Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1 Үйл ажиллагааны журам
1.1 Журмын зорилго
Энэхүү журам нь Цэвэр агаарын сан(ЦАС)-гийн үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой аливаа асуудлаар Сангийн ажилтнууд(цаашид“ЦАС-гийн ажилтнууд” гэх)-ыг удирдан чиглүүлж ажиллуулахад баримтлах үндсэн баримт бичиг байх болно. Энэхүү журамд тусгасан холбогдох асуудлыг Улаанбаатар хотын Цэвэр агаарын санаачлага төслийн 2-р үе(УБЦАС-2)-ийн хүрээнд боловсруулан гаргасан дараахи баримт бичгүүдэд нарийвчлан авч үзсэн болно. Үүнд:
- “ЦАС-гийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомжийн жагсаалт”-ыг гаргаж тэдгээр хууль тогтоомжийн хүрээнд Сангийн үйл ажиллагааны цар хүрээг тогтоов.
- “ЦАС-гийн дүрэм”-ийг боловсруулан Сангийн үйл ажиллагааны ерөнхий зарчмуудыг тодорхойлов.
- “ЦАС-гийн Хүний нөөцийн бодлого” нь Сангийн хүний нөөцийн менежменттэй холбоотой дүрэм журмыг нарийвчлан авч үзлээ.
1.2 ЦАС-гийн зорилго
ЦАС-гийн стратегид дараахи зорилго зорилтуудыг тусгажээ. Үүнд:
Зорилго: “Тусгай сангийн тухай хуулийн5.1-д заасанчлан агаарыг хамгаалах, агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулагч бодисын хаягдлыг бууруулж хяналт тавихтай холбоотой Сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийг эдгээр үйл ажиллагаанд зориулсан улсын нэгдсэн төсөв, хандив, тусламжаас бүрдүүлэх” ;
Зорилт: “Агаар хамгаалах, агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулагч бодисын хаягдлыг бууруулах зэрэг үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх; эдгээр үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг бий болгох, Сангийн дэмжлэг, санхүүжилтийг үндэслэлтэй, үр дүнтэй зарцуулах”.
Энэ журам нь ЦАС-нд түүний зорилго зорилтыг хангахад Сангийн багийн гишүүд болон Сангийн үйл ажиллагаатай холбоотой бусад талуудад туслахад чиглэнэ.
1.3 Үйл ажиллагааны зарчим:
ЦАС-гийн менежментийг явуулах болон тус ЦАС-гийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ дараахи зарчмуудыг баримтлана. Үүнд:
Сангийн ажилтан бүр өөрийн ажил, үүргээ үр дүнтэй, шудрага, зарчимч, нэгдмэл, үнэнч, ялгаварлахгүйгээр, үнэн сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг байна.
Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан эрх зүйн баримт бичгүүдэд энэхүү журамд зааснаас өөрөөр заасан бол тухайн эрх зүйн баримт бичгийн заалтыг баримтлах болно.
2 Эрх зүйн үндэс, дүрэм, журам
2.1 ЦАС-гийн эрх зүйн үндэс
ЦАС-гийн орлого, зарлагыг удирдах үйл явц, дүрэм журам, Сангийн хяналт, тайлагнах механизмууд нь дараахи эрх зүйн акт, дүрэм журмын хүрээнд зохицуулагдана. Үүнд:
- Агаарын тухай хууль (2012);
- Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;
- Төрийн албаны удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
- ЦАС-гийн үйл ажиллагааг зохицуулах, тогтвортой ажиллагааг хангах Удирдах зөвлөлийн ажиллах журам(Засгийн газрын273-р тогтоол, 2010);
- ЦАС-г бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам (БОАЖЯ-ныA-200 тоот тушаал, 2011);
- ЦАС-ийн дүрэм, дотоод журам;
2.2 ЦАС-гийн дүрэм, дотоод журам
УБЦАС-2 төслийн баримт бичигт“...(ЦАС)-гийн дүрэм, дотоод журам нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын2011 оны6 сарын15-ны өдрийн А-200 тоот тушаалаар батлагдсан ЦАС-гийн дүрэм болон холбогдох хууль тогтоомжид нийцэж үндэслэгдсэн байна...” гэж заасан байна. Түүнчлэн уг дүрэм, дотоод журам нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Удирдах зөвлөлийн ажиллах журам болон бусад хууль тогтоомжтой нийцсэн байна. ЦАС-гийн бүтэц, үүрэг хариуцлага нь Агаарын тухай ба Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тодорхойлогдоно.
