Нийтлэгдсэн огноо: 2014/10/17
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр |
Дугаар 18 |
Улаанбаатар хот |
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Агаарын бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотыг дахин төлөвлөж шинэ суурьшлыг бий болгох, гэр хорооллын дэд бүтцийг барьж байгуулах, орон сууцжуулах, авто замын сүлжээ болон хотын гудамжны тохижилтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дараахь арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны улсын төсөвт тодотгол, зохицуулалт хийх замаар дор дурдсан хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай:
1.1. Нийслэлийн гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангаж дуусахад дутагдаж байгаа 46000 (дөчин зургаан мянган) ширхэг зуух худалдан авахад шаардагдах 18.0 (арван найман) тэрбум төгрөг;
1.2. Улаанбаатар хот болон аймгийн төв, суурин газрын айл, өрхийг сайжруулсан зуухаар хангах зорилгоор олон улсын стандартын шаардлага хангасан зуух үйлдвэрлэх зориулалт бүхий "Сайжруулсан зуухны засвар үйлдвэрлэлийн иж бүрэн төв"-ийг барьж байгуулахад шаардагдах 8.0 (найман) тэрбум төгрөг;
1.3. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа, тодорхой нөхцөл шаардлагыг хангасан айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө 2013 онд гэр хорооллын цахилгаан эрчим хүчний техникийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөх, шинэчлэхэд шаардагдах 5.0 (таван) тэрбум төгрөг;
1.4. Улаанбаатарын дулааны II цахилгаан станцын зориулалтыг өөрчлөн дулааны горимоор дагнан ажиллуулахад шаардлагатай техник, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар тус станцыг түшиглэн баригдаж байгаа хагас коксон түлшний үйлдвэрийг “Түлшний үйлдвэрийн цогцолбор” болгон барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгө;
1.5. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулж, жилдээ 200.0-250.0 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг шинээр барьж байгуулахад шаардагдах 25.0 (хорин таван) тэрбум төгрөгийн хөрөнгө.
2. Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийж, шинэ суурьшлыг бий болгох ажлын хүрээнд баригдах орон сууцны хотхон, хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж тодорхой санал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгасугай.
3. Шинэ суурьшлын бүсэд баригдах инженерийн шугам сүлжээнд холбогдох орон сууцны үнийг бодит өртөг, зардалтай нь уялдуулан тогтоох чиглэлээр барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.
4. “Гудамж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Засгийн газарт оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.
5. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрчим хүчний сайд М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай:
5.1. Байгалийн шатдаг хий, үртэс, модны хаягдлаар хийсэн түлш, хагас коксон шахмал түлш, төрөл бүрийн бусад цэвэр био түлшийг үйлдвэрлэх, импортоор оруулах, худалдаалахад татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;
5.2. Эрчим хүчний хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлэх, гэр хорооллын айл өрхийн гэр, орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, барилгын дулаалгын материалын стандартыг шинэчлэн боловсруулах, дулаалгын материал үйлдвэрлэгч болон хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээг дэмжих, татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авах;
5.3. Илчлэг өндөртэй сайн чанарын нүүрс болон боловсруулсан түлшийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хороололд ашиглах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллах;
5.4. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд авч үзэн, үүнтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж санал боловсруулах;
5.5. Автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааны бохирдлыг бууруулах, стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эрх зүйн орчин бүрдүүлэх, цахилгаан болон хийгээр ажилладаг автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой татварын хөнгөлөлт үзүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах хөшүүрэг бий болгох зэрэг арга хэмжээ авч ажиллах.
6. Хариуцсан дүүрэг, хорооныхоо нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, дулааны алдагдлыг багасгах талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг нийслэлийн бүх шатны Засаг дарга нарт, эдгээр үзүүлэлтийг Засаг даргын ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт болгон ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
2024/12/30
2024/12/24
2024/12/17
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05