Published date: 2014/10/21
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 6 сарын 24 өдөр |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь агаар бохирдуулагч этгээдэд агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Агаарын тухай хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“агаар бохирдуулах бодис” гэж Агаарын тухай хуулийн 3.1.6-д заасныг;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2.“агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр” гэж Агаарын тухай хуулийн 3.1.9-д заасныг;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.3.“агаарын бохирдлын төлбөр” гэж Агаарын тухай хуулийн 3.1.14-т заасныг;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.4.“органик уусгагч” гэж ердийн агаарын хэм, даралтын нөхцөлд их хэмжээгээр агаарт уурших органик бодисыг;
3.1.5.”автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл” гэж дизель түлш, шатахуунаар ажилладаг бүх төрлийн автомашин, автобус, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад хэрэгслийг;
3.1.6.“агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч” гэж Агаарын тухай хуулийн 18.1-д заасан зөвшөөрөл авсан этгээдийг.
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4 дүгээр зүйл. Агаарын бохирдлын төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
4.1.Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна:
4.1.1.түүхий нүүрс олборлогч;
4.1.2.органик уусгагчийг үйлдвэрлэгч;
4.1.3.органик уусгагчийг импортлогч;
4.1.4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;
4.1.5.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч;
4.1.6.агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
4.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Агаарын тухай хуулиар зохицуулна.
4.3.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч нь агаарын чанарын мэргэжлийн албатай хамтран төлбөр төлөгчийн ашиглаж байгаа агаарын бохирдлын эх үүсвэрийн нэр, байршил, улсын бүртгэлийн дугаар, төрөл, тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтын хугацаа болон бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллийн бүртгэл хөтөлнө.
4.4.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийг бүртгэхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар зохицуулна.
4.5.Энэ хуулийн 4.1.6-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөр авах журам, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.
5 дугаар зүйл. Агаарын бохирдлын төлбөр ногдох зүйл
5.1.Олборлосон түүхий нүүрс, үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд агаарын бохирдлын төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна.
5.2.Төлбөр ногдуулах органик уусгагчийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5.3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээгээр нь бүлэглэх ангиллыг суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, автобус, ачааны автомашины даацаас хамааруулан тогтоох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
5.4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5.5.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.6.Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Цэвэр агаарын санд төлнө.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.7.Гэм буруутай этгээд энэ хуулийн 5.5-д заасан хохиролд агаарын бохирдлын нөхөн төлбөр төлсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл. Төлбөр ногдуулах биет нэгж
6.1.Төлбөрийг тооцоход дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:
6.1.1.түүхий нүүрсийг олборлоход килограммаар;
6.1.2.органик уусгагчийг үйлдвэрлэх, импортлоход килограммаар;
6.1.3.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг граммаар;
6.1.4.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлыг килограммаар.
7 дугаар зүйл. Төлбөрийн хувь, хэмжээ
7.1.Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
7.2.Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
7.3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараахь байдлаар тогтооно:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал |
CO2 хийн ялгарал (г/км) |
Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/ |
A |
121-180 |
1800 |
Б |
181-250 |
2100 |
В |
251-350 |
3500 |
Г |
351-500 |
5000 |
Д |
501-750 |
7500 |
Е |
751-ээс дээш |
9500 |
7.4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
8 дугаар зүйл. Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
8.1.Түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр төлбөрөөс чөлөөлнө.
8.2.Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.
8.3.Энэ хуулийн 7.3-т заасан А-Б ангилалд хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төлбөрийг тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үйлдвэрлэснээс хойшхи эхний 4 жилд чөлөөлнө.
8.4.Үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит тракторыг төлбөрөөс чөлөөлнө.
8.5.Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.
8.6.Энэ хуулийн 8.5-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Засгийн газар батална.
9 дүгээр зүйл. Төлбөр төлөх, тайлагнах
9.1.Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө.
9.2.Төлбөр төлөгч нь үйлдвэрлэх, импортлох органик уусгагчид ногдох төлбөрийг химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахын өмнө харьяалах татварын албанд төлнө.
9.3.Төлбөр төлөгч нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх бөгөөд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь агаарын бохирдлын төлбөр төлсөн тухай тэмдэглэлтэй байна.
9.4.Төлбөр төлөгч нь Агаарын тухай хуулийн 10.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлтийг үндэслэн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс тухайн жилд агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисд ногдох төлбөрийг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд төлнө.
/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.5.Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
9.5.1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;
9.5.2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;
9.5.3.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор гаргаж агаарын чанарын мэргэжлийн албанд ирүүлнэ.
9.6.Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
10.1.1.энэ хуулийн 5.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг арилгуулаагүй, агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулаагүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.1.2.энэ хуулийн 5.5-д заасан агаарын бохирдлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээд төлөөгүй бол уг төлбөрийг төлүүлж, түүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг есөөс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.1.3.агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл болон агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээг нуун дарагдуулсан, худал мэдээлэл өгсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуй нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтын дугаарт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.2.Энэ хуульд заасан төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/30?lawid=30
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05