Нийтлэгдсэн огноо: 2014/11/25
Энэ өвөл, ирэх хэдэн өвөлдөө ч Улаанбаатарчууд утаатай өвөлжинө. Гэхдээ хамгийн харамсалтай нь, Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах ямар нэг оролдлого хийхгүй өвөлжинө гэдгийг УИХ танасан төсвөөрөө тодотгож өглөө. Тухайлбал, Засгийн газрын зарим тусгай сангийн төсвөөс санхүүжих зардлыг 34.8 тэрбум, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн зардлыг 50 хувиар буюу 450 сая төгрөг, нийт 36.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсвөөс таналаа. Ингэснээр “Цэвэр агаар” сангийн төсөв 50 хувиар цавчигдаж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо (АББҮХ) татан буугдаж байгаа юм.
Эхлээд толгойг нь цавчив
Агаарын тухай хуульд 2013 оны арванхоёрдугаар сард нэмэлт өөрчлөлт орж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд шилжин шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл, утааг бууруулах ажлыг Ерөнхий сайдын харьяа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хариуцаж, бодлого төлөвлөгөөг зангидах болсон.
Энэ утгаараа утаа ихтэй байгааг экс сайдад нялзааж, үлээгээд ч болтугай арилга гэх нь холгүй байсан ч өнөөдөр энэ сэдэв эзэн холбогдогчгүй хоцорлоо. Цаашлаад үе шаттайгаар хэрэгжиж байсан ажлууд царцаж, агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар бодлого, төлөвлөгөөгүй хоцров.
Хэдийгээр иргэд өнгөрсөн хугацаанд утаа бууруулах ажил нь “утаагүй” гэх зуухаар хязгаарлагдаж байгаа хэмээн Засгийн газрыг ихээр шүүмжилж байсан ч “нүдэнд харагдаж байгаа утаа нь хор багатай” гэж хэлээд буруудаж байсан УИХ-ын гишүүний үг ортой. Юутай ч бид агаарын бохирдлыг бууруулах үндэсний бодлогыг эхлээд үгүй хийлээ.
Дараа нь төсвийг нь таналаа
АББҮХ-ны төлөвлөгөөний дагуу ажилладаг “Цэвэр агаар” сангийн төсвийг 50 хувиар буурууллаа. Хачирхалтай нь, төсөв танах тухай сөрөг хүчний дүгнэлтэд “Цэвэр агаар” санд хувь хүний ашиг сонирхол, авлигын асуудал байсан учраас агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах мөнгийг таналаа гэсэн дүгнэлт гаргасан байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Оюун “Түрүүчийн Засгийн газар буюу 2011, 2012 гаргасан алдаатай бодлого, хууль бус үйлдэл 2013 онд ил болсон. Хариуцлага яривал хууль бус асуудал, алдаатай бодлого МАН-ын засаг барьж байхад явагдсан нь 2013 онд хуулийн байгууллагаар шалгагдсан. “Цэвэр агаар” сангийн төсвийг сүүлийн хоёр жил дараалан бууруулж 20 тэрбум болгосон. Засгийн газраас ирэх жил 2011 оны түвшинд буюу 30 тэрбум төгрөгт хүргэх санал оруулсан боловч 50 хувь таначихлаа. Тэр байтугай Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын албыг татан буулгалаа. Асуудлыг сайн мэдэхгүй хүнд 15 тэрбум төгрөг их мөнгө мэт санагдах байх. Гэхдээ 200 гаруй мянган гэр хорооллын айл өрхийн бүрэн шаталтат зуухны татаас, сайжруулсан түлш, нам даралтын зуухнуудыг төвлөрсөн халаалтад холбох асуудал, нар салхи, бусад сэргээгдэх эрчим хүч, цахилгаан, хийн эх үүсвэрээр нүүрсний хэрэглээг орлуулах гээд маш олон ажил бий. Эдгээр ажлуудыг хийхэд бага мөнгө үнэхээр үр дүнгээ өгдөггүй. 2011 онд буюу түрүүчийн Засгийн газрын хоёрдугаар цахилгаан станцын дэргэд Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад одоо агаарын бохирдлыг бууруулах бүх ажлын дунд төсөвлөгдөөд байгаа 15 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэтэл 15 тэрбумаар байгуулсан үйлдвэр нь өнөөдөр ажиллахаа болиод зогсчихсон байгаа шүү дээ. Ямар ч бэлтгэлгүй, бодлогогүй төсөлд төсвөөс тусад нь хөрөнгө суулгаснаас өнөөдөр ажиллахаа больчихсон байгаа. Мөн тухайн үед “Цэвэр агаар” санд 30 тэрбум, цахилгаан хангамж сайжруулах гээд нийлээд 100-гаад тэрбум төгрөг зарцуулж байсан. Үүнтэй харьцуулахад асар бага мөнгийг төсөвлөж байгаа хэрнээ авлигад идэгдсэн гэх нэрийдлээр 50 хувиар хасч байгаа нь утгагүй” гэж хэлжээ.