3 Ажилтан
ЦАС-гийн бүтэц зохион байгуулалт, ажилтнуудын Албан даалгаврыг УБЦАС-2 төслийн “ЦАС-гийн бүтэц зохион байгуулалт, ажилтнуудын Албан даалгавар” тайланд, ЦАС-гийн хүний нөөцийн бодлогыг“Монгол Улсын Цэвэр агаарын сангийн хүний нөөцийн бодлого, ажилд авах механизм” тайланд тус тус нарийвчлан авч үзсэн болно.
3.1 Хүний нөөцийн бодлогод тусгасан үндсэн асуудлууд:
3.1.1 Ажилд авах үйл явц
ЦАС-гийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах хүний нөөц бүрдүүлэх үүргийг Сангийн Гүйцэтгэх захирал хүлээх бөгөөд Засгийн газрын холбогдох журмыг хүрээнд ажилтнуудыг авч ажиллуулна.
3.1.1.1 Ажлын байрны зарлал
Ажлын байрны сул орон тоог үндэсний сонин хэвлэл болон ЦАС-гийн цахим хуудснаа 2 долоо хоногийн хугацаатай байрлуулан олон нийтэд зарладаг байх ёстой. Ажлын байранд тохирох хүнийг сонгоход аль болох олон хүмүүсийг татах үүднээс мэдээллийн өөр бусад сувгууд(жишээ нь: тодорхой хүрээнд бий болсон дотоод сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд)-ыг ашиглаж болно. Ажлын байранд тохирох нэр дэвшигчдийн жагсаалтыг журамд заасны дагуу гаргана.
3.1.1.2 Ярилцлага, сонгон шалгаруулалт
Ажилтан сонгон шалгаруулах баг нь хамгийн багадаа3 хүний бүрэлдэхүүнтэй байх ч Хүний нөөцийн бодлогод заасны дагуу сул орон тооны мэргэжлийн онцлогоос хамааран түүний бүрэлдэхүүн нь өөр өөр байж болно. Ажлын байранд сонгон шалгаруулах нэр дэвшигчдийн жагсаалтанд доод тал нь3 дээд тал нь5 хүнийг оруулан ярилцлагад урина. Ажилтанг сонгоод гэрээ байгуулахын өмнө ярилцлага авсан баг тайлангаа бичиж, үнэн зөвийг баталгаажуулан гарын үсэг зурсан байна. Ажилтантай гэрээ байгуулах ба цалингийн түвшинг Монгол улсын Засгийн газрын журмын дагуу тогтоогдог байна.
3.1.2 Хувь хүний үнэлгээ, сургалт, дэмжлэг
3.1.2.1 Ажилтны хувийн төлөвлөгөө
Ажилтан бүр ажилд орсноос хойш нэг сарын дотор ЦАС-гийн жилийн ажлын төлөвлөгөө болон ажлын байрны Албан даалгаврыг үндэслэн өөрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой хувь хүний зорилго зорилтуудаа тусгасэн жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулна. Түүнчлэн уг төлөвлөгөөг оны эцэст ажилтан бүрт үнэлгээ өгөхөд ашиглаж болно.
3.1.2.2 Сургалт
ЦАС-гийн сургалтын төлөвлөгөө хариуцдаг ажилтан жилийн сургалтын төлөвлөгөөг нэгтгэн гаргах бөгөөд ажилтнуудын гаргасан хувь хүний хөгжлийн зорилго, зорилтуудыг ЦАС-гийн сургалтын төлөвлөгөө, төсвийн гол үндэс болгон ашиглана.
3.1.2.3 Үнэлгээ
Жил бүр оны эцэст ажилтнууд өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажил, тэдгээрийн үр дүнгийн талаар товч тайлан бэлтгэдэг байна. Энэ тайлан нь Гүйцэтгэх захирал, ажилтны шууд удирдлага(хэрэв Гүйцэтгэх захирлаас өөр шууд удирдлагатай бол)-тай хамт ажилтанд өгөх үнэлгээний гол үндэс байх болно.
