Нийтлэгдсэн огноо: 2014/09/16
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын үндсэн болон дэд бүсэд орших айл өрхийг стандартын шаардлага хангасан боловсруулсан түлш /цаашид “түлш” гэх/ -ээр хангахад нөөцийг бий болгох зорилгоор түлшийг хүлээн авах, хадгалах, түгээх, борлуулах, түгээлтэнд хяналт тавих, түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, дүүрэг, хороодын Нутгийн захиргааны байгууллага, БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”, борлуулагчид хоорондын харилцааг зохицуулахад оршино.
2. Нийслэлийн Агаарын чанарын алба нь хагас коксон түлшний нэг тонн тутмын үнийг 150.0 мянган төгрөг, үртсэн шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 120.0 мянган төгрөгөөр түлш үйлдвэрлэгчдээс худалдан авч нөөцийн агуулахад хадгалах бөгөөд санхүүжилтийг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан” бүрэн хариуцна.
3. Түлшний хөнгөлөлтийг иргэдэд ваучер хэлбэрээр олгох бөгөөд санхүүжилтийг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан” бүрэн хариуцна.
4. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд орших хороодын хэсгийн ахлагч нь агаарын бохирдлын хяналтын орон тооны бус байцаагч байх бөгөөд бүсэд бүрэн хяналт тавьж ажиллана. Орон тооны бус байцаагчийн ажиллах журмыг тусгай журмаар зохицуулна.
Хоёр. Боловсруулсан түлшний нөөц бүрдүүлэх, хадгалах
2.1. Нийслэлийн Агаарын чанарын алба нь БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-гаас жил бүр баталсан мөнгөн дүнд багтаан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас стандартын шаардлага хангасан түлшийг гэрээний үндсэн дээр худалдан авах, хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.2. Түлш худалдан авах гэрээг захиалагч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч гэсэн гурван тал хамтран байгуулна.
2.3. Нийслэлийн агуулахад нөөцлөгдсөн түлшийг төвлөрсөн борлуулалтын цэгт хүргэх ажлыг Нийслэлийн Агаарын чанарын алба, тээврийн компанитай гэрээ байгуулан гүйцэтгэнэ.
2.4. Түлшийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас худалдан авч агуулахад нөөцлөх, хадгалах үйл ажиллагаа нь хатуу тогтсон хуваарьтай байх бөгөөд түлш хүлээлцэх акт, тайлангийн маягттай байна. Энэхүү хуваарийг Нийслэлийн Агаарын чанарын алба батлан хэрэгжилтийг хангуулж ажиллана.
2.5. Нийслэлийн нөөцийн агуулах доод тал нь гурван өдрийн түлшний нөөцтэй байх бөгөөд баталгаажсан хяналтын жинтэй байна. Нийлүүлэгдэж буй түлш сав баглаа, боодол, стандартын шаардлага хангаагүй болон жиндээ хүрээгүй тохиолдолд агуулахад хүлээн авахгүй.
2.6. Тухайн жилд нөөцлөхөөр батлагдсан түлшний хэмжээ нийлүүлэлтийн явцад нэмэгдсэн тохиолдолд тэдгээрийг худалдан авах, дахин нөөц бүрдүүлэх талаарх саналаа БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-гийн удирдах зөвлөлд Нийслэлийн Агаарын чанарын алба тавьж шийдвэрлүүлнэ.
2.7. Стандартын шаардлага хангасан /дэд бүтэц сайтай, төмөр зам болон авто замтай, байнгын харуул хамгаалалттай, цас борооны ус нэвтрэхгүй битүүмжлэл сайтай/ агуулахад түлшийг хадгалах бөгөөд агуулахын түрээс, төвлөрсөн борлуулалтын цэгт хүргэх тээвэрлэлтийн зардлыг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан” хариуцана.
