News

"ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2021" ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Published date: 2021/09/20

    Дэлхийн Хүрээлэн буй орчны өдөрт зориулан  “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. “Хүрээлэн буй орчин-2021” үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар  хурал өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдаж /2021.9.9/  нийт 80 гаруй эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож үндсэн  гурван хэсэгт хуваагдан 36 илтгэлийг хэлэлцүүлсэн байна.

   Эхний хэсэг болох Үндсэн хуралдаан (Пленар)-д Байгаль орчны тогтвортой байдал, Усны талаар баримтлах бодлого, Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох талаарх сургалтын агуулга, Хөрсний хүрээлэн буй орчинд гүйцэтгэх үүрэг зэрэг илтгэлүүдийг тухайн салбарын судлаач, эрдэмтэд тавьсан байна.

Хуралдааны хоёр дахь хэсэгт :

  • Агаарын бохирдол ба шийдэл
  • Усны нөөц, бохирдол, шийдэл
  • Хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент
  • Уур амьсгалын өөрчлөлт ба дасан зохицох технологи

сэдвүүдээр салбар хуралдаанууд явагдаж, судлаачдын сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүн бүхий илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

    Хуралдааны гурав дах хэсэгт “Хүрээлэн буй орчны инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн IV бага хурлын магистрын түвшний оюутнуудын илтгэлийн хуралдаан зохион байгуулагдаж,

1-р байр: МУИС-ийн Хэрэглээний хими хөтөлбөрийн магистрант Д.Нармандах, “Улаанбаатар хотын агаарын нарийн ширхэглэлт тоосонцрын химийн найрлага ба эх үүсвэрийн судалгаа”;

2-р байр: МУИС-ийн Байгаль хамгаалах технологи хөтөлбөрийн магистрант З.Цэлмүүн, “Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн усны чанарын судалгаа”;

3-р байр: МУИС-ийн Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн магистрант Н.Отгонпүрэв, “Туул голын лаг, эрэг орчмын хөрсний дээжинд хортой, хүнд элемент тодорхойлох цөмийн аналитик аргын судалгаа” сэдэвт илтгэлүүдээр шагналт байр эзэлсэн байна.

     Энэ удаагийн хурлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг зохион байгуулсан бөгөөд, Усны газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар дэмжин ажилласан юм.

    Мөн МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Дарханы ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Барилга, архитектурын сургууль хамтран зохион байгуулав.

                                                                                   ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                                   ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 


Facebook Twitter YouTube