Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1.ЦЭВЭР АГААРЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРМИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАРЫН АВЛАГА - Танилцуулга
Улаанбаатар хотын цэвэр агаар санаачлага II төслийн ажлын удирдамжийн 1 дэх хэсэгт заасан “......” гэсэн даалгавын хүрээнд “ЦАС”-гийн ажилтан албан тушаалтнуудад зориулан тус сангаас аливаа зөрчил, маргаан гарсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх товч судалгаа хийн холбогдох хууль тогтоомжуудыг эмхэтгэн гаргасан болно. Үүсгэн байгуулагдсан хууль зүйн үндэслэл, удирдлага, бүтэц зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, түүнд тавигдах хяналт, бусад байгууллагатай харилцах харилцаа зэрэг нөхцөл байдлуудыг судлан тодорхойлоход энэхүү бүлгийн гол зорилго оршиж байгаа болно.
Энэхүү гарын авлага нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийн хүрээнд хийгдсэн бөгөөд эдгээр хууль тогтоомжоос “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагааг зохицуулж буй тодорхой зүйл заалтуудыг түүвэрлэн, нэгтгэж ойлгомжтой байдлаар томьёолсон юм.
“ЦАС”-гийн үйл ажиллагааг зохицуулж буй хүчин төгөлдөр хууль тогоомжууд болон бусад хууль тогтоомжуудын хүрээнд хууль болон гэрээ, холбогдох дүрэм, заавар хэрэгжүүлээгүй эсхүл зөрчсөн үйлдэл эс үйлдлийг хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ хэрхэн авч хэрэгжүүлэх, ийнхүү албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг судалж гарын авлагад багтаасан болно. Иймээс энэхүү гарын авлагаас албадлагын арга хэмжээг хэн хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрийн талаар тодорхой хэмжээгээр ойлголт өгсөн ач холбогдолтой судалгаа болох юм.
2. ЦЭВЭР АГААРЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОН ҮҮССЭН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ.
2010 оны 06 дугаар сарын 24-ны өдөр батлагдсан Агаарын тухай хуулийн 25 дугаар зүйлд Цэвэр агаар сангийн талаарх зохицуулалт орсон бөгөөд энэхүү Агаарын тухай хуулийн заалтыг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.29-д “Цэвэр агаар сан”-г тусгай сангийн төрөлд оруулан хуульчилсан юм. Улмаар 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 273 тоот Засгийн газрын тогтоолоор “ЦАС-гийн үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байна. “Цэвэр агаар сан” нь агаарыг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаанд зориулан уг сангаас санхүүжүүлсэн хөрөнгийг оновчтой, үр ашигтай зарцуулах зорилготойгоор үүсгэн байгуулагдах эрх зүйн үндэслэл бий болсон байна. Үүнээс үзэхэд тус сан нь ямар нэгэн этгээдэд албадлагын арга хэмжээ авах, хариуцлага тооцох эрх бүхий субъект биш байх бөгөөд харин эрх бүхий этгээдэд хандан хуулийн дагуу аливаа зөрчил, маргааныг шийдвэрлүүлэх боломжтой юм. Ийнхүү шийдвэрлүүлэх хууль зүйн боломжуудыг судалж энэхүү гарын авлагад тусгахыг хичээсэн болно.
2.1 Эрүүгийн гэмт хэргийн шинж бүхий асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журам.
2.1.1 Эрүүгийн хэргийн тухай ойлголт
Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ гэж заасан байдаг.
Гэмт хэргийг тодорхойлох шинж нь:
Тухайн зөрчил гаргасан этгээдийн үйлдэл, эс үйлдэл Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа эсэхийг тодорхойлох Нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл эс үйлдэл байх эсэхийг тодорхойлох шаардлагатай бөгөөд дээрх шинж байвал гэмт хэрэг гэж үзнэ.
2.1.2 Эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэх
Хэрэв “Цэвэр агаарын сан”-гийн хувьд бусдын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан, ийнхүү хохирол учруулсан этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тохиолдолд гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр өгөх бөгөөд түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно. Мэдээллийг Авилгатай тэмцэх газар, Тагнуулын төв газар, Цагдаагийн байгууллага, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба зэрэг хэрэг бүртгэл мөрдөн байцаалт явуулдаг эрх бүхий байгууллагуудад бичгээр гэмт хэргийн талаар гомдол гарган шийдвэрлүүлнэ. Ийнхүү гомдол гаргахдаа дээрх байгууллагуудын харьяаллын дагуу гаргах шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах байгууллагуудын хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах гэмт хэргүүдийг тодорхойлсон байдаг. Энэхүү хуульд заасны дагуу харьяалах байгууллагад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлнэ. Хэрэв гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ. Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийг үүсгэснээс эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх шатанд гаргаж болно.
2.1.3 Хэргийг хянан шийдвэрлэх хугацаа, үе шат
2.1.3.1 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 5 хоногт багтаан хянаж эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Нэмэлт тайлбар, баримт бичиг, бусад материал гаргуулж авах, хэргийн газарт үзлэг хийх шаардлагатай бол энэхүү хугацааг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга 14 хүртэл хоногоор сунгаж болдог. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш21 хоног байдаг. Хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлага гарвал прокурор хэргийн хугацааг тухай бүрт нь 15 хүртэл хоногоор, шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол хэрэг бүртгэлт явуулах хугацааг прокурор15 хоногоор сунгана. Харин мөрдөн байцаалт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 2 сар байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн182 дугаар зүйлийн182.4-д заасны дагуу дээрх хугацааг сунгадаг.
2.1.3.2 Прокурорын хяналт
Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлдэг. Прокурор14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэхүү хугацааг14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Прокурор хэргийг хянаад доорх шийдвэрүүдийн аль нэгийг гаргадаг. Хөнгөн гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг баталж,
- хэргийг шүүхэд шилжүүлэх;
- хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх;
- нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах;
- хуульд заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох;
- хэргийг түдгэлзүүлэх;
- хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх.
Хэрэв прокурор яллах дүгнэлт үйлдэх бол 10 хоногийн дотор үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлнэ.
2.1.2.2 Шүүхийн ажиллагаа
Шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч дараахшийдвэрийн аль нэгийг гаргана:
- яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;
- хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаах;
- хэргийг түдгэлзүүлэх;
- хэргийг харьяалах шүүхэд нь шилжүүлэх.
Шүүгч захирамжаа хэрэг шүүхэд ирснээс хойш 15 хоногийн дотор гаргана. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.
2.2. Иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхэд баримтлах журам.
2.2.1 Иргэний хэрэг маргааны тухай ойлголт
“Цэвэр агаар сан” нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болох бөгөөд шүүх дараах тохиолдолд иргэний хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэнэ.
- эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;
- бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл;
- онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт;
- захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол;
- хуульд заасан бусад үндэслэл
Дээрх нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэнэ.
2.2.2 Иргэний нэхэмжлэл гаргах
2.2.2.1 Нэхэмжлэлийн хэлбэр
Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.
2.2.2.2 Нэхэмжлэлийн бүрдүүлбэр
Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь доорх бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай.
- нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;
- нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
- хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
- нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;
- нэхэмжлэлийн үнэ;
- хавсаргасан баримт бичгийн жагсаалт.
Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.
2024/12/17
2024/12/09
2024/12/06
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05