Мэдээ, мэдээлэл

ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ /2022.04.28/

Нийтлэгдсэн огноо: 2022/04/29

ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ /2022.04.28/

 

☑️Алсын хараа: 2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин ашиглах, боловсруулах менежментийг хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, хаягдлыг бүрэн дахин боловсруулж, сэргээн ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалттай байгууламж байгуулж, аюултай хог хаягдал хяналтгүй тархах байдлыг хумих тухай заасан.

 

☑️Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хог хаягдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцон, хэлэлцэж тодорхой үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, албан тушаалтанд өглөө.Тухайлбал,

 

☑️Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгагдсан хог хаягдлын талаарх боловсролын агуулгыг сайжруулах, боловсролын байгууллагын энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, хог хаягдлаас үүдэлтэй бохирдлыг цэвэрлэх, бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах арга, технологийн талаар арга зүйн зөвлөмж боловсруулахыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд,

 

☑️Хог хаягдлыг сэргээн ашиглах үйл ажиллагаанаас гарган авсан эрчим хүчний үнийн тооцоог хянаж, тариф батлахыг Эрчим хүчний зохицуулах хороонд,

 

☑️Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцон бодитоор тогтоох, хог хаягдлыг ангилан ялгаж, тээвэрлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, хог тээврийн байгууллагуудыг хувийн хэвшилд шилжүүлж, өрсөлдөөнийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар судалж 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын албанд,

 

☑️Аймгийн төвүүдийн хог хаягдлын төвлөрсөн цэг болон ландфиллыг батлагдсан зураг, стандартын дагуу байгуулах, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, голын ойролцоо эрүүл ахуйн бүсийн заагийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлыг ангилан ялгах дадлыг төлөвшүүлэх, хог тээвэрлэх хуваарийг батлуулан мөрдөх, улсын тусгай хамгаалалттай газар болон сав газрын ойролцоо ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

 

☑️Мөн “Хог хаягдал боловсруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн үйл ажиллагаанд холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Захирагчийн Ажлын албанд хариуцууллаа.

 

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube