News

Т.Бат-Эрдэнэ: Бид хариуцлагатай байсан бол өнөөдөр агаарын бохирдлын тухай ярихгүй байсан

Published date: 2014/11/20

Агаарын тухай хуулийн хэрэгжилт болон агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх, төлбөр авах талаар ямар бодлого баримталж байгаа талаар Нийслэлийн засаг даргын экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

 

 

-Агаарын бохидлын талаар ярихад хэдэн хувь бууруулж байна гэдгийг хүмүүс сонирхдог. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Сэтгүүлч нар энэ асуултыг их асуудаг. Яг хэдэн хувь буурч байгааг нь хэлэх боломж байдаггүй. Өнөөдөр утааны хэмжилтыг яаж хийж байгаа тухай хэлж өгье. Улаанбаатар хотын 10 суурин газар агаарын бохирдлыг хэмжиж байна. Тухайн жилийн, сарын агаарын бохирдлын хэмжээг дараа жилийн, сарын агаарын бохирдлын хэмжээтэй харьцуулж үздэг. Үүний дагуу агаарыг бохирдуулж буй элемент бүр дээр харьцуулж судалгааг гаргадаг. Энэ ажлыг сар бүр харьцуулж үздэг. Түүнээс 10 хувь, 20 хувь буурлаа гэж хэлэх боломж байдаггүй.

 

-Журам зөрчсөн байгууллагад ямар хариуцлага тооцох вэ?

-2011-2013 оны хооронд манай Агаарын чанарын алба Япон улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран нам даралтын зуух болон жижиг усан халаалтын зуух ашигладаг аж, ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Нийт шалгалтанд хамрагдсан байгууллагын 70 гаруй хувь нь стандартаас давсан утаа гаргаж байна. Иймд энэ оны аравдугаар  сарын 15-наас өмнө торгууль тавих арга хэмжээ авна. Хуулинд зааснаар хөдөлмөрийн хөлсийг 3-9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно. Өөрөөр хэлбэл 1.000.000-1.800.000 төгрөгөөр иргэн, аж ахуйн нэгжийг торгоно. Мөн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд томоохон компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

 

 

-Татварын тухайд?

-Ер нь агаарт бохирдол гаргаж байгаа бүх аж, ахуйн нэгж татвар төлнө. Жилийн хэрэглэж байгаа нүүрснийхээ хэмжээтэй уялдаж татвараа төлнө. Одоо Засгийн газрын тогтоолоор батлагдана. Үүний дараа хэдэн төгрөгийн татвар төлөхийг хэлэх боломжтой. Ер нь агаарын бохирдлын тухай хууль тогтоомж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ бид хариуцлагатай байсан бол өнөөдөр агаарын бохирдлын тухай яриад зогсохгүй байх байсан.

 

-Гэр хороолын оршин суугчид агаарын бохирдлыг бууруулах үүднээс ямар арга хэмжээ авах нь чухал вэ?

-Агаарыг бохирдуулж буй олон хүчин зүйл байгаагаас гэр хорооллын айл өрхүүд дийлэнх хувийг эзэлж байна. Иймд дээрх айл өрхүүдэд сайжруулсан зуух хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх ажлыг 2011 оноос хийж байгаа. Энэ хугацаанд 175.0 мянган зуухыг нийлүүлсэн бол 2014-2015 оны халаалтын улиралд зуух аваагүй өрхүүдэд бүрэн нийлүүлж дуусна. Агаарын бохирдол нэг өдрийн дотор бий болоогүй. Үүнтэй адил нэг өдөр, нэг сарын дотор гэнэт алга болчихгүй гэдгийг дахиад хэлье. Хамгийн гол нь иргэдийн оролцоо маш чухал. Манай хэвлэл мэдээллийн байгуулагууд бас зөв мэдээлэл хүргэж бүгд хамтдаа тэмцэж байж утаанаас сална.

 

-Төслийн зуухны бүртгэл есдүгээр сарын сүүлээр дууссан. Харин бүртгүүлж амжаагүй иргэд хэрхэн хамрагдах вэ?

-Төслийн зууханд хамрагдахаар 60 мянга гаруй иргэн бүртгүүлсэн. Иймд 2014-2015 оны өвөл нэмж бүртгэл хийхгүй.

 

Эх сурвалж: Mongolcom.mn

Сэтгүүлч М.Золбаатар

2014 оны 10 сарын 15

 


Facebook Twitter YouTube