Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Нийтлэгдсэн огноо: 2014/12/12

МОНГОЛ УЛСЫН  ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН

ЗОХИЦУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2011.11.04    Дугаар 101

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хууль, Улсын их хурлын “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн  11 дүгээр тогтоолын 1.1 дэх заалт, Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”-ын 2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

  • Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлан цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэр хорооллын айл өрхийн шөнийн тариф (НӨАТ-гүй 40 төг/кВт.ц)-ыг мөрдөх цагийг хүйтний улиралд оройн 18.00 цагаас өглөөний 9.00 цаг хүртэл, өдрийн тариф (НӨАТ-гүй 84 төг/кВт.ц)-ыг мөрдөх цагийг өглөөний 9.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл байхаар баталсугай.
  •  
  • Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдон цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхөд шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны сарын хэрэглээний урамшуулал олгох дээд хязгаарыг хүйтний улиралд 3000 кВт.цаг байхаар тогтоосугай.
  •  
  • Стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай, бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай, газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа, стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай, түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа зэрэг шалгуурын аль нэгийг хангасан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны сарын хэрэглээний урамшуулал олгох дээд хязгаарыг хүйтний улиралд 200 кВт.цаг байхаар тогтоосугай.
  •  
  • Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд мөрдөж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Ч.Саранжав/, Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /Т.Очирхүү/-д тус тус үүрэг болгосугай.
  • Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах газрын Тусгай зөвшөөрлийн алба /М.Мөнхтулга/, Үнэ тарифын алба /М.Ганчимэг/-нд тус тус даалгасугай.
  •  

     

    ЗОХИЦУУЛАГЧДЫН

    ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                Н.МЯГМАРСҮРЭН

     

    ЗОХИЦУУЛАГЧ                                          Д.БАССАЙХАН

     

    ЗОХИЦУУЛАГЧ                                          Б.ЖАМЦАЙ

     

     

     

 

 


Facebook Twitter YouTube