2.8. Үйлдвэрлэгч түлшийг иргэдийн худалдан авах чадварт тохирсон 20 кг, 40 кг-аар савласан байх ба зөөвөрлөлт, тээвэрлэлтийг тэсвэрлэхүйц чанартай материалаар хийсэн байна.
2.9.Түлшний жижиглэнгийн сав баглаа, боодлыг зориулалтын чанартай материалаар хийж, түлшний хэв загварыг харуулсан зураг болон бүтээгдэхүүний нэр, жин, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хадгалалт, хэрэглэх зааврыг тодорхой бичиж гарах зардлыг түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө хариуцах бөгөөд энэ нь гурвалсан гэрээнд батлагдсан түлшний борлуулалтын үнэд орж тооцогдсон байна.
2.10. Түлшний нөөцийн агуулахад ажлын бус цагаар түлш буулгах тохиолдолд агуулахын ажилтанд цагт ажиллах хөдөлмөрийн хөлсийг 3000 төгрөгөөр тооцож тухайн түлш буулгаж буй аж ахуй нэгж хариуцан олгоно.
Гурав. Түлшийг жижиглэн борлуулах үйл ажиллагаа
3.1. Дүүргийн төвлөрсөн борлуулалтын цэгээс жижиглэн борлуулах цэгт хүргэх, борлуулах ажлыг агаарын бохирдлыг бууруулах салбар хороо хариуцана.
3.2. Нийслэлийн нөөцийн агуулахад татан авсан түлшийг зөвхөн хязгаарлалтын үндсэн бүсэд орших айл өрхүүдийн хэрэгцээнд нийлүүлэх бөгөөд түлшний нөөц нэмэгдсэн тохиолдолд дэд бүсэд борлуулна.
3.3. Агаарын бохирдлыг бууруулах салбар хороо нь түлш хэрэглэх нийт айл өрхийн 2-3 хоногийн хэрэгцээг хангахуйц хэмжээний нөөц бүрдүүлэх агуулахыг бэлтгэнэ.
3.4. Агуулахад түлш хүлээж авах, хүлээлгэж өгөх санхүүгийн баримт нь нэг загварын хэвлэмэл хуудас байх бөгөөд нэгдсэн журмаар кодлогдсон үнэт цаас байна. Санхүүгийн баримтыг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-гаас хангах ба бүртгэл тооллогонд тогтмол хяналт тавьж ажиллана.
3.5. Дүүрэг дэхь борлуулалтын цэгүүд нь түлш хадгалах технологийн шаардлага хангасан байх бөгөөд төвлөрсөн агуулахаас борлуулалтын цэгүүдэд түлшийг гаргахдаа баталгаажсан жин хэмжүүрээр хэмжинэ.
1.3.7. Дүүргийн төвлөрсөн борлуулалтын цэг нь түлш борлуулах бөөний цэг байх ба агаарын бохирдлыг бууруулах салбар хороотой борлуулалтын гэрээ хийж, борлуулагчдад түлшийг бөөнөөр борлуулна.
3.8. Орон тооны бус байцаагч нар өдөр бүр тооцоог эцэслэж, борлуулагчийн орлогыг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-д тушаана.
1.3.9. Борлуулагч нь үртсэн шахмал түлшийг нэг тонн-ийг 80.0 мянган төгрөгөөр, коксон шахмал түлшийг нэг тонныг 90.0 мянган төгрөгөөр тооцож түлшний үнийг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-нд төвлөрүүлж, нэг тонн тутмаас 6.0 мянган төгрөгийн урамшуулал авна.
1.3.10. Борлуулагч нь түлшийг зөвхөн тухайн төлөвлөгөөт хорооны иргэдэд ваучерыг үндэслэн борлуулна. Бусад хороодод зарж борлуулахыг хориглоно.
1.3.12.Түлш борлуулах цэгүүдэд стандартын шаардлага хангасан нэгдсэн хаягжуулалт хийх ажлыг агаарын бохирдлыг бууруулах салбар хороо, БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-тай хамтран зохион байгуулна.
