Мэдээ, мэдээлэл

Иргэдэд найман төрлийн зуух санал болгож байна

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөрийн бүртгэл хороодод эхлээд байгаа юм.  Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд нэрээ энэ сарын 26-ныг хүртэл хорооныхоо зохион байгуулагчид өгөх юм. Иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн ирэх сарын 3-наас зуухнуудыг тараан борлуулах ажил эхэлнэ.  Өнгөрсөн жил дөрвөн төрлийн зуух тарааж байсан бол энэ жил найм болж нэмэгджээ.  Зуухнуудын үнэ болон онцлогийн талаар  Улаанбаатар цэвэр агаар төслийн инженер Г.Батмэргэнээс тодрууллаа.

 

 

ДӨЛ

Энэ зуух нь тогоо тавьдаг, мөн ханан пийшинд холбогдох боломжтой гэдгээрээ бусдаасаа онцлог юм. Монгол инженер загварыг нь гаргаж, урд хөршид үйлдвэрлэжээ. 50 метр квадратыг халаах бөгөөд хоёр жилийн баталгаа олгож байна. Үндсэн үнэ нь 475 мянган төгрөг, хороогоороо дамжуулан 215 мянган төгрөгийн хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой ажээ.

 

НОМИН

Монгол хүн зохион бүтээж, урд хөршид үйлдвэрлэсэн “Ханбаян” компанийн “Номин” зуух худалдаанд гарлаа. Тус зуух нь 50-60 м.кв-ыг 8-10 цагийн турш халаах боломжтой юм байна. Нэг удаа галлахад дөрвөн кг нүүрс, 250 гр мод шаардагддаг. Загварын туршилт амжилттай болвол үйлдвэрийг нь оруулж ирж Монголд үйлдвэрлэх аж. Номин зуухыг 199 мянган төгрөгөөр худалдан авч болох юм.

 

ОЧ

“Оч” загварын зуух нь 50-60 метр квадратыг халаах зориулалтай. Өдөрт хоёр удаа галлах давтамжтай. Хэрвээ захиалагч хүсвэл дээрх хэмжээнээс илүү том талбайг халаах хүчин чадалтай зуух үйлдвэрлэх боломжтой гэнэ. Оч зуухын зах зээлийн үнэ нь 483 мянган төгрөг бөгөөд 227 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой юм байна. 

 

ВЕКАС 107

Европ технологийн ВЕКАС-107 зуухыг 64 мянган төгрөгөөр худалдан авах боломж олгож байгаа юм. “Их тэнгэрийн хүч” компанид үйлдвэрлэсэн бөгөөд энэхүү бүрэн шаталттай зуух нь эрүүл мэндэд хоргүй, эдийн засгийн хэмнэлттэй, түлш маш бага зарцуулдаг, хэрэглэхэд хялбар гэнэ. 70 метр квадратыг халаах хүчин чадалтай бөгөөд монгол гэрт тохирсон, өнгө үзэмж сайтай гээд олон давуу талтай ажээ. Мөн паалантай гадаргуу нь ховхорч хуурч, зэвэрч хайлахгүй, галд тэсвэртэй, бат бөх керамик доторлогоотой, дулаан дамжуулах, хадгалах чадвар сайн ажээ.

 

ГОЛОМТ

66 метр квадратыг халаах хүчин чадалтай “Голомт” зуухыг энэ жил 28 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Бусад зуухтай нэгэн адил цөөн удаа галлаж, дулаанаа удаан барьдаг болохыг тогтоожээ.  Энэ жил “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд 11 аж ахуй нэгжийн 300 гаруй төрлийн зуухнаас сонгон шалгаруулж, энэхүү найман зуухыг сонгон иргэдэд хөнгөлттэй үнээр санал болгож байгаа юм.

 

ЖИЖИГ ДӨЛ

Энэ жил шинээр худалдаанд гарчээ. Жижиг гэртэй, бага талбайт байшинтай айлуудад зориулан бүтээжээ. Яндандаа тусгай хөргөх бүхээгтэйгээрээ онцлог юм. 35 метр квадратыг халаах боломжтой. Үндсэн үнээсээ 256 мянган төгрөгөөр хямдарч 116 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Жижиг дөл зууханд хоёр жилийн баталгаа өгч байгаа ажээ.

 

ЧИН

Уг зуухыг галлахын тулд дөрвөн кг нүүрс, 500 гр мод байхад хангалттай гэнэ. Бүрэн шаталттай учраас агаарын бохирдол үүсгэхгүй, дулаанаа 4-5 цаг барьдаг ажээ. Монгол инженерийн гараар бүтэж, урд хөршид үйлдвэрлэжээ. Чин зуухыг үйлдвэрлэсэн “Том хорол” компаниас хоёр жилийн баталгаа олгож байгаа бөгөөд 16000 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгож байна.

 

ӨЛЗИЙ

Өлзий зуух нь таван талаараа дулаанаа жигд түгээх бөгөөд хатуу түлшнээс ялгарсан дулааны 71 хувийг ашигтай зарцуулдаг  байна. Мөн  дулаанаа 8-12 цагийн турш хадгалдаг тул хоногт хоёрхон удаа галлахад хангалттай ажээ. Бүрэн шаталттай эдгээр зуух нь 70 орчим хувь нь ширмэн хийцтэй тул дулаан хадгалах, дамжуулах чадвар сайн аж. Өлзий зуухны үндсэн үнэ нь 457 мянган төгрөг бөгөөд хороогоороо дамжуулан 221 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болж байгаа юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгүүлч Т.БАТСАЙХАН

2014 оны 9 сарын 24

 


Facebook Twitter YouTube