Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж албан байгууллагын нийтээр дагаж мөрдөх журам

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд түүхий нүүрс түлэх, зарж борлуулахыг хориглох, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх талаар хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг мөрдөхөд энэхүү журмыг баримтлана.

1.2 Энэхүү журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин сууж буй иргэн, харьяалалгүй хүн дагаж мөрдөнө.

1.3 Журмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаарын чанарын алба, дүүрэг, хорооны Засаг дарга нар шууд хариуцан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

1.4 Журамд зохих нэмэлт өөрчлөлт оруулж болно.

1.5 Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.

1.5.1.“Хязгаарлалтын бүс” гэж агаарын бохирдлыг бууруулах, агаарыг хамгаалах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран тогтоосон бүс нутгийн хил хязгаарыг

1.5.2  “Агаарын чанар” гэж агаарын чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг илэрхийлэх агаарын физик, хими, биологийн цогц шинж чанарыг;

 

Хоёр. Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

2.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь өмчийн хэлбэрээс үл хамааран агаарын бохирдлыг бууруулахад дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:

2.1.1. Агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах;

2.1.2. Агаарын чанарын стандартад нийцсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүхий хий, цахилгаан халаагуур болон боловсруулсан түлш сонгон хэрэглэх;

2.1.3.  Дулаан  алдагдлыг багасгах зориулалттай  стандартад нийцсэн нэмэлт дулаалга хэрэглэх;

2.1.4. Халаалтын зуух ашиглан  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд бохирдлын нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;

2.1.5. Байгууллага бүр орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн араваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг заавал бий болгох ажлыг зохион байгуулах;

2.1.6. Агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, хороодын хэсгийн ахлагчийн шаардлагыг биелүүлэх;

2.1.7. Агаарын тухай хууль, дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах;

2.1.8. Тухайн байгууллагын агаар бохирдуулагч эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтэрсэн, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулах нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон тохиолдолд байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч уг зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг хязгаарлах буюу түр зогсоох;

2.1.9. Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулахтай холбоотой сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;

2.1.10. Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;

2.1.11. Байгууллага бүр энэхүү журмыг иргэн, олон нийтэд сурталчилан таниулах;

2.1.12. Түлшний шаталтаас үүссэн үнсийг зориулалтын битүүмжлэл сайтай саванд хийж хадгалж, тээвэрлүүлэх;

2.1.13. Агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах.

 

Гурав. Иргэдийн хүлээх үүрэг

3.1. Нийслэлд байнга болон түр оршин сууж байгаа бүх иргэд дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:

3.1.1. Агаарын тухай хууль тогтоомж төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, хороодын хэсгийн ахлагчийн шаардлагыг биелүүлэх;

3.1.2. Агаарын чанарын стандартад нийцсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүхий зуух, хий, цахилгаан халаагуур болон боловсруулсан түлш сонгон хэрэглэх;

3.1.3. Гэрийн дулаан  алдагдлыг багасгах зориулалттай стандартад нийцсэн нэмэлт  дулаалга хэрэглэх;

3.1.4. Түлшний шаталтаас үүссэн үнсийг зориулалтын битүүмжлэл сайтай саванд хийж хадгалж, тээвэрлүүлэх;

3.1.5. Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулж буй сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;

3.1.6. Агаарыг хамгаалах талаархи дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах;

3.1.7. Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;

3.1.8. Агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах.

 

Дөрөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хориглох зүйл

4.1. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах зүйлийг хориглоно. Үүнд:

4.1.1. Түүхий нүүрс түлэх болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс зориулалтын бус түлш, амьтны сэг, дугуй, нийлэг уут, ашигласан тос, масло, хог хаягдал түлэх, шатаах;

4.1.2. Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дэх хэсэгт заасны дагуу бохирдлын аливаа эх үүсвэр, эсхүл түүнээс хаягдаж хүрээлэн байгаа агаарыг бохирдуулж байгаа физик, хими, биологийн болон цацраг идэвхт бодис, тэдгээрийн хольцыг хэрэглэх;

4.1.3. Агаарын чанарын стандартыг хангаагүй техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, ашиглах;

4.1.4. Агаарын чанарын мэргэжлийн алба, салбар албаны зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг агаарын бохирдлын томоохон эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

4.1.5. Стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах;

4.1.6. Хог хаягдлыг ил задгай шатаах;

4.1.7. Хязгаарлалтын бүсийн гэр хорооллын нэг /0,07 га хүртэл/ хашаанд гурван яндангаас илүү утаа гаргах эх үүсвэртэй байхыг хориглоно.

 

Тав. Хязгаарлалтын бүсэд тавих хяналт

5.1. Энэхүү журмын хэрэгжилтэд нийслэл, дүүргийн  Мэргэжлийн хяналтын газар болон эрх бүхий албан тушаалтан /Агаарын чанарын мэргэжлийн алба, салбар алба болох Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд, дүүрэг, хорооны Засаг дарга, хороодын хэсгийн ахлагч нар/ хяналт тавина.

5.2. Хязгаарлалтын бүсэд орших хороодын хэсгийн ахлагч нь агаарын  бохирдлын хяналтын орон тооны бус байцаагч бөгөөд бүсэд бүрэн хяналт тавьж ажиллана.

5.3. Агаарын бохирдлын хэмжилт болон дүгнэлтийг Улсын Агаарын чанарын мэргэжлийн алба болон салбар алба болох Нийслэлийн Агаарын чанарын алба судалгаа шинжилгээнд үндэслэн гаргана.

5.4. “Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс”-ийн айл өрхийн мэдээллийг агаарын  бохирдлын хяналтын орон тооны бус байцаагч гаргаж, Нийслэлийн агаарын чанарын алба нэгдсэн мэдээллийн санд оруулна.

5.5.  Аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлын томоохон эх үүсвэрийн дотоод хяналтын болон холбогдох бусад тайлан, мэдээг “Агаарын тухай” хуулийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу холбогдох албанд ирүүлэх.

 

Зургаа.  Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс дэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшуулал

6.1. Хагас коксон болон үртсэн шахмал түлшний нэг тонн тутмын үнийг түүхий нүүрсний нэг тонн тутмын зах зээлийн үнээс хэтрэхгүй байхаар тооцож боловсруулсан түлшний зөрүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Цэвэр агаарын сан”-гаас үйлдвэрлэгчдэд татаас хэлбэрээр олгох ба үлдсэн мөнгийг худалдан авч буй иргэн, аж  ахуйн нэгж, байгууллага шууд төлнө.

6.2. Албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан нь баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлогыг хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвараас чөлөөлнө.

6.3. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4  дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан нөхцөл шалгуур хангасан иргэн, аж  ахуйн нэгж, байгууллагад цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувийг урамшуулна.

6.4.  Агаарын  бохирдлын хяналтын орон тооны бус байцаагчдад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Цэвэр агаарын сан”-гаас сар бүр урамшуулал олгоно.

 

Долоо. Хүлээлгэх хариуцлага

7.1. Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд “Агаарын тухай” хуулийн 26 дугаар зүйл, “Агаарын төлбөрийн тухай” хуулийн 10 дугаар зүйл, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийн 14 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

7.2. Энэхүү журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ авна.


Facebook Twitter YouTube