3.1.3 Ажилтны менежмент
ЦАС-гийн Хүний нөөцийн бодлогод заасны дагуу ажилтан бүрийн хувийн хэргийг бүрдүүлсэн байна. ЦАС-гийн ажилтан, боловсон хүчний удирдлага, менежменттэй холбоотой бүхий л асуудлуудыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохицуулна.
4 ЦАС-гийн үйл ажиллагааны ёс зүй
Төрийн байгууллагын хувьд ЦАС нь олон нийт, ард иргэдийн ашиг сонирхолд үйлчилж, сангийн зарцуулалтыг хамгийн үр ашигтай хэлбэрээр явуулж, үйл ажиллагаагаа ил тод явуулах зарчмыг баримтлана. Энэхүү Сангийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэм нь ЦАС-гийн зорилгыг хангах үүднээс ЦАС-гийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд оролцогч хүн бүрийн дагаж мөрдөх ёс зүйн болон ЦАС-гийн үйл ажиллагаанд оролцогч ажилтан, удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүн бүрт тавигдах шаардлагуудын хэм хэмжээ, хүрээг тогтоож өгөхөд чиглэнэ.
4.1 Нууцлалыг хадгалах
ЦАС-гийн ажилтнууд нь Сангийн үйл ажиллагааны нууцлал болон үзүүлж байгаа ажил үйлчилгээтэй холбоотой хүлээж авсан хувь хүний мэдээллийн нууцлалын аль алиныг чанадлан хадгалж, зарчимч шудрага ёсыг дээдлэн ажилладаг байх ёстой.
4.2 Ёс зүй
Агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын зорилго зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс засаглалын өндөр стандартыг баримтлан ажиллах нь чухал юм. Ажилтнууд нь аливаа үйлчилгээг үнэнч шудрагаар хүргэдэг байх ёстой. ЦАС-гаас хэрэгжүүлж буй бүх үйл ажиллагааг ёс зүйн хүрээнд явуулж, үүний зэрэгцээ гуравдагч талуудын ёс суртахууны байр суурийг эрхэмлэн, хамгаалж ажиллана. ЦАС нь холбогдох хуулийг дагаж мөрдөн, хүмүүсийн эрхэнд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс зайлхийж орон нутаг, өргөн хүрээгээр нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Сангийн ажилтнууд нь бодитой хандан дүгнэлт, зөвлөмжөө гаргадаг байх бөгөөд энэ нь өөр ямар нэг нөлөөлөлд автагдахгүйгээр ЦАС-гаас үйлчилгээ хүргэжбуй хүн ам, иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцсэн байх ёстой.
4.3 Олон нийтэд мэдээлэх
Ажил үүргээс гадуур гарч болох аливаа ашиг сонирхлын талаар мэдээлэхдээ дараахи журмыг баримтлана. Үүнд:
- Удирдах зөвлөлийн гишүүн, захирал буюу ажилтан бүр албан тушаалд томилогдохдоо ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох буюу ажил үүргээ гүйцэтгэхэд нөлөөлж болох аливаа асуудал бүртэй холбоотой мэдээллийг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад өгөх үүрэгтэй.
- Удирдах зөвлөлийн гишүүн, захирал буюу ажилтан бүр ажил үүргээ гүйцэтгэхэд нөлөөлж болох буюу ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох хүмүүс тухайлбал түүний гэр бүлийн хүн буюу хувийн болон ажил хэргийн холбоотой хүмүүс байгаа бол тэдгээртэй холбоотой мэдээллийг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад мэдэгдэх үүрэгтэй.
- Эргэлзсэн нөхцөл байдал үүсэх тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүн буюу Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн даргатай зөвлөдөг байх ёстой. ЦАС-гийн ажилтнууд ийм тохиолдолд Гүйцэтгэх захиралтай зөвлөх үүрэгтэй.
Хэрэв Удирдах зөвлөлийн дарга ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох талаар хүлээн авсан мэдээлэлд үндэслэн аль нэг гишүүн ба гишүүдийн дунд зарим мэдээлэхийг хязгаарлах хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд тухайн шийдвэрийг гаргаж болно.
