Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр батлагдлаа

Published date: 2014/10/23

Хэрэглээ огцом өссөнөөс үүдэн Монголд сүүлийн 4 жилийн дотор хог хаягдлын хэмжээ 3 дахин буюу жилд 500 мянган тонноор нэмэгдэн 2013 оны байдлаар улсын хэмжээнд жилд үүсч байгаа хог хаягдал 2.4 сая тонн хүрчээ.

 

Гэтэл хот суурин газрын хог хаягдлыг уламжлалт хэлбэрээр олон мянган га талбайд дарж булдаг хэвээр байгаа юм.

 

Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг баталжээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд экологид халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгах, хог хаягдлыг эргүүлэн ашиглах, эрчим хүч гарган авахзэрэг замаар байгальд булж устгах хаягдлыг багасгахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлнэ.

 

Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрт төрийн байгууллагууд, бүх шатны Засаг дарга, хувийн хэвшил, шинжилгээ судалгаа, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, удирдлага зохион байгуулалтыг тодорхой тусгажээ.

 

Хөтөлбөр хэрэгжсэнээр төв суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч, нийт хог хаягдлын 20-оос доошгүй хувийг эргүүлэн ашиглах,

нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дахин боловсруулдаг болно.


Facebook Twitter YouTube