Төсөв танахын хэрээр хийх ажил хойшилно
“Агаар бохирдуулах эх үүсвэрийн 2013 оны Улсын нэгдсэн тоо бүртгэл”-ийн дүнгээр өнөөдрийн байдлаар 185 мянган өрх гал түлж, 308 мянган автомашин хорт утаа ялгаруулж, гурван цахилгаан станц ажиллаж, сул шороон хөрснөөс тоосонцор их хэмжээгээр дэгдэж байгаа тоо гарчээ. Энэ бүгд нийлээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрдүүлдэг бөгөөд 80 хувийг нь гэр хорооллын өрхийн яндангаас гарч байгаа утаа эзэлдэг гэсэн статистик бий. Харин тэдгээр яндангаас гарч байгаа хорт утааг багасгахын тулд өнөөдрийг хүртэл 28658 өрхөд утаагүй зуух борлуулсан нь 45 мянган өрхийг бүрэн шаталттай сайжруулсан зуухаар хангах зорилтын 60 гаруй хувьд хүрсэн үзүүлэлт юм. Харин энэ халаалтын улиралд үлдсэн 16 мянган өрхөд сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж, ашиглалтын байдалд тавих чанарын хяналтын ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Эдгээр эх үүсвэрүүдээс ялгарч байгаа агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар” сангийн төсөвт 20.2 тэрбум төгрөг баталсан. Энэ хэмжээний мөнгөөр нийт 33 арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 12 төсөл, арга хэмжээнд 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Мөн Улаанбаатар -Цэвэр агаар төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр сайжруулсан зуухны татаасанд 3.7 сая ам.доллар зарцуулсан юм.
Харин иргэдээс муу үнэлгээ авдаг ч агаарын бохирдлыг бууруулах зорилгод хамгийн их нийцэж байгаа нь утаагүй зуух аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг утаагүй болгоход хийн хоолой, цахилгаан халаагуур, орон сууц гэсэн томоохон төслүүд хэрэгжих ёстой ч дээрх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, бүтээн байгуулахад олон жилийн хөдөлмөр, одоо зарцуулагдаж байгаа хөрөнгөөс доод тал нь 50 дахин их хэмжээний санхүүжилт хэрэгтэй юм байна. Тиймээс одоогийн нөхцөлд агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлшийг сайжруулсан зуухтай хослон хэрэглэх нь хамгийн ойрын боломж юм. Гэвч ирэх жил агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийх ёстой ажлын 50 хувь нь төсөвт багтаагүй учраас богино хугацааны хөтөлбөрүүд хэрэгжих боломжгүй болж байгаа юм.
Эх сурвалж: Ардчилал сонин, www.assa.mn
Сэтгүүлч Л.Номин
2014 оны 11 сарын 18
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05