4.4 Ерөнхий зүйл заалт
Холбогдох асуудлаар тодорхой заалт энэхүү дүрэмд дурьдагдсан ч тухайн асуудалдтай холбоотой заалт ЦАС-гийн үйл ажиллагаанд мөрддөг хууль тогтоомжинд өгөгдсөн тохиолдолд тухайн хууль тогтоомжийн заалтыг дагаж мөрдөх болно. Засгийн газрын тусгай сан, хөдөлмөр зохицуулалт зэрэг асуудалтай холбоотой ёс зүйн дүрмийн заалтууд нь Монгол Улсын холбогдох хууль эрх зүй, тэдгээрийн хүрээнд тавигддаг шаардлага, заагдсан үүрэг хариуцлагын хүрээгээр тодорхойлогдох болно. Удирдах зөвлөл нь тодорхой хугацаанд энэхүү ёс зүйн дүрмийн заалтуудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулж болно. Удирдах зөвлөл нь ёс зүйн дүрэмтэй холбоотой сурталчилгааны бичиг болон мэдэгдлийг гаргаж болно. Удирдах зөвлөл болон ЦАС-гийн удирдлага нь байгууллагын оновчтой удирдлагыг явуулах үүргийг хүлээх ёстой. ЦАС-гийн захирал, ажилтнууд нь өөрсдийн ажил үүргээ энэхүү ёс зүйн дүрэмд заагдсан болон заагдаагүй төрийн албаны стандартад бүрэн нийцүүлэн явуулах зарчмыг баримтлан ажилладаг байх ёстой.
5 ЦАС-гийн Удирдах зөвлөл ба удирдлага
5.1 Удирдах зөвлөл
Удирдах зөвлөл нь ЦАС-гийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх замаар Сангийн тогтвортой үйл ажиллагааг ханган, дэмжлэг үзүүлэн ажилладаг хамтын удирдлага бүхий зөвлөл юм. Удирдах зөвлөлийн гишүүд нь ЦАС-гийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг бүрэн гүйцэт авдаг байх ёстой. Удирдах зөвлөл нь дараахи бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллана. Үүнд:
1. Удирдах зөвлөлийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орлогч дарга нь Сангийн дэд сайд, нарийн бичгийн дарга нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хүрээлэн буй орчны асуудал хариуцсан нэгжийн дарга байна.
2. Удирдах зөвлөлийн даргын эзгүйд орлогч дарга Удирдах зөвлөлийн хурлыг удирдана.
3. Удирдах зөвлөл нийт9 гишүүнтэй байна.
4. Энэхүү дүрмийн1-д зааснаас бусад гишүүнийг Удирдах зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
5. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хурал байна. Хурлыг Удирдах зөвлөлийн дарга удирдана.
6. Удирдах зөвлөл нь хагас жил тутамд нэг удаа хуралдана. Шаардлагатай бол Удирдахзөвлөлийн дарга ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно. Удирдах зөвлөлийг хуралдуулах бэлтгэл ажлыг нарийн бичгийн дарга хариуцан зохион байгуулна.
7. Удирдах зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын2010 оны273 дугаар тогтоолоор батлагдсан“Удирдах зөвлөлийн ажиллах журам”-д заасан асуудлыг хэлэлцэх бөгөөд уг журмын дагуу үйл ажиллагааг явуулна.
8. Удирдах зөвлөлийн дарга дараах эрхтэй. Үүнд:
- Гүйцэтгэх захирлаар томилох этгээдийг Удирдах зөвлөлд санал оруулах, Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Гүйцэтгэх захирлыг томилж,чөлөөлөх;
- Гүйцэтгэх захиралтай үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих;
- Шаардлагатай үед ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
- ЦАС-гийн дүрмийн3.1-д зааснаас бусад Удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайдад санал болгох;
- Удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудлыг тодорхойлон хэлэлцүүлнэ.
5.2 Сангийн гүйцэтгэх удирдлага
ЦАС-гийн Гүйцэтгэх захирал нь байгууллагын стратеги, ажилтнуудын ажил үүргийн гүйцэтгэл, нөөцийн ашиглалт, ажилтнуудыг томилох, үйл ажиллагааны стандартуудыг дагаж мөрдүүлэх ажлыг хэвшүүлэх, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийг ЦАС-гийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллээр хангах үүрэтэй. Гүйцэтгэх захирал нь ЦАС-гийн хүрээнд дагаж мөрддөг бүх дүрэм журмыг сахиулах үүрэгтэйгээс гадна тэдгээрийг дагаж мөрдөөгүй ба ноцтой зөрчсөн тохиолдолд асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулдаг байна.
