Хийн түлш "Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо" ТББ

Published date: 2014/10/08

 

“ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН АЖ АХУЙ

ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО” ТББ

 

ХИЙН ТУЛГА, ПЛИТКА АШИГЛАХ ЗААВАР

  1. Хийн тулгыг аль болох цар талбайтай бат бөх ширээ суурь дээр зааврын дагуу хөдөлгөөнгүй байрлуулна.
  2. Хийн баллон болон тулгыг холбосон хоолой /шланг/-ны бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавина. Резин хоолойг нугалах, дарагдах, мушгих, гэмтээх /зүсэх, язлах, халаах, түлэх г.м/-ээс сэргийлнэ.
  3. Хийг дамжуулах хоолойн гэмтэлээс үүдэн хий алдаж болзошгүйг санагтун. Хуучирч гэмтсэн, хатуурсан, хавагнасан хоолойг тухай бүрд нь шинэчлэн сольж, холболт хийх бүрдээ хомутыг шалгаж, чангалах хэрэгтэй.
  4. Хий алдагдсан үед тамхи асаах, чүдэнз зурах, гэрэл асааж унтраахад гал гарах аюултай тул хий алдагдсан өрөөг нэвт салхилуулж хийг гаргасны дараа хийн зуухыг ажиллуулна.
  5. Ажиллаж байгаа хийн тулганы ойролцоо хялбар шатах материал, шингэн бодис байлгах, хийн тулганы дөлөнд хувцас, үс гэзэг хатааж болохгүй.
  6. Хийн плиткийг ажиллуулаагүй байхдаа баллоны хаалтыг онгойлгон савангийн уусмал түрхэх аргаар хий алдаж болзошгүй цэгүүдийг шалгана.
  7. Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байхдаа цонх, салхивч, нээлхийг онгойлгож үе үе агаар оруулна.
  8. Хийн тулга нь очлуурт буюу очлуургүй байна. Хийн тулганы дөл цэнхэр өнгөтэй байх ёстойг анхаарч агаарын хаалтаар тохируулна.
  9. Хийн тулгыг асаалтай үед хараа хяналтгүй орхисноос хий дуусч даралт багассанаас болон шингэн зүйл хальж унтарсанаас гал унтарч хий алдах аюултайг анхаар.
  10. Хийн тулган дээр том сав тавьснаас хий дутуу шатан, дутуу шатсан хийнээс хордох тэсэрч дэлбэрэх аюул бий болж болзошгүйг анхаар.
  11. Баллон дахь хий дууссан үед ч баллоны хаалтыг заавал хаана.

 

ХИЙН БАЛЛОН АШИГЛАХ ЗААВАР

  1. Хийн баллоныг 2-оос дээш давхар бүхий орон сууц, хүний унтаж амрах өрөө, 00, коридор, байгалийн гэрэлтүүлэггүй өрөө, орц, гарц шатан дээр болон шатны доор, цахилгааны шитний өрөөнд байлгахыг хориглоно.
  2. Хийн баллоныг хийн зуух, халаах хэрэгсэл, халаалтын радиотороос 1,5-2 метр, ил галаас 5 метр хол зайд, нар шууд тусахгүй газарт байрлуулна.
  3. Хий алдагдаж , агаартай холилдон тэсэрч дэлбэрэх хольц бий болох болон хэт халахаас ямагт сэргийлнэ.
  4. Баллон дур мэдэн засвар хийх, крантыг тайлж авах, сэгсрэх хийн тоног төхөөрөмжинд залгасан баллоныг доош нь харуулах, хэвтүүлэх хазайлгахыг хориглоно.
  5. Баллоныг гадаргууд 1/3-ээс их зэврэлт үүссэн, гүн зүсэгдсэн, хонхойсон, цулхийсэн, цохигдсон винтель нь эвдэрсэн, крантгүй, үйлдвэрийн дардасгүй, ашиглалтын баталгаат хугацаа дууссан баллоныг ашиглаж болохгүй тул шалгаж авсан байх шаардлагатай.
  6. Хүүхэд болон согтууруулах ундаа хэрэглэсэн, баллон ашиглах заавартай танилцаагүй хүнд хийн баллон худалдахыг хориглоно.
  7. Хийн баллон ашиглахдаа даралт тохируулах регуляторыг заавал хэрэглэнэ. Регулятор нь баллонтой холбогдох хэсэгтээ резинэн жийрэгтэй байх ёстой бөгөөд баллонд буруу эрэгдэж /цагийн зүүний эсрэг эргүүлж/ хөдөлгөөнгүй бэхэлсэн байна.
  8. Баллоны хаалт, шлангтай холбогдсон хэсгүүдийг савангийн хөөс болон хий мэдрэгчээр шалгаж байх хэрэгтэй.
  9. Хийтэй болон хоосон баллоныг нийтийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхийг хориглоно. Нийлүүлэгчээс авсан баалоныг гадны баллоноор солихыг хориглоно.
  10. Хийн баллоныг солихдоо хэрэглэгчийн дэвтэртээ огноо, баллоны дугаарыг тэмдэглүүлнэ.

