Байгальд ээлтэй бүтээгдэхүүн

Published date: 2014/10/23

МҮХАҮТ-ын байранд “Байгальд ээлтэй техник технологийн үзэсгэлэн-2014” амжилттай болж өндөрлөлөө.

БОНХЯ санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулсан энэ үзэсгэлэнд ШУА-ийн хүрээлэнгүүд, ААНБ, хувийн хэвшлийн компаниуд оролцон шинэ, шилдэг техник технологио хэрэглэгчдэд толилуулсан юм.

 

Утаанаас ангижрахад  усан халаагуур тусална

Үзэсгэлэнгийн хаалгаар орсон хэн бүхний анхаарлыг татаж байсан нэгэн техник бол усан халаагуур. Гэр хорооллын утааны асуудлыг хамгийн хурдан, хялбар шийдэх шинэ бүтээгдэхүүнээр “Гэрэлт нарны туяа” ХХК оролцсон юм. Гэр хороолол болон амины орон сууцанд зориулсан, цэвэр үзэмжтэй, хамгийн бага цахилгааны хэрэглээгээр их талбай халаах чадвартай усан халаагуур нь 20-44 м.кв талбайг халаах хүчин чадалтай. Усан халаагуурт 20-25 л ус хийгээд цахилгаанд залгахад дорхноо халуун дулаан орчныг бий болгох гэнэ. Үнийн хувьд халаах талбайн хэмжээнээсээ шалтгаалан 245000-380000 төгрөг ажээ.

 

Нэг шүдэнзээр нүүрсээ асаая

“Цэвэр түлш” ХХК хамгийн сүүлд хийсэн бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд танилцуулж байв. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Амаржаргалаас компани болон бүтээгдэхүүнийх нь талаар тодруулсан юм. Тэрбээр  "Манай компани 2011 онд байгуулагдсан. Монгол Улсын биодизелийн түлшний салбарын анхдагч, тэргүүлэх үйлдвэрлэгч, технологи нэвтрүүлэгч, сэргээгдэх түлшний компани юм. Манай хамт олон ХБНГУ-ын дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэрийн шугамыг ашиглалтад оруулж, амьтан, ургамлын гаралтай өөх тосыг боловсруулан биодизелийн түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Бидний үйлдвэрлэж буй түлшийг бүх төрлийн дизель хөдөлгүүр болон халаагчийн системд түлш байдлаар хэрэглэдэг. Энэхүү биодизель түлш нь байгальд хаягдахад  агаар, хөрсөнд  4-5 дахин хурдан задардаг. 

 

Иймд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд энэ салбарыг төрийн бодлогоор их дэмждэг юм билээ. Манай улс ч энэ тал дээр анхаарч байгаад бид баяртай байгаа. Байгальд ээлтэй 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн Засгийн газрын тогтоол энэ салбарын бизнес эрхлэгчдэд дэм болж, бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд 10-15 хувийн хямд үнээр очих боломжийг өгсөн. Энэ жилийн үзэсгэлэнд манай хамт олон нүүрс асаагч шинэхэн бүтээгдэхүүнээ авчирсан. Модны үртсийг өндөр даралтаар шахаж, биодизель түлшээр баяжуулсан жижиг дугуй шахмалын нэг бүрийн үнэ 100 төгрөг.  

 

Зуух болон пийшиндээ нүүрсээ хийгээд нүүрс асаагч шахмалыг нэг ширхэгийг хийгээд шүдэнз зурахад л гал төвөггүй асна. Хэрэглэгч та бүхнийг ирэх өвөл нэг шүдэнзээр нүүрсээ асаадаг манай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг уриалж байна"  гэв.

 

Эх дэлхийн найдвар - ЭМ технологи

“Ирвэс интертрейд” ХХК 2000 оноос ОХУ-ын анагаах ухааны доктор Петр Шаблины зохион бүтээсэн ЭМ технологийн бүтээгдэхүүнийг Монголд нутагшуулан анхдагч үйлдвэрийг байгуулжээ.

ЭМ технологи нь хөрсний үржил шимийг биологийн аргаар тогттвортой нөхөн сэргээх цорын ганц технологи ажээ. Одоогоор ЭМ технологийг хөрсний үржил шимийг сайжруулах, хөрсийг нөхөн сэргээх,ургацын хэмжээг нэмэгдүүлэх, амт чанарыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах зэрэгт өргөнөөр хэрэглэж байна. Мөн хортон шавжтай тэмцэх, гэр хорооллын жорлонг халдваргүйжүүлэх, органик хаягдлыг ялзмагжуулах, муу үнэрийг арилгах туршилт хийж байгаа аж. ЭМ гэдэг нь эффективные микроорганизмы буюу идэвхтэй бичил биетэн гэдэг үгийн товчлол юм. Энэ технологи нь газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрснээр өндөр бүтээмжтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргадаг газар тариалангийн шинэ эрин үе эхэлсэн байна.

 

Амьсгалдаг хана- silк plaster

Үзэсгэлэнгийн өвөрмөц нэгэн бүтээгдэхүүн нь ханын шинэ гоёл silк plaster байлаа. Бидний мэдэх ханын цаас /обой/-ны шинэ загвар ОХУ-д үйлдвэрлэж эхлээд 16 жил болж байгаа юм байна. Торгон өнгөлгөө гэж нэрлэдэг энэхүү материалын найрлаганд силк, гоёл чимэглэлийн нэмэлт бүтээгдэхүүн, цавуу ордог. Ямар ч үнэргүй, агаар, усны уурыг маш сайн нэвтрүүлдэг ажээ. Энэхүү бүтээгдэхүүнийг мэргэжлийн хүн, мэргэжлийн сургалт шаардлагагүйгээр зааврын дагуу хэн ч хийж болох юм. Дэлхийн чанарын стандартыг бүрэн хангасан эко бүтээгдэхүүн тул хүүхдүүд ч өөрийн хүссэн загвараа урлах боломжтой юм. Бүтээгдэхүүн дээр ус нэмээд л та ханандаа хүссэн өнгө, загвараараа торгон өнгөлгөө хийж болно. Тус бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч Скайпрофешнл трейд ХХК нь Монголын зах зээлд 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна. “Байгальд ээлтэй техник технологи-2014” үзэсгэлэнд 40 гаруй  аж ахуйн нэгж,байгууллага, компаниуд оролцсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн техник технологи үйлдвэрлэгч, импортлогч томоохон  компаниудаас гадна  угаалгын нунтаг, ариун цэврийн цаас зэрэг  ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг ААН-үүд оролцсон юм.

 

Үзэсгэлэнд оролцогчид дэлхий дахинд байгальд ээлтэй техник технологи нэмэгдсээр байна, бид тэр бүхнийг эх орондоо нутагшуулах,нэвтрүүлэхийг хичээн ажиллаж байна. Төрийн бодлого, дэмжлэг ч энэ тал дээр  чиглэнэ байх гэдэгт итгэлтэй байгаагаа ярьж байлаа. Ийнхүү байгальд ээлтэй техник технологийн үзэсгэлэн ирэх жил улам олуулаа цугларах  хүсэл дүүрэн өндөрлөлөө.


Facebook Twitter YouTube