Нийтлэгдсэн огноо: 2014/11/20
Агаарын бохирдлыг үүсгэгч нүүрсний хэрэглээг бууруулах, дулааны улиралд нүүрсний хэрэглээг багасгахад түлхэц үзүүлэх зорилгоор шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг хэвшүүлэх, түүний хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхүүдэд хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарч, арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдлийг нийлүүлэн ажиллаж байгаа аж. Ингээд айл өрхүүдийн газны хэрэглээг дэмжиж, агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн талаар Юнигаз компанийн гүйцэтгэх захирал Д.Баасанцогттой ярилцлаа.
-Гэр хорооллын айл өрхүүдийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа ажил ямар шатандаа явж байна вэ?
-Монгол улсын Засгийн газрын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаар сангаас гэр хорооллын айл өрхүүдийн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэлээд бодитой ажил хийхийг газны компаниудад тавьсан. Уг саналыг компаниуд хүлээж аваад эхний ээлжинд энэ ажлыг алхам алхмаар хийж хэрэгжүүлье гэж шийдсэн. Бид нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж аваад гэр хорооллын айл өрхүүдийн халаалтын асуудлыг шийдэх нэлээд том төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Үүнээс урьтаад иргэдийн газны хэрэглээг нэмэгдүүлж, ард иргэд маань заавал зуух гэлтгүй газан плиткэн дээр хоолоо хийдэг болгох дадал, зуршилтай болгоё гэж шийдсэн. Ингээд уг ажлыг эхлүүлээд явж байна.
-Айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил дууссан уу?
-Айл өрхүүдэд хийн плиткины иж бүрдэл нийлүүлэх ажил арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Манай Юнигаз компанийн хувьд Чингэлтэй дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны айл өрхүүдийг хариуцаж аваад ажиллаж байна. Одоогоор 500 гаруй айлын захиалга аваад 300 гаруй айлд холболт хийчихээд байна. Бид нийтдээ 1750 гаруй айлд суурилуулах байгаа. Энэ ажлыг оны өмнө дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сонгогдсон хороодын хувьд 10 мянга гаруй айл өрхтэй. Гэхдээ бид зөвхөн эхний 1750 өрхөд холболт хийж өгөх учир иргэд маань эртхэн захиалгаа өгөх хэрэгтэй байна. Өндөр өртөгтэй, аюулгүй ажиллагааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн энэ төхөөрөмжийг хөнгөлттэй олгож байгаа учир иргэдэд нэлээд боломжийн тусч байгаа тул яаралтай захиалгаа өгөөд авах хэрэгтэй.
- Иргэд газны хэрэглээг дэмждэг хэдий ч аюулгүй байдалд нь ихээхэн санаа зовдог л доо. Хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа хийн зуухны иж бүрдлийн хувьд аюулгүй байдлыг хэр хангасан бэ?
-Мэдээж манай иргэд газны аюулгүй байдалд хамгийн их санаа зовдог. Манай нийлүүлж буй иж бүрдлийн хувьд Япон технологийн тоног төхөөрөмж байгаа. Аюулгүй байдлыг хамгийн орчин үеийн дэвшилтэд технологиор хийж өгсөн. Тодруулбал аюулгүйн хаалт хавхлагыг хийж өгсөн. Энэ нь одоо Японы айл өрхүүдийн хэрэглэдэг хамгаалалтын хаалт л даа. Энэ хаалт гэж юу яриад байгаа юм гэхээр ямар нэг гэнтийн осол аваар гараад, газ алдлаа гэхэд энэ хаалт нь автоматаар хаагдаад газыг алдагдуулахгүй хаадаг гэсэн үг. Тиймээс энэ нь маш аюулгүй. Мэдээж иргэд маань өөрсдөө газыг хэрэглэхдээ бага насны хүүхдийг хүргэж болохгүй, хэрэглээгүй үедээ түгжих ёстой гэх мэт аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөх ёстой.
-Энэ ажил хэр үр дүнтэй байх вэ?
- Оны өмнө сонгогдсон бүсийн иргэдэд холболт хийгээд дуусчихна. Ингээд ид утааны үед эдгээр айлууд гал дээр биш газан дээр хоолоо хийгээд сурчихвал 20 орчим хувиар утааг буурна гэж үзэж байгаа.
-Хэдэн байршлын айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлж байгаа вэ?
