн газраас тодорхойлсон бүлэг өрхүүд, зах зээлийн үйлчилгээ хүртэх боломжгүй эсвэл тусламж үзүүлэх шаардлагатай өрхүүдийг хамруулан авч үздэг. Улаанбаатар хотын хувьд зорилтот бүлэг нь өрхийн сарын голч орлого нь 140% хүртэлх хэмжээтэй өрхүүд байхаар стратегийн төсөлд тусгасан.

Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийн төслийг орон сууцны асуудал хариуцсан Улаанбаатар хотын болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг, техникийн ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусган боловсруулсан.

Энэхүү стратегийн хүрээнд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хэтийн төлвийг тодорхойлохдоо гэр хорооллын дэд бүтэц бүхий хувийн байшин, нийтийн зориулалттай орон сууц зэрэг аль ч төрлийн орон сууц байж болох бөгөөд хамгийн гол нь бат бөх, урт хугацаанд ашиглагдах, эдийн засгийн хувьд боломжтой орон сууц байна гэж үзсэн.

Стратегийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө төлбөрийн чадварт нийцсэн орон сууц болон түүнд тохирсон дэмжлэгүүдийг зохих бүлэгт нь хүртээхийн тулд ХЭНД, ЮУГ, ЯАЖ гэсэн асуултыг тодорхой болгох шаардлагатай.

Олон оронд зорилтот бүлгээ зөв оновчтой тогтоогоогүйгээс орлого багатай иргэдэд чиглэгдсэн орон сууцны хөнгөлөлтийг дундаас дээш орлоготой иргэд хүртэж бодлогын алдаа гаргаж байсан. Үүнийг давтахгүйн тулд өрхийн орлогын үнэн зөв тогтмол мэдээлэл, түүнд тулгуурласан шатлал, Зорилтот бүлгээ оновчтой зөв тогтоон олон нийтэд мэдээлдэг байх шаардлагатай болж байгаа юм.

Өрхийн орлогын болон орон сууцны зах зээлийн түүнчлэн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэсэн Орон сууцны мэдээллийн нэгдсэн санг байгуулж бодлогыг хэрэгжүүлэх, хянах, мониторинг хийх шаардлагатай.

Мөн өрхийн аль шатлалд байгаа нь орон сууцны ямар дэмжлэг авах шаардлагатай болохыг тухайн үеийн бодит боломж, нөхцөлд тааруулан гаргаж, томьёолж хэрэгжүүлж байх нь зүйтэй.

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн төсөлд стратегийн үндсэн 3 чиглэлийг дэвшүүлсэн. Үүнд:

1.    Бага болон дундаас доогуур орлоготой өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх - Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны зах зээл дээр байгаа ялангуяа хувийн хэвшлээс нийлүүлж буй орон сууц нь бага орлоготой өрхийн төлбөрийн чадварт нийцсэн байх.

2.    Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох - Зорилтот бүлгүүдийн орон сууцны төлбөрийн чадавхийг сайжруулахын тулд орон сууцны санхүүжилтийн эрэлтийн болон нийлүүлэлтийн татаасын боломжит эх үүсвэрүүдийг бий болгох.

3.    Улаанбаатар хотын түвшинд орон сууцны асуудал хариуцсан байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын болон хууль, эрх зүйн зохистой орчин, хариуцлагын тогтолцоог хотын өөрийн онцлогт нь тулгуурлан бүрдүүлэх.

Стратегийн төсөлд дээр тусгагдсан нийлүүлэлт, санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт гэсэн гурван үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх 12 зорилтыг тодорхойлж, холбогдох зөвлөмжүүдийг тус тус тусгасан болно.


Facebook Twitter YouTube