5.3 Жилийн тайлан, тооцоо
Гүйцэтгэх захирал нь Сангийн жилийн ажлын тайланг Удирдах зөвлөлд танилцуулж, санхүүгийн тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу бэлтгэн, аудитын тайланг хүлээн авч Удирдах зөвлөлд танилцуулж мэдээлэл хийдэг байна. Удирдах зөвлөл тайлангууд болон хариуцлагын тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай санал зөвлөмжийг өгдөг байна.
5.3.1 Аудит
Санхүүгийн нэгдсэн тайланг улирал бүрээр гаргаж дараа улирлын эхний сарын 20-ны дотор буюу дараа оны2-р сарын20-ны дотор гарган ирүүлсэн байна Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хянуулж дүгнэлт гаргуулна.
5.4 Нууцлалыг хадгалах
Сангийн зарцуулалтын тайлангуудад гарч болох зөрчлүүд буюу бусад асуудлуудын талаар ЦАС-гийн ажилтнууд Удирдах зөвлөл буюу Гүйцэтгэх захиралд нэрээ нууцлан мэдээлдэг журмыг гаргасан байх ёстой. Удирдах зөвлөл буюу Гүйцэтгэх захирал нь тавьсан асуудлын дагуу арга хэмжээ авдаг байх ёстой.
5.5 Стратегийн төлөвлөгөө
Стратеги төлөвлөгөөг гарган, батлах нь Удирдах зөвлөлийн нэн тэргүүний үүрэг байна. Уг төлөвлөгөөнд зорилт, гүйцэтгэлийн индикаторуудыг тогтоож зааж өгсөн байна. Стратеги боловсруулах албан ёсны үйл явцыг тогтоож өгсөн байх ёстой. Жил бүрийн7-р сарын өмнө ЦАС нь төлөвлөсөн хөрөнгө оруулалт, санхүүгийн зорилтуудыг тусгасан гурван жилийн бизнесийн ба санхүүгийн төлөвлөгөөг Удирдах зөвлөлд танилцуулдаг байна. Уг төлөвлөгөөнд ЦАС-гийн албан ёсны эрхийг Сангийн дүрэмд зааснаар тусгасан байхаас гадна Засгийн газрын тусгай сангийн статустай нийцсэн байх ёстой. Удирдах зөвлөл нь жилийн төлөвлөгөө болон төсвийг батлан уг төлөвлөгөө, төсөвтэй уялдуулан Сангийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлдэг байх ёстой.
6 Ёс зүйн дүрэм
Хэдийгээр ЦАС-гийн ажилтнууд нь албан ёсоор төрийн албан хаагчид биш ч ЦАС-гийн ажилтнуудын ёс зүйн дүрэм нь2010 оны Засгийн газрын288 тоот тогтоолын хавсралтаар батласан Ёс зүйн дүрэмтэй адил байна. ЦАС-гийн Удирдах зөвлөл нь ёс зүй, нууцлал, итгэлцэлд үндэслэн ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх орчинг бүрдүүлэхэд Гүйцэтгэх захиралд тусалдаг байна. Ёс зүйн дүрэм нь Сангийн бүх ажилтанд хамаарна.
