Published date: 2014/10/23
Монгол улсын гол мөрөн хариуцах эзэнтэй боллоо
Монгол орны хэмжээнд гол горхи нуурууд болон газрын доорхи усны нөөцийг хамгаалах, ашиглалт хэрэглээ бохирдол зэрэгт хяналт тавих, хүн ам, бэлчээр газар тариалангийн усан хангамжийг зохицуулах үүрэг бүхий төрийн захиргааны 29 байгууллага (Сав газрын захиргаа) -ыг байгуулж бэхжүүлж байна.
Сав газрын үйл ажиллагааг дэмжих, хяналт тавих, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий иргэдийн оролцоог хангасан Сав газрын зөвлөлүүдийг Туул, Улзгол, Тэс-Увс нуурын Сав газрын захиргааны дэргэд байгуулав.
Усны үрэлгэн хэрэглээг багасгах шинэ тогтолцоог бүрдүүллээ
Шинэчлэлийн Засгийн газраас 2013 онд баталсан шинэ журмаар усны үнэ цэнэ, тарифыг нэмэгдүүлэх, мөн усаа дахин ашиглаж байгаа хэрэглэгчийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эдийн засгийн урамшууллыг бүрдүүлсэнээр 2014 онд 73 сая тонн ус хэмнэсэн байна. Ялангуяа олонхи уул уурхайн компаниуд ашигласан усаа хаядаг байснаа зогсоож хаягдлын далан нөөцлүүр байгуулж дахин ашиглаж эхэллээ.
Улсын төсвөөр хайгуул хийсэн гүний усны ордыг ашиглаж журмыг Засгийн газраас 2014 онд шинээр батлан гаргаснаар усны эрэл хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийг бүрдүүлэхэд чухал алхам болов.
Журам батлагдсанаас хойш ордын нөхөн төлбөрт 2 тэрбум орчим төгрөг улсын төсөвт оруулаад байна.
Ямар хэмжээний төлбөр төлөх нь хэрэглээнээс хамаарна
Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсны дагуу ашигт малтмал олборлогч нэг шоометр ус ашигласныхаа төлөө ойролцоогоор 561 төгрөг 90 мөнгөний төлбөр төлнө.
Харин хүнд үйлдвэрлэл эрхлэгч 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч 103 төгрөг 30 мөнгө, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгч ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө төлнө. Эндээс харахад хэн усыг үрэлгэн зарцуулж байна, тэр өндөр төлбөр төлөхөөр болж байна.
Харин хэн үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлж усыг хэмнэлттэй ашиглана төдий чинээ бага төлбөр төлнө.
Ус бохирдуулагч болгон төлбөр төлөгч
Усыг хэрэглээд хаягдал гаргаж байгаа, ус бохирдуулагч болгонд хамаатай “Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль” 2012 онд шинээр батлагдсан.
Бохирдуулагч болгоноос төлбөр авах зорилготой хуулийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд ул суурьтай, өргөн хүрээний судалгаа хийх шаардлагатай.
Урьдчилсан байдлаар Монгол Улсад ус бохирдуулагч 50 гаруй мянган аж ахуйн нэгж байгааг тогтоосон байна.
Түүнчлэн иргэн бүр төлбөр төлөх бөгөөд манайулсад ажиллаж, амьдарч байгаа бүх хүнд энэ хууль үйлчлэх юм байна. БОНХЯ-ны ажлын хэсэг журам гаргахаар ажиллаж байна.
140 гаруй аж ахуйн нэгж хаягдлын сантай болжээ
БОНХЯ ус ашиглах дүгнэлтэд нь үндэслэн томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэглэсэн усныхаа 60-аас доошгүй хувийг нь эргүүлж ашиглах даалгавар өгсөн нь хэрэгжиж байна.
Эргүүлж ашиглах гэдэг нь хэрэглэсэн усаа нөөцлөөд эргэж ашиглах тухай ойлголт бөгөөд харин хуримтлуулж байгаа савыг хаягдлын сан гэж нэрлэдэг.
Энэхүү хаягдлын сан нь агаарт хорт хий дэгддэггүй, хөрсөнд нэвчдэггүй байх шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хоногт 100 шоометрээс дээш ус ашигладаг 140 гаруй аж ахуйн нэгж хаягдлын сантай болсон байна.
Түүнчлэн шороон ордод үйл ажиллагаа явуулж буй жижиг компаниудад ч хаягдлын сантай болох даалгаврыг БОНХЯ-наас өгчээ.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05