 

ХИЙН БАЛЛОН, ХИЙН ТУЛГЫГ АШИГЛАХ ҮЕД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

  1. Аливаа хийн төхөөрмжийг мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр холболт хийж ашиглах
  2. Хийн тулган дээр болон түүний ойролцоо амархан шатах зүйлс тавих
  3. Хийн төхөөрөмжийг төмөр болон бусад хатуу зүйлээр цохих, хийн баллоны хаалтыг зориулалтын бус багажаар эргүүлэх
  4. Хийн төөхөрөмж дээр хүнд юм тавих, хийн тулгэн дээр хэтэрхий удаан хугацаагаар юм буцалгах
  5. Хийн тоног төхөөрөмжийн асаагуурын асаагаагүй байхдаа хийн баллоны хаалтыг онгойлгох.
  6. Хийн тулган дээрх торыг авч савыг буцалгагч дээр шууд тавих.
  7. Хийн төхөөрөмжийг ажиллаж байх үед хараа хяналтгүй орхих.
  8. Хийн төхөөрөмжтэй унтах, асаалттай плиткийг хяналтгүй орхих, хийн плиткийг өрөө халаах зорилгоор хэрэглэх.
  9. Хийн төхөөрөмжийг хэрэглэгч өөрөө дур мэдэн засах, угсрах, сольж холбох, зөөж байрлуулах.
  10. Мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр хоосон баллоныг хийтэй баллоноор сольж холбох.
  11. Агааржуулах төхөөрөмгүй, цонх нь хаалттай, агаагжуулагч нь ажиллахгүй үед хийн төхөөрөмжийг ашиглах, суурилуулах.
  12. Хийн алдагдал, тоног төхөөрөмжийн  гэмтлийг илрүүлэхэд гал ашиглах.
  13. Хийтэй баллоныг сольж залгах үед тамхи татах, ил гал гаргах.
  14. Хийтэй болон хоосон баллоныг нийтийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхийг тус тус хатуу хориглоно.

 

Хийн түлш алдагдсан үед авах анхны арга хэмжээ

  1. Баллоны хаалтыг /цагийн зүүний дагуу эргүүлж / хаана.
  2. Цаг алдахгүй цонх хаалгыг онгойлгож нэвт салхилуулна.
  3. Орчин тойрны хүмүүст  хий алдагдаж буйг мэдэгдэж хий алдагдсан обьект, өрөө тасалгаанаас  гаргана.
  4. Ил гал гарах, тамхи татах, шүдэнз зурах, оч үсэргэх аливаа үйлдэл хийхгүй байх.
  5. Цахилгаан хэрэгсэлийг асаах болон унтрааж, асаахгүй байх.
  6. Хийн түлш шингэнээрээ алдагдсан тохиолдолд дээрх арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ ус цацаж саармагжуулна.
  7. Хий нийлүүлэгч байгууллагад хандана.

Facebook Twitter YouTube