6.1 Ерөнхий зарчим
6.1.1 Ерөнхий зүйл заалт
ЦАС-гийн хэрэгжүүлж буй бүх үйл ажиллагаа, Сангийн ажилтнуудын ажил үүргийн гүйцэтгэл нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явагдах ёстой. ЦАС-гийн ажилтны бие даасан шийдвэрт нөлөөлж болох ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүднээс Сангийн ажилтнууд өөрсдийн үндсэн үүрэгт ажлаас гадна эрхлэх ажил ба бизнесийн ашиг сонирхлоо нуун дарагдуулахгүй мэдээлдэг байх ёстой. ЦАС-гийн ажилтнууд нь тус Сангийн ажил, үүрэгтэй зөрчилдөх ба зөрчил үүсгэж болох аливаа ажил үүрэгт оролцохыг хориглоно. ЦАС-гийн ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний ямар нэг бэлэг өгөх ба авах, ашиг хүртэхийг Сангийн ажилтнуудад хориглоно. Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлтэй зөвлөн бэлэг, урамшуулалын хэмжээг тогтоож өгнө. ЦАС-гийн Гүйцэтгэх захирал шудрага ёсыг алдагдуулахгүй байж болох үйл ажиллагаа, бэлэг болон бусад арга хэмжээний талаар ерөнхий чиглэл гаргана. Бараа, үйлчилгээ худалдан авалтыг Монгол Улсын Засгийн газрын хууль, дүрэм журам тухайлбал Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон ЦАС-гийн санхүүжилтыг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам(БОАЖЯ, A-200 тоот тушаал)-ын дагуу явуулдаг байх ёстой. Хэрэв ЦАС-гийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг зардал гарсан тохиолдолд тухайн зардлыг нэхэмжлэгчдэд нөхөн олгоно. Гэхдээ тухайн гарах зардлыг Гүйцэтгэх захирлын зөвшөөрсөн хүнээр урьдчилан батлуулсан байх ёстой. ЦАС-гийн нөөцийг зөвхөн жилийн төлөвлөгөө ба төсөвт тусгасны дагуу ЦАС болон тус Сангийн үйл ажиллагаанаас ашиг хүртэж байгаа байгууллагуудын тусын тулд зарцуулдаг байх ёстой.
6.1.2 Мэдээлэл
УИХ-аас Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг2011 оны6 сарын16-нд баталсан. Уг хуулинд Монгол хүн бүр өөрийн үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү болон төрийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдаж авахтай холбоотой мэдээллийг төр засгийн байгууллагуудаас хайх, авах эрхийг олгосон байна. Түүнчлэн“улсын төсвийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага, хүмүүс зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх өгөх үүрэгтэй байдаг” гэж заасан байна. Уг хуулинд төрийн ба орон нутгийн санхүүжилтээр ажил, бараа, үйлчилгээ худалдаж авах, тендерийн сонгон шалгаруулалт, төсөв, санхүүгийн тооцоо зэрэг асуудлыг мөн хамруулсан байна.
ЦАС олон нийтэд өгөх мэдээллийг Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу өгдөг байна. ЦАС нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой ерөнхий мэдээллийг нээлттэй өгөх, авах боломжийг бүрдүүлсэн байна. Мэдээлэл өгөхдөө ЦАС болон түүний ажилтнууд мэдээллийн нууцлалыг харгалзан дараахи нөхцлийг авч үзнэ. Үүнд:
- Гуравдагч талтай зөвлөхийн өмнө ЦАС нь ямар мэдээллийг олон нийтэд мэдээлдэг байхыг тогтоодог байх хэрэгтэй. Жишээ нь: боловсруулсан түлш үйлдвэрлэгчдээс хүлээн авсан тэдний үйлдвэрлэл, бизнесийн талаарх мэдээллийг энд дурдаж болно.
- Хувь хүний мэдээллийг ямар ч талд мэдээлдэггүй байх хэрэгтэй.
- Засгийн газрын тусгай сангийн хувьд хүлээн авсан бүх мэдээллийн нууцлалыг хадгалдаг байх хэрэгтэй.
- Удирдах зөвлөлийн гишүүн, захирал буюу ажилтан нь албан үүргээ дуусгавар болгосны дараа мэдээллийн нууцлалыг хадгалдаг байх хэрэгтэй.
6.1.3 Шудрага, хариуцлагатай байх
ЦАС-гийн ажилтнууд нь ажил үүргээ үнэнч шудрагаар гүйцэтгэж, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрх, хязгаарын хүрээнд үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа хууль бус үйлдэл гаргахгүй, гарч болох аливаа хууль бус үйл ажиллагаанаас сэргийлэн хамтран ажилладаг байна.
6.1.4 Тэгш боломж
ЦАС нь ажилтнуудын эрх тэгш ба хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгална. Үүний тулд ажилд хандсан хүн болон ажилтан бүртэй хүйс, гэр бүлийн байдал, үндэс, гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, бэлгийн чиг баримжаа, жирэмсэн буюу хүүхэдтэй, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, нас зэргийг ялгаварлан харьцахгүй байна. Сонгон шалгаруулах ба ажилтныг дэвшүүлэх шалгуур, сургах ба хөгжүүлэх үйл ажиллагаанд хамруулах явц нь ажилд тавигдах шаардлага болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх зорилттой нийцсэн байх ёстой.
