Шингэрүүлсэн шатдаг хий ашиглах тухай зөвлөмж

Published date: 2014/10/09

Шингэрүүлсэн шатдаг хий ашиглах тухай зөвлөмж


Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн /C3Н8- C4Н10/ нэгдлийг шингэрүүлсэн шатдаг хий гэнэ. Орон нутагт экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газрууд, геологийн лабораторийн шинжилгээнд өргөнөөр ашиглаж байна. Иймд шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах талаар дараах зөвлөмжийг өгч байна.


Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс

• Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;

• Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;

• Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;

• Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;

• Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;

• Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;

• Хийтэй баллон болон плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;

• Хийн хоолойноос уяа уяж болохгүй;

• Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх;

• Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй

• Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй;

• Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах;

 

Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд анхаарах зүйлс:

• Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;

• Хийн тоног төхөөрөмжийг унтраах;

• Баллоны хаалтыг сайн хаах;

• Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;

• Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино залгаа болохоос сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;

• Мэргэжлийн байгууллага буюу 105 дуудлага өгөх;

 

Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс:

• Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;

• Баллоны хаалт ямарч согоггүй байна;

• Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;

• Баллон бүрэн будагтай байх;

 

Хийг тээвэрлэх, хадгалах:

• Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;

• Хийтэй баллоныг унагаж болохгүй;

• Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;

• Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;

 

Дараах баллоныг ашиглахыг хориглоно.

• Баталгаажилтын хугацаа дууссан;

• Хаах хэрэгсэл бүрэн бус;

• Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;

• Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;

• Металл хийцэд өөрчлөлт орсон;

• Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;


Facebook Twitter YouTube