-Гурван компани төсөл хэрэгжүүлэхээр шалгараад байгаа. Хамгийн их утаатай дүүргийн хороодыг хувааж аваад ажиллаж байна. Манай компанийн хувьд Чингэлтэй дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны 1700 гаруй айлд суурилуулна. Харин Горгаз, Дашваанжил газууд нөгөө хоёр дүүргийн хэд хэдэн хорооны айл өрхүүдэд суурилуулна. Нийтдээ 5000 гаруй айл өрхүүдэд хөнгөлттэй үнээр газ нийлүүлнэ.
-Иргэд хэрхэн хүлээн авч байгаа вэ?
- Иргэд манай Юнигазыг их талархалтай хүлээж авч байгаа. Иргэд ер нь газны хэрэглээг ойлгодог болсон байна.
-Хийн плиткины үнэ өртөг ямар байгаа вэ? иргэдийн худалдан авах чадвар хэр байна?
-Үнийн хувьд энэ иж бүрдлийн маань нийт үнэ өртөг 350 мянган төгрөг байгаа. Үүний 90 орчим хувийг нь бууруулаад иргэдийн гар дээр очих үнэ бол ердөө 60 мянган төгрөг болж байгаа. Энэ бол маш боломжийн үнэ. Улсаас өгсөн дэмжлэг болоод манай компанийн хувьд нэг өрхөд суурилуулахад гарах зардал 70-100 орчим мянган төгрөг болж байгаа. Үүнийг бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа. 10 кг-ын боллон, боллоных нь хий өөрөө 60 мянган төгрөг шүү дээ. Гэтэл бид дээрээс нь нэмээд Япон брендийн хоёр ширэмтэй, хоёр тулгатай плитка, аюулгүй ажиллагааны иж бүрдлийг цуг өгч байгаа.
-Хөнгөлттэй үнээр хийн газ нийлүүлэх бүсийн бус иргэд танай энэ иж бүрдлийг авч болох уу?
-эхний ээлжинд буюу энэ онд бол яг тэр бүсийн иргэддээ л өгнө. Харин ирэх оноос Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болоод, Цэвэр агаар сангийнхан энэ ажлаа тодорхой хэмжээний үр дүнтэй байна гэж үзвэл цаашид хэрэгжүүлээд явъя гэдэг саналтай байгаа. Одоо бол нэгэнт сонгогдсон бүсийн оршин суугчид эртхэн төхөөрөмжөө аваад суурилуулаад хэрэглээндээ нэвтрүүлээд хэр үр дүнтэй байгаа эсэхийг нь мэдрүүлэх шаардлагатай.
-Хийн хэрэглээг дэмжсэнээр эдийн засгийн хувьд хэр хэмнэлттэй вэ?
-Дэлхий нийтээрээ газ хэрэглэж байна. Аль ч улсад очсон газаар л хоолоо хийдэг. Цахилгаанаас хамаагүй хямд учир ингэж хэрэглэж байгаа хэрэг л дээ. Би түрүүнд хэлсэн. 10 кг боллон хий өөрөө 60 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь таван ам бүлтэй айлын гурван сарын хэрэглээ гэсэн үг л дээ. Тухайн айл өдөрт 2-3 удаа хоол цай хийхэд сард нийтдээ цахилгааны мөнгөндөө 8000 мянга орчим төгрөг зарцуулна гэдэг маш боломжийн гэж үзэж байгаа.
-Энэ ажилд улсаас ямар ямар байдлаар дэмжлэг, татаас үзүүлж байгаа юу?
-Улсаас нийтдээ 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тендерийг зарлаад гурван компанийг шалгаруулаад 500, 500 саяар хувааж өгсөн л дөө. Энэ дэмжлэгийнх нь мөнгө бол айлууддаа зарцуулагдаад л таарч байна.
-Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэхийн тулд та бүхний зүгээс хүсэх зүйл юу байна?
-Бидний хувьд энэ онд ердөө 5000 айл өрхүүдэд холболт хийх боломжтой байгаа. Тэгэхээр цаашид ирэх онд ядаж 15-20 мянган айл өрхөд холболт хийх боломж хэрэгтэй байна. Яагаад гэвэл иргэдээс маш их хүсэлт ирж байгаа. Өөр хороо дүүргийн иргэд яагаад заавал энэ хооронд юм бэ гээд саналаа ирүүлж байна.
Ярилцсанд баярлалаа
Б.Сансартуяа
Olloo.mn
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05