Мэдээ, мэдээлэл

Агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар буурчээ

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

Энэ жилийн утааны улиралд авах арга хэмжээнүүд, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудын талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагууд, нийслэлийн захиргааны байгууллагуудын удирдлагууд багтдаг. Өнөөдрийн нээлттэй мэдээллийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, санхүүжүүлэгч “Цэвэр агаарын сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Баасан болон “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд нар өгсөн юм.


 

Агаарын бохирдолтой тэмцэх ажил нэгдсэн удирдлагад оржээ

Нийслэлийн агаар дахь хорт бодис, угаар, тоосонцрыг гэр хорооллын 185 мянган өрх, дулааны гурван станц, нүүрс түлж усаар халаадаг нам даралтын 1200 гаруй зуух, 308 мянган автомашин ялгаруулдаг. Иймд чиглэл бүрээр олон салбарт ажил өрнүүлж байгаа юм. Яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллагууд тус тусын чиглэлээр хариуцан хэрэгжүүлж буй ажлуудыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нэгтгэн зангиддаг. “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалагдаж ажилласан арван сарын хугацаанд агаарын бохирдолтой тэмцдэг байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад орлоо. Лхагва гараг бүрт бид Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагнаж, үүрэг чиглэл авдаг болсноор салбар бүрт хийж буй үйл ажиллагаа шуурхай, хариуцлагатай явагдаж байна” гэж Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт хэллээ.

 

Цахилгааны төлбөрийг шөнийн цагаар 50 хувь хөнгөлж байна

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барьж, улмаар цахилгаан болон хийн халаагуурын хэрэглээг өсгөх, утаа их гаргадаг уурын зуухуудыг халж эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбох. Гэр хорооллыг орон сууцжуулах, нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх, боловсруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг хөрөнгө, хугацаа шаардсан ажлууд эхнээсээ үр дүнд хүрч байна. Ирэх сард Амгалангийн дулааны станц ашиглалтад орж, ДЦС-уудад хийж буй өргөтгөл шинэчлэлт удахгүй дуусна. Нам даралтын усан халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбож, хуучирсантехнологийг нь шинэчилж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан тээврийн хэрэгслүүд нэмж ашиглаж байна.Орон суужжуулалт, бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу үргэлжилж буй. Бодлогын хувьд, эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлж, цахилгааны төлбөрийг шөнийн цагаар 50 хувь хөнгөлж байна.

Зорьсон үр дүнд жинтэй нөлөөлөх дээрх томоохон ажлуудын гүйцэтгэлийг хүлээж суулгүй богино хугацаанд ахиц гаргахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар үе шаттай хангаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 157 мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлсэн, энэ жил нэмж 16 мянган зуух борлуулна. Ингэснээр гэр хорооллын өрхийн 80 гаруй хувь нь утаа бага гаргадаг зуухтай болно. Сайжруулсан түлш нийлүүлэх хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлж, энэ жилийн тухайд агаарын бохирдлын гол бүс Баянгол дүүргийн айл өрхүүдэд ийм түлш нийлүүлнэ гэж Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар буурсан ч стандартад заасан хэмжээнээс их хэвээр байна.

 

Эрчим хүчний хэмнэлттэй зуухаар гэр хорооллыг үргэлжлүүлэн хангах ажил маргааш эхэлнэ

Өнгөрсөн жилүүдэд гурван төрлийн зуух борлуулж байсан бол энэ жил үндэсний үйлдвэрлэлийн болон Туркаас импортолсон найман төрлийн зуухаас иргэд сонголтоо хийнэ. Өнгөрсөн жил зуухны үнийн 93 хувийг төр хариуцаж байсан бол энэ жил дээрх татаасыг 66 хувь болгон бууруулснаар зуухны үнэ нэмэгдсэн ч дотоодын үйлдвэрүүдийн зуухыг 17-28 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Импортын зуухны хувьд, 220 мянга хүртэл төгрөг төлөөд худалдаж авна. Гэхдээ эдгээр нь чанар, үзүүлэлтийн хувьд ялгаагүй, аль аль нь стандарт шаардлага хангасан зуух болохыг “Улаанбаатар Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд тодотголоо. Бүрэн шаталттай сайжруулсан зуухны борлуулалтыг маргааш эхлүүлнэ.Тусгаар тогтнолын талбайд зуух үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, төрийн холбогдох байгууллагууд иргэдийн бүртгэл хийж, хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авахад иргэдээ хөтчилнө.

 

Орчных нь агаар хэр бохирдолтой байгааг иргэд гэрээсээ, утаснаасаа, гудамжнаасаа авч болно

Утаатай агаараар зөвхөн гэр хорооллын 185 мянган өрхийн хүн ам амьсгалдаггүй, орон сууцны 200 мянган өрх ч утаанаас ангид амьдарч чадахгүй байна. Иймд нийслэлд амьдарч буй 1,3 сая иргэндээ агаарын бохирдлын цаг тутмын мэдээлэл, эрүүл мэндээ хамгаалах арга зөвлөмжүүд хүргэх "Агаарын чанарын ухаалаг хяналтын систем" нэвтрүүлээд байна.Хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгийн автобусны буудлуудад агаарын чанарын мэдээг LED дэлгэцээр мэдээлж, www.agaar.mn сайтад агаарын бохирдолтой холбоотой бүх мэдээллийг нэгтгэсэн, удахгүй ухаалаг утасны аппликэйшнээрмэдээлэл хүргэхээр ажиллаж байна.Үүний үр дүнд иргэд гэрээсээ, гар утаснаасаа, гудамжнаасаа агаарын бохирдлын бодит мэдээллийг авч, эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

 

Агаарын бохирдлыг бууруулах ажилд энэ жил 20,2 тэрбум төгрөг зарцуулж байна

Байгаль орчны багц хуулийг шинэчилснээр экологийн аливаа бохирдолтой тэмцэх хөрөнгийг улсын төсвөөс биш бохирдуулагчдаас хураасан татвар, төлбөр хураамжаар бүрдүүлэх болсон. Бохирдуулагч нь төлбөр төлөгч байх энэ зарчмын дагуу түүхий нүүрс түлдэг станцууд, автотээврийн хэрэгсэл, органик уусгагч импортлогчдоос төлбөр авч, агаарын бохирдол бууруулах үйл ажиллагаанд буцаан зарцуулдаг болсон юм. Засгийн газрын энэ чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх нэгж нь Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан” юм.


“Цэвэр агаар” сангаас энэ онд 20,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг холбогдох төсөл, хөтөлбөрүүдэд олгоод байна. Ажлын гүйцэтгэлээс хамааран хүлээгдэж буй санхүүжтилтийг энэ ондоо багтааж олгоно гэж “Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан танилцууллаа. Хөрөнгийн зарцуулалтыг тус сангийн www.tseveragaar.mn сайтад ил тод мэдээлж байна.



 

Эх сурвалж: http://www.info.mn

2014 оны 10 сарын 2

 


Facebook Twitter YouTube