Дөрөв. Жижиглэн борлуулах цэг байгуулах, борлуулагчийг сонгон шалгаруулж ажиллуулах
4.1. Борлуулалтын цэгүүдийг тухайн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо байгуулах ба нэг хороонд 15–аас доошгүй жижиглэн борлуулах цэг байхаар тооцож байгуулна.
4.2. Борлуулагчийг агаарын бохирдлыг бууруулах салбар хороо сонгон шалгаруулах бөгөөд борлуулагч дараах шаардлагыг хангасан байна:
4.2.1. тухайн хорооны байнгын оршин суугч байх;
4.2.2. борлуулах цэг нь 2-3 хоногийн нөөц хадгалах шаардлагыг хангасан байх;
4.2.3. борлуулах цэгийн байршил нь агаарын бохирдлыг бууруулах салбар хорооны борлуулалтын цэгийн төлөвлөлтөнд нийцсэн байх;
1.4.хорооны Засаг даргын тодорхойлтоор борлуулагчийг баталгаажуулсан байх;
4.5.борлуулагч нь гэрээ байгуулах, үүсэн гарах эрсдэлийг хүлээх чадвартай байх;
4.3. Агаарын бохирдлыг бууруулах салбар хороо нь борлуулагчтай гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээнд дараах зүйлсийг зайлшгүй тусгасан байна:
4.3.1. ваучерыг худалдан борлуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой байх;
4.3.2. түлшинд үнэ нэмж борлуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой байх;
4.3.3. борлуулагчийн ажиллах цагийн хуваарийг хатуу тогтоосон байх.
4.4. Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнс болон барааны дэлгүүрүүдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр түлш борлуулах үйл ажиллагаа эрхэлж болно.
Тав. Хяналт тавих
5.1. Нөөцийн түлшийг хүлээн авах, хадгалах, борлуулах үйл ажиллагаанд Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, агаарын бохирдлыг бууруулах салбар хороо, орон тооны бус байцаагч болон БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан” хяналт тавьж ажиллана.
5.2. Нийслэлийн Агаарын чанарын алба нь аж ахуйн нэгж, байгууллагаас гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа түлшний чанарт стандартын дагуу хийгдсэн шинжилгээний үр дүнд хяналт тавьж, дүгнэлт гаргана.
5.3. Агаарын бохирдлыг бууруулах салбар хороо, хороодын Засаг дарга, орон тооны бус байцаагч нар түлшний борлуулалтын үнэ, борлуулалтанд бүрэн хяналт тавьж ажиллана.
5.4. Түлш борлуулах цэгүүдэд галын аюулгүй байдлыг хангах ажиллагааг дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс хяналт тавьж ажиллана.
Зургаа. Үүрэг, хариуцлага
6.1. Талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг энэ журмын 2.2–т заасан гэрээнд нарийвчлан тусгана.
6.2. Нийслэлийн Агаарын чанарын алба нь агуулахад нөөцлөгдсөн болон борлуулалтын сүлжээ цэгүүдээр зарагдсан түлшний хэмжээ, түлшний чанар зэргийг харуулсан мэдээ, тайланг нэгтгэн сар бүрийн 25-нд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргад тайлагнаж байна.
6.3. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийн 14.1-д заасны дагуу бүрэн эрх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн бол тухайн шатны албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авна.
6.4. Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд “Агаарын тухай хууль”-ийн 26 дугаар зүйл, “Агаарын төлбөрийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Долоо. Маргааныг хянан шийдвэрлэх
7.1. Түлш нөөцлөх явцад гарсан түлшний чанар, стандарт, жин, хэмжээ, санхүүжилттэй холбоотой гарсан маргааныг Нийслэлийн Агаарын чанарын алба, түлшний тээвэрлэлт, түгээлт, борлуулах явцад гарсан бусад асуудлыг агаарын бохирдлыг бууруулах салбар хороо хариуцах бөгөөд орон тооны бус байцаагч хяналт тавин шуурхай шийдвэрлэнэ.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05