Published date: 2014/11/24
Өвлийн улиралд агаарын бохирдол нийслэлийн иргэн бүрийн шүдний өвчин болдог. Төр засгаас энэ асуудал дээр тодорхой арга хэмжээ авч, шат дараатай ажил зохион байгуулж байна. Энэхүү ажлууд нь эхнээсээ үр дүнгээ өгсөөр байгааг онцлох нь зүйтэй. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь гэр хорооллын айлуудын зуухнаас гарч буй утаа гэдэгтэй бүгд санал нийлж байгаа аж.
Утаат зуухнаас татгалзаж, айл өрхүүд галлагааны шинэ зүйлийг ашиглаж эхлэх нь зүйтэй хэмээн олон санал ирсэн. Иймд хийн түлш буюу газан плиткаг ахуйн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Энэ талаар “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Баатардоржтой ярилцлаа.
-Хийн түлшний салбарын компаниуд хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Бид “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ыг 2006 онд байгуулсан. Монгол улсад хийн түлшний үйл ажиллагаа явуулж буй “Дашваанжил”, “Юнигаз”, “Горгаз”, “Монгаз сервис” зэрэг компаниуд хамтран энэ холбоог байгуулсан. Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс тусгай зөвшөөрөлтэй гурван компани байгаа. Тус холбоо нь хийн түлшний салбарт мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, дүрэм журам, бусад зүйл дээр төртэй хамтран ажилладаг. Тухайлбал Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Эрчим хүчний яамтай хамтран ажилладаг.
-Айл өрхөд ахуйн хэрэглээнд газыг нэвтрүүлэх ажил явагдаж байна. Манай улсын хийн түлшний хэрэглээний талаар ярихгүй юу?
-Сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн хийн түлшийг манай улсад өргөн хэрэглэдэг болсон. Өнгөрсөн онд 38 мянган тонн хийн түлш импортолсон бол энэ оны гүйцэтгэлээр 50 орчим мянган тонныг импортлохоор байна. Энэ нь шингэрүүлсэн шатдаг хийн ач холбогдлыг ард, иргэд ойлгож эхэлж байна гэсэн үг. Хийн түлш нь шаталтын дулаан ялгаруулалт өндөртэй, байгаль орчинг бохирдуулдаггүй, түлш, эрчим хүчний шинэ бөгөөд хамгийн цэвэр эх үүсвэр болдогоороо олон давуу талтай.
Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй учраас дэлхийн улс орнууд зөвхөн энэ түлшийг ашиглаж, агаарын бохирдлоо бууруулсан сайн туршлага олон бий. Засгийн газрын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ оны эхээр биднийг дэмжээд гэр хорооллын айл өрхөд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендер зарласан.
Энэ хүрээнд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн нийт 5000 орчим айл өрхөд 200-300 мянган төгрөгийн өртөг бүхий хийн плитканы иж бүрдлийг 60 мянган төгрөгийн үнэтэйгээр нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мэдээж 5000 өрхөд плитка нийлүүлээд агаарын бохирдол буурчихна гэсэн үг биш. Хамгийн гол нь хийн түлшийг ард иргэд таньж мэдэх, зөв аюулгүй хэрэглээнд сургах талаасаа ач холбогдолтой ажил болсон.
-Газ, баллон нь дэлбэрдэг аюултай гэсэн ташаа ойлголт манайхан дунд байдаг. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 компани байдаг гэж түрүүн хэлсэн. Тэднээс тав нь тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Гурав нь ОХУ-аас хийн түлшээ импортлоод бусаддаа бөөний үнээр нийлүүлдэг гэж ойлгож болно. Иргэдийн дунд аюултай гэх сөрөг ойлголт байдаг. Яагаад аюултай гэж хандах болсныг судлаад үзэхээр гарч байгаа ослуудын ихэнх нь хийн тоног төхөөрөмжийг буруу хэрэглэснээс болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хий, хийн тоног төхөөрөмжийг хэрэглэхдээ зориулалтыг нь өөрчилдөг, дур мэдэж холболт угсралтыг нь гүйцэтгэдэг.
Хийн баллоноо цэнэглүүлэхдээ өөрсдөө холболтыг хийдэг гэх мэт асуудлаас болж осол, аваарь гарах үндэс болсон байдаг. Аливаа тоног төхөөрөмж ашиглалтын заавартай байдаг. Тэр зааврыг чанд мөрдөж ашиглах явдал туйлын чухал асуудал юм. Сүүлийн үед манай компаниуд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр аюулгүй ажиллагааны дагалдах тоног, төхөөрөмжүүдийг нийлүүлээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хий алдвал дор нь мэдэрдэг, алдсан даруйд нь хийг нь хаачихдаг автомат удирдлагын системийг оруулж ирж байгаа.
