Нийтлэгдсэн огноо: 2014/11/20
Монгол гэр, байшинд тохирох халаалтын шинэ төхөөрөмжүүдтэй Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хурлаар танилцлаа. Монголын Монватт, Германы Олсберг компанийн хамтарсан судалгааны баг сүүлийн хоёр жилийн хугацаанд туршилт, судалгаа хийсний дүнд шөнийн цагт өөртөө дулаан хуримтлуулаад, өдрийн цагт хадгалсан дулаанаа ашиглан гэр, байр халаах төхөөрөмж зохион бүтээжээ.
Монгол гэр хоногт 5-6 кВт, амины орон сууцанд 6-8 кВт цахилгаан хэрэгтэй байдаг.Энэ хэрэглээнд тохирсон дулаан хадгалах төхөөрөмжийг монгол гэр болон байшин сууцанд зориулсан ялгаатай загвараар 1,5 сая төгрөгөөр үйлдвэрлэх боломжтой.Үүнийг хэрэглэхэд уламжлалт аргаар галлаж халаахаас 50 хувьбага зардал гаргах тул өрхийн эдийн засагт урт хугацаанд ашигтай гэж судалгааны багийнхан танилцууллаа.
Уг төхөөрөмжөөр шөнийн 8 цагийн турш дулаан хуримтлуулахад 40кВт цахилгаан шаардагдах ба энэ нь мөнгөн дүнгээр сард 80 мянган төгрөг. Цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамрагдсан өрх дахин 50 хувийн чөлөөлөлт эдэлж, 40 мянган төгрөгөөр гэр, байшингаа халаана гэж судалгааны баг тооцоолжээ. Зардал улам буурах боломж бий.
Гэр хорооллын өрхүүдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг 90 хувь хөнгөлөх асуудлыг тусгасан хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм.Утаа огт ялгаруулахгүй төхөөрөмж хэдий ч хэрэглээнд нэвтрүүлэхэд хараахан бэлэн болоогүй, туршилтын болон үйлдвэрлэлийн зардал хэт өндөр байна гэж Үндэсний хорооны гишүүд үзээд, нарийвчилсан нэмэлт тооцоолол хийхийг судалгааны багт даалгалаа.
Харин Ультрасоник компанийн Герман улсаас импортлох халаалтын төхөөрөмж 700 мянган төгрөгийн үнэтэй. Мөн л шөнө цахилгаан хуримтлуулж, өдөр буцааж ашиглана. Хувийн орон сууцанд хэрэглэхэд илүү тохиромтой энэ төхөөрөмж сард 120 мянга орчим төгрөгийн цахилгаан хэрэглэх бол нам даралтын зуух 150 мянга, цахилгаан зуух 225 мянган төгрөгийн зардал гаргаж байна гэж тус компани харьцуулан судалжээ.
Одоогийн байдлаар хувийн томоохон хаустай айл өрхүүд голчлон хэрэглэж байгаа ба цаашид нийтийн хэрэглээнд өргөн нэвтрүүлэхийн тулд гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх, эрчим хүчний хэмнэлттэй технологийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй байгаагаа Ультрасоник компанийн удирдлагууд хэллээ.
Эвдрэл гэмтэл бараг гардаггүй, 30 жил ашиглах боломжтой энэ төхөөрөмж халаалтын зуух, труба, радиатор, түгээх шугам сүлжээний аль алийг шаардахгүйн дээр элдэв төрлийн шатахуун, хий ашиглахгүй тул ирээдүйн хөгжлийн хандлагад илүү тохирно гэж компанийнхан үзэж байна. Үүнийг өргөн нэвтрүүлснээр Японы Засгийн газар утаатай тэмцэх ажилдаа бодит үр дүнд хүрсэн байна.
Агаарын бохирдол үүсгэхгүй дэвшилтэт технологийн аливаа тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх бодлогыг төрөөс баримталж, жил бүр хамрагдах тоног төхөөрөмжийн жагсаалт баталдаг. Энэ жагсаалтад тус компанийн импортолдог дээрх бүтээгдэхүүнүүдийг оруулахад Үндэсний хороо дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Sonin.mn
2014.10.16
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05