6.1.5 Ажлын орчин ба гадаад харилцаа холбоо
ЦАС нь ажилтны эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад нэн тэргүүнд анхаарна. ЦАС нь үйл ажиллагааны нөлөөгөөр үүссэн аливаа асуудал болон хүмүүсийн тавьсан саналыг анхааралтай хүлээн авч үзэж шийдвэрлэдэг байхаас гадна үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн боломжит бага түвшинд байлгахыг зорьж ажиллана. ЦАС нь зорилтот бүлэгтэй холбоотой гарах аливаа зөрчил, гомдол саналыг оновчтой шиийдэхэд туслах үүднээс Маргаан шийдвэрлэх журмыг боловсруулж гаргасан байна.
6.1.6 Ашиг сонирхлын зөрчил
ЦАС-гийн Гүйцэтгэх захирал нь бүх ажилтнуудад ажил үүргээ гүйцэтгэхэд нөлөөлж болох буюу ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох аливаа үйл ажиллагаанаас ангид байх ба хэрэв ийм нөхцөл үүсч болохоор бол тэдгээрийг ил гаргаж тавьдаг байхыг бүрэн ойлгуулж, танилцуулсан байна.
6.1.7 Ёс зүйн дүрэмд тавих хяналт
Шаардлагатай тохиолдолд ёс зүйн дүрмийг хянан үзнэ. Ажилтан бүрд ёс зүйн дүрмийг хэвлэн өгсөн байх ба сонирхож буй талуудад тэдний хүсэлтийн дагуу танилцуулж болно. Ажиллаж байгаа болон шинээр ажилд орсон ажилтан бүр Ёс зүйн дүрмийг хүлээн авч танилцан, ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөхөө батлан гарын үсэг зурсан байна.
6.2 ЦАС-ГИЙН АЖИЛТНУУДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь ЦАС-нд албан тушаал эрхэлж ажилтнууд болон ЦАС-гийн хүрээнд ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүс(нийтэд нь“ЦАС-гийн ажилтнууд” гэх)-ийн албан үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд оршино.
1.2. ЦАС-гийн албан тушаалд нэр дэвшигч нь албан тушаалд томилогдохын өмнө энэхүү дүрэмтэй бүрэн танилцаж, ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргахгүй байх тухай баталгаа гарган ажилтны хувийн хэрэгт хадгалуулсан байна.
1.3. ЦАС нь энэхүү дүрмийг дагаж мөрдүүлэх хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллана.
2. ХАМРАХ ХҮРЭЭ
2.1. Энэхүү дүрэм нь ЦАС-гийн бүх ажилтанд хамаарна.
2.2. Энэхүү дүрмийг ЦАС-гийн ёс зүйн тусгай дүрмийг боловсруулан баталж, мөрдүүлэхдээ бүтэц, агуулгын хувьд жишиг болгож болно.
3. ЁС ЗҮЙН ЗАРЧИМ
3.1. ЦАС-гийн ажилтан нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн зарчмыгбаримтлана. Үүнд:
- Шудрага ёсны зарчим;
- Хууль дээдлэх зарчим;
- Тэгш байдлын зарчим;
- Хариуцлага хүлээх зарчим;
- Олон нийтэд үйлчлэх зарчим;
3.2. Энэхүү дүрмийн3.1-д заасан заасан зарчмуудын хүрээнд ЦАС-гийн ажилтны албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйл болон дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тодорхойлно.
4. ЁС ЗҮЙН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ЗҮЙЛС
4.1. Энэхүү дүрмийн3.1-д заасан зарчмуудын хүрээнд ЦАС-гийн ажилтан нь тус Сангийн болон төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурьдсан ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлийг удирдлага болгоно. Үүнд:
4.1.1. Шудрага ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шудрага бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;
4.1.2. Хууль дээдлэх зарчмын хүрээнд: Төрийн бодлого,шийдвэрийг боловсруулах зэрэг төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих;
4.1.3. Тэгш байдлын зарчмын хүрээнд: бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах;
4.1.4. Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;
4.1.5. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: Төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж тэдний итгэлийг хүлээж ажиллана.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05