Хамгийн зөв аюулгүй хэрэглэхийн тулд зааврыг чанд мөрдөж, аюулаас хамгаалах автомат дагалдах тоног, төхөөрөмжүүдийг заавал авч суурилуулах хэрэгтэй. Энэ боломжийг ашиглаад хэлэхэд хийн түлш нь ямар ч хор хөнөөлгүй. Иргэд аюулгүй ажиллагааны зааврын дүрмээ баримлаад ашиглахад л болно. Гэтэл манайхны хайнга зан байдаг. Эсвэл монголчлох сэтгэлгээгээрээ ханддаг. Тэгж болохгүй. Зааврын дагуу л хэрэглэвэл ямар ч аюултай эрсдэлд орохгүй.
-Жижиг газын плиткаг аялалд авч явах нь элбэг байдаг. Харин одоо худалдаалж буй иж бүрдэл плитка ямар давуу талтай вэ?
-Манай компаниудын нийлүүлж байгаа хийн, тоног төхөөрөмжүүд техникийн шаардлагыг бүрэн хангасан. Олон улсын стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжүүдийг нэмэлтээр суурилуулсан байгаа. Нэгэнт Засгийн газраас дэмжиж байгаа энэ ажилд бид хамтын хүчээр юу хийж чаддаг вэ гэдгээ харуулахын тулд хичээж ажиллаж байна. Мөн иргэдийн гэрт нь очиж угсарч өгч, аюулгүй ажиллагааны зааврыг нь зааж өгч байгаа. Мөн нэгдсэн байдлаар сургалт сурталчилгааны ажлыг ч хийж байна.
-Газын хэрэглээг зөв ойлгож авсан иргэд гэртээ суурилуулах нь ихэсч байна. Одоогийн байдлаар 185 мянга орчим байгаа гэр хорооллын айл өрхүүдийг газын плиткаар хэр хангах боломж байна?
-Эхний ээлжинд туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа тул агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр туршаад үзье, хоёрдугаарт ахуйн хэрэглээндээ хэрэглэх боломжийг олгоё гэж ярилцсан. 5000 өрх гэдэг нийслэлийн 185 мянган өрхтэй харьцуулахад бага тоо л доо. Одоогийн байдлаар угсралтын ажил 30-40 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Үүнээс гадна бусад дүүргийн иргэд энэ хийн плитканы иж бүрдлийг манай дүүрэг, хороонд нийлүүлээч гэсэн хүсэлтийг маш ихээр ирүүлж байна. Бид ямар ч байсан үр дүнгээ эргээд тайлагнана. Ирэх жилээс айл өрхийнхөө тоог нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Гэхдээ УИХ-аар төсөв батлагдаад Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгахаар боллоо. Тэгэхээр цаашид яах нь одоогоор тодорхойгүй байна.
-Тухайн айлдаа эдийн засгийн хувьд хэр хэмнэлт гарах вэ?
-Ахуйн хэрэгцээнд өрсөлдөх бүтээгдэхүүн болох цахилгаан, нүүрстэй харьцуулж үздэг. Цахилгаан 800 ккл дулаан ялгаруулдаг. Хийн түлш 11000 ккл дулаан ялгаруулдаг. 11 дахин их гэсэн үг. Цахилгаан плитканаас 11 дахин хурдтайгаар таны хоолыг буцалгана гэсэн үг. Хоёрдугаарт нэг айл сард дунджаар 20-30 мянган төгрөгийн цахилгааны дундаж зардал гаргадаг байхад. 10 кг хийн түлшийг дунджаар гурван сар хэрэглэдэг гээд тооцвол 26 мянган төгрөгийг гурван сард зарцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сард нэг өрх 8300 төгрөгийг хийн түлшинд зарцуулдаг байх нь. Ингээд харьцуулвал эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй гэдэг нь харагдаж байна. Ард иргэд нарийн тооцож үзээгүй учраас сайн мэдэхгүй байгаа юм.
-Хийн түлшээр иргэдийг хэрэгцээг хангах зорилготой байгаа энэ үед хийн агуулах зайлшгүй шаардлагатай болно шүү дэ?
-Гурван багц тендер зарласан байдаг. Тендерт шалгарсан компаниуд үндсэндээ хоёр үүрэг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл 1625 өрхөд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх, нөгөө нь агуулахынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Анх энэ салбар 1996 оноос Монгол Улсад үүссэн байдаг. Өнгөрсөн хугацаанд 2850 метр куб багтаамжтай байсан бол тендер зарлагдсанаар 2200 кубаар хийн түлшний багтаамжийг нэмнэ. Нийтдээ 5050 метр куб болно. 18 жил хийсэн ажлыг зөвхөн нэг жилд хийж байна гэж ойлгож болно.
-Энэ төрлийн хэрэглээ манайд шинэ тутамд хөгжиж байна. Гадаад орнуудтай харьцуулахад ямар байгаа вэ?
-Олон улсын түвшинд хийн түлшний хэрэглээг их хэмжээний хийн түлшний хэрэглээтэй орон, дунд зэргийн, бага зэргийн, огт хэрэглэдэггүй гэсэн үзүүлэлтээр авч үздэг. Манай улс жилдээ 30-50 мянган тоннн түлш хэрэглэж байгаа нь мэдээж маш бага үзүүлэлт. ОХУ-ын нэг мужид хүрэхгүй үзүүлэлт. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа энэ ажил хийн хэрэглээг өсгөхөд чухал ач холбогдолтой болж байна. Цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэгэн адил хэрэглэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Манай орон өвөлдөө их хүйтэн байдаг. Хийн плиткатай айлууд дулаанаа яаж хангах вэ?
-Токио, Сөүл, Бээжин, Москва гэх мэт хотууд агаарын бохирдлыг зөвхөн хийн түлшээр бууруулсан туршлага бий. Хийн түлшийг дулааны эх үүсвэрээр ашиглах нь туйлын чухал асуудал. Энэ асуудлаар нэлээд том хүрээнд ярих шаардлага бий. Өнөөдрийн байдлаар газан бойлуураар зарим нэгэн амины орон сууцыг халаадаг туршлага манайд байна. Одоогоор 200-гаад сууцыг тэгж халаадаг гэсэн судалгаа бий.
Гэхдээ зөөврийн байдлаар биш нэгдсэн системээр хангах нь чухал. Аюулгүй ажиллагаа, эдийн засгийн хувьд ч тэр. Өнгөрсөн жилээс бид дахин төлөвлөлт гэдэг зүйлийг ярьж эхэллээ. Хүссэн хүсээгүй энэ хэрэглээ бидний амьдралд чухал болно. Ингэхийн тулд одооноос төлөвлөлтийг нь хийх хэрэгтэй. Бас нэг зүйл хэлэхэд 2002 онд энэ салбартай холбоотой гурван норм дүрмийг баталсан.
Түүнээс хойш нэг ч шинэчлэгдээгүй. Гэтэл Америк, Япон зэрэг улсад барилгажилтаа дагаад дүрэм стандартаа шинэчилж байдаг. Манайд 12-13 жилийн өмнө ОХУ-ын норм дүрмийг хуулаад баталчихсан тэр л хэвээрээ байна. Хэрэглээ асар хурдтай өсч байна. Мөн бие даасан хуультай болж байж хяналтын байгууллага, аж ахуй нэгж байгууллага , иргэн хооронд үүсэж байгаа энэхүү харилцааг зөв зохицуулна.
-Нэгэнт хийн түлшийг нэвтрүүлээд эхэлсэн учир төр засгийн бодлоготой уялдуулан ажиллах нь чухал байх?
-Манайд мөрдөж байгаа дүрмээр хоёроос дээш давхар барилгад ашиглаж болохгүй гэсэн заалт байдаг. Уг нь хүн бүр эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах эрхтэй ардчилсан улс шүү дээ. Орон сууцанд ашиглах боломжийг яаж бүрдүүлэх вэ гэхээр нэгдсэн систем л хамгийн оновчтой шийдэл болно. Гэхдээ төлөвлөлтийг нь одоо хийхгүй л бол болохгүй. Дахиад таван жил өнгөрөхөд насан туршдаа хийн түлшийг ашиглах боломжгүй болно гэсэн үг. Тэр үед нэгэнт босчихсон барилга, тавьчихсан замыг хуулах, нураах ажил гарна даа. Мэдээж энэ ажлыг эхлүүлэхийн тулд хууль эрхзүйн орчинг шинэчлэх шаардлагатай. Энэ ажилд мэргэжлийн байгууллага, компаниудын санал дүгнэлтийг тусгаасай гэж бодож байна.
Эх сурвалж: Mongolcom.mn http://www.mongolcom.mn/read/16628
Сэтгүүлч М.Золбаатар
2014 оны 